АНУ ОХУ-н 60 дипломатыг хөөх шийдвэр гаргалаа

Өнөөдөр (Даваа гараг) АНУ ОХУ-н 60 дипломатыг, тухайлбал ОХУ-н ЭСЯ-ны 48 албан хаагчид, НҮБ-н албан хаагч 12 Оросын иргэдийг хөөсөн нь хоёр орны харилцаанд ноцтой сэв суулгаж магадгүй болоод байна.

Эдгээр хөөгдсөн Оросын иргэд 04 сарын 12-с өмнө АНУ-н нутаг дэвсгэрээс гарсан байх ёстой болж байна. ОХУ хариу мэдэгдэл хийж, Оросын дипломатуудыг хөөсөн АНУ-н хувьд ноцтой алдаа болсныг анхааруулаад тохирсон хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Гэвч ОХУ-н дипдлматуудыг хөөсөн орон нь дан ганц АНУ биш бөгөөд АНУ-н Европын холбоотон болох 19 орон их бага хэмжээгээр Оросын дипдлматуудыг хөөх шийдвэрийг өнөөдөр гаргаад байна. Ингэснээр Оросын нийт 100 гаруй дипломатууд хөөгдөж буй нь түүхэнд гарч байгаагүй их тоо гэдгийг хэвлэлүүд онцолж байгаа юм.

Өнөөдөр Цагаан Ордноос хийсэн хэвлэлийн хурлын үеэр АНУ-н Ерөнхийлөгч бусад улс орнуудын удирдлагуудтай зөвшилцөж тохиросны дараа ийм шийдвэр гаргасан гэжээ. Эдгээр орнууд Оросын дипломатуудыг албан бус тагнуул гэсэн үндэслэлээр хөөж байгаа ажээ.

ОХУ-ас АНУ-д суух Элчин Сайд Анатоли Антонов хэвлэлд өгсөн ярилцлагадаа ‘эдгээр улс орнууд ямар том алдаа хийснээ ойлгож ухамсарлах цаг ирнэ. Цаашид эдгээр улс орнуудтай харилцаа энгийн хэмжээнд сэргэнэ гэж найдья’ гэжээ.

Их Британ улс Британий иргэн, хуучин Оросын тагнуул Сергей Скрипалыг охины хамт хордуулсан хэрэгт ОХУ-г буруутгаж тус улсын 23 дипломатыг газар нутгаасаа хөөгөөд байгаа бол ОХУ мөн Их Британы төдий тооны дипломатуудыг хөөж хариу бариад байгаа билээ.

АНУ тэргүүтэй улс орнууд ОХУ-г АНУ-н сонгуулийн системд нөлөөлөхийг оролдсон, тагнуул хийсэн, АНУ-н чухал дэд бүтцийн хяналтын системд нэвтрэх кибер халдлага удаа дараа хийсэн, Их Британий нутаг дэвсгэрт санаатай аллага хийхээр завдсан (Сергей Скрипалтай холбоотой) хийсэн гэх мэт үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply