Урьд шөнө зэвсэгт халдлагын улмаас 12 хүн амь үрэгдлээ

АНУ-н Армийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог Тэнисийн Цэрэг (Marine)-т алба хаасан нэгэн 12 хүний амь егүүтгэсэн хэрэг гараад байна.

Калифорниа мужийн өмнөд хэсэгт орших Thousand Oaks хотын “Borderline” гэх цэнгээний газарт урьд шөнө (11/7) коллежийн үдэшлэг хийж байсан залуучууд руу 28 настай David Long гэгч гар буу, утаат бөмбөгөөр зэвсэглэн халдаж 12 хүний аминд хүрсний дотор цагдаагийн албан хаагч байгаа юм. Сэжигтэн цуст аллага үйлдээд өөрийн амийг хороосон тухай орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээлж байна.

Сэжигтэн ямар сэдлийн улмаас ийнхүү цуст аллага үйлдэх болсон талаар мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ажээ.

Сэжигтэн David Long 2008-2013 онуудад цэргийн алба хаасан бөгөөд 2010-2011 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж, улмаар армиас чөлөөндөө гарсан нэгэн байжээ. Сэжигтэн өнгөрсөн хавар өөрийн гэрт хэвийн бус аашилж буй талаар иргэдийн дуудлага цагдаад ирж, энэ мөрөөр цагдаа ирж, сэжигтнээс байцаалт авч байсан тухай хүчний байгууллага дурьдсан байна.

Аллагыг нүдээр харсан гэрч нарын яриагаар сэжигтэн хар хувцастай тус бааранд ирж, хамгаалалтын ажилтныг буудан дотогш нэвтэрч, улмаар утаат бөмбөг дэлбэлсний дараагаар иргэд рүү гал нээж эхэлжээ. Тус бааранд үйлчлүүлж байсан 11 хүн амь үрэгдсэн бол дуудлагаар ирсэн хотын цагдаагийн албан хаагч Ron Helus мөн буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн ч амь алдсан байна.

Дашрамд дурьдахад Thousand Oaks хот нь Лос Анжелес хотоос 40 орчим майл (64 км)-д оршдог, 130,000 орчим хүн амтай жижг хот бөгөөд тус хотод галт зэвсэгтэй холбоотой хэрэг тун ховор бүртгэгдэж байжээ.

Ийнхүү АНУ-д “хэвийн” үзэгдэл болоод буй олныг хамарсан ээлжит аллага боллоо. 9 сарын өмнө Флоридагийн нэгэн ахлах сургууль дээр 17 сурагч хичээлийн байрандаа бууны суманд амь эрсэдсэн бол дөнгөж 2 долоо хоногийн өмнө Питтсбург хотын Еврей сүмд өндөр настай голцуу 11 хүн хэт үндэсэрхэг этгээдийн гарт амь алдсан хэрэг гараад байгаа билээ.


 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*