АНУ улс төрийн орогнол хүсэгчдэд хатуу хандана

АНУ-н Цагаачлал Хил Хамгаалах Албанаас (Цаашид ICE гэх) сүүлийн хэдхэн өдрийн дотор Мичиган мужаас Иракийн 200 орчим дүрвэгчийг баривчлан саатуулж, улмаар албадан гаргах мэдэгдэл өгөөд байна. Гол төлөв Христ шашинтай, АНУ-д орогнол хайж ирсэн эдгээр Ирак иргэд хэрэв нутаг орондоо буцсан нөхцөлд хатуу шийтгэл, магадгүй цаазын ял хүлээж байгаа хэмээн орогнол хүсээд байсан ажээ. Улмаар тэдгээр иргэд цагаачлалын шүүхэд хандсан ч шүүх албадан гаргах шийдвэрийг хэвээр үлдээгээд байна. Харин хэрэг явдал Холбооны Шүүгчийн сонорт хүрч, улмаар доод шатны шүүхийн шийдвэрийг түр түлгэлзүүлсэн бөгөөд эцсийн шийдвэрийг энэ долоо хоногт гаргана гэсэн хүлээлттэй байгаа ажээ.

Дээрхийг өгүүлсэн учир нь саявтар Ерөнхийлөгч Трампийн засаг захиргаанаас гаргасан цагаачлалын зарим журамтай шууд холбоотой бөгөөд шинэ журмаар улс төрийн орогнолыг хянан шийдвэрлэх явцыг улам чангатгаж байгаатай холбоотой. Шинэ журмаар ICE-ийн офицеруудад баригдсан цагаачдыг түлхүү албадан гаргах чиглэл өгчээ.Үүний зэрэгцээ шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Jeff Sessions-ийн шинээр томилсон шүүгчид улс төрий орогнолын хэргийг хянан шийдвэрлэдэг цагаачлалын шүүхүүдэд томилогдож эхлээд байна.

Шинэ журам нь орогнол хүсч ирсэн иргэдэд хэрхэн ямар замаар нөлөөлж болохыг хэлэх нь эрт байгаа ч ямартаа ч тэдний өргөдлийн явц урьдах тогтолцооноос хатуу чанд байна гэдэгтэй ажиглагчид, шинжээчид дуу нэг байгаа юм.

АНУ-д улс төрийн орогнол авах үйл явц хэрхэн өрнөдөг, өргөдөл гаргасан цагаачид орогнол авах магадлал хэр өндөр байдаг вэ? Холбооны эрх бүхий байгууллагад Өргөдөл гаргах үйл явц, товч бөгөөд тодорхой, хялбар байдаг. Харин өргөдлийг хянан хэлэлцэж шийдвэр гаргах холбооны улсын муж мужаар, тэр ч байтугай хянан шийдвэрлэж буй шүүгчээс хамаарч үр дүн харилцан адилгүй байдаг байна.

Улс төрийн орогнол хэрхэн авдаг вэ?
АНУ-д улс төрийн орогнол авахын тулд өргөдөд гаргагч нь хэрэв нутаг орондоо буцсан нөхцөлд амь нас болон эрүү шүүлтэд өртөх эрсдэлтэй гэдгийг нотлох хэрэгтэй болдог. Үүний дотор АНУ 1967 онд элсэн орсон “1951 Refugee Convention” Конвенцид заасан 5 нөхцөл байдлын аль нэгд багтаж байх ёстой ажээ. Үүнд өргөдөл гаргагч нь арьс өнгө, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол, эсвэл аль нэг нийгмийн бүлгийн гишүүнчлэлийн улмаас ялгаварлан гадуурхагдаж, амь нас эрүүл мэндэд ноцтой хөнөөл учрах эрсдэлд ороод буйг нотлох хэрэгтэй гэсэн үг юм. Харин хөрөнгө санхүүгийн гачигдал, гэмт хэрэг, хүчирхийлэл, гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлс улс төрийн орогнол авах эрх үүсдэггүй байна.
Улс төрийн орогнол хүсэхийн тулд тухайн хүн АНУ-д орж ирснээс хойш 1 жилийн дотор өргөдөл гаргасан байх ба үүнийг “Affirmative application” гэх бол хэн нэгэн цагаачлалын албанд баригдаж албадан гаргах шүүхмйн шийдвэр авсан даруй өргөдөл гаргах нөхцөл байдаг бөгөөд үүнийг “Defensive application” гэж тус тус нэрийддэг байна. Харин аль ч нөхцөлд өргөдөл гаргагч дээрх нөхцөлд байдалд орсон гэдгийг баримтаар нотлох хэрэгтэй болдог. Улс төрийн орогнол эрэгч нь хуульч хөлслөх эрхтэй ч АНУ-н Засгийн газраас өмгөөлөгчөөр хангах эрх хүлээдэггүй.

“Affirmative application” гаргасан үед АНУ-н Дотоодыг Хамгаалах Яамны харьяа улс төрийн орогнолын асуудал эрхэлсэн түшмэл өргөдөл гаргагчтай ярилцлага хийж, хэргийг хянадаг байна.Энэ түвшинд нийт өргөдөл гаргачдын гуравнын нэгээс бага хувьд улс төрийн орогнол олгосон тооцоо байдаг ажээ. Харин саяын гаргасан шинэ журмаар энэ хувийг илүү багасгах чиглэл өгсөн тухай Вашингтон Пост сонинд мэдээлээд байгаа юм. Хэрэв улс төрийн орогнол хүсэгчийн өргөдлийг татгалзсан нөхцөлд хэргийг холбооны цагаачлалын шүүхэд хянан шийдвэрүлүүлэхээр шилжүүлдэг журамтай.

Харин “Defensive application” өргөдөл гаргасан цагаачийн хэргийг улс төрийн орогнол хариуцсан албыг алгасч, хэргийг шууд цагаачлалын шүүхэд хянан шийддэг байна.
АНУ-н цагаачлалын шүүх нь иргэний шүүхээс арай өөр зарчмаар ажилладаг, бөгөөд тэдгээрийн АНУ-н хууль Зүйн Яамнаас шууд удирдаж, тэдгээрт ажиллах шүүгчдийг Сенатаас бус харин Ерөнхий шүүгч шууд томилдог байна.Өдгөө АНУ-н холбооны улс даяар нийт 54 цагаачлалын шүүх ажиллаж тэдгээрт 33 шүүгч ажилладаг байна. Тиймээс цагаачлалын шүүхийн шүүгчид гүйцэтгэх засаглалын шууд удирдлага дор, Засгийн газрын гаргасан шийдвэр журмыг шууд биелүүлж ажилладаг онцлогтой ажээ.
Эдгээрийг дурьдахын учир нь Трампийн засаг захиргаанаас гаргасан шинэ журмаар улс төрийн орогнол гаргагч цагаач нь дээр дурьдсан ангилалд багтаж буйгаа, өргөдөлд гаргасан үндэслэлээ хангалттай баримтаар нотолж чадаагүй нөхцөлд шууд албадан гаргах чиглэл өгчээ.

Цагаачлалын шүүгчид АНУ-тай найрсаг харилцаатай улс орнуудын иргэдийн улс төрийн орогнол авах өргөдлийг тухайн оронд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг эсэхээс үл хамаарч шууд татгалзах хандлагатай байдгийг мөн дурьдах нь зүйтэй.

Өргөдлийн хувь заяа шүүгчээс их хамаардаг
Энэхүү нийтлэлийг бичигч “Syracuse TRAC” байгууллагын мэдээнд үндэслэж 2011-2016 онуудад гарсан шүүх, шүүгчдийн гаргасан шимйдвэрт үнэлэлт хийж үзжээ. Энэ хугацаанд 54 шүүхийн, 100-с дээш улс төрийн орогнол хянаж шийдсэн 267 шүүгчдийг сонгон судалж үзжээ. Дурьдсан хугацаанд нэг шүүгч дунджаар 400 орчим хэрэг хянаж үзсэн байдаг бол хамгийн цөөн нь 108, харин хамгийн их нь 2240 өргөдлийг хянаж шийдвэрлэсэн тоо гарсан байна.

Энэ судалгаагаар дараах үндсэн гурван дүгнэлтэд хүрсэн байна.
Нэгдүгээрт, Хэдийгээр улс төрийн орогнол олгох эрх зүйн тодорхойлолт маш тодорхой байх ч улс төрийн орогнол татгалзсан хувь шүүгч тус бүрээс хамаарч ихээхэн хэлбэлзэлтэй байжээ. Нийт 115,500 хэрэгт хийсэн дунджаар шүүгчид тэдгээрийн тэн хагасыг татгалзсан хариу өгчээ. Гэвч хянасан хэргийг толгой дараалан татгалзсан шүүгч байхад бараг бүх өргөдлийг зөвшөөрсөн ч шүүгч байсан ажээ.
Хоёрдугаарт Үүний сацуу өргөдөл татгалзсан шийдвэр муж мужаар эрс ялгаатай байжээ. Нью Иорк (New York) бүсийн 31 шүүгчдийн дунджаар татгалзсан шийдвэр 14 хувьтай байдаг бол Хюстон (Houston) тойргийн шүүгчид хянасан өргөдлийн 86 хувьд татгалсан хариу өгсөн байна. Тиймээс ч энэхүү судалгаа хийсэн сэтгүүлчид нэгэн шүүгч Хюстон хотод ирсэн цагаач улс төрийн орогнол хүсч байгаа бол Виржиниа мужийн Арлингтон хотод очиж өргөдөл гаргах нь өргөдөл батлагдах магаддал эрс өндөр байхыг зөвлөж байжээ.

Улс төрийн орогнол татгалзсан байдлыг мужаар эрэмбэлж харуулжээ

Photo Courtesy Washington Post

Гуравдугаарт, нэг мужийн нэг адил шүүхэд ажиллаж буй шүүгчдийн улс төрийн орогнол зөвшөөрсөн шийдвэр хувь шүүгчээс хамаарч ихээхэн хэлбэлздэг байна. Сан Франциско тойргийн нэг шүүгч хүлээж авсан бараг бүх өргөдлийг татгалзаж байсан бол яг адил шүүхийн өөр шүүгч нийт хянасан хэргийн тавны нэгд л татгалзсан хариу өгч байжээ.

Улс төрийн орогнол авахад нөлөөлөх үндсэн гурван хүчин зүйлс.
Эхний хүчин зүйл нь маш энгийн. Өмгөөлөгч хөлслөх нь хэрэг нааштай шийдэгдэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Удаах хүчин зүйлс нь өргөдөл гаргагчийн ирсэн улс орон. Жишээ нь Төв Америкийн орны иргэдийн өргөдөл бусад улс орнуудаас тухайлбал Хятадын цагаачтай харьцуулахад татгалзсан хариу авах эрс өндөр магадлалтай байдаг.
Гуравдугаар хүчин зүйл нь шүүгчийн хүйс байж болох талтай ажээ. Дараах зурагт харуулснаар эрэгтэй шүүгчид эмэгтэй шүүгчтэй харьцуулахад өргөдлийг татгалзах магадлал 20 хувь илүү байгаа юм. Мөн шүүгчийг томилсон нам улс төрийн үзэл бодол ч хэргийн хувь заяаг шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлж буйг дараах зурагт харуулсан байна.  Мөн эмэгтэй шүүгчид өргөдөл гаргагч нь бага насны хүүхэдтэй нөхцөлд хэргийг нааштай шийдэх хандлага ажиглагдсан байна.

Photo courtesy Washington Post

Ийнхүү Трампийн засаг захиргаанаас гаргасан шинэ журам чиглэл, шинээр томилогдож буй шүүгчид улс төрийн орогнол хүсэгчдийн өргөдлийг хэрхэн хянаж шийдвэрлэхийг ажиглах үлдлээ.

Нийтлэл бичсэн Richard Vengroff
Орчуулсан Б.Төгөлдөр

Be the first to comment

Leave a Reply