Бичиг баримтгүй иргэд Мэрилэндээс жолооны үнэмлэх авч болно

АНУ-д визийн хугацаа хэтрүүлсэн буюу бичиг баримтгүй ч өөрийн орны паспорт, үнэмлэх бүхий цагаачид Мэрилэнд мужаас жолооны үнэмлэх авах боломжтой байдаг. “Maryland Highway Safety Act of 2013” хэмээн нэрийдэж буй тус хуулиар хууль бус цагаачдад зориулсан 2-р зэрэглэлийн жолооны үнэмлэх (Non-Compliant Driver’s Licenses & ID Cards) гэж нэрийдэх бөгөөд өргөдөл гаргагч хууль бус цагаачид бусад жолооч нарын адил замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний шалгалт өгөх ёстой юм.

Тус жолооны үнэмлэх авахаар өргөдөл гаргагчаас “Social Security Number” болон хууль ёсны оршин суух статус (Визний статус) шаардахгүй болж байгаа бөгөөд өргөдөл гаргагчийн төрсний гэрчилгээ юм уу паспорт шаардлагатай ба үүний зэрэгцээ өргөдөл гаргагч нь Мэрилэнд мужийн оршин суугч байх, сүүлийн 2 жилийн тус мужтай хийсэн татварын тооцоо гэх мэт баримт бичиг шаардлагатай болж байна.

Бичиг баримтгүй иргэд тус мужаас жолооны үнэмлэх авахын тулд дараах алхмуудыг гүйцэтгэх шаардлагатай:

  • Individual taxpayer identification number – буюу татвар төлөгчийн дугаар (TAX ID) авсан байх. Татвар төлөгчийн дугаарыг энд дарж Internal Revenue Service-ээс маягт бөглөж авна.
  • Өргөдөл гаргахаас өмнөх 2 жилийн мужид татвар төлсөн байх, татвар төлсөн тодорхойлолт хуудас авсан байх. ЭНД дарж татвар төлсөн тодорхойлолт авах мэдээлэлтэй танилцана уу.
  • Өргөдөл гаргагчийн фото зураг бүхий биеийн байцаалт 2 ширхэг.  Үүнд Монгол иргэдийн хувьд төрсний гэрчилгээ эх хувь орчуулгын хамт,  Монгол гадаад паспорт, Монголын жолооны үнэмлэх байж болно.
  • Оршин суугчийг нотлохын тулд дараах жагсаалтаас наад зах нь хоёр ширхэг баримт шаардлагатай. Эдгээрт:
    • Байрны түрээс гэрээ
    • Хаус эзэмших хөрөнгийн гэрчилгээ
    • Хэрэглээний зардал төлсөн төлбөрийн баримт (Utility Bill)
    • Банк дансны хуулга
    • Холбооны болон мужийн төрийн байгууллагаас хаягт ирсэн захиа эх хувиар, мөн гадна сав баглаа, дугтуйн хамт
    • Томоохон худалданы төвүүдээс ирсэн зээлийн дансны тайлан (Wal-Mart, Sears, Lowe’s, Exxon г.м)
    • Хувийн чек (хүчингүй гэж тэмдэглэгээ хийсэн байх)

Шинэ жолооны үнэмлэх энгийн үнэмлэхээс ялгарах зүйлгүй ч “Холбооны улсын хэрэгцээнд хүчингүй” гэсэн бичигтэй байх ба энэ нь Төрийн байгууллагуудад нэвтрэх, онгоцоор зорчих (Commercial flight), галт зэвсэг худалдан авах гэх мэт харилцааг хэлж байгаа болно.

Бэлэн болсон жолооны үнэмлэхийг тухайн өргөдөл гаргагчийн Мэрилэнд дахь гэрийн хаягаар шуудангаар илгээх юм.

Тус хуулийн гол зорилго нь хууль бус цагаачдаас бусад жолооч нарын адил дүрмийн болон жолооны шалгалт авах, ингэснээр зам тээврийн ослын хэмжээг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах, мөн хууль бус цагаачид даатгалын тогтолцоонд хамрагдах боломжийг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Мэрилэнд мужид нийт 275 000 орчим иргэд хууль бусаар оршин сууж буй тооцоо байдаг бол хөрш зэргэлдээ Вашингтон ДС болон Виржиниа мужуудад 400 000 орчим хууль бус цагаачид байдаг гэсэн тооцоо байдаг ажээ.

Be the first to comment

Leave a Reply