Тэнгэрийн хаяанд бут цэцэглэнэ

Үндэс дэлэгнэж, зэрэглээ хөллөсөн хаврын их говьд ат атаархавч айдас нь хургаж, ингэ шохоорхон шээс алдмаар сүрлэг сайхан биетэй, нас шүд гүйцсэн ширээ хүрэн буур ганцаархнаа шаваг, харганы сахал хаа нэг шүүрэн идээшилж зогсов.

Тэнгэр газрын савслагаар цэнхэр хөөг татаад ирж яваа урин дулаан цагийн хөгжим шиг хөх сэрхрээ салхинд ноднин намар ногооноороо цасанд даруулсан агь, гангын анхилуун үнэр үе үе сэрүү татуулан ханхийнэ.

Идэр ес, уулын цас хоёр аль эрт өвгөрч буурын ороо номхорсон хэдий ч өвлийн догшин жавартай арсалдан цусанд нь асан алдан байсан хуял тачаалын гал хараахан унтарсангүй. Эдүгээ ч ботгондоо сүжрэн буйлах томоо бага гунжин тэмээний дууг хаа нэгэнтээ сонсох бүртээ хамаг бие нь халуу шатан ирэх өвлийн цас, шамрагыг хүснэ. Бут, бударганы нөмөрт туулайлан хурсан элсэн дээр үлдэх буурын хүчирхэг том тавхайны мөрийг үзсэн ан амьтад бут сөөг шөргөөж наалдсан заар шинхэгийн халуун үнэрээс бишүүрхэн дайжин одмоор сүртэй. Хүрэн буур энэ өдөр ороо нь гараад өлөрхөн өлссөндөө өвөлжин сойсон гэдсээ цатгахаар өвс бэлчээр хөөж ижлээсээ ийнхүү салсангүй.

Ганц модны хажуугийн мухар эргэнд гөлөглөсөн өлөгчин чонын боривоо тэнийлгэж амжаагүй шахам хэдэн улаан цурав бэлтрэгийг хэн нэг муу хүн олоод аваад явчих вий гэхээс зажилсан өвс залгивч хоолойгоор нь давахгүй зовоох болжээ.

Тэмээ, чоно хоёр адилхан тэнхээ, тэвчээр ихтэй халах хөрөх, зовох жаргахыг хэр барагтайд үл тоох боловч ботго, бэлтрэг хоёр шиг гай дайрлага элбэгтэй, юм юманд өртөмтгий хэврэг амьтан ертөнцөд үгүй мэт. Хүрэн буур хэдэн ботготой ингээ манаж, өлөгчин чоно өлсгөлөн бэлтрэгүүдээ тэжээж цөөнгүй жил хэн хэндээ хал балгүй айл саахалт аж төржээ. Жил бүр дал наян ингэ ботголуулдаг улсын аварга малчны хаяаг түшвэл өлзийтэй бөгөөд муу хүмүүст хар сэжиг авахуулж мөрөө мөшгүүлэхгүй үр зулзагаа хоолны захад сэтгэл амар хүргэж болно гэдгийг өлөгчин чоно хүнээс ч дутуугүй мэддэг байжээ.

Хүн, чоно, тэмээ гурав өөр өөрийн амьдрах ухаантай. Гичий чоно таван жил алс буйд говьд тэмээ даган шар өдөр, бор хоногийг үдэхдээ хаяагаа хадарч өнчин ишиг ч шоглосонгүй. Түүнийхээ буянаар ч хүн, малын итгэлийг олж гэгээн өдөр гэрийн нохойтой уулзахаас бусдыг үзэв. Гэтэл өнгөрсөн хавар сумын төвд суудаг панзчин хархүүд хэдэн бэлтрэгээ суйлуулснаас хойш гэнэт догширч ширээ хүрэн буурны амь гол, гараас гарсан хоёр хөөрхөн ботгыг өлөгчин чоно барьж, үрээсээ хагацсан хоёрын хоёр хөхүүл ингэний уйлж, буйлах дуу нь чихтэй амьтан болгоны өр зүрхийг сэмлэн шимшрүүлсэн юмсанж. Гурван гашууны говь ч гэсэн уй гунигт автан санаа дагаад тэр юмсан уу бороо, хур холдож, хавсрага салхи салахыг байжээ.

Сар хүрээлж, шороо манарсан жихүүн шөнө оддын гэрлийг бөхөж бүдгэртэл гунигтайяа улих өлөгчин чонын өнчирч бэлбэсэрсэн гаслангийн доог сонсох болгондоо хүн хэрнээ малаас дор хэмээн панзчин хархүүг зүхэн шүдээ хорсолтойёо хавирдаг болжээ. Эхдээ ботго, бэлтрэг хоёр адилхан амин халуун хайр байдаг бөгөөд хээрийн араатан чоно хүртэл эмтэрч шаналах элэг зүрхтэй болохыг ухаарчээ. Чоно өширвөл нялх ботго барих нь байтугай хоточ нохойн хоолой, багалзуурыг тас хазахаас буцахгүй зоригтой хүчирхэг амьтан. Хэдийгээр хоёр ботгоо чонын аманд алдсан ч тэр гайтай хархүү газар доороос гарч ирээгүйсэн бол өлөгчин гичийн үүрийг ухаж үр зулзагыг нь хөнөөгөөгүйсэн бол хоёр ботго, таван бэлтрэг аль алин нь өнөөдөр эсэн мэнд элэг бүтэн байх байсан. Хэрэв буур чононд өс хонзон санасансан бол эрэгний мухарт эхийнхээ хөлийн чимээг чагнан бие биедээ шавааралдан хэвтэж буй үстэй өт шиг тэр хэдэн саарал гөлгийг тэмээний “хаан” ганц таварахад л шороотой хутгах байсан. Гэтэл яагаад ч юм бэ тэр нэгэн шөнө эх чонын цээжиндээ багтаж ядсан гунигтай, харанхуй бүрэнхий дууг сонссоноос хойш түүнд өширч чадсангүй. Өөрөөсөө илүү хүчтэнтэй түшилцэж шөргөөцөлддөг тэмээнийх нь төрөлх араншин, эцэг эхийнхээ хэлбэр дүрсийг ч олж амжаагүй шахам чоно нэрнээс цаашгүй тэр нялх амьтдыг няц дэвсэн тавхайгаа цусдахаасаа ичсэн ч байж магадгүй. Харин одоо ороо нь ханаж, омог тачаал бадарсан өвлийн дунд сард, хоёр ботгоных нь толгойг залгисан өлөгчин чоно, панзчин хархүү хоёртой хаа нэг газар тааралдсансан бол “тэмээний хаан” бяцхан агсам тавьж орсон буурын тэнэг, муйхар зангаар хэн хэнийх нь нүгэл хилэнцийг гэсгээн цээрлүүлэх ч байсан юмсан уу хэн мэдлээ. Чингэтэл хэрэг бишдэв. Ботгоо чононд бариулсан хоёр ингэний хэдэн хөх ширгэж ч амжаагүй байтал өнөөх гайхал хархүү хаврын хавсрагатай зэрэгцэн буу цоор үүрч чонын мөр хайж уул, толгод нэгжин хэсүүчлэн тэнэж эхлэх нь тэр.

Түүнийг харсан цөс ихт омголон хүрэн буур могойд хөлөө ороолгуулсан мэт гэнэт ихээр хилэгнэн бут, довцог шөргөөсөөр ертөнцийн шивээ, зангууг үснийхээ тоогоор цуглууллаа. Тэгээд ижил сүргээ тэнгэрт даатган орхиод мөнөөх ангуучны араас сэм даган одсон ажээ.

* * *

Тэртээ дээр тэнгэрийн өехийд хэдэн бараан шувуу аниргүйхэн эргэлдэнэ. Анчин эр буугаа өвөр дээрээ хөндөлдүүлэн тавиад жалга судаг, эрэг ганга бүрийг нэгжин дурандаж сууснаа босч ан амьтан таарч юу магад гэж бодсон янзтай мориныхоо олмыг чангаллаа. Тэрбээр дээд уруул дээрх хэдэн шар сахлаа сэрвэлзүүлэн хүйтэн хөх инээмсэглэл нүдэндээ тодруулав.

… Энэ Чимэддорж бүр хүнээ алдах нь гээч. Аварга, аварга гэхээр улам гаарч хангай дэлхийн ан амьтныг хүртэл харамлаж мань мэтийг ад шоо үзэн хажигладаг боллоо. Чи л болоод тэр өлөгчин чоныг хаана гөлөглөснийг нь мэдэхгүй байж гэнэ. Тэгэхийг нь хэрд хормой доороо нуугаад байгаа тэр муусайн бэлтрэгнүүдийг нь олоод ганзагалаад буцахсан. Чоно ойртоо өлзийтэй, хаяагаа хадардаггүй амьтан. Ноднин чамаас болж хоёр ботгоо гайтуулсан. Би гэдэг хүн хээрийн араатантай хүртэл хэл амаа ололцож байж гэмээн жилийн жилд цөөн ботго бойжуулдаг хүн хэмээн гайхуулсан.

Байсаар байтал чонын хэл мэддэг, чонотой ярьдаг хүн гэнэт хажуу дэргэдээ гараад ирдэг байж. Ганц орос үг мэдэхгүй хэрнээ хээрийн зэрлэг араатантай ярьж гэнэ.

Худлаа даа худлаа. Чимэддорж суусан газраасаа шороо атгах сүйхээтэй хүн. Тэр хэдэн гөлгийг сайндаа хүн амьтнаас нуугаагүй. Жаахан торинуулж байгаад үс арьсыг нь гүйцээж томорсон хойно өөрөө тэдний бодийг хөтөлж нэг их олон чоно авласан сүрхий хүн болох гэж санасан ёр нь тэр гэж бодсоноо ангуучин эр мориндоо алав харайн мордов.

Жин үдийн манарсан цагаан наран дор газар дэлхий будантан хөхөртөнө. Бут буйлсны мөчир гишүү өлгийг нь дөнгөж задалсан балчир хүүхэд адил наран зүг сарвалзан суниана.

Диваажинтай эндүүрэм ийм гэгээн тунгалаг өдөр чоно байтугай оготно, зурам ч чийгтэй харанхуй нүхэнд тогтохгүй. Өдийд муусайн бэлтрэгнүүд нүхнээсээ гараад халуун элсэн дээр сунаад уначихсан наранд биеэ ээн ухаангүй унтаж байгаа. Салхин дээр нь очиж суугаад тамхи татсан ч нойрноос сэрэхгүй биз хэмээн бодогдоно.

Анчин эр зүү тэвнэ гээчихсэн мэт морин дээрээсээ газар ширтэн гэлдрүүлж явтал нарнаас өмнөхөн гүйсэн болов уу гэмээр чонын халуун мөртэй тааралдлаа. Торгон элсэн дээр сарвайтал гишгэсэн тахлай ботгоныхоос дутуугүй том мөрийг үзээд хээрийн нохойн бараа харснаас наанагүй баярласан гөрөөчний хамарт нялх бэлтрэгний бохир нялуун үнэр ханхийх шиг боллоо.

Хөхүүл гичий өдөр үүрээ орхиод хол явахгүй. Шөнөжин гөрөөлөөд өглөө үүрээр нүхэндээ эргэж ирсэн биз гэж санасан эр морио явган хөтлөөд чонын мөрийг даган жалга судаг нэгжин бэдэрч явтал хажууханд нь бэлтрэг шуугилдах сонсогдоно.

Хөл дор шахам гийнах зэрлэг амьтны гаж буруу бөрт дорой дуунаас үргэсэн морь хамраа дуугарган зогтусав. Санаадгүй шахам явж байгаад чонын үүрэн дээр ороод ирсэн хархүү буугаа яаран сумлах сацуу эргэн тойрныг харцаараа тэмтчин болгоомжтой гэгч гүйлгэн харав.

Чоно, буур хоёр өстөн дайснаа гэгээн өдөр байтугай харанхуй шөнө үнэр, дуугаар нь хүртэл таньдаг бөгөөд өлөгчин чоно үүр ноохойгоо ухсан хүнийг сэм отож байгаад хажуугаас нь гэнэт гэнэдүүлэн дайрдаг аюултай учраас ирсэн хүн, шувуу дэрхийн ниссэн ч бууныхаа гохыг дарахад бэлэн байлаа. Гэвч эх чоно ойр хавьд байсангүй. Эмээлтэй морь, буу саадаг агссан барьцгүй догшин харцтай өндөр хүнээс айсан гурван нүцгэн саарал бэлтрэг нялх балчир ч гэсэн хээрийн амьтан гэсэндээ зөв совингоороо үхэл гэгч үүдэн хоймрын газар ирснийг ухаарсан мэт нүхнийхээ мухар луу нүүр буруулан зүтгэцгээлээ. Орой дээрх од гийж олзны үүд нээгдэхийн цаг дор морь, биеэ зовоолгүй гурвын гурван бэлтрэг хөл дороосоо олдог байна. Энэ хэдэн чоныг ганзагалаад буцах замдаа Чимэддоржийнхоор орж хорыг нь малтсан ганц хоёр гашуун үг хэлж, юу гэж номчирхохыг нь сонсъё байз гэж бодох зуураа ангуучин эр морио тушлаа. Энэ үед хүрэн буур чонын үүрний дэргэд ирээд гэрийн чинээ том элсэн довцогны цаанаас гөрөөчин хархүүгийн хөдөлгөөн бүрийг хүйснийх нь нүх л харагдаж байвал хүний хөлд тэсгэлгүй гүйдэг бөх адил харц дагуулан нэвт шувт ширтэж байлаа. Халуун салхинд худаг сахиад зогсч буй цангасан малд ганц ховоо ус татаад өгчих сэтгэлгүй энэ хачин хүнээс хүрэн буур саахалт айлын охиныг гэв гэнэт ингэнээсээ дутуугүй харамлав.

Тэр саахалтын охинтой хамт усан дээр таарах болгондоо тэмээ малаас нь услалцаж тус болохын оронд элдэв налиг шалиг үгээр толгойг нь эргүүлэн хуурч үнгэж шүлсдэх нь түвэгтэй. Ийм хувиа бодсон завхай зайдан хүн буур болж төрсөнсөн бол энэ говийн айл амьтны тэмээ малыг өвөлжин үймүүлж хамаг атных нь хонго борвийг хивж дуусах байсан. Үр төл нь ч гэсэн өөдтэй мал болохгүй. Адайр муу зантай уналга, эдэлгээ даахгүй, хүний хараал идсэн хачин амьтад байх биз…

Борог өвсөн дотор хааяа нэг бялзуухай жив, жив дуугарна. Олзондоо шунасан гөрөөчин хол ойрыг сэжигтэй боловч яаруу сандруу харцаар нэгэнтээ хальтхан хараад чонын үүр өөд алхав. Тэгээд биедээ байшгүй том толгой, огтор богинохон сүүлтэй хөх саарал бэлтрэгийг улаан гараараа ишиг хурга адил шилэн хүзүүн дээрээс нь атган авч дээш өргөн салтаа руу нь харав. Арчаагүй бяцхан гөлөг шувуунд шүүрүүлсэн мэт сарвалзана. Анхны маань ан азарган чоно таарав хэмээн гөрөөчин хархүү сэтгэлдээ дуу алдан олзуурхав.

Чоно, хутга, нөгөөх гурав хэзээ ч багаддаггүй, заавал цус үзэж байж салдаг учиртай гэж өгүүлээд эрэгний мухрыг цуурайтуулан ха, ха, ха хөхөрснөө бэлтрэгийг шуудайны ёроол руу чулуудлаа. Дараа нь хоёр дахь бэлтрэгийг суйлахаар тонгойтол нэг том амьтны сүүдэр толгой дээр нь тусч сэрүү татав.

Бэлтрэгнүүдийн эхийг ирэв хэмээн айж толгойтой үс нь өрвөсхийн боссон ангуучин эр хажуудаа тавьсан цэнэгтэй буугаа шүүрэн автал нүднээс нь гал бутарч, аянгын хүчит дуун газар доргиулан нэгэнтээ нүргэлэх шиг болсноор ертөнцийг түнэр харанхуй нөмрөв. Тэмээ, тэмээдийн “хаан” омголон хүрэн буур уур хилэн, уй гашуу тэмээ хэмээх адгуусанд тэнгэрээс хайрласан хүч тэнхээ хамаг бүхнээ хүчирхэг том тавхайтай баруун хөлдөө нэгэн агшнаа зангидаж ангуучин эрийг дэлбэ дэвсэх тэрхэн хоромд түүний нүднээ сүүмэлзэн байсан хорсол заналын гал унтарчээ. Цэнэгтэй буу дэрлэн түрүүлгээ харж унасан ангуучин эрийн цусандаа хутгалдсан үхдэл хүүрээс сэжиглэж жигшсэн өлөгчин чоно тэр үдэш бүрэнхий болмогц гурван бэлтрэгээ шуудайд хийж зуугаад зүг буруулан дайжин оджээ.

Тэр шөнө тэмээний нутаг, тэнгэрийн хаянд бут цэцэглэж байлаа.

Be the first to comment

Leave a Reply