Хятадын тагнуулын албанд нууц задруулсан Виржиниа мужийн иргэн баригджээ

Хил дээр 16,500 доллартай баригдсан Виржиниа мужийн оршин суугч Хятадын тагнуулын албанд нууц материал дамжуулсан хэргээр шүүгдэж байна.Виржиниа мужийн Лисбург (Leesburg) хотын оршин суугч, өдгөө 60 настай Kevin Mallory гэгч нь Хятад хэлтэй, өмнө 1987-1990 онуудад АНУ-н Төрийн Департмент болон бусад төрийн болон батлан хамгаалахын салбарт нууцлалын өндөр зэрэглэлтэй алба хашиж байжээ. 2012 онд ажлаас гарах хүртлээ төрийн нууцлалын зэрэглэлтэй мэдээлэлд нэвтрэх тусгай эрхтэй байсан байна.

Шүүхийн хавтаст хэрэгт дурьдсанаар Kevin Mallory өнгөрөгч 04 сард Хятадын Шанхай хотод зорчиж, улмаар Чикаго хотын “O’Hare” Олон Улсын буудлаар орж ирэхдээ 2 ширхэг тээшинд хийсэн 16,500 долларыг гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй нь баригдаж, гаалийн ажилтанд байцаагдсан байна.

Хэрэг явдлаас 1 сарын дараа хэрэг явдал Холбооны Мөрдөх Товчоон (FBI)-д хүрч, улмаар сэжигтнийг байцааж эхэлжээ. Байцаалтын явцад сэжигтэн Хятад улсад байх хугацаандаа Хятадын Шанхай дахь Нийгмийн Шинжлэх Ухааны Академи гэх тинк-танк байгууллагыг төлөөлсөн 2 хүнтэй уулзсанаа хүлээж, хожим тэдгээр хүмүүс Хятадын тагнуулын агентууд байсан гэдгийг мэдсэн гэжээ. Түүний уулзсан хүмүүс нууц бичг баримт дамжуулах тусгай төхөөрөмжийг түүнд өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Kevin Mallory Холбооны Мөрдөн Товчоонд өгсөн мэдүүлэгтээ нууцын зэрэглэлд багтахгүй, АНУ-н бодлогоын талаар өөрийн бичсэн материалын ноорог хувийг өгсөн төхөөрөмжийг ашиглан Хятадын талд дамжуулж, үүний төлбөрт 25000 доллар авсан гэжээ.

Гэвч FBI-н мөрдөгчид Хятадын талаас сэжигтэнд өгсөн гэх төхөөрөмжид хийсэн шинжилгээгээр дээр дурьдсан бичиг баримтаас гадна сэжигтний устгасан бусад бичиг баримтууд болон мессежүүдийг илрүүлж чаджээ.Тэдгээр мессежүүдийн нэгд сэжигтэн Хятадын талд хандаж “…та нарын зорилго бол мэдээлэл авах, харин миний хувьд хийсэн ажлынхөө төлөө мөнгөө авах….” гэсэн бол хариуд нь “…миний хувьд чиний аюулгүй байдал санаа зовоож байна, чиний төлбөрийг төлөхийг чармайж байна… “ гэсэн байжээ. Мөн хятадын агентууд сэжигтнийг буцаж төрийн байгууллагад ажиллаж эхлэх, ингэснээр илүү мэдээлэл авах боломж нээгдэнэ гэж ятгаж байсан тухай баримтад дурьдсан байна. Мэдээлэл дамжуулах төхөөрөмжөөс одоогоор нууцын зэрэглэлд хамаарах 4 бичиг баримт илрүүлээд байгаагийн 3 нь маш нууц зэрэглэлтэй баримтууд байжээ.

Сэжигтэн Kevin Mallory одоогоор шүүхийн түр шийдвэрээр хоригдож байгаа бөгөөд өнөөдөр дахин шүүх хурал товлогдоод байна. Сэжигтний Leesburg дэхь гэрт шүүхийн тогтоолын дагуу нэгжлэг хийж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*