Ерөнхийлөгч Доналд Трамп: Багш нарын 20 хувийг зэвсэглэх шаардлагатай…

Өнөөдөр (Лхагва) Ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн дунд сургуулиуд дээр үйлдэгдсэн аллагад хүүхэд, ойр төрөл төрөгсдөө алдсан хохирогчдын төлөөллийг Цагаан Ордонд хүлээн авч, тэдний санал сэтгэгдлийг сонссон юм.
Хохирогчдын сэтгэл эмзэглүүлсэн, уур бухимдал дүүрэн яриаг сонсох үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ сургуулиудын багш нарыг зэвсэглэх нь асуудлыг шийдэх гарц байж болох тухай санал гаргасан нь олны анхаарлын төвд ороод байна.

Тэрээр хэлэхдээ ‘… хэрэв галт зэвсэг сайн эзэмшсэн багш байсан бол аллагыг хурдан зогсоох байсан…’  гээд цаашид энэ мэт зэрлэг аллагуудыг таслан зогсоохын тулд багш нарын 20 хүртэл хувийг зэвсэглэх нь зүйтэй гэжээ. Тэрээр цааш нь ‘… мэдээж галт зэвсэг сайтар эзэмшсэн хүмүүс л аллага үйлдэж байгаа нь ойлгомжтой, үүнийг өөрөөр биедээ буу авч явах (concealed gun) гэдэг, тэгвэл багш нар яагаад биедээ буу авч явж, тэдгээр зэрлэгүүдийн эсрэг ашиглаж болохгүй гэж. Багш нарыг галт зэвсэг ашиглах суралтад хамруулах хэрэгтэй, ингэснээр цаашид сургууль ‘буугүй бүс’ байхаа болино. ‘Буугүй бүс’ гэдэг бол хулчгаруудад бэлэн өгөөш болж харагддагаас ийм хэрэг гарч байна…’ хэмээн өгүүлсэн юм. Ерөнхийлөгч багш нарын зэвсэглэх санаанаас гадна сэтгэцийн эмнэлгүүдийг нэмж байгуулах тухай мөн саналаа хуваалцсан байна.

Уулзалтад өнгөрсөн долоо хоногт Marjory Stoneman Douglas Ахлах сургуульд амь үрэгдсэн хүүхдүүдийн эцэг эх, хамаатан садны төлөөллөөс гадна 2012 оны Sandy Hook Бага сургуульд болсон аллагын хохирогчдын эцэг эхчүүд оролцсон байна.

Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч Доналд Трамп хагас автомат бууг бүрэн автомат болгодог Bump-stock гэгч нэмэлт төхөөрөмжийг хориглох, галт зэвсэг худалдан авагчдын судалгааг (background check) нэг бүрчлэн хийх, иргэдийн галт зэвсэг худалдан авах хуулийн доод насыг эргэж харах зэрэг арга хэмжээг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

Гэвч галт зэвсгийг борлуулалт хэрэглээг хязгаарлах хуулийг үргэлж эрс эсэргүүцэж ирсэн NRA (National Riffle Association)-тэй урт удаан хугацааны ойр дотны харьцаатай Доналд Трампийг галт зэвсгийг борлуулалтыг хориглох эрс шийдэмгий алхам хийнэ гэдэгт олон нийт итгэхгүй байгаа бололтой. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар NRA Доналд Трампийг дэмжсэн юм.

Washington Post/ABC News агентлагуудаас явуулсан санал асуулгад оролцогсдын 62 хувь нь Ерөнхийлөгч Доналт Трамд шийдвэртэй алхам хийж чадахгүй байгааг буруутгасан бол санал асуулгад хамрагдагсдын 77 орчим хувь нь АНУ-н Конгресс үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн төлөө хангалттай ажиллахгүй байгаа гэж хариулсан байна.

Be the first to comment

Leave a Reply