Хууль бус цагаачид ажиллуулсан компаниудын удирдлагуудыг баривчилжээ

Өнөөдөр Небраска, Минносета муж улсуудыг хамарсан Холбооны Цагаачлалын Албанаас томоохон баривчилгаа явуулжээ.
Сүүлийн 15 жилд байгаагүй өргөн цар хүрээтэй гэж хэвлэлүүдэд тодорхойлж буй энэхүү дайчлан баривчлах ажиллагааг гол төлөв хууль зөрчиж хууль бичиг баримтгүй цагаачдыг ажиллуулдаг бизнесүүдэд чиглэсэн байна. Хууль бус цагаачдад хуурамч бичиг баримт, SSN бүрдүүлж ажилуулж байсан 14 компаниудын удирдлагуудыг баривчилсан бол хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гэх 140 гаруй цагаач ажилчдыг мөн баривчлан саатуулаад байгаа тухай Цагаачлалын Албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Дээрх ажиллагаанд холбооны болон орон нутгийн цагдаа, хүчний 350-400 орчим бие бүрэлдэхүүн дайчлагдан оролцсон бөгөөд Небраска мужийн хойд, Минносета мужийн өмнөд хэсгүүдийн хотуудыг хамарсан бол Небраска мужийн O’Neill хотын хэд хэдэн бизнесүүдэд нэгжлэг хийж, баривчилгаа хийжээ.

Эдгээр бизнесүүд нь хууль бус цагаачдад хуурамч бичиг барримт бүрдүүлэн ажиллуулахын зэрэгцээ тэдний цалингаас төрөл бүрийн шалтгаанаар өндөр хураамж, суутгал авдаг, төрөл бүрийн татвар төлнө гэж ажилчдын цалингаас суутгаж авдаг ч тухайн татварын мөнгийг татварт төлдөггүй байсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Сүүлийн үед Трампийн засаг захиргаанаас өргөн цар хүрээтэй цагаачлалын шалгалт явуулж хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан ажилчдыг олноор баривчилж байсан ч бизнесүүдийн удирдлагуудын ийнхүү олноор нь баривчилж байсан тохиолдол байгаагүй юм.

Өнгөрөгч 4 сард Теннеси мужийн нэгэн мах савлах үйлдвэрт гэнэтийн шалгалт хийж, 100 орчим хууль бус ажилчдыг баривчилж байсан бол үүний 2 сарын дараа Охаиа мужид мөн олон хүн хамарсан баривчилгаа явуулж байсан билээ.

Ийнхүү цагаачлалын алба цагаачлалын хууль зөрчдөг ажил олгогч нарт анхаарлаа хандуулж, тэдгээр компаниудын удирдлагуудтай хариуцлага тооцож эхэлжээ. Зөвхөн энэ оны 7 сарын байдлаар нийт 2282 орчим компаниудад шалгалт хийж, зөрчилтэй компаниудад хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Эх Сурвалж: THE ASSOCIATED PRESS (MARGERY A. BECK)

Be the first to comment

Leave a Reply