Цагаачлалын Албанаас хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаа эрчимжиж байна

Өнгөрөгч Пүрэв гарагт АНУ-н Цагаачлалын Алба Тенеси мужид нэг дор 97 хүн баривчилсан нь Трампийн Засаг захиргааны үед хамгийн томд тооцогдож байна.

Тус мужийн ‘Bean Station’ дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ‘Southeastern Provision’ махны (мал нядалгаа) үйлдвэрт гэнэтийн шалгалт хийж, тус үйлдвэрийн ажилчдаас 11 хүнийг гэмт хэргийн сэжигтнээр, харин үйлдвэрт ажиллаж байсан 87 хүнийг саатуулан цагаачлалын статусыг шалгасан бол эдгээрээс АНУ-д хууль бусаар амьдарч байсан нь тогтоогдсон 54 хүнийг саатуулаад байгаа тухай АНУ-н Цагаачлал, Гаалийн Хяналтын Газар (U.S. Immigration and Customs Enforcement)-ын хэвлэлийн төлөөлөгч Tammy Spicer Баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурьджээ.

Тус махны үйлдвэр нь хууль бус иргэдийг авч ажиллуулдаг, татвараас зайлсхийдэг гэх үндэслэлээр үйлдвэрийн байранд нэгжлэг хийх зөвшөөрөл шүүхээс гарсны үндсэн дээр Цагаачлалын Алба (ICE), Дотоод Хэргийн Яам (Homeland Security), Татварын Албаны Эрүүгийн Хэргийг Мөрдөн Байцаах Хэлтэс (IRS Criminal Investigation Division) болон тус мужийн болон Холбооны цагдаагийн газар хамтран дээрх ажиллагаа явуулжээ.

Ажиллагаа явагдахаас өмнө цагдаагийн нууц ажилтан тус үйлдвэрт ажилтнаар орж, улмаар тус үйлдвэрийн удирдлага ажилчиддаа цалинг бэлэн мөнгөөр олгож буйг, мөн олон тооны хууль бус цагаач иргэд он удаан жил ажиллаж буй зэрэг зөрчлийг баримтжуулсан тухай шүүхийн баримт дурьдсан байна.

Дашрамд дурьдахад энэ оны 1-р сард АНУ даяар 7-11 сүлжээ дэлгүүрүүдэд мөн гэнэтийн шалгалт хийж, хууль бусаар ажиллаж байсан 21 хүнийг баривчилсан тухай манай сайт мэдээлж байсан билээ.

Хууль бус оршин суугчидтай эрс тэмцэл өрнүүлнэ гэдгээ удаа дараа зарлаад буй Трампийн засаг захиргаа ийнхүү хууль бус цагаачдыг албадан гаргах үйл ажиллагааг эрс эрчимжүүлж эхэлсэн тухай цагаачдын эрхийг хамгаалах байгууллагууд анхааруулж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply