Ардчилсан Нам Ерөнхийлөгч Доналд Трампийг шүүхэд өгнө.

Вашингтон ДС- Өнөөдөр (Баасан) АНУ-н Холбооны Улсын Вашингтон ДС тойргийн шүүгч Эммет Ж Сулливан (Emmet G. Sullivan) Конгрес дахь Ардчилсан намын төлөөллөөс Ерөнхийлөгч Доналд Трампийн эсрэг Үндсэн Хуулийн ашиг сонирхлын зөрчлийн тухай заалт (Emoluments Clause)-ыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн шийдвэр гаргаад байна. Ардчилсан намын төлөөлөл Ерөнхийлөгч Доналд Трампийн харъяаны бизнесүүд, тухайлбал зочид буудлын бизнзс нь гадаадын орны засгийн газруудтай ажил хэргийн холбоо сүлбээтэй ажиллаж байгаа нь түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж, улмаар шүүхэд гомдол гаргаад байсан юм.

АНУ-н Үндсэн Хуулийн 1-р бүлэгт буй 49 үг бүхий энэ заалтад “…аливаа албан тушаалтан Конгресийн зөвшөөрөлгүйгээр гадаадын Хаад, Хатан хаад, эсвэл гадаад орны засгийн газраас бэлэт сэлт, цалин хөлс, шан харамж, албан тушаал, зэрэг цол авахыг хориглоно…” гэсэн утга бүхий заалт байх бөгөөд энэ заалтыг “Emoluments Clause” гэж нэрийдэж иржээ.

Өөрөөр хэлбэл төрийн албан тушаалтан, тухайлбал Ерөнхийлөгч гадаад орнуудаас цалин урамшуулал, төлбөр авахыг хориглодог байна. Хэдийгээр Доналд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалд байх хугацаанд “Trump Organization” гэх нүсэр бизнесийн вант улсаас татгалзсан гэх боловч үнэн хэрэгтээ тэрээр эдгээр бизнесүүдийн хууль ёсны эзэмшигч хэвээр байж, сан хөрөнгийг хүссэн үедээ захиран зарцуулах эрх нь хэвээр байдаг ажээ. Шүүхэд зарга үүсгэж буй Ардчилсан намын төлөөлөл Трамп өөрийн ДС дэхь зочид буудалд дэлхийн улс орнуудын тэргүүнүүдийг хүлээн авч, улмаар энэ арга хэмжээнээс ашиг олж байгааг жишээ болгожээ.

Ерөнхийлөгч Доналд Трампийн эсрэг үүсгэн заргыг Сенатор Ричард Блүментал (Richard Blumenthal), Конгресийн Төлөөлөгчдийн Тэнхимын гишүүн Жерри Надлер (Jerry Nadler) нэр тэргүүлж, улмаар Конгресийн 200 орчим гишүүд дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Улмаар Ардчилсан намын гишүүдийн шүүхэд гаргасан энэ заргыг хүчингүйд тооцуулахаар Ерөнхийлөгчийн хуульчид шүүхэд хандаад байсан бөгөөд өнөөдөр шүүгч Сулливан тэдний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байгаа нь энэ юм.

АНУ-н өмнөх Ерөнхийлөгч нар албан тушаалд очсон даруйд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүднээс өөрсдийн өмчлөлд буй бизнесийн эд хөрөнгө, санг удирдах эрхийг “blind trust” гэх хөндлөнгийн санхүүгийн байгууллагад шилжүүлдэг уламжлалтай байжээ. Харин Ерөнхийлөгч Трамп энэ уламжлалыг эвдэж бизнесийн удирдлагыг өөрийн хүүхдүүдэд шилжүүлсэн нь ийнхүү улс төрийн сөрөг хүчин болох Ардчилсан Намын төлөөлөл шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргээд байна.

Be the first to comment

Leave a Reply