Нью Иорк муж төрийн өмчийн коллежуудад үнэгүй сурах хууль батлагдлаа

Тэтгэлэг хүртсэн оюутан сурч төгсөөд муждаа ажиллаж амьдрах шаардлагатай

АНУ-н Нью Иорк муж Холбооны улсад анх удаа төрийн өмчийн коллежуудад нийгмийн дунд болон бага орлоготой өрхүүдийн оюутнуудад үнэгүй сургах хуулийг Ням гарагт баталжээ.

“Excelsior Scholarship” гэх энэ тэтгэлэгт зарцуулах хөрөнгө нь тус мужийн 2018 оны санхүүгийн жилийн 153,1 тэрбумын төсөвт суусан тул тэтгэлэг хамрагдах шаардлага хангасан оюутнууд 2017 оны намраас төрийн өмчийн 2 болон 4 жилийн коллежед үнэ төлбөргүй суралцах эрх нээгдэж байгаа гэнэ.

Тухайн тэтгэлгийг авч коллеж төгссөн оюутнууд Нью Иорк мужид тодорхой хугацаагаар (зээлд хамрагдсан жилээс хамаарч) оршин суух гол шаардлага тавьж байгаа нь багаггүй шүүмжлэл дагуулсан байна. Энэхүү хуулийг бага дунд орлоготой эцэг эхчүүдийн дийлэнх талархан хүлээн авсан нь ойлгомжтой ч хуулийг шүүмжлэгчид тухайн тэтгэлгээр сурч төгссөн оюутнууд мэргэжлээрээ дуртай газраа ажиллах, чадвар нөөц боломжоо сорих боломжийг боомилсон алхам боллоо гэж шүүмжилж байгаа юм. Харин тус хуульд гарын үсэг зурсан мужийн Захирагч Andrew Cuomo тэдгээр шүүмжлэгчдэд хандаж “…Яагаад Нью Иоркчууд таны коллежийн төлбөрийг төлж байхад та сургуульд үнэгүй сурч төгсөөд Калифорниа шилжээд явах гэж? Мэдээж энэ хуулийн гол санаа бол бид та бүхний боловсролд хөрөнгө оруулж байгаа тул та муждаа үлдэж, сурсан мэдсэнээрээ нийгмийн баялаг болох учиртай…” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ жилийн байдлаар жилийн орлого нь 100 000 доллараас доош орлоготой өрхийн оюутнууд үнэгүй суралцах тэтгэлэг олгох бол орлогын энэ босгыг 2019 онд 125 000 болгож өсгөхөөр тусгажээ. Энэ тэтгэлгээр сурч төгссөн оюутан нь нийт тэтгэлэг хүлээн авсан жилтэй тэнцүү хугацаагаар Нью Иорк мужид ажиллаж амьдрах шаардлага тавигдах гэнэ. Хэрэв заасан хугацаанд мужид ажиллаж амьдрах шаардлагыг хангаж чадахгүй бол тэтгэлгээр суралцсан зардлыг оюутны сургалтын зээлд хөрвүүлж тооцохоор заасан байна.
Тус мужийн эрх баригчдын тооцоогоор 940 000 орчим оюутан энэ тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдах эрх үүсэх бөгөөд жил тутамд дунджаар 32 000 оюутанд ийм төрлийн тэтгэлэгт хамрагдах урьдчилсан тооцоо гаргасан байна.

Be the first to comment

Leave a Reply