Шинэ ерөнхийлөгчөөс сонгогчид юу хүлээх вэ?

2016 оны АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулж Цагаан ордныг тэргүүлэх боллоо. Түүнийг сонгууль нэр дэвших сургаар нутаг орноо орхин дүрвэх Америкчуудын тухай онигоо ч гэмээр үнэн ч байж мэдэх яриа сошиал сүлжээгээр багагаггүй тархаж байв. Тэр ч байтугай Канадын нэгэн фирм Трампаас дүрвэгсдэд зориулсан арал санал болгож байсан нь олны анхаарлыг татаж байв. Тэгвэл одоо Доналд Трамп онигооны эзэн биш, дэлхийн хамгийн хүчирхэг албан тушаал болох АНУ-н Ерөнхийлөгч болох нь нэгэнт тодорхой болов. Трамп Ерөнхийлөгч болсноос Америкчуудад, тэр тусмаа цагаач иргэдийн амьдралд ямар өөрчлөлт орох, түүнээс юу хүсэн хүлээж болох тухай төрөл бүрийн таамаг яриа болж байна. Эдгээрээс олны анхаарлыг гойд татаж байгаа цөөн сэдвийг товч дурьдвал.

Хэрэм байгуулах

Трампийн сонгуулийн компанит ажлын гол сэдвийн нэг нь АНУ-Мексикийн хил дагуух хэрэм барих амлалт байлаа. 2015 оны 06 сард Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарласан цагаас хойш Трампийн нэн тэргүүний барьж авсан сэдэв нь цагаачлалын хуулиудыг чангатгах сэдэв байв. Тэрээр энэ аварга ханы хэрмийг барих зардлыг Мексикийн засгийн газар хариуцна, учир нь тэд д хүчирхийлэгч, гэмт хэрэгтнүүдийг АНУ-руу илгээж байгаа гэсэн утгатай мэдэгдэл хийж байв.
Түүний энэ популист гэж болох саналыг ардчилсан намыг дэмжигчид болон дундыг барьсан сонгогчид эсэргүүцэж байсан ч Трампийг дэмжигчдийн 79 орчим хувь нь энэ саналыг сайшааж байсан дүн бий.

Лалын шашинтнуудыг хориглох

Жилийн өмнө Калифорниа мужийн Сан Бернардино хотод гарсан цуст халдлагын дараагаар Доналд Трамп лалын шашинтнуудыг АНУ-н хилээр орохыг бүр мөсөн хориглох тухай хамгийн маргаан дагуулсан мэдэгдлийг хийж байв. Сонгуулийн сурталчилгааны явцад тэрээр энэ үгэндээ багаггуй ороогдож, улмаар эсэргүүцэлтэй тулгарсан тэрээр үгнээсээ буцаж зөвхөн террористууд үүрлэсэн улс орнуудаас ирэх лалын шашинтай цагаачдад хамааруулж хэлсэн хэмээн тайлбарласан ч түүний анхны хэлсэн үг сонгуулийн вэб хуудсанд хэвээр байсан юм.Түүний хамтран зүтгэгч Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Mike Pence хүртэл түүний энэ мэдэгдлийг үндсэн хуулийн эсрэг гэж тодорхойлж байсан ч Бүгд Найрамдах намд Трампийн энэ “эсэргүү” гэж болох санааг дэмжигчид олон байгаа нь нууц биш юм.

Obamacare хуулийн цуцлах

Бүгд Найрамдах намын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын цогц хууль буюу Obamacare хуулийг цуцлах оролдлогыг Ерөнхийлөгч хуулинд гарын үсэг зурсан 2010 оноос хойш байнга гаргаж байсан гэхэд болно. АНУ-н хууль батлах байгууллага Конгресийн хоёр танхимд олонхи болж авсан тус нам одоо тэдний дээрх санааг гүйцээх хүн цагаан ордонд суух болж байна.
Доналд Трамп ч Ерөнхийлөгчөөр суусан эхнмй өдөр энэ хуулийг үгүй хийх тухай олонтаа зарласан билээ. Ийнхүү 20 сая хүнийг эрүүл мэндийн даатгалд залгуулсан Obamacare хуулийн хувь заяа дээсэн дөрөөн дээр очив.

NAFTA, TPP гэрээнээс гарах
North American Free Trade Agreement (NAFTA) and the Trans-Pacific Partnership (TPP) гэж олонд танигдсан худалд эдийн засгийн эвслүүдийг задлах, эсвэл тухайн гэрээнээс гарах саналыг Трамп тууштай баримталсан нь тус худалдааны гэрээний улмаас хохирсон гэж үздэг Wisconsin, Pennsylvania, Michigan мужуудад түүнд ялалт авчирсан гэхэд болно.
Трампийн өрсөлдөгч Хиллари Клинтон ч TPP эвслийн эсрэг байр суурьтай байсан ч түүний нөхөр Билл Клинтоны гарын үсэг зурсан NAFTA гэрээний эсрэг зогсох улс төрийн боломж байгаагүй гэдгийг ажиглагчид тэмдэглэж байв.

Ийнхүү АНУ-н улс төрд хамгийн популист, стандарт бус, хамгийн их дургуйцэл, эсэргүүцэл дагуулж орж ирсэн Доналт Трамп АНУ-н Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Одоо тэрээр амласан амлалтаа биелүүлэх эсэхийг зөвхөн цаг хугацаа харуулах үлджээ. Хэлэх нэг хэрэг, хийх бүтээх огт өөр гэдгийг Цагаан оордныг орхиж буй Барак Обама бодитоор харуулсан. 11 сая цагаачдыг гэрэлд гаргаж ирэх, гадаадад буй АНУ-н цэргүүдийг эх оронд нь буцааж авч ирэх амлалттай цагаан ордонд орсон Барак Обамад энэ амлалтуудаа биелүүлэх дотоод болон гадаад улс төрийн боломж олдоогүй билээ.

Be the first to comment

Leave a Reply