Гал шарын унага

Мянга есөн зуун гучин зургаан оны улсын наадмын тэргүүн өдөр соёолон морь уралдав. Буянт-Ухаагийн өмнөх дэнж дээр морь барих газар наадамчид цугларчээ. Сайхан хувцсаа өмсөж, үнэтэй цайтайгаа зүүж, сайн морио унаж ирсэн наадамчин олныг үзвээс тэнзэн ташуур морин дэл дээр хөндөлсүүлж, зандан хусуур, мөнгөн хутга дурдан бүсэндээ хавчуулсан омогтой залуус, сувдан даруулга алтан сам зүүж, эмээл хазаараа мөнгөөр бүрсэн чинээтэй айлын охид, янгиа тохсон ядуу малчин, мэргэдийн дүртэй өвгөд, Сүвээдэй баатрын шадар явж алсын аян дайнд алжаан ядарсан эртний цэрэг эрийн шинжтэй хижээл харцуул монгол, европ хувцас өмссөн хотын гангацуул, цэрэг цагдаа, албан хаагчид цөм бий.

Морь ирэх дөхсөн тул цугларсан олны байдал нэн хөөрүү, морьдын эзэд болоод тэдний бараа бологсод аймаг сумаараа ялгаран бөөгнөрч тэсвэр муухантай нэг нь морьтой цагдаа нарын нүдийг хариулж байгаад олноос тасран Богд уулын өмнөд ташлан өөд ум хумгүй давхих нь өндөрт гарч харах гэсэн хэрэг.

Хурдан морьтой гэж монголдоо алдаршсан Галшарынхан бол ч бүр тусдаа, амгалан дүр үзүүлцгээн сөөм соруултай гаансаа хэнэггүйхэн сорж сууна.

Өндөр захтай луу хээтэй, хул торгон дээл, хүрэн одончуу юүдэн, давхар сарьстай наамал гутал өмсөж, дарь ганга хийцийн мөнгөн хутга зүүсэн агаад, хүч тарга сайн авсан гунан бухын шинжтэй зангидмал дөрвөлжин эр тэндээс холгүй нэг нөхрийн хамт хүүрнэлдэж суугаа ядуухан хувцастай, шарлангуй морьтой намхан хар хүн тийш гаансаараа зангаж,
– Манай аймгаас хангайн нэг хар юм иржээ. Морь уяхын оронд модон тэргээ хийж суувал барав гэж дээрэнгүй хялбалзан өгүүлэв.
«Хангайгаас ирсэн хар юм» гэдэг нь дөчөөд настай хамаг шим шүүсээ амь зуух булаалдаанд бараглан дууссан хатангир биетэй, тийнхүү хүнд хүчрийг туулан давахын эрхээр гунигт ухаан суусан нигүүлсэнгүй бөгөөд хүлцэнгүй харцтай хүн ажээ. Хажуу дахь нөхөр нь цулбуураа өвдөгтөө ороогоод хоргой даалингаас пийсүү хөөрөг гаргаж ийн өгүүлрүүн,
– Дагдаан хээр халзан чинь гарахдаа гойд өнгөтэй харагдсан. Юмыг яаж мэдэх вэ, магнайд ирж магад,

Дагдан нөхрийнхөө хөөргийг алган дотроо бөмбөрүүлж,
– Өдрийн аз дайрч юу магад даа. Юу ч л гэсэн айргийн тавд ороосой гэв, Тэгтэл морь ирлээ. Морь! Морь! гэж олноор шуугилдан эх захаа алдлаа. Төвшин дүр үзүүлэгч Галшарынхан ч босон харайлдаж морь морь доо мордон ухаан жолоогүй давхин одов. Хэний морь түрүүлэх бол гэхээс өөр юм бодох хүн үгүй.

Дагдан, нөхрийн хамт морь баригчдаас холдон зогсов. Тэртээ өмнөх гүвээний үзүүрээр улаан тоос манарч тээр тоосон дундаас цойлон гарч байгаа морьдын бараа үзэгдэв. Хэдхэн мөч өнгөрөхөд эхний хэдэн морь зуузай холбон тодорч хуйлран боссон улаан шаргал тоосноос сугаран зугтлаа. Энэ үес, хотол төгссөн түмний магнай! Төгөлдөр хурдан хөлөг ямархан зүсмийн болохыг мэднэ гэж нүд салгалгүй ширтэж байсан хүмүүс.

– Бараан морь! Бараан морь байна! гэж дуу алдацгаав. Үнэхээр нэг бараан морь олноос онцгойрон дүүлэн зүрх нь аман дээрээ гарсан хүмүүсийн хэдэн амьсгаа авахын хооронд улам тасран айсуй. Морь бариачид болон морьдын эзэд,
– Ай ямар гайхалтай тасардаг морь вэ? хэмээн гайхах баярлахаа багтааж ядан тэмүүлэв.
– Дагдан балрын үеийн яндан дурангаа сунган харж байснаа,
– Хээр халзантай минь яасан адилхан харагдана вэ Мөн шиг л болоод байна гэхэд хажуу дахь нөхөр нь дуранг авч хараад
– Ай мөн байна! Яах аргагүй мөн! Ай хөөрхий сайхан амьтан! гэж баярын дуугаар өгүүлэв.

Тийн хэдэн мөч өнгөрөхөд хангайн хар Дагдангийн хээр халзан дөрвөн туурай нь газар хүрэхгүй мэт хөнгөхөн бөгөөд жигдхэн дүүлсээр барианы газар ойртон ирэв. Дагдан нөхрийн хамт урагш ухасхийн морь бариачдаас зайдуухан давхин, туранхай хорчгор цээжнээс нь гарамгүй бадриун сайхан хоолойгоор хүнгэнэтэл гууглахад хээр халзан нь эзнийхээ дууг таньж суга үсрэн хурдлахад морь баригч гүйцэж ядан хөөв.
Хээр халзаныг нь татангуут Дагдан мориноосоо үсрэн бууж хотон шувууны хошуугаар хийсэн хусуураа барьсаар гүйж ирээд хэдэн зуун морины тоосон дундаас гарч иртлээ нүүр нүдгүй шороонд дарагдсан бүлтгэрхэн хүүгээ тэврэн авч духан дээр нь үнсэхдээ тэсгэлгүй асгарсан нулимсаа ханцуйгаараа арчиж, хошууран дагасан олноор хаанахын хэний морь вэ хэмээн шуугилдахад,

– Миний морь, миний морь гэхээс өөр үг хэлсэнгүй. Хээр халзан нь эзнийхээ уяран баярласныг мэдсэн мэт ган зуузай цагирагтай хазаар юугаа дарж, омголон цог бадарсан хүнхэр нүдээ гялбалзуулан, сайхан хагсарснаас өнгө зүс нь хилэн торго шиг болсон урт сайхан зоо юугаа хотолзуулан тойрч авай. Тийнхүү Галшарынхан, хангайн хар хэмээн хочилсон ядуу малчин Дагдан хээр халзандаа их наадмын хүрээнээ түмний эхийн цол дуудуулж улсын наадмын тэргүүн бай аваад уулын чинээ урамтай уул нутагтаа буцлаа.

Улаанбаатараас гаран гартал нь моринд хорхойтой, энгэр тостой баяцуул хоргоож, хаш манан соруул, хатир жороо морь, хамба торго, халиу булга цөмийг тоочин үнэ хаяж нэхүүл дагуул мэт салахгүй нэг хэсэг зовоожээ.

Гэвч Дагдан ам тосодсон морин эрдэнэ, амин сүнс нь болсон ганц бор хүүгийнхээ унааг авдар алтаар ч өгөхгүй гээд халхгар баяцуулыг хавьтуулсангүй.
Тэгэх нь аргагүй. Хангайн хар Дагданд халзан хээрээс нь илүү чухаг амьтан энэ ертөнцөд байсангүй. Үүнээс таван жилийн өмнөх зудтай өвлийн цаг Галшарынхан, Онон, Хурахын сав газар оторлон иржээ. Тэгээд хаврын эхээр орон нутагтаа буцахдаа туранхайлж уруудсан хэдэн адуугаа нутгийн айлуудад тараагаад буцжээ.
Тийн Дагдангийнх хээр зүсмийн нэг муу гүүтэй болсонд ногоо соёолох үеэр хээр халзан унага гарав. Дагдангийн ганц хүү унах морьтой боллоо гэж баярлахын ихээр баярлажээ. Зуны эхээр унаганы эх гэнэт үхэв. Аав хүү хоёр өнчин унагаа гараар тэжээж тэнхрүүлээд айлын адуунд тавилаа.

Дараа жилийн хавар адуу дэллэх нэгэн өдөр Дагдан, хүүгийн хамт талын хороонд очив. Тэнд дэллэхээр хураасан олон адуун дунд хээр халзан нь байсан бөгөөд зээрэн хөлтэй өндөр мундаатай, өргөн ташаатай, шингэхэн сүүлтэй, цог бадарсан хүнхэр нүдтэй, цагаан саран чимэглэсэн тэгшхэн магнайтай хөөрхөн даага болсон байлаа. Нутгийн харчуул хормой шууж, бугуйл ногт барин ногоонд цадсан омголон адууг хөөрцөгнүүлэн ааглаж байв, Хээр халзан нь байн байн бугуйл исгэрэхээс зугтаан олон адуунд шахагдан цовхчиж явснаа нэгэн завсар гарахад ухасхийн, тохой зайтай барьсан дөрвөн шурхаагт хороон дээгүүр дүүлэн гарч уулын зүг ороолон одов. Хүмүүс «ямар бэрх амьтан бэ!» хэмээн гайхацгааж, зугтсан адуу эргүүлж байсан хэдэн залуус хойноос нь элдэн, тэртээ уулын ташланд арайхийн гүйцэж барив. Морь дэллэж байсан хүмүүс Дагданд «Одоохон сургаж номхотгохгүй бол зэрлэг амьтан болуузай» гэжээ. Морь сайн шинждэг нэг өвгөн, хээр халзанг үзээд «Хурдан хөлгийн гадар дотор бүх шинж бүрдсэн сэргэлэн сайхан амьтан байна. Хойтон жилээс наадамд уявал чинь ам тосолж мэднэ. Галшарын гүүний унага бус уу» хэмээн шохоорхжээ. Хээр халзан нь энэ мэт олон хүний дурыг булааж магтагдсанд эцэг хүү хоёр их урамшив.

Дагдангийн ганц бор хүү үнэхээр сайн морьтой болохын золтой учрал тохиолдсон нь энэ билээ. Эцэг хүү хоёр хээр халзангаа гаднаа байлгахдаа өдөржин тойрч байн байн дэл сүүлий нь засаж, эмээл хазаар чөдөр ногты нь тааруулж, адуунд тавьсан цагтаа өнжөөд л нэг эргэж тойрч бараагий нь харан баясдаг болжээ.
Дараа жилийн зун цаг хээр халзангаа өөрийн гараар сойж сумын наадамд уралдуулсанд саахалт түрүүлж түмний эхийн цол анх дуудуулан тэргүүн байр авчээ. Тийнхүү хээр халзан нь Монголын удамт хурдан хөлгийн нэгэн болж болохыг мэдсэн Дагдан хязааланд нь сойж, аймаг сумын таван наадамд уралдуулсанд булчинтай харваачийн тавьсан сум адил сугаран түрүүлж ирсэнд хангайд орхисон муу гүүний нь унага гэдгийг мэдэхгүй ГалШарынхнаас эхлээд ойр холын блон амьтан баярлах нь баярлаж, гайхах нь гайхаж, шунах нь шунаж, хар Дагдангийн халзан хээрийн алдар цуу мандаж эхэлсэн билээ.

Мянга есөн зуун гучин долоон оны зуны эхэн сард хөвчийн мод ногоорч, хөх ногоо дэлгэрч, хөхөө шувуу донгодож байв. Галшарын унага Монголын удамт хурдан хөлөг хар Дагдангийн халзан хээр эзнийхээ гэрийн өмнөх уяан дээр тунгалаг цөцгийт сэргэлэн нүдээр алсын барааг ширтэнхэн зогсож авай. Цагийн тэнэгэрт бие хөнгөрч, хөх ногооны униар татсан уул талыг үзэхээр ижил сүргийн дунд чөлөөтэй явахыг хүсэмжлэн уяагаа тойрон эргэлдэнэ. Олон морьдын тоосон дундаас цойлон гарч омогшин давхих цаг ойртсоныг бас мэднэ.

Тэгтэл өмнөөс нэг морьтой хүн давхин ирж уяанд буув. Хээр халзан харийн хүнээс сэжиглэж чихээ хуумайлган хамраа сарталзуулан ташаагаа өрж зогслоо. Ирсэн хүн эзнийхээс нь их хурц бөгөөд хүйтэн нүдээр шунамхай ширтэн хэсэг зогссоноо ямар нэг юм гүвтнээд том том алхсаар гэрт орлоо. Хээр халзан хүний хэл мэддэгсэн бол «Чи нэг л өдөр миний гарт орно доо» гэснийг ойлгох байсан билээ.

Хэдэн мөчийн дараа эзэн нь янгиагаа барьсаар гарч ирэв. Бага эзэн, эзэгтэй хоёр нь гарч ирээд гашуудан уйлалдав. Эзэд нь ийнхүү уй гашуу болж байхыг хээр халзан урьд хожид үзсэнгүй. Их эзний нь царай уяа тойрондох газар шиг баргар болжээ. Янгиагаа тохоод мордоход нь хээр халзан уяагаа нэг тойроод жолооны аяыг дагаж харийн хүний ирсэн замд оров. Үл таних хүн зэрэгцэн явахад үлдсэн эзэд нь енгэнэтэл уйлалдсаар хоцров. Ой мод ногоорч, гол горхи жирэлзэн урсаж, хөх ногооны униар татсан уул даваа, тал хөндийг өдөржин туулсаар олон байшинтай суурин газар ирлээ.

Эзэн нь энд буунгуутаа муу янгиагаа авч хөсөр орхиод хазаары нь мултлан магнайгий нь илбэж, ямар нэг энхрий үг хэлээд муухай үнэртэй, шилэн нүдтэй том хар тэргэнд суун алга болжээ.

Хээр халзан чухам хэрхэхээ мэдэхгүй том хар тэргийг ажиглан зогсож байтал тэр нь гэнэт догшноор нүргэлэн дуугарахад цочин холби үсэрч нутгийн зүгт хөхрөн буй уулс тийш давхин оджээ.

Тэр өдрөөс хойш эзэн нь бараа сураггүй алга болжээ. Бага эзэн нь хааяа барьж унах боловч зуны цаг урьдын ёсоор уяж сойхоо мартсан мэт байлаа.
Зуны дунд сарын нэг өдөр хээр халзан нутгийн олон адуутай хамт туугдан нутгаасаа гарлаа. Өдөр хоног өнгөрөх тусам газар орны байдал улам танигдахгүй болсоор байлаа. Уулс нүцгэрч, гол горхи ховордож, өвс бэлчээр тачирдаж, унаган цагаасаа дассан нутгаас нь огт өөр болов. Нэг өдөр хэсэг уургачид хэдэн талаас нь довтлон хашиж байгаад барьж авав. Тэгээд нэг өндөр хар хүн ганцаарангий нь хөтлөн явсаар алсад нэг их суурин газар харагдах дэнж дээр барьсан хэдэн цагаан гэрийн өмнөх уяан дээр авчирчээ. Тэр шөнө өнгөрч наран мандсан цагаас өндөр хар хүн түүнийг сойж эхэллээ. Хээр халзанд шинэ эзний төрх байдал, үг дуу нэг л янзгүй байсан бөгөөд унаган цагаас арчлан бойжуулж нүдэнд дулаан биед нь таатай болсон угийн эздий нь халамж даруйхан дутлаа.

Хангай зүгт нь цэнгэг салхин сэрүүцүүлж байдаг сан бол энэ нутагт халуун нар төөнөхөөс гадна өвс усны үнэр амт хүртэл тэс өөр. Хээр халзан харийн нутагт ирж өөр хүний гарт орсноо мэдэж тэртээ умар зүгт хөхрөн харагдах уулсыг ширтэн уйтгарлах болов. Хэдэн хоног өнгөрөхөд бие хагсарч, хөл хөнгөрсөн боловч тарлаанд давхиад дотор нь чнчирсхийн хоёр нүд нь байн байн харанхуйлна. Гэвч улаан хөлтийг урдаа оруулах шинжгүй хэвээрээ билээ. Шинэ эзэн нь сар сойгоод авч явлаа. Гурван бээрийн газрыг туулаад их наадмын газар ирэв. Хээр халзан түмэн зүйлийн өнгө байдал, агшин дуу хосолсон наадмын хүрээнээ амьтан хүний бужигнаан, агт морьдын давхилдаанд хөөрч шандас юугаа сорих цаг болсныг мэдэж билээ. Ийнхүү нэг өдөр наадамд сойсон хэдэн зуун морьдын дунд гарч наадмын хүрээг тойрон багачуулын гийнгоолох хангинасан сайхан дууг сонсохдоо бүх бие нь хөнгөрч шандас шөрмөс нь хөвчлөн чангарав. Чихэнд дассан монголын сайхан аялгуун дор туг далбаа намируулсан том хөх асрын өмнүүр дүүлэн гарснаас хойш гарааны газар хүртэл агсран тэмүүлж очоод эргэх хормыг алдалгүй цомбон дөрвөн туурайгаараа зөөлөн газрыг огло татан уулын буга адил хэд сайхан дэгдээд түрүүчийн хэдэн морьдтой зуузай холбон авлаа.

Ийнхүү бусдын тоосонд дарагдахгүй болсон хойноо уяасан хүүхдийн аяыг дагаж хүч хямгадасхийн хоёр жигүүрээс морьд сугаран гарвал хазаар дарж хурдлан зэрэгцсээр газрын дунд хүрэхийн алдад дадсан зангаараа гэнэт цойлон гарч олон морьдоос тасран одов.

Хойтох морьдын төвөргөөн улам улам холдохыг мэдэж чихээ хулмайлган, нүдээ цахилуулан дүүлсээр хэдэн мөчийн дараа наадмын газрын барааг харлаа. Тэгтэл хажуу талаас гурван морьтон гарч ирсний дотор шинэ эзэн нь байсан бөгөөд урт ташуураа далайж паргиа дуугаар хашгиран ойртсонд халзан хээрийн дотор гэнэт багтарч хөл нь нугарах шиг болов. Гэвч барианы газар нэгэнт ойртсон байлаа. Паргиа дуут эзэн нь давтан шахаж эхлэв. Хойтох морьдын төвөргөөн ойрхон болжээ. Халзан хээр хажуугийн хүнд ташуурдуулж байсан удаагүй. Гэтэл шинэ эзэн нь муухай орилж, бүдүүн ташуураар зоо нуруугий нь гам хайргүй жанчив. Хээр халзан хэрдхийн цочсондоо хэд сайн харайгаад урд хоёр хөлөө хуга ташуулсан юм шиг годройтон унав. Дөрвөн мөчөөрөө газар самардан босох гэж зүтгэсэн авч толгой нь даагдахгүй болсон байлаа. Хажуугаар нь харайлган өнгөрөх морьдын хөлөөр боссон улаан тоос дарж, магнай дээрх улаан сар нь шороонд хутгалдаж хар хөлс асгаран, хөх мах нь чичрэн таталдаж, нүдний нь тунгалаг цэцгийд цус хуралдан ирэв.

Хээр халзан амь тэмцэлдэх хүчин эгшин зуур барагдсаныг гайхсан мэт урт сайхан хүзүү юугаа сунгаж хамраа сарталзуулан хөлстэй нь зууралдсан улаан шороог тургиж ядан хэвтсэн бөгөөд чичирхийлэн буй зовхин дороос нь тунгалаг хар нулимс мэлтэгнэн үзэгдэж билээ.

С.Эрдэнэ

Be the first to comment

Leave a Reply