Plattsburgh хот цахим мөнгө олборлохыг хоригложээ.

АНУ-н Нью Иорк мужийн Платсбург (Plattsburgh, New York) хот цахим мөнгө (cryptocurrency-цаашид цахим мөнгө гэх) олборлохыг хорьсон анхны хот болжээ.

Өчигдөр хуралдсан тус хотын Удирдах Зөвлөлийн хурлаар тус хотын нутаг дэвсгэрт цахим мөнгө олборлохыг 18 сарын хугацаатай хориглох хуулийн төслийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй баталсан байна.

Тус хот АНУ-д төдийгүй дэлхийд хамгийн хямд төсөр эрчим хүчтэй бүсд тооцогддог нь тус хот цахим мөнгө олборлох гол төв болж хувирахад хүргээд байгаа ажээ. АНУ-н цахилгааны дундаж өртөг 1 киловат тутамд 10 цент байдаг бол тус хотын цахилгаан 4,5 цент, үүний сацуу хотын бизенсийг дэмжих үүднээс бизнес байгууллагуудын эрчим хүчний хэрэглээг 2 центээр тооцдог нь цахим мөнгө олборлогчдыг татсан хэрэг.

Тус хотод үйл ажиллагаа явуулдаг ‘Coinmint’ компани хамгийн том цахим мөнгөний уурхайд тооцогдох бөгөөд тус компани хотын 1, 2-р саруудын нийт эрчим хүчний хэрэгцээний 10 хувийг дангаар зарцуулсан тухай Motherboard сонинд мэдээлжээ.

Ийнхүү цахим мөнгөний уурхайн гол төв болсон хотын оршин суугчдын цахилгаан хэрэглээний өртөг өсөх болж, улмаар хот эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахын тулд зах зээлээс өртөг өндөртэй эрчим хүч худалдаж авахад тулаад байгаа гэнэ.

Тус хотоос гаргасан шинэ журмыг мужийн эрх бүхий байгууллага хянаж баталсны дараагаар хэрэгжиж эхлэх бөгөөд заасан 18 сарын хугацаанд хотын захиргаа оршин суугчид болон цахим мөнгө олборлогчидтой уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж цаашид хэрхэх гарц хайхаар болсон гэнэ.

Be the first to comment

Leave a Reply