Гадаадад суугаа иргэдэд газар өмчлүүлэхгүй

2013 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-аар батлагдсан газар өмчлөлийн журамд өөрчлөлт оруулсаны дараа иргэдэд олгох газар өмчлөлийг үргэлжлүүлэн явуулахаа нийслэлийн Газрын албанаас мэдэгдлээ. Хотын шинэ удирдлагууд цахим газар өмчлөлд өөрчлөлт оруулж, газар өмчлөлийг цахимаар буюу автомат программаар шууд сонгодог явдлыг өнгөрсөн наймдугаар сард зогсоосон юм. Одоогоор яг хэзээ НИТХ Газар өмчлөлийн журмыг асуудлыг хэлэлцэж, хэрхэн өөрчлөлт оруулах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нийслэлийн Газрын албанаас боловсруулсан журамд гадаад дахь монголчууд, 0-18 насны иргэнд газар өмчлүүлэхгүй байхаар тусгажээ. Дээрх иргэдийн хувьд өнөө маргаашийн хэрэгцээ нь газар биш, өмчилж авлаа ч түүнийгээ шууд ашиглахгүй хадгалдаг. Харин 2013 оноос хойш Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирсэн иргэдэд оршин суух газар хэрэгтэй болсон. Иймээс сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлд нүүн ирсэн иргэдэд газар өмчлүүлэх шаардлагатай гэж хотын удирдлага үзжээ. Гэхдээ иргэдэд олгохоор сонгосон газрын байршлуудад иргэд шууд очоод суурьших боломжгүй учир дэд бүтцэд холбох асуудлыг хөндөх шаардлагатай байгаа юм.

Мөн иргэд өмнө нь газар авах боломжтой байршлыг интернэтээр харж, тухайн газрыг өмчлөх хүсэлтээ цахимаар явуулан бүртгүүлж, холбогдох газрын албанд баталгаажуулснаар газар өмчлөх эрхтэй болдог байсан. Ирэх оноос харин газрын байршил, хүсэлтийг заавал биеэр очиж өгөх ёстой болжээ.

Нийслэл дэх газар өмчлөл цахим болсон 2014 оны наймдугаар сараас өдийг хүртэлх хугацаанд нийт 74 мянган иргэн шинээр өөрийн өмчийн газартай болжээ. Өмнөх хотын удирдлагууд газар өмчлөлийг цахим болгосноор танил тал, арын хаалгаараа дамжуулан газар өмчилдөг болоод ах, дүүгийнхээ нэр дээр авсан газраа дамлан зардаг зэрэг газартай холбоотой маргаан, будилааныг таслан зогсоох нэг алхам гэж тайлбарлаж байсан билээ. Өнгөрсөн хугацаанд цахим газар өмчлөлд нийт 900 мянга орчим хүн бүртгүүлсэн нь иргэдийн газар өмчилж авах сонирхол нэмэгдсэнийг харж болох юм.

Сэтгүүлч Д.Уламбаяр
Зураглаач Ц.АРИУНБОЛД

Be the first to comment

Leave a Reply