Монголд газардсан АНУ-ын онгоцыг засварлах нэмэлт хүч ирнэ

Улаанбаатарт ослын буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоцыг манай талаас засах тоног төхөөрөмж байхгүй учраас АНУ-ын талаас цэргийн зориулалттай дахин “С-17” маркийн хоёр онгоц ирэхээр болжээ. Тус хоёр цэргийн онгоц энэ сарын 31-ний өдөр Улаанбаатарт газардах бөгөөд ослын буулт хийсэн онгоцыг засварлах техник тоног төхөөрөмж авчирч байгаа аж.

Энэ сарын 14-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргийн зориулалттай, “С-17” маркийн TREK-973 дуудлагатай ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас ослын буулт хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус цэргийн зориулалттай онгоцны дөрвөн хөдөлгүүрийн нэг нь агаарт бүрэн ажиллагаагүй болсон тул манай талд яаралтай мэдэгдэж, газардсан бөгөөд одоог хүртэл засварлаж дуусаагүй байгаа аж.

Тодруулбал, АНУ-ын цэргийн дээрх онгоцыг засах тоног төхөөрөмж манай улсад хангалтгүй байгаа юм. Тиймээс АНУ-ын талаас С17 маркийн хоёр онгоцыг Монголд ирүүлж, шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлэхээр болсон байна. Онгоц энэ сарын 31-нд Улаанбаатарт буух зөвшөөрөл авчээ.

Эх сурвалж: МҮОНРТ. Хуулбарласан 2017 оны 03 сарын 28

Be the first to comment

Leave a Reply