Elon Musk Мэрилэнд мужид өндөр хурдны галт тэрэг турших эрх авчээ

“Tesla” компаний эзэн Elon Musk Мэрилэнд мужид шинэ технологийн өндөр хурдны галт тэрэг барих “Hyperloop” төслийн тунел байгуулах эрхээ авчээ. Шинэ технологийн энэ тээврийн хэрэгсэл вакуум тунелээр пуужингийн хурдаар аялах бөгөөд Вашингтон ДС хотоос Нью Иорк хотын хооронд 29 минут явах гэнэ.

Мэрилэнд мужийн захирагч Larry Hogan барилгын зөвшөөрөл олгох ёслол дээр хэлсэн үгэндээ “Hyperloop” шинэ тээврийн хэрэгслийг барих барилгын зөвшөөрөл өгч буй анхны муж болж буйг онцолж байв. Тус мужийн зүгээс энэ тунелийн барилгад ямар нэг хөрөнгө оруулахгүй бөгөөд бүх зардлыг Elon Musk -ийн компаниуд санхүүжүүлэх ажээ.Харин тус муж энэ өндөр хурдны галт тэрэгний тунелийг энгийн газар доорх инженерийн байгууламжийн адил үзэж, зохих зөвшөөрлийг саадгүй олгохоор тохирчээ.

Барилгын ажил одоогийн “Baltimore-Washington Parkway” зам дагуух Мэрилэнд мужйн нутаг дэвсгэрт хамаарах 10,3 миль зайд баригдах юм. Харин энэ зам дагуух ихэнх газар нутаг Холбооны Засгийн газрын мэдэлд байдаг байна.

Одоогоор төслийн цар хүрээ, ямар ажил хийгдэх, ашиглалтад орох хугацаа зэрэг нарийн мэдээлэл нууц хэвээр байгаа ажээ.

Elon Musk-ийн эзэмшлийн “Tesla”, “SpaceX” компаниудын хамтран хэрэгжүүлж буй “Hyperloop” төслийн үндсэн санаагаа анх 2014 онд танилцуулсан бөгөөд төслийн барилгыг барих хот, мужуудад санал хүргүүлээд байсан нь ийнхүү анхны зөвшөөрлөө авчээ.

“Hyperloop” технологийн тээврийн хэрэгсэл нь цахилгаан соронзон орон бүхий вакуум тунелээр зорчигчийн капсулуудыг өндөр хурдаар аялуулах санаа юм. Энэ төрлийн тээврийн хэрэгсэл дунджаар 600 mph (970 км/ц) хурдтай, хурдаа бүрэн авсан үед 760 mph (1,200 км/ц) хүртэл хурдаар аялах боломжтой ажээ.

Дашрамд дурьдахад энэ тээврийн хэрэгслийн техник, онолын суурь “Maglev” (Мagnetic levitation -ийн товчлол) технологи бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд шинэ зүйл хараахан биш юм. Энэ технологийг ашиглан шинэ консептын тээврийн хэрэгсэл байж болох онол,  улмаар анхны патентууд тэртээ 1905 оноос гарч эхэлсэн бол бүрэн хэмжээний туршилтын моделийг 1940 онд Британий эрдэмтэн Eric Laithwaite хийж байжээ. Түүнээс хойш 1979 онд Германд, Их Брианид 1984-1995 онуудад, Японд 1969 оноос өнөөг хүртэл, Канад, Өмнөд Солонгос зэрэг орнуудад өөр өөрсдийн Maglev технологийн тээврийн хэрэгслийг байгуулж, хөгжүүлсээр байгаа билээ.

Харин АНУ-д 1973 онд зохион бүтээгч Emile Bachelet энэ төрлийн галт тэрэгний туршилтын загвар хийж байсныг үл тооцвол Elon Musk АНУ-д “MagLev” технологийг бодитоор байгуулж эхэлсэн анхдагч болж байгаа юм. Дашрамд дурьдахад Elon Musk-ийн “SpaceX” төсөл мөн л хувийн компани сансарт пуужин хөөргөж, улмаар НАСА-ийн гэрээт сансрын тээвэрлэгч болсон анхдаг билээ.

Be the first to comment

Leave a Reply