Нью Иорк муж хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгохоор боллоо

Нью Иорк муж улс бичиг баримтгүй хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгодог мужуудын жагсаалтад орлоо.

Хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгохыг зөвшөөрсөн “Green Light Law” хуульд мужийн Амбан Захирагч (Gov.) Andrew Cuomo гарын үсэнг зурж баталсан ч тус хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Холбооны Шүүгч хориг тавиад байсан билээ.

Харин өчигдөр (Лхагва, 2019 оны 11 сарын 06) болсон шүүх хурлаар Erie County-ийн нэхэмжлэлтэй (Clerk Michael P. Kearns) “Green Light Law” хуулийг хүчингүй болгох тухай хэргийг Холбооны Тойргийн Шүүгч (Federal District Court Judge) Elizabeth Wolford авч хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор энэ хууль хэрэгжиж эхлэхээр болж байна.

Холбооны Шүүгч хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхийг зөвшөөрсөн шийдвэрт 11 сарын дундуур албан ёсоор гарын үсэг зурна гэдгээ мэдэгдээд байгаа бол тус муж (New York) ирэх 12 сараас шинэ хуулийн дагуу бичиг баримтгүй хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгож эхлэхээр зарлаад байна. Өнөөдрийн байдлаар тус мужийн DMV вэбсайтад энэ тухай товч мэдээлээд шинэ хуультай холбоотой журам, мэдээллийг удахгүй зарлана гэжээ.

АНУ-д бичиг баримтгүй (Undocumented) хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгодог California, Connecticut, Delaware, Hawaii, Illinois, Maryland, Nevada зэрэг мужууд байдаг бөгөөд энэ жагсаалтад New York муж улс ийнхүү нэмэгдэж байна.

Хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгосноор замын хөдөлгөөн илүү аюулгүй, болж, татварын орлого нэмэгдүүлэх гэх мэт олон талын ашигтай гэсэн байр суурьтай дэмжигч тал байдаг бол харин нөгөө талд эсэргүүцэгчид хууль бус цагаачдад АНУ-н иргэдийн нэгэн адил жолооны үнэмлэх олгож байгаа нь Үндсэн хуультай харшилна гэсэн байр суурьтай байдаг билээ.

Хэдийгээр дээр дурьдсан муж улсууд хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгож байгаа хэдий ч хууль бус цагаачдад олгодог жолооны үнэмлэх энгийн үнэмлэхээс ялгаатай буюу Real ID шаардлагад нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл хууль бус цагаачид зөвхөн замын хөдөлгөөнд оролцох, орон нутгийн болон мужийн түвшинд биеийн байцаалт (Photo ID) байдлаар ашиглаж болох ч Холбооны улсын түвшинд, жишээлбэл онгоцоор зорчих, Холбооны улсын мэдлийн албан байгууллагад нэвтрэх гэх мэт харилцаанд ашиглах боломжгүй хязгаартай байдаг ажээ.

Be the first to comment

Leave a Reply