АНУ-н H2 ангиллын ажлын виз гэж юу вэ?

Сүүлийн үед Монгол улсын хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр Монгол улсад зориулсан АНУ-д ажиллах ажлын виз гарах гэж байна гэх мэт үндэс, ул суурь муутай мэдээ ихээр тарах боллоо. Энэ цуу мэдээ тарахад Гадаад Хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын ярьсан ярилцлагын мөн чанарыг сайн ойлгоогүйтэй холбон тайлбарлаж байна.  Тиймээс иргэдэд энэ талаар бодит мэдээлэл өгөх үүднээс энэ товч танилцуулгыг бэлдлээ.

АНУ-д төрөл бүрийн  шалтгаанаар зорчих, оршин суух гадаадын иргэдэд зориулсан олон төрлийн ангилал бүхий визийн төрлүүд байдаг. Эдгээр визүүдийг “non-immigrant” буюу цагаачлалын бус түр виз, “immigrant” буюу цагаачлалын байнгын виз гэсэн үндсэн 2 төрөлд хуваан үздэг. Жишээ нь бидний сайн мэдэх аялалын B1/B2 болон оюутны F1/F2 визүүд нь цагаачлалын бус түр визэд хамаарах бөгөөд АНУ-д ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй байдаг.

Түүнчлэн АНУ-н хөдөлмөрийн  зах зээлд үүсч буй, улирлын чанартай ажлын байранд ажиллах хүчний дутагдлыг нөхөх үүднээс ажиллах эрхтэй цагаачлалын бус түр H2 ангиллын виз гэж бий. Энэ виз нь дотроо “H-2A Temporary Agricultural Workers” буюу хөдөө аж ахуйн салбарт ажиллах ажилтанд олгодог түр виз, “H-2B Temporary Non-Agricultural Workers” буюу хөдөө аж ахуйн бус салбарын ажилтанд олгох түр ажлын виз гэж хоёр хуваагддаг. Гэвч энэ төрлийн виз бүх орны иргэдэд нээлттэй бус байх бөгөөд АНУ-н Дотоодыг Аюулаас Хамгаалах Яам (The Department of Homeland Security) -с виз авах эрх бүхий орны жагсаалтыг жил бүр шинэчлэн баталж байдаг байна. Мөн шаардлагатай гэж үзвэл аливаа улс орныг хасах/ нэмэх боломж уян хатан байдаг буюу дараагийн санхүүгийн жил хүлээхгүйгээр жагсаалтад өөрчлөлт оруулах боломжтой байдаг ажээ. АНУ-н Дотоодыг Аюулаас Хамгаалах Яам нь АНУ-н Гадаад Хэргийн Яамнаас гаргасан зөвлөмж, эсвэл тухайн жагсаалтад орох хүсэлтэй гадаад улс орнуудын Засгийн газруудаас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн аливаа улс орныг тухайн жагсаалтад оруулах эсэхийг шийддэг байна.

2017 оны 01 сард шинэчилсэн жагсаалтаар дараах орны иргэд H2 ангиллын ажлын визэнд хамрагдах эрхтэй байна. Эдгээрт:

Andorra, Argentina, Australia, Austria
Barbados, Belgium, Belize, Brazil, Brunei, Bulgaria
Canada, Chile, Colombia, Costa Rica, Croatia, Czech Republic
Denmark, Dominican Republic, Ecuador,El Salvador, Estonia, Ethiopia
Fiji, Finland, France
Germany, Greece, Grenada, Guatemala
Haiti, Honduras, Hungary
Iceland, Ireland, Israel, Italy
Jamaica, Japan
Kiribati, Latvia, Lichtenstein, Lithuania, Luxembourg
Macedonia, Madagascar, Malta, Moldova, Mexico, Monaco, Montenegro
Nauru, The Netherlands, Nicaragua, New Zealand, Norway
Panama, Papua New Guinea, Peru, The Philippines
Poland, Portugal, Romania, Samoa, San Marino
Serbia, Singapore, Slovakia, Slovenia, Solomon Islands, South Africa, South Korea, Spain, St. Vincent and the Grenadines
Sweden, Switzerland, Taiwan*, Thailand, Timor-Leste, Tonga, Turkey, Tuvalu
Ukraine, United Kingdom, Uruguay, Vanuatu

Мөн H-2B визээр санхүүгийн жилд авах ажилчдын тоог шинэчлэн баталдаг бөгөөд 1 санхүүгийн жилд 66,000 H-2B- ангиллын виз олгох хязгаар тогтооож өгчээ.

Харин Монгол улс  одоогоор энэ ангиллын виз авах эрх бүхий орны жагсаалтад байдаггүй. Тиймээс АНУ-Монголын Засгийн газар хоорондын удаан хугацааны яриа хэлэлцээрийн дүнд Монгол улсыг H2 ангиллын виз авах эрх бүхий орны жагсаалтад оруулах хүсэлтийг Монголын засгийн газраас АНУ-н талд албан ёссор тавиад байгаа тухай яриа нь Монгол иргэдэд зориулсан ажлын виз гарах гэж байгаа мэт цуу яриа гарахад хүргэжээ. Харин энэ хүсэлтийг нааштай хүлээн авч, Монгол улсыг дээрх жагсаалтад оруулах албан ёсны шийдвэр гараагүй байгааг онцлох нь зүйтэй.

Be the first to comment

Leave a Reply