DV2020, DV2021 ШҮҮХИЙН МАРГААНУУДЫН ТУХАЙ. ЦАГААЧЛАЛЫН ХУУЛЬЧ CURTIS MORRISON (Text)


TUGULDUR TV-ИЙН VIP ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ
TUGULDUR TV -ИЙН VIP ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ВИДЕО

Ярилцлагын текст орчуулга:

– Юуны өмнө манай хоёр дахь урилгыг авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Манай үзэгчдэд маш хэрэгцээтэй ярилцлага болно гэж найдаж байна. Бид гол төлөв DV -тэй холбоотой бүх шүүхийн маргаануудын туха ярилцах болно, миний хувьд эдгээрийн заримыг нь ч сайн ойлгохгүй байгаа. Та эдгээр DV2020 DV2021 маргаануудын тухай сүүлийн шинэ мэдээллийг бидэнтэй хуваалцана уу?
C.M. За тэгье, би жил жилээр нь зааглаад тайлбарлаж ярья. Эхлээд DV2020 тухай яриагаар эхэлье. Энэ санхүүгийн жил дуусахаас өмнөхөн шүүгч Мета (Mehta) энэ шүүхийн маргаануудыг нийтэд нь Gomez Class гэж ангилалд оруулсан. Үүний үндсэн ач холбогдол нь эдгээр шүүхийн маргааны нэхэмжлэгчдийг “бүлэг нэхэмжлэгчид” буюу DV2020 хожсон нийтэд хүртээлтэй болгож байгаад оршино, бусад жилүүдээс гол ялгарч байгаа онцлог нь энэ юм. Тиймээс DV2020 хожсон ч визээ аваагүй хүн бүрт энэ хэрэг хамаарч байгаагаараа маш онцлогтой гэж хэлж байна. Харин визээ авсан ч орж ирж чадаагүй хүмүүст харамсалтай нь шүүгчийн шийдвэр хүртээлгүй болж байгаа юм.
Надад байнга ирдэг асуултуудын нэг нь эдгээр бүлэг нэхэмжэлд багтаж байгаа хэдэн хүн байна гэдэг асуулт. Үүний учир нь шүүхээс дөнгөж 9,000 орчим визийг хадгалж үлдсэнд оршино.
Би энэ талаар саяхан блог хийж оруулсан байгаа. Бид DV2022 -той холбогдуулж энэ талаар шинэ мэдээлэл олж авсан учраас яг хэдэн нэхэмжлэгч байгаа тухай илүү бодитой багцаа гаргах боломжийг олгоод байна. (Блог  хуудсыг энд дарж үзнэ үү)
Эндээс үзэхэд Gomez бүлэг нэхэмжлэлд 40,000 орчим хүн багтаж байгаа буюу эдгээрийн дунд дээрх 9,000 виз ногдож байгаа гэсэн үг. Мэдээж эдгээр хүмүүс виз авах эсэх нь маш олон хүчин зүйлсээс хамаарна, гэхдээ эдгээр хүмүүсийг найдвар алдаж болохгүй гэж хэлмээр байна. Эдгээр хүчин зүйлст ЭСЯ тухайлсан асуудлуудад, тухайлбал өргөдлөө илгээсэн, бичиг баримтуудыг процесс хийсэн өдөр гэх мэт. Өөрөөр хэлбэл визээ авах эсэх нь сугалаа шиг аз сорьсон зүйл биш, харин визээ авах эсэх нь хүн тус бүрийн онцлог, бусад нөхцөл байдлаас хамаарна гэж ойлгож болно. Үндсэндээ 9,000 визийн төлөө 40,000 хүн жагсаж байгаа, гэхдээ бид шүүхийн заргаа эцэслэн авах хүртэл эдгээрээс ганц ч виз олгогдохгүй юм.

-Наадах чинь л гол асуулт л даа. Бид 9,000 орчим виз хадгалсан гэж мэдэж байгаа, гэвч өнөөг хүртэл нэг ч хүн виз аваагүй байна. Нөгөөтэйгүүр маш олон эрхзүйн маргаан байгаа, тиймээс яг одоо ямар шатанд явагдаж байна, хүмүүс яагаад өнөөг хүртэл визээ авч чадахгуй байна?

C.M: Ерөнхийдөө бид шүүх дээр ялсан, 9 сарын 21-нд шүүгч Мета шийдвэрээ гаргасан, эдгээр визийг олгоогүйн үндсэн шалтгаан нь цар тахал биш, Засгийн газар  хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэдэг манай үндэслэл зөв гэж,  үзсэн , тиймээс шийдвэр манай талд гарсан хэрэг. Гэтэл Байдены Засгийн Газар энэ шүүгчийн шийдвэрийг Вашингтон ДС тойргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан. Энэ мөрөөр энэ 2022 оны 9-р сард шүүх хурал болсон, тиймээс тус тойргын шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Хэрэв давж заалдах шатны шүүх Шүүгч Метагийн шийдвэр хэвээр үлдээвэл эдгээр нэхэмжлэгчдийн визийн ярилцлага болон виз олголт нэн даруй эхлэх учиртай.

– Хэзээ энэ ажил хэрэг болох бол?

C.M: Энэ бол сая долларын асуулт байна. Хүмүүсийн хамгийн их асууж байгаа асуулт бол наад асуулт чинь, өдөрт бараг 100 удаа асуудаг байх. Холбооны шүүгч нарт ямар нэг тогтоосон цаг хугацаа байдаггүй. Тиймээс болсон цагт нь л боллоо гэж хэлэх байх, одоогоор бид хүлээх, таах, таамаглаад л сууж байхаас өөр зүйлгүй, удахгуй шийдвэр гарах болтугай л гэж найдаж байна.
Тойргын шүүхийн өмнөх шүүгч нь хэлэхдээ тус шүүх дээр байгаа Goh нэхэмжлэлийг 3 сарын дотор шийдвэрлэнэ гэж хэлж байсан.

– Шүүхийн шийдвэр танай талд ашигтай гарлаа гэж бодьё. Энэ нөхцөлд таны бодлоор хэн эхэлж визээ авах бол? Виз авахад давуу тал болон ямар нэгэн нөхцөл, шаардлага байж болох уу, кейс дугаараас хамаарах болов уу?

C.M: Юуны өмнө бид заргаа авах хэрэгтэй, Байдены Засгийн газар ч ялахыг үгүйсгэхгүй. Хэрэв бид ялсан нөхцөлд хүн бүрт давуу болон сул талууд байж болно, хэн визээ авахыг таах боломжгүй. Хамгийн том давуу талтай байж болох хүмүүс нь кейс нь аль хэдийн харъяаны ЭСЯ-дад очсон байсан, эсвэл аль хэдийн ярилцлагадаа орчихсон байсан хүмүүс байж болно. Учир нь ЭСЯ-д эдгээр визүүдийг олгоход маш хялбар байх болно. Эдгээр хүмүүс зөвхөн эрүүл мэндийн үзлэгээ л шинэчлэх хэрэгтэй болох байх. Гэхдээ эрүүл мэндийн үзлэгт орох гэж яарах хэрэггүй, хүлээ, учир нь шүүх хэзээ шийдэхийг бид мэдэхгүй. Хамгийн том давуу талтай байх хүмүүс гэвэл үүнийг хэлэхээр байна.
Мөн үүнээс гадна ЭСЯ-аас тухайлан шалтгаалах давуу болон сул талууд байж болно. Зарим ЭСЯ-д тухайлбал Исламабад, Адис-Абаб зэрэг хотууд дахь элчингүүд ажиллах хүч дутагдалтай, ажил сайнгүй байхад Барбадос, Эль-Салвадорь гэх мэт зарим жижиг цомхон ЭСЯ-д маш сайн, шуурхай ажиллаж байх жишээтэй. Тиймээс ЭСЯ-д их чухал үүрэгтэй.
Монголыг хамардаг ЭСЯ-г мартаж, хаана байдаг билээ?

– Улаанбаатар…

C.M: Манайд Улаанбаатарын тухай статистик байгааг мэдэхгүй байна.

– Дашрамд танайд Монголоос олон харилцагч байна уу?

C.M: DV2020 нэхэмжлэлд Монголоос харилцагчид бий, гэхдээ тийм олон биш. Дүгнэж хэлэхэд бас нэгэн чухал хүчин зүйл бол “AV Stage Date” гэж бий. AV гэдэг нь “Allocated Visa” гэсэн товчлол гэж бодож байна. Энэ нь таны DS260 өргөдлийг KCC дээр процесс хийсэн өдрийг хэлж байгаа юм. Энэ нь таны кейс визийн ярилцлагын хүлээлгийн жагсаалтад багтаж орсон хугацаа юм.
Нэгэнт AV жагсаалтад орсон өдрийг мэдэх арга байхгүй учраас ямар нэгэн таамаг хийхэд төвөгтэй болгож байгаа ч энэ нь яах аргаггүй маш чухал хүчин зүйл мөн. Хэрэв та DS260 өргөдлөө 2020 оны эхээр хурдан явуулсан бол таны AV жагсаалтад орсон өдөр урдуур байж болох магадлалтай. Харин 2020 оны эцсээр явуулсан бол энэ өдөр хойгуур байх магадлалтай юм. Уучлаарай. 2020 биш 2019 юм байна шүү, та хамгийн эртэдээ 2019 оны 5-6 сард DS260 өргөдлөө явуулсан байж болох юм.

– Та шүүхийн шийдюэр хүлээж байгаа юм байна. Таны бодлоор энэ шийдвэр эцсийнх байж чадах уу?

C.M: Энэ шийдвэр эцсийнх байх уу гэж үү? Магадгүй тийм ч байж болох, үгүй ч байж болно. Учир нь шийдвэр бидэнд ашиггүй гарвал бид шийдвэрийг Холбооны шүүхэд давж заалдах болно, Засгийн газрын хувьд мөн адил, шийдвэр тэдний эсрэг гарвал мөн дээд шатны шүүхэд давж заалдаж болно.
Гэхдээ энэ тохиолдолд эдгээр виз олголтыг автоматоор зогсооно гэсэн үг хараахан биш. Хэрэв Засгийн газар шүүхийн шийдвэр хэрэгжилтийг зогсоохыг хүсвэл эдгээр виз олголтыг зогсоох зөвшөөрлийг шүүхээс авах ёстой, гэтэл Шүүгч Мета аль хэдийн үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлчихсэн байгаа. Тиймээс тэд дээд шатны шүүхэд хандах хэрэгтэй болно гэсэн үг.

– Эдгээр DV2020 кейсийн сайн тал нь эдгэр визүүдийг нөхөн олгож дуусах ямар нэгэн хугацааны хязгаар тавиагүй байна, тийм үү?

C.M: Яг зөв. Маш олон хүн хурдан шийдвэр гараасай гэж яарч байна. Харин миний байр суурь бол шийдвэр хурдан гарах нь чухал биш, харин бидэнд ашигтай, сайн шийдвэр гарах нь чухал гэж хэлж байгаа. Бид ялах нь л чухал юм.

– Одоо DV21 тухай ярилцая. Энэ кейс ямар шатанд яваа тухай бидэн мэдээлэл өгнө үү.

C.M: DV2021 бол DV2022-с эрс ялгаатай хэрэг юм. Учир нь энэ нь бүлэг нэхэмжлэл биш юм. Бид уг нь ийм болгох гэж 4-5 удаа, Чарлес хуульч 2 ч удаа оролдсон ч шүүгч зөвшөөрөөгүй.
2021 оны 9-р сард Rai нэхэмжлэлтай холбоотой шүүгч Чаткинс, Goodluck болон Goh нэхэмжлэлүүдтэй холбоотой шүүгч Мета нар өөрсдийн шийдвэрийг гаргасан. Эдгээр хэргүүдээр шүүгч нарын шийдвэр харилцан адилггүй байсан. Шүүгч Чаткинсын байр суурь бол зөвхөн шүүхийн маргаанд нэхэмжлэгчээр оролцсон хүмүүст биш харин DV2021 хожсон Шенгены орнууд, Хятад, Өмнөд Африк, Бразил зэрэг нийт 28 ЭСЯ-д хуваарилагдсан байсан бүх хүмүүст шүүхийн шийдвэр амаарна гэж үзсэн.

– Яагаад эдгээр ЭСЯ-д гэж? 

C.M: Чи санаж байгаа бол Трампийн Засгийн үед маш олон дэс дараалсан хоригууд тавьсан…

– Аан тийм, хилийн хориг.

C.M: Эдгээрийн нэг нь тухайлж нэр заасан орнуудын иргэдэд хилийн хориг тавьсан. Эдгээр нь гол төлөв улс орнууыг гарал үүслээр нь ялгаварласан, мөн аль болох олон цагаачдад хориг тавихыг Трампийн засаг чармайж байсантай холбоотой.
Тиймээс шүүгч Чаткинс Rai нэхэмжлэгчдэд 100 мянга орчим визийг дээр дурьдсан хүмүүст олгох, харин Goh болон Goodluck кейсүүдэд шүүхийн нэхэмжлэлд нэр зааж оролцсон хүмүүст хамаарахаар, гэхдээ эдгээр нэхэмжлэгчдийг бүгдийг нь хавтгайруулж хамруулахгуй байх санал гаргасан.
Шүүгч Мета шүүхийн шийдвэр нь зөвхөн шүүхийн маргаанд нэхэмжлэгчээр оролцсон хүмүүст үйлчлэхээр явцуу шийдвэр гаргах нь зохисгүй, учир нь шүүхийн зарга үүсгэх боломжгүй байсан хүмүүсийн хувьд шударга бус болно гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд шүүгчтэй санал нийлээгүй ч шийдвэрийг хүндэтгэж хүлээж авсан. Таныг боовоор дайлахад үгүй ээ би бялуу иднэ гэдэггүй биз дээ, та баярлалаа гээд л авдаг. Үүнтэй төстэйгээр нэгэнт шүүгч бидний л талд байсан учраас бид шийдвэрт хүндэтгэлтэй хандаж хүлээж авсан.
Мөн DV21-н талаар, ялангуяа Goodluck нэхэмжлэгчдэд нэг зүйлийг хэлмээр байна. Шүүгч тэдэнд 7,000 гаруй виз хадгалж үлдсэн, миний багцаалж байгаагаар 21,000 орчим хүн виз авахаар хүлээж байгаа байх. Тиймээс бид шүүгч Метагаас энэ визийн тоогоо эргэн харж үзээч гэдэг хүсэлт гаргаж байсан, магадгуй 10,000 орчим виз олгохоор шийдсэн бол бодит байдалтай илүү дөхөж очих байсан тухай бид учир шалтгаанаа гаргаж хэлсэн л дээ. Шүүгчийн шийдвэрээ гаргахад ашигласан зарим тоо баримтууд нь тийм ч бодит тоо биш байсан гэж би боддог. Энэ мэтчилэнгээр бид шүүгчид тайлбарлах гэж маш их хичээсэн, магадгүй хүлээгдэж байгаа шүүхийн шийдвэр ашигтай гарвал шүүгч энэ визийнг тоогоо ч эргэж харахыг үгүйсгэхийн аргаггүй.
Тиймээс DV21 хожсон хүмүүс надтай холбогдсон нөхцөлд энэ шүүхийн шийдвэрт хамаарах эсэхийг нь дараах 2 асуултыг асууснаар хялбархан хэлэх боломжтой гэж хэлж болно.
Нэгдүгээрт шүүхийн маргаанд нэхэмжлэгчээр оролцсон эсэх, хоёрдугаарт ямар ЭСЯ-нд визийн ярилцлага нь товлогдсон байсан гэсэн асуултууд. Мэдээж ийм асуулттай хүмүүс маш их холбогдсон. Товчхондоо эдгээр хүмүүс өөрсдөд нь эдгээр шүүхийн шийдвэрүүд хамаарах, эсвэл огт хамаарахгуй эсэхийг эртхэн нь олж мэдсэн нь дээрл дээ.
Маш товчхондоо DV2020 хожсон хүмүүсийн хувьд горьдлого тасрах болоогүй байна, харин DV21 хожсон хүмүүсий хувьд маш цөөн хүнд хамааралтай, харамсалтай нь ихэнх хүмүүсийн хувьд бүх зүйл хэдийн дууссан гэдэг нь ойлгомжтой байх.

– Цаг зав гаргаж эдгээрийг тайлбарласан танд их баярлалаа! Мөн цаашдын шүүхийн маргаануудад тань амжилт хүсье! Олон жил дамнан горьдлого тээн хүлээж байгаа хүмүүст ашигтай шийдвэр гарах болтугай гэж ерөөе!

C.M: Өдий олон жил хүлээсэн хүмүүсийн горьдлого талаар болсон шийдвэр бүү гараасай, тэдэнд ашигтай, сайн шийдвэр гарах болтугай гэж хэлмээр байна.

Be the first to comment

Leave a Reply