Муу ёр 

Тэр намар амьдралдаа анх удаа цагаан зээр гөрөөлсөн минь санаанаас ер гардаггүй. Миний зорилго гол нь гөрөөлөхдөө ч биш олон зээр гөрөөс харж, намрын хээр талын цэнгэг, агаараар амьсгалъя гэсэн хэрэг. Ер нь жил жилийн намар хөдөө тийш сэтгэл тэмүүлнэ.

Хотод тарьсан зарим мод үхэж байгааг үзэхэд уйтгартай, хөдөө гарч жинхэнэ амьд байгаль, ан амьтныг үзмээр санагдана. Тэгэхэд би ан гөрөөсний тухай зохиол бичих санаатай, ан авын мэдлэгтэй хүн хайсаар цуутай анчин гэгдэх Ухнаадоржтой танилцсан юм. Тэр ан гөрөөс, ан ангуучны амьдралын тухай элдэв сонин юм ярьж өгөөд цагаан зээр яаж агнахыг биечлэн үзүүлнэ гэсэн билээ. Тэр ёсоороо явах болов. Бэлтгэх ч гэж ёстой л алсын аян дайнд мордох гэсэн шиг сүртэй юм болов. Майхан, тогоо шанага, зээрний махаар хорхог хийхэд хэрэглэх сонгино сармис, даруулах архи зөндөөн юм авлаа. Ингээд л сарампай муу жаран долоогоороо: гарч өглөө. Намрын шар нар ээж сэрүүн салхи сэвэлзээд сайхан ч гэж жигтэйхэн. Юугаа хийж хотод шигдэж суудаг билээ. Ганц хоёр юм бичих гэж тархиа даамий зовоож суухын оронд. Ухнаадоржтой адилхан цуутай анчин болоод салхи сөрөн давхиж явбал ч дээр байж уу гэж бодогдоно.

Би “Алтан нар дээрээс мишээгээд ариун салхи өмнөөс үлээгээд” гэж дотроо дуу зохион дуулж явлаа. Ер нь ингэж хээр яваад байвал яруу найраг гэдэг ч урсаж ирээд байх бололтой. Хотод бол нар салхины тухай яруу найраг бодогдохгүй зүгээр л үргэлжилсэн зохиол, өгүүллэг мөгүүллэгхэн санаанд орж ирнэ. Бид сайн зэвсэглэжээ. Би найзынхаа оготор шарыг гуйж авсан. Ухнаадорж олон амьтны халуун цусаар мялаагдсан нь тодорхой, дуран хараат урт шар винтовоо хөлийнхөө хооронд тэврээд энхрийлэх мэт байн байн илбэж явав. Пан л хийвэл тас буудаг шидтэй зэвсэг гэнэ.

Бид өглөө нарнаар хотоос гараад нар жаргахын өмнөхөн Чойроос зүүн тийш их талд хүрч ирэв. Тэртээ зүүнтэй Дархан уул түүнээс хойхнуур Хэрлэн Баян-улаан униартан цэнхэрлэнэ. Ухнаадорж довцог дээр машинаа зогсоож, дөрвөн зүг найман зовхисыг дурандаад «Байна даа, байна! Оонын зоо шаргалтаад байна. Энүүхэн урд худаг дээр очиж хоноод өглөө нарнаар намная. Дөрөв таван ооно шилж буудаад л болох нь тэр! Хэтэрхий шунамхайрвал муу машин маань даахгүй дэмий юм болно» гэв. Бид худаг дээр бууж хотоос авч гарсан хонины махаа задгай галд шарж идээд майхнаа шааж унтахаар хэвтлээ. Ухнаадорж замдаа аянширсан ч юм уу, жаахан архи уугаад дийлдсэн ч юм уу толгой тавингуут хурхирчихлаа. Ер нь анчин гөрөөчин хүмүүс нойр хоолонд гаргууд сайн байдаг бололтой. Харин би л унтаж чадсангүй. Амьдралдаа анх удаа ан хийхээр гарсан хүн арга ч үгүй биз. Ер нь хотын бид голцуухан нойр муутай болох юм. Маргааш ооно буудна, буудах буудахдаа дөрөв таваар нь буудна гэдэг сонин. Би унтаж ядаж нэг хэсэг хөрвөөгөөд арга буюу архинаасаа нойрны тунгаар ууж дугжирлаа. Өглөө боссон чинь ганцхан бидний дээр юм шиг тэнгэр цэлийгээд сайхан, Ухнаадорж босож хүйтэн цай залгилан, бас нэг зуун граммаар шараа тайлаад,

– Энүүхэн хойно цөөн оонотой сүрэг шаргачин явж байна. Урдуур нь хагас километр зайтай даялаад ойртъё. Наран сөрөг талаас нь ойртоод л зогс гэхээр зогсоорой. За тэгээд чи буудна шүү. Юуны төлөө анхныхаа анд гарсан байх вэ. Цэрэгт бай буудаж байснаа бодоод л буудаж орхиорой. Амьд амьтан биш зүгээр бай гэж бодоод л… гэв. Машинаа асааж хөдөллөө.

Сүрэг зээр өглөөний: наранд бөөрөө цайвалзуулаад тайван идэшлэнэ, Ухнаадоржийн хэлснээр даялаад ойртлоо. Зогс гэж байна. Зогслоо. Май! гээд буугаа над өгөх гэснээ гэнэт больж «Хараач тэр Тасархай зогсоо ооныг. Мөн ч лужир амьтан, байна даа!» гээд буугаа шагайв. Миний зүрх түг түг хийнэ. Ёстой л туулайн зүрхтэй амьтан даа би. Буу ч тас хийлээ! Ухнаадорж амаа бариад «Алдчихлаа! Яасан муу ёрын юм бэ? Ийм ойрхноос алдах гэж. Чихэн дээр чи уухилаад алдуулчихлаа.» гэхэд нь миний ичсэн гэж жигтэйхэн. Мэргэн буучийн чихэн дээр уухилж болдоггүй юм гэж хэн мэдлээ. Мань эр буугаа дахиж сумлаад «Хөө! Жаран милээр! Нарыг нь булаагаад хөө!» гэж тушаав. Бид ч торох юмгүй цагаан талаар хаазаллаа. Буун дуунаар цочсон зээр анхандаа хэдэн тийш бут үсрэх шиг болсноо дорхноо хуйлран бөөгнөрч, хошууран зугтав. Үерийн улаан боргио шиг товолзон гялалзана. Цөөн хэдэн зээр гэсэн маань хөдлөхдөө харин хэдэн мянган зээр болчихлоо. Намрын ухаа шаргал талд өглөөний улаан наранд сайн ялгарч өгөхгүй байжээ. Ухнаадорж салхины шил дээгүүр өндөлзөн гараа сунгаж «Тэр урд талын оонуудыг таслаад хөө! Дундуур нь тас дайраад ор! гэж хашгирсан авч би таслах ооноо ялгаж харсангүй. Ухнаадорж малд орсон чоно хөөж байгаа юм шиг амаа чихэндээ тултал ангайн, нүдээ бүлтийлгэн «Хайя! Гүү-г! Хайя!» гэж хашгиран намайг «чигнаалд! Хашгир! Байдгаараа орь дуу тавь!» гэж тушаав. Би ч тэрэгнийхээ чагнаалыг дарж хангинатал гуугаллаа. Ямар нэг дайснаа дарахаар уухай хийгээд дайрч байгаа юм шиг ид хав ч хөдлөх шиг. Ухнаадорж ч галлаж эхлэв. Пин-пан! Пин-пан! Чихэн дээр нь уухилахад онохгүй байсан хүн ингэж бахирч орилж байж онодог л юм байх даа, Пин-пан! Пин-пан! «Хаазлаач наадхийгаа! Түрүүчийи оонуудыг таслаад хөө! Бишээ! Шаргачин» гэхэд нь би бүр учраа олохоо байлаа.

Олон зээр дундуур хага зүсэж ороод Ухнаадоржийн гар ёдгоносон зүг рүү жолоогоо мушгилаа. Зогс! гэж байна. Зогслоо. Ухнаадорж хэдэн зуун метр гүйсэн хүн шиг амьсгаадан «Тэнд нэг юм унасан гээд заав. Тэр зүг харсан чинь нээрээн нэг бөөрөнхий цагаан юм хөдөлж байна. Давхиад очлоо. Нэг муу шүдлэн шаргачинг хондлойноос нь толгой хүртэл ууц нуруугий нь тас буудчихжээ. Ухнаадорж машинаас гүйж буугаад амь тавьж ядаж байгаа зээрийн хүзүүг нужгинатал мушгиж хаяад «Ёстой муур ёр байхаа даа. Нэг муу шаргачинд сум гарздах гэж гэх мөртөө цуснаас нь хурууныхаа өндгөнд наалдуулж бууныхаа аманд түрхээд «Буу чалчаад байна. Түүнээс биш хараа татсан газар л онодог юмсан » гэв.Би ч цуутай анчиндаа итгэл алдрах шиг. Тэнэсэн суманд оногдсон хөөрхий муу шарагчин цус нөжөө асгаруулан хэвтэнэ. Ер нь миний урам хугарлаа. Ганцхан бидэн дээр юм шиг манхайж байсан тэнгэр ч бүүдийчих шиг. Ухнаадорж шарагчны гэдсийг гаргаж хаяад «Ямар ч байсан ангийн юм гэж машиндаа хийлээ. Тэгээд нэг довцог дээр гарч дурандав. Дурандаж дурандаж «Тээр урдах гүвээний наана тасархай хэдхэн ооно байна. Гүвээний цаагуур тойрч очоод дээрээс нь бууя» гэв. Би хуучин улбаа замаар орж тийшээ зүглэхдээ алст шоволзон цэнхэрлэх Дархан уулыг харж «Ууланд гарч тошлой түүсэн маань дээр байж дээ>> гэж бодлоо. Гүвээг ороогоод сэмхэн өнгийсэн чинь нээрээ тасархай тав зургаахан ооно байж байна. Ухнаадорж ч буугаа тухтайхан шийрлэж шагайлаа. Би ч чихэн дээр нь уухилсангүй. Мань эр хэсэг шагайснаа больж «Золиг гэж! Нүд бүрэлзээд дурангийн хэрээс харагдахгүй байна» гээд дуран хараагаа авч тавив. Тэгээд дахин шагайлаа. Ёстой л мэрийхийн дээдээр мэрийж байгаа бололтой анисан нүдний нь зовхи чичирч харсан нүдний нь хүүхэн хараа мэлтэгнэнэ. Тэгж тэгж тас байлгалаа. Толгойгоо өндийлгөж сум тавьсан зүг рүүгээ хараад арай л буугаа шидсэнгүй. «Түй чёрт!, Ёстой муу ёр байна. Хойноос нь хөө! Унатал нь хөөгөөд ална даа цуснуудыг! Хаа холдохыг нь үзнэ дээ!» гэж шүд зуун заналхийлэх нь бүр нэг өширхсөн янзтай. Амьтны цус үзсэндээ ч юм уу, хоёр нүд нь улаанаараа эргэлдээд нэг л хачин. Айдас ч хүрэх шиг. Би буун дуунаар бут үсэрсэн оонуудын нэгийн хойноос чиглээд хаазаллаа. Ухнаадорж «Зөв, Муу новшийг ганцаарангий нь таслаад хөө!» гэж байна. Хэлснээр нь хөөлөө. Урд минь оонын хөл жирэлзэн тоос пур пур хийж, хөх шаргал зоо нь торолзон бөмбөлзөнө. Нэг ойртож нэг холдоно. Бид хоёр галзуу юм шиг орилон хашгирч цуут анчин маань миний оготор шараар шагайлгүй пин пан цин цан хийлгэнэ. Ижлээсээ тасарсан ооно тэр их дуу шуунд балмагдан багтарч байгаа бололтой. Хажуу тийшээ бултах гээд чадахгүй дэмий л бөгсөө ондогонуулан гүйцэгдэж эхэллээ. Ухнаадорж «хаашаа зайлах вэ муу новш! Дараад бай! Одоохон ойчно» гэж урагш өндөлзөн тэрэгнээсээ суга үсрэх нь холгүй. Ооно ч хөөрхий тэнхээ тасраад найгасаар хэвтчихлээ. Ухнаадорж буун харайгаад тайган нохой шиг хол хол харайн гүйцэж очсон чинь ооно босоод цаашаа хэд алхсанаа дахин ойчив. Ухнаадорж архираад дээр нь мордчихов. Эврээс нь бариад хүзүүгий нь мушгиж харагдана. Миний ч аман хүзүү нужгинах шиг дотор муухай боллоо. Ухнаадорж оонын нугасыг тас мушгиж алаад баатар гавьяа байгуулсан юм шиг агдагнан инээж, арай л бүжиглэх цамнах нь уу гэмээр байв. Миний хүрч очиход хутгаа гарган, ханцуй шамлаж «Ашгүй нэг шөлний юмтай боллоо. Тарган байгаа даа золиг чинь» гэж тагдагнав.

Ооно цавчихаа больсон гэрэлт бор нүдээрээ тэнгэр гөлрөн, амьд мах нь татавганан чичирч байсан сан. Тийнхүү бид тэнэсэн суманд оногдсон шүдлэн шаргачин, багтартал нь хөөж улаан гараараа алсан ооно хоёртой буцаж билээ. Тэр бол миний анхны бөгөөд сүүлчийн ан байлаа. Түүнээс хойш би Ухнаадоржоос холхнуур явах болсон юм.

С.Эрдэнэ

Be the first to comment

Leave a Reply