Шинэ ажлын байрны тоо эрс буурчээ

Ажилгүйдлийн түвшин 4.5 хувьд хүрч буурчээ

АНУ-н хөдөлмөрийн зах зээлийн өнгөрөгч 3 сарын тайлан өнөөдөр өглөө хэвлэгдлээ. Сар бүр АНУ-н Хөдөлмөрийн Яамнаас гаргадаг тус тайланд дурьдсанаар өнгөрөгч 3-р сард дөнгөж 98000 шинэ ажлын байр бий болсон дүн гараад байна. Энэ нь эдийн засагчдийн таамаглаж байснаас даруй 2 дахин бага тоо бөгөөд эдийн засагчид, ажиглагчид 3-р сард 180 000 орчим шинэ ажлын байр бий болох таамаглалтай байсан юм.

Ажиглагчдын үзэж буйгаар энэ огцом бууралт нь нэгдүгээрт 3-р сард Америкийн хэд хэдэн мужийг дамнасан цас шуурга болсон нь жижиглэн борлуулагчдийн бизнест сөргөөр нөлөөлсөн байж болох тул нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Трампийн гаргасан Холбооны засгийн газарт шинээр (иргэний) албан хаагч, ажилтан авахыг  тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаатай түлхүү холбон тайлбарлаж байгаа юм.

Харин ажилгүйдлийн түвшин буурч 4.5 хувьд хүрсэн нь 2007-2008 оны эдийн засгийн их хямралаас хойш байгаагүй доод үзүүлэлт болж байгаа ажээ.

Ерөнхийлөгч Трамп алба авсны дараа буюу өнгөрөгч 1-2 саруудад шинээр бий болсон ажлын байрны тоо өсөлттэй гарч 200-230 000 хүрч байсан нь тогтвортой өсөлтөд тооцогдож байсан бөгөөд Трампийн хувийн бизнесийг дэмжих, гадаадад гарсан Америк ажлын байруудыг буцааж авч ирэх амлалт биелэх горьдлогыг хөрөнгө оруулагчдад төрүүлээд байсан нь нууц биш юм.

Ийнхүү өнгөрөгч сарын Америкийн эдийн засгийн үзүүлэлт сайнгүй гарсан нь эдийн засагч, ажиглагчид, хөрөнгө оруулагчдын дунд багаггүй эргэлзээ, маргаан төрүүлээд байна. Мөн Трампийн ажлын байр нэмэгдүүлэх амлалтуудад эргэлзсэн өнгө аястай дуу хоолой ч гарч эхэлсэн байна.

Дээрх ажлын байрны тоо буурсан тооноос гадна Америкийн эдийн засаг,  тухайлбал жижиглэн борлуулалтын бизнес сайнгүй байсныг илтгэх бас нэг үзүүлэлт нь Хойд Америкийн томоохон сүлжээний бизнесүүд,  тухайлбал Macys, Sears, The Limited гэх мэт компаниуд хэдэн зуугаар тоологдох салбар дэлгүүр хаахаар зарласан явдал байлаа. Macys 68, Sears 150, H.H. Gregg 88, JC Penney 138  салбар дэлгүүрээ хаахаар албан ёсоор зарлаад байна.

Ажлын байрны мэдээ гарсны дараа АНУ-н хөрөнгийн зах зээл буурч S&P 0.2 хувийн бууралттай байна.

Be the first to comment

Leave a Reply