Хямд буюу үнэгүй эмнэлгийн үйлчилгээ

Хэрэв та хямд төсөр эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ хайж байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

‘Virginia Hospital Center’-ийн ‘Internal Medical Clinic’ буюу Дотрын Клиникээс эрүүл мэндийн даатгалгүй Арлингтон хотын оршин суугчдад зориулж хямдралтай үнээр үзлэг оношлогоо хийдэг юм. Үзлэг хийлгэх төлбөрийн хувьд цаг авч эмчид үзүүлэх бүрт 37$ байх ба хэрэв эмч жор бичиж өгсөн нөхцөлд эм худалдаж авах зардлыг өөрөө хариуцах ажээ.

Эмнэлгийн хаяг: 1701 North George Mason Dr, Arlington VA. Цаг авах утас: 703-558-6144

Цаг авч эмчид үзүүлэхийн тулд Арлингтон хотод оршин суудгийг нотлох ‘Photo ID’ болон ‘Utility Bill’ шаардлагатай болох ба утсаар цаг авмагц таны оршин суугаа хаягт цаг авсан баримт, мөн хаана, ямар өрөөнд хэрхэн очихыг харуулсан газрын зургийн хамт илгээх болно.

Танд эрүүл мэндийн ямар нэгэн санаа зовоож байгаа асуудал байгаа бол дээрх эмнэлэг руу утасдаарай.

Үүнээс гадна ‘Arlington Free Clinic’ эмнэлэг нь мөн эрүүл мэндийн даатгалгүй, бага орлоготой Арлингтон хотын оршин суугчдад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг эмчилгээ хийдэг эмнэлэг юм. Давуутай тал нь мэдээж ихэнхи үйлчилгээ үнэ төлбөргүй байх ба анхаарууштай зүйл нь хүн бүр үйлчилгээ авах боломжгүй, тус эмнэлгээр үйлчлүүлэх эрхийг сугалаа сугалж шалгаруулдаг тул яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ байгаа хүмүүст хүндрэлтэй юм.

Нөгөөтэйгүүр сугалаа хожиж, тус эмнэлгээр үйлчлүүлэх эрх авсан хүмүүст дараах ерөнхий шаардлагыг тавьдаг байна. Үүнд:

  • АНУ-д ирээд 1-ээс дээш жил оршин суусан байх
  • Арлингтон хотод оршин суудаг байрны гэрээ,
  • Photo ID буюу жолооны үнэмлэх (Одоогийн хаяг дээрх), болон Паспорт
  • Бага орлогтойг нотлох баримт, ихэвчлэн өнгөрсөн жилийн ‘Tax Return’ болон ажлын газрын тодорхойлолт, зэрэг болно. Мөн өвчтөн ‘Full time student’ байж болохгүй юм байна.

Ингээд сугалаанд хожиж, дээрх шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгсний дараа та дээрх эмнэлгийн үзлэг эмчилгээнд хамрагдах эрх нээгдэнэ. Эмнэлгийн картаа авсаны дараа та бас шууд эмчид үзүүлэх боломжгүй ба эмчид үзүүлэх цаг авч, улмаар эмчийн нүүр харах хүртэл 1 орчим сарын хугацаа шаардагддаг гэдгийг тухайн эмнэлгээр үйлчлүүлж байгаа Монгол хүмүүс хэлж байна.

Тус эмнэлгийн хаяг: 2921 South 11th Street, Arlington VA 22204.  Утас: 703-979-1400

Мөн эрүүл мэндийн даатгалгүй иргэд өндөр төлбөрөөс айж өвчин эмгэгээ хүндрүүлж болохгүй бөгөөд ноцтой өвдсөн үед ойр эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдэд яаралтай хандаж эмчилгээ үйлчилгээ даруй авах шаардлагатай. Ихэнх эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд үйлчилсэн үйлчилгээний төлбөрийг нөхөн төлөх эрсдлийн сантай байдаг бөгөөд эрүүл мэндийн даатгалгүй, орлого багатай иргэд тухайн сангаас эмчилгээний зардлаа гаргуулахаар өргөдөл гаргах боломж нээлттэй байдгийг мэдэхэд илүүдэхгүй юм.

Та бүхэнд амжилт хүсье!

Be the first to comment

Leave a Reply