Арлингтон хот Amazon-ий шинэ удирдах төв байрших тендерт оролцоно

Онлайн худалдаагаар АНУ-д төдийгүй дэлхийд тэргүүлэх зэрэглэлд орох “Amazon” компани Хойд Америкт “HQ2” буюу Удирдах Төв-2 байгуулах төвөвлөгөөгөө зарлаад байгаа билээ. Тэгвэл тус компани шинэ удирдах төв байрших байршилд тавигдах тодорхой шалгуур тогтоож, сонирхсон хотуудыг өрсөлдүүлэхээр болоод байна.

Тэгвэл манай Арлингтон хот тус компаниас зарласан тодорхой шалгуурт нийцэж байгаа гэж үзэн сонгон шалгаруулалтад оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Тус компаний удирдах төв байрших бүс нь 1 саяаас дээш хүн амтай, 8 сая хавтгай фут талбай бүхий офисын цогцолбор барих талбайтай, тус талбай нь олон улсын нисэх буудлаас 45 минутаас ихгүй зайтай байх гэх мэт шаардлага тавьж байна. Мөн офисын цогболбор нь явган зорчигчдын зам дагуу байх гэсэн шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг Арлинтон хот хангаж байгаа тул өрсөлдөөнд оролцож болох тухай Арлингтон хотын Эдийн Засгийн хөгжлийн Газрын төлөөлөгч Cara O’Donnell хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.

Дээрх шалгуур үзүүлэлтүүдэд хамгийн ойр нийцэж буй байршил нь Арлингтон хотын “Crystal City” орчим байж болох бөгөөд тус бүс дэхь хуучин офисын барилгуудын оронд 9,7 сая хавтгай фут талбай бүхий офисын шинэ барилга барих санал урьд нь гараад байсан юм. Үүний сацуу тус бүсийн хуучин офисын барилгуудын дийлэнх хэсэг нэг компанийн мэдэлд байдаг нь тохиролцоо хийхэд дөхөмтэй гэж үзэж байгаа ажээ. Улмаар “Crystal City” бүс нь Рейгэний нисэх буудлаас алхах зайд байдаг нь давуу тал гэж үзэж байгаа ажээ.

Мөн “Rosslyn-Ballston” хүртэлх коридор ч дээрх шаардлагад нийцэж болохыг үгүйсгэхгүй байна.
Өнгөрсөн жил хүнсний үйлдвэрлэлийн “Nestle” компаний удирдах байр байршуулах сонгон шалгаруулалтад орж, ялалт байгуулсан Арлингтон хот ийнхүү “Аmazon” компанийг байршуулах өрсөлдөөнд оролцох нь тодорхой болж байна. Одоогоор хотын зүгээс албан шийдвэр гараагүй байгаа болно.

“Amazon” компанийн шинэ удирдах төв байгуулагдсан нөхцөлд 5 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт дагалдаж, нийт 50, 000 шинэ ажлын байр бий болох, улмаар тус төвийн дундаж цалин 100,000$ орчим байх тооцоо байдаг ажээ.

Тиймээс энэхүү боломжийн төлөө олон хотууд ширүүхэн өрсөлдөх нь тодорхой бөгөөд Вашингтон ДС хот орчимд D.C., Loudoun County, болон Prince George’s County зэрэг  засаг захиргааны нэгжүүд өрсөлдөөнд оролцохоо илэрхийлээд байгаа юм.
[acadp_listings]

Be the first to comment

Leave a Reply