Төмөр чулуу хоёр 

I

Төмөр зүүдлэх болих хоёрын хооронд нэг хэсэг хөрвөөж хэвтлээ. Хэт ядрахаараа ийнхүү нойр муудаж зүүдлэх болих хоёрын хооронд шөнийг өнгөрүүлдэг болсоор уджээ. Гэвч ядарч зүдэрснээ хүмүүст мэдэгдэхгүйгээр барахгүй ямар ч бэрхшээл тулгарлаа гэсэн бие ухаанаа хатамжлан давах гэж тэмцсээр хүн харахад наад зах нь залуу сайхан хэвээрээ явна.

Хоёрхон жилийн өмнөх тэр гайтай намар хайрт хүн нь энэ их хөвчийн царманаас хальж одсоноос хойш санаа сэтгэл дэн дун явах өдөр бишгүй л тохиолдсон.

Гэвч бүсгүй хүн хийж болдоггүй гэсэн энэ хүнд хүчир ажлыг эрэгтэйчүүдээс дутуугүй хийж «Төмөр бол ёстой нэрэндээ таарсан төмөр шиг хүүхэн» гэж хэлүүлж явах л жаргал болж.

Одоо мөн тэр ёсоороо уул хөвчийн гүнд, МАЗ-ынхаа кабины суудлын арын дүүжин орон дээр зүүдлэх болих хоёрын хооронд хөрвөөж хэвтэнэ. Өчигдөр Дугар, Баасан, Батсуурь дөрвүүл Могойтын даваа өөд шөнө болтол мацаад гарч чадсангүй. Нойтон цас лавсан орж энхэл донхол, лаг шавар ихтэй модны зам нэвтрэхүйеэ бэрх болсон учир мань хэд МАЗ-уудаа бөөр бөөрөөр нь шахаж тавиад унтахаар хэвтэцгээсэн юм. Унтахын өмнө Төмөрийн тэргэнд дөрвүүл шахцалдан сууж авч явсан юмнаасаа идэцгээн, ямар ч нөхцөлд тух алдах дургүй Батсуурийн гаргасан нэг лонх архийг хувааж зуур талийгаач нөхрийнх нь тухай дурсан ярьснаас болоод Төмөр шөнөжин унтаж чадахгүйгээ мэдсэн юм. Тэр ёсоор боллоо. Нөхрийнхөө тухай дурсах тусам л яаж ч болохгүй бөөн харуусал зүрхийг шимшрүүлэн зовооно. Шахаж тавьсан тэргэнүүдэд хурхиралдагч залуус бас модны нэг бригадынхан бөгөөд хэсгийн ахлагч болох Төмөрийн захиргаанд орсноо хоргүй инээд наадам болгохоос бус харин ч эр улс байж эмэгтэй хүний урьдаас урвалзах муухай гэсэндээ ч юм уу их л дуулгавартайгаар гарын дор явцгаана. Талийгаач нөхөр нь бусдын хойно орохгүй гэж үхэн зүтгэдэг байсныг гэрээслэл болгож өөрийн ч бусдыг ч хайргүй шахаж, явах нь зөв, амьдралын утга учир ерөөс тийм гэж бодно. Амьдрал бол өөрийнх нь хувьд нэг хагас нь харуусал дуртгал, нөгөө хагас нь эцэс төгсгөлгүй ажлын өдрүүд болон дүрслэгдэнэ. Өөрт нь ноогдсон хувь заяа энэ л юм.
Цас анир чимээгүй ордог гэсэн чинь тийм биш ажээ. Малгайлан орох цасны том том ширхэг машины хамар, бүхээг дээр сэв сэвхийн буугаад гүйцэд хөрж амжаагүй моторын амьсгалд хайлан гулсаж хагд өвсөн дээр сар сархийн унана. Навч шилмүүсээ гүйцэд гөвөөгүй мод, гишүү мөчир дээр нойтон цас даган дагасаар даагдахаа болиод тийнхүү ачаа нь хэт хүндэрсэн турь муутай мөчир энд тэнд чад пад хийн хуга үсэрч гүн их хөвч тайгыг цочооно. Жаахан юм балгаад бөх гэгч нь унтсан гурван залуу жолооч хурхирч, хэн нэг нь зүүдэндээ дэмий балай юм үглэн гиншигнэхийн хажуугаар ойн гүнээс ямар нэг амьтан гэтэж мяраасаар ирээд машиных нь хаалганы цаана уухилж ч байх шиг. Соляркийн үнэр ханхалсан энэ том хар машинуудад дөхөж ирэх зоригтой араатан амьтан байхгүй нь мэдээж гэвч нөхрөөсөө хойш арай хэтэрхий соргог цочимтгой болсноос тэр биз. Төмөр тийнхүү зүүдлэх болих хоёрын хооронд нэг хэсэг хөрвөөж нойр бүрмөсөн хулжиж ой тайгын шөнийн чимээг чагнаархан бодол болж хэвтлээ.
«Энэ гурав буу тавьсан ч сэрэхгүйгээр хурхирч байна даа. Би эдэнтэй учиргүй дассан мөртөө яагаад ч юм эр улс гэж ердөө сонирхохгүй юм. Дандаа л Чулуун! дурсаж ярьдаг болоод тэр биз. Гэтэл эд нар намайг хааяахан оролдох санаатай байдаг. Дугар бол эхнэрээсээ өөр амьтныг харах сөгөөгүй амьтан. Батсуурь насаар Чулуунаас дүү гэхэд арай хэтэрхий хэрсүү, алхам бүрээ хэмжиж тооцсон хүн дээ. Баасан дэмий шалиг зантай. Жаахан ам халамцахаараа л Төмөрөө минь ухаантай мөртөө хөөрхөн хүүхэн гээд хошуу цорвойлгоно шүү. Хөөрхөн хүүхнүүд тэнэг байдаг гэж боддог нь тэр. Чулуун минь эдэнтэй зүйрлэшгүй эр байж дээ. Хайр гэдэг хүнийг өөгүй сайхан юм шиг харагдуулдаг ч биз. Ёстой өөгүй сайхан хүнээ алдсан. Дахиад надтай тийм хүн таарахгүй. Тэгэхээр яах вэ? Насаараа ганцаараа явалтай биш. Хорин хэдхэн насандаа бэлэвсрэхийн зовлонг үзнэ гэж мэдсэн ерөөс хэнд ч царай өгөхгүй байсан. Гэтэл тэр намар Чулуун намайг энэ их уул хөвч рүү авч явах тавилантай байсан юм шиг, хэрвээ амьдралд минь тэр явдал тохиолдохгүй бол бүсгүй хүн болж төрсний учир утга ч байхгүй шиг бодож явжээ. Хувь заяа гэдэг л тэр биз. Гэтэл хувь заяагаар олдсон жаргал минь гуравхан жилийн хугацаатай байж. Хорин хэдхэн насанд минь бэлэвсрэхийн зовлонг амсуулах гэж тэр гуравхан жил надад олдсон. Гуравхан жил шүү даанч. Чулуун минь ховор хүн байж эгээд ганц би биш танил найз нар нь цөм дурсаж харамсаж явна. Ганц би түүнийг алдсан биш, нөхөд нь бас алдсан. Гэхдээ гол зовлонтой, бас гол гэмтэн нь ганцхан би өөрөө. Хэрвээ би түүнийгээ ажилд хэт улайрахаас жаахан ч гэсэн хойш татаж явсан бол аюул осол зайлах байсан биз. Бид хоёр амьдралд хэт шунаг байж. Айлын зэрэгтэй айл болъё, олны дунд нэртэй нүүртэй явъя гээд юу нь буруу байх вэ. Гэсэн ч миний шунаг бас хэтэрсэн. Хэнээс ч дутуугүй өөдтэй өнгөтэй айл болох гэж ёстой бие хайргүй явсан. Хүн хөдөлмөрийнхөө хишиг буянгаар л аж төрдгөөс хойш бид юугаараа ч бусдын дор орохгүй гэдэг үзлээрээ бид хоёр яг нийлсэн. Тэгээд Л хүнээс илүү их цалин мөнгө авах ёстой, уралдаанд заавал түрүүлэх ёстой… Чулууныхаа тэр занг би дэвэргээд л байсан. Энэ миний буруу байж уу? Сурагч оюутан байхдаа үдэшлэгт өмсөх гоёлын хувцасгүйдээ гутарч яваагүй би эд юманд шунасан хэрэг үү? Үгүй шүү дээ. Хэрвээ ерийн нэг шуналт эм байсан БОЛ жирийн нэг жолооч биш дээгүүр хүнийг олоод суучихаж чадах л байсан. Намайг оролддог эрчүүд мундсан биш. Гэтэл бид хоёрын хайр дэндээд амьдралд тийм шунаг хомхой болсон хэрэг үү? Сайн сайхан амьдрах хүслэнгээс өөр юу байлаа. Харин миний ухаан дутсан байж болно. Хайр дутаагүй ухаан дутсан байж болно. Жишээ нь энэ Баасан хөөрхөн мөртөө ухаантай хүүхэн гэж надад наалдаад байдаг нь хүмүүс намайг далдуур муу хэлдгээс гарсан ёж үг ч юм уу, хэн мэдлээ. Тостой жолоочийн биш сайдын авгай шиг явах санаатай гэж хүүхнүүд хэлдэг байсан. Тэхэд нь Чулуун бүр ч шар нь хөдөлж тэгвэл би чамайг бүр хааны хатан шиг гоёод тавьчихна гэдэг сэн. Түүнд нь би баярлахаас өөр яах ёстой байж вэ? Зөвхөн намайг гоёж гоодох их мөнгөний төлөө явж байна гэж хэн маань ч бодоогүй. Заримдаа ядарч зүдэрлээ ч гэсэн хийх ёстой ажлаа хийгээд авах ёстой цалингаа авч байна гэж л боддог байсан. Гэсэн ч миний ухаан бас дутсан. Тэр гайтай өдөр Чулууныг явуулахгүй байж чадах байснаа тэгээгүй. Гурван хоног туж нойргүй явсан хүнийг аюул осолд орчихож мэднэ гэж би даанч зүүдлээгүй. Дахиад хоёрхон рейс хийвэл сарын эцсийн «поохуу» уралдаанд түрүүлж үйлдвэрийн даргын амласан мянган төгрөг авна гэхээс би ч гэсэн адилхан аазгай хөдлөөд байсан. Поохуунд ямар анх удаа явсан биш. Бартаа багатай газар тэргээ надад өгдөг болсонд нь хүүхэд шиг баярладаг болоод тэр өдөр авч явна гэхээр нь баярлаад л явсан. Чулууныхаа өнгөрөхийг нүдээр үзэх үйлтэй болоод тэр биз. Хорин хэдхэн насандаа тэр сайхан хүнээ алдаж бэлэвсрэх би ямар азгүй амьтан байж вэ! Чулуун минь амьд явсан ч болоосой. Тэгвэл би юу гэж энэ их уул хөвчийн хярд ганцаараа дагжиж хэвтэх билээ. Би ганцаардаад л дагжиж чичирч байна. Түүнээс биш гадаа зөөлөн цас орж дулаан байна. Би ганцаараа…
— Чи ганцаараа биш ээ. Төмөрөө минь чи ганцаараа биш шүү дээ! Энэ үгийг хэн нэг хүн шивнэх шиг болов.
Тэгэхдээ хаанаас хэн тэгж шивнэх нь мэдэгдэхгүй мөртөө яг чихэн дээр нь юм шиг тодхон сонсогдов. Намрын энэ дулаан цаснаар байтугай өвлийн тасхийм хүйтэнд даарамгүй дулаан хэвтэж байх мөртөө яагаа ч юм чихүүдэс хүрч байснаа энэ хий шивнээг сонсоод хамаг бие нь арзасхийн, дал нуруу, мээмний нь хоорондуур хүйтэн хөлс дааварлах шиг. Тэрэгнийх нь шилний цаана ямар нэг амьтан юм уу, хүн байх шиг санагдав. Чулуун минь үхээгүй одоо болтол уул хадаар төөрч тэнэж яваад ирчихсэн юм биш байгаа даа» гэж солиотой юм бодсон ч түүндээ автагдан айн цочихын эрхээр зүрх нь булгилан, чамархайны нь судас хангинтал лугшив. Тэгтэл ч модны гишүү мөчир цасаа даалгүй хааяа тасхийн хугарч, тэрэгнийх нь радиаторын ус хоржигнохоос өөр аниргүй байсан ой тайга тэр чигээрээ уухилан шивгэнэж, тэрэгний нь шилэнд тулж ирсэн ямар нэг амьтан юм уу хүн санаа алдаж, хэл амаа шилэмдэж долоож гарах нь тэр,
— Чулуун минь би яанаа!
Энэ үгийг хэлэхдээ ам нээж хэлсэн аль дотроо хэлсэн яасныгаа мэдсэнгүй.
— Чи одоо жаргаж явнаа. Чи ганцаараа биш. Одоо ч гэсэн гурван сайн хар хүү чамайг сахиад хэвтэж байна. Эд нар чамд сайн. Хүмүүс чамд сайн. Өөр юу хэрэгтэй юм бэ? Намайгаа мартаж чадахгүй ч гзсэн чи баярлаж жаргаж явах ёстой. Бид хоёрын дундаас төрсөн үр, яс махны минь тасархай байна, тийм болохоор чи яаж ганцаардах билээ! Чамайг одоо хэн ч хааж боохгүй. Чи сайхан хэвээрээ. Чи хэзээ ч сайхан хэвээрээ хүмсүүсийн сэтгэлийг булааж явна! Ийнхүү хэн нэгний догдлон шивнэх үгс өөрийнх нь ч юм шиг, бусдынх ч юм шиг. Зүүдэлж байна уу гэтэл сэрүүн байх шиг. Хэрвээ унтаж байсан бол мээмний нь хоорондуур урсах хүйтэн хөлсийг мэдрэхгүй сэн. Чулуун мээмийг минь охин хүүхдийнх шиг гэдэгсэн гэж энэ хооронд бас бодов. Гэтэл шилний цаана үнэхээр ямар нэг хүн байх бөгөөд ийнхүү зүүдлэх болихын хооронд хэвтэхэд нь гэтсээр хүрч ирсэн бололтой. Тэр хүн Чулуун байж таарахгүй нь мэдээж гэвч…
— Чи тэгээд хэн юм бэ? Чи зүгээр миний сэтгэлийг үймүүлэх гэж ирсэн бол зайлаад өгөөч!
— Сэтгэл үймрэхгүй байж чи чадахгүй л дээ. Чулууныг мартаагүй цагт яасан ч чадахгүй! Гэхдээ чи түүнийг мартах хэрэггүй. Насан турш түүнийгээ санаж явахад чамд саад болохгүй. Чамайг ухаантай мөртөө сайхан хүүхэн гэж үнэн хэлж байгаа юм шүү. Чамд атаа санаж муу хэлэх хүн одоо байхгүй. Чамд бас буруу байхгүй. Хумсын чинээхэн ч буруу байхгүй шүү. Хүмүүс чиний хүслийг боож чадалгүй энэ хүнд хар машины жолооч болгосон. Яаманд хүртэл яриа маргаан болж байж тийм шийд гаргасан шүү дээ. Тэгээд чи хамт олныхоо хайр хүндэтгэлийг татаж явна. Чамд хайртай хүн олон. Тэгэхээр чи ганцаардахгүй. Чи одоо залуу сайхан хэвээрээ явна. Чамайг харж шохоорхдог хүмүүс олон байна. Чи нэр цууд гарах гэж мэтгэх хэрэггүй. Хол ойрын олон хүн чамайг таних болсон. Хайрт ханийнхаа дурсгалыг бодож залуу сайхан бүсгүй модны машины жолооч болсныг хүмүүс баатарлаг явдал шиг санадаг. Чи тэгэхээр ганцаараа хүн биш. Ганцхан чи эр нөхөргүй гундаж гандаснаас болоод чичирч дагжиж хэвтэнэ. Эрийн хүслэн болдоггүй гэж ЧИ хэл л дээ…
— Үгүй, үгүй. Чулуунтай минь эгнэх эр хүн дахиад надад тааралдахгүй! Энэ үгийг хэн хэлэв ээ? Би өөрөө өөртөө ингэж хэллээ гэж үү? Үгүй, үгүй, Элдэв долоон юм бодолгүй унтах л юмсан. Шөнийн уртыг яаж барна даа?…
— Төмөрөө би энд байна! гэж хэн нэгэн хүн бас л чихэн дээр нь шивнэх шиг болов. Төмөр тийнхүү зүүдлэх болихын хооронд хагас дутуу унтаж байснаа цочин сэрлээ. Тэрэгнийх нь буруу талын хаалга аяархан онгойж хэн нэг хүн уухилсаар ороод ирлээ. Төмөр хашгирах гээд дуу гарч чадсангүй, хоолойгоо хяхатнуулан гиншив. Орж ирсэн хүн хаалгыг сэм хааж суудал дээгүүр мөлхөх шиг болоод
— Төмөрөө бүү ай! Би байна. Баасан байна! гэв. Төмөр сая учрыг мэдэн,
— Хүнийг ингэж айлгадаг ямар муухай амьтан бэ! гээд уйлчихав. Баасан гарыг нь тэмтэрч тас атгаад
— Төмөрөө би тэсэхгүй нь. Чи намайг өрөвдөж үз. Би унтаж ч чадахаа байлаа гэж Баасан бачимдан шивгэнэв. Төмөр айсандаа улам бүр дагжин чичирч
— Чи холдоод өгөөч! Чи намайг ингэтэл айлгаж яах гээ вэ! гэж туйлгүй гомдон өгүүлэхэд цаадах нь яах учраа олохгүй машины уужим суудал дээр чимээгүй нугдайн суулаа.

II

Чулуун МАЗ-ынхаа кабины хажуугийн толинд Төмөрийн бодол болсон царайг хараад «сайхан ч нүдтэй хүүхэн юм шүү дээ» гэж бодон, шүүрс алдав. Төмөрийн бодол болсон энэ нүднээс л хамаг хэрэг үүдсэн. Тэр намар анх Төмөрийг хүчээр ууланд авч явахдаа мэлтэлзэж тормойсон хар нүдийг нь кабиныхаа хажуугийн энэ толинд хараад «Энэ сайхан нүдийг нь насаараа харж явдаг бол би азтай эр болноо доо» гэж бодсон сон. Насны минь хань гээд бодоход тэр сайхан нүднээс нь уйдах гэх юм уу, энэ чинь ганцхан намайг л харж явах нүд шүү дээ» гэж бардамнах сэтгэл төрж болох байсан гэвч тэгсэнгүй. Төмөрийн тэр ер бусын сайхан нүдэнд ээлжлэх баяр хөөр уйтгар гуниг, бодол санаашрал, эрхлэл янаглалын гэрэл насан туршид үзэв ч ханашгүй мэт ажээ. Тэртээд ч ялангуяа зэрлэг их хөвч тайгын хяр дамжсан модны замаар ингэж хамт явах бүрдээ тэр намрын ой хөвчийг гайхан биширсэн буюу ерөөс ..байгаль ертөнцийн сонин гайхамшгийг анх удаа үзсэн бага хүүхэд шиг гүнээс нь гэрэл тунасан хар нүдээ тормолзуулан бэлчээхийг нь үзээд чухам ийм л нэгэн сайхан нүдтэй бүсгүйг далдуур мөрөөдсөөр өдий хүрснээ өөрөө гэнэт ухаарч, яагаад өдий болтол түүнийг ажиж хараагүйгээ гайхан «Би чинь ямар гэгчийн сохор амьтан бэ> гэж дотроо дуу алдсанаа эргэн санадаг аж. Чулуун үнэхээр ч хүүхнүүдийн тухай бол сохор гэмээр эр байлаа. Шарын голын ой модны аж ахуй байгуулагдахад хол ойроос саналаараа ирсэн жолооч нарын түрүүчийн хэсэгт орсон юм. Тэгээд л модны замд ихэнх цагаа өнгөрүүлэх амьдралын өдрүүд эхэлсэн. Эр хүний хийх ажил тэр байлаа. Сайн ажилбал чамлалтгүй олз олно. Модны үйлдвэрийн жолооч нар мөнгө уудаг гэж цуурхдаг нь үнэн гэвч тийнхүү «мөнгө уухын» төлөө ямархан бэрх зам туулдгийг мэдэх хүн бас ховор. Тэгээд л аж ахуйн дарга нар «төлөвлөгөө шатах» үед их шагнал амлаж цөөн өдрийн уралдаан зарлана. Аливаад хоч нэр өгөх дуртай жолооч нар түүнийг «поохуу зарлах» гээд нэрлэчихсэн юм. Чулуун тэр «поохуу» уралдаанд голдуухан түрүүлнэ. Тэртээ сайн бэлдэж байгаад гурав дөрвөн хоног өдөр шөнөгүй явахад сарын төлөвлөгөөгөө ч хамаагүй давуулж, «поохууг» ч авна. Гэвч Чулуун хүн техник аль алинд нь тун ч халгаатай энэ муу аргыг эсэргүүцэгчдийн нэг болж ажилчдын зөвлөлгөөн дээр шүүмжилснээс болж дарга нартаа тал алдах тийш хандав. Тэгтэл тэр намар Төмөр гэгч хотын гоё хүүхэн хөдөлмөр хамгааллын байцаагчаар ирсэн тухай шуугив.
Хотод багтахаа болиод л энэ зэлүүд газар ирсэн биз гэлцэнэ. Гоё хүүхнүүд хотоос холдох дургүй бөгөөд хэрвээ ХОЛДВОЛ ямар нэг базаахгүй шалтгаантай гэгддэг болоод тэр. Гэтэл Төмөр аравдугаар анги төгсөөд дээд сургуульд орж чадалгүй нийслэлийн нэг оёдлын үйлдвэрт ажилчнаар орж, политехникумын эдийн засгийн ангид эчнээгээр суралцаж төгсөөд хөдөө ажиллах санал өгч ирсэн байв. Хэдэн жил нэг тогооноос хоол идсэн охидууд болоод их хөлийн хотоос зугтаах шалтаг гэвэл хориод насанд тохиолдох нь цөөнгүй золгүй дурлал л байсан.
Чулуун бол шинэ газар урьдаар төвхнөж авах тухай бодохоос биш эхнэр хүүхдийн тухайд яарах хэрэггүй гэж шийдсэн болохоор тийнхүү «сохор» явсан юм.
Нэг удаа «поохуунд» явах гэж байтал үйлдвэрийн дарга дуудаад «Чи уралдаанд дандаа түрүүлж мөнгө уудаг мөртөө түүнийг муу арга, хөдөлмөр хамгаалал зөрчиж хүн техникийг сүйтгэж байна гэх мэтийн өгүүлэл тавьдаг гэнэ. Амаа татвал дээр байх шүү» гэж тун ч зэвүүрхсэн янзтай хэлжээ. Чулуун элдэв хатуу үг дуулж сурсан гэвч ихэд цухалдан хөдөлмөр хамгааллын байцаагч дээр гүйж орсон юм. Солих хувцасгүй юм шиг хуучин хөх торгон дээл, сэвсгэр ягаан алчуураас салдаггүй гэвч тэр дээл алчуур хоёр нь л түүнийг улам сайхан харагдуулдаг нэлээд махлаг биетэй өндөр цагаан хүүхнийг Чулуун нэг их анзаарч байсангүй.
— Байцаагч гуай та надтай ууланд хамт яв! Та нарын зарладаг поохуунд ямар замаар яаж явдгийг үз! Тэгсэн хойноо та нар хүнийг загнаж бай! гэхэд хүүхэн өөдөөс нь тоомжиргүй хяламхийгээд,
— Тантай уул хөвчөөр тэнэж явах зав надад алга даа гэхэд Чулуун,
— Аа тийм үү! гээд шулуухан гар сарвайж, ширээнийх нь араас суга татаад ам нээхийн завгүй хөтлөн гарч кабиндаа чихэж орхисон юм. Тэгээд л уулынхаа замд гарч жаахан тайвширсан хойноо л Төмөрийн сайхан нүдийг олж харсан хэрэг. Төмөрийг модны үйлдвэрийнхэн ганц нүднээс нь болоод сайхан хүүхэн гэж хэлэлцээгүй ч гэсэн үнэндээ сохорсон эр л сэтгэл булаах гол нууц болсон нүдийг нь олж харахгүй сан биз. Тийнхүү намрын шар униар, улаан шаргал навч шилмүүсэндээ хахаж намжаарсан их хөвчийг эмээх гайхах зэрэгцэн харж яваа ер бусын дулаан бөгөөтөл ямархан нэг уйтгар номхролын гэрэл цацруулсан усгал хар нүдэнд нь гэв гэнэт сэтгэл унаад,
— Тэнэг намайг уучлаарай! Би зүгээр л даргад загнуулж шар хөдлөөд дийлэхээрээ чамайг авч гарлаа гэхэд
— Энэ чинь л муу эрийн зан даа гээд Төмөр инээсэн. Энэ явдлаас л бүх юм эхэлжээ. Хөдөлмөр хамгааллын байцаагч тийнхүү хүчинд автан хөвч тайгын гүнээс мод татдаг замын хүнд бэрхийг биеэрээ туулж, нүдээрээ үзээд сэтгэл дорхноо зөөлөрч билээ. Чулууныг зүдэрч явж хэдэн төгрөг олдог хүн юм гэж өрөвдсөндөө тэгсэнгүй. МАЗ гэгч соляркийн гашуун утаа хаялсан тэр тун ч нүсэр хүнд тэргийг уул хөвчийн хяр, ангал хавцлын эрэг ирмэг дамжсан гөрөөсний жим шиг бартаат замаар ямар аймшиггүй бөгөөд чадамгайгаар жолоодохыг нь үзээд бишрэхийн дээдээр биширсэн гэдэг чинь. Ийм л байх ёстой доо гэж бахархах сэтгэлээр харсан чинь олон жолооч нарын дундаас одоо болтол ер ялгарахгүй намхан чийрэг биетэй, төрхгүй янзын дүрлэгэр хар нүдтэй, баахан үсэрхэг хөх царайтай тэр залуу харин ч эрийн дээд эр хүн болчихсон. Тэгээд намрын шаргал ойн гүнд байрласан хээрийн бригадын залуустай шөнөжин дуу хуур үүсгэж наргиад олон таван ч үггүй МАЗ-ынх нь кабинд хамт хонож билээ. Чулуун бригадынханд
— Би чинь ийм нэг сайхан ханьтай болсон шүү дээ хөө гэж наргисан больсон хоёрын хооронд хэлэхэд нь цаадуул бас үнэмших болихын хооронд
— Бидний нүдийг хужирлах гэж лусын дагина дагуулж ирлээ гэсэн чинь бал сараа хийж яваа улс байх нь гэж шуугилдсан. Тэгээд л үнэхээр хөвч уулын царманд намрын салхи туулайн гүйдлээр моддыг сүлжин, арц шилмүүсний үнэр дотор уужруулсан намуухан шөнө янаглалын халуунд автан шивнэлдэж хонохдоо чухам л энэ уул хөвчийн гүнд, ийм нэг янзын тохиолоор амьдралаа холбох хувьтай хоёр байжээ гэж шийдсэн… Төмөр одоо нэгэнт богиноссон өдрийн оготор шар нар Могойтын хяр дээр голлосхийн намжаа их ой хөвч нэг л уйтгартай шарлан дуниартахыг бодол болон харж явлаа. Намрын ой тайга сайхан гэлээ ч ийнхүү хөнгөн уйтгар төрүүлдгийг Төмөр гурвантаа үзэж явна. Тэр намар уулнаас бууж явахад амьдралд нь санаандгүй эргэлт гарсанд сүрлэг сайхан бөгөөтөл улирч одох цаг хугацаа эргэлтгүйг сануулсан ухаа шаргал ой тайга хамаатай юм шиг байж билээ. Тэгснээс болоод ч юм уу яагаад ч юм Чулуунтайгаа хамт энэ их хөвч тайгын гүнийг МАЗ-ын хүржигнэх дуугаар цочоож, ирмэг, хярыг аймшиггүй дамжин, цан хүүрэг бүрхсэн өвлийн цууриа ихэт хүйтэн шөнө ч юм уу өдрийн наранд халсан давирхай жийлэнгийн хурц үнэр толгой мансууруулсан зуны бөглүү бөгчим шөнө, эсвэл ой тайга тэр чигээрээ чих дүлийртэл хүүгэж дээ гэсэн хаврын хавсаргат шөнийн алинд ч мотор нь аажмаар уухилан хөрөх тэрэгнийхээ кабинд тохигүйхэн хоноглох, эсвэл ид зунаар хаа нэгтэй замаас жаахан гарч уулын үглээ горхины хөвөөнд түр амран ойн ёроолын хүлэр хөвднөө суга ургасан цэцэг ногоон дээр наадан хөлбөрөхөөс илүү жаргал үгүй мэт. Энэ бол зөвхөн залуу биеийн гоо сайхан байгалийн гоо сайханд зохицохыг мэдрэхийн жаргал төдийгүй бас байгалийг эзэмдэх хүний хүч тэнхээг мэдрэхийн жаргал байлаа. Зүгээр л нэг солярк үнэртүүлсэн хүнд нүсэр машин, тостой хутгалдсан жолооч хоёр байгалийн гоо үзэсгэлэн болоод сүр хүчинтэй дүйж ер бусын түшигтэй, амьдрал гэгчийг тун энгийн ойлгомжтой болгох увидастай юмсанжээ.
Төмөр хажуугийн толинд Чулууны харцтай тулгараад том нүднийх нь цагаан улайж, зовхи нь цэлхэрснийг ажиж
— Өвгөн минь зогсож жаахан амрах юм биш үү? гэхэд Чулуун өөд газар араагаа солиод
— Өдөр богино болж дээ хөө Төмөрөө минь, Орой болтол амжаад хоёр рейс хийчихвэл сайн юмсан. Тэгвэл маргааш аажуухан яваад «поохуугаа» авчихна гэв.
— Поохуунд явж биеэ зовоохоо боливол яасан юм бэ гэхэд
-—– Алба биш л дээ хөө. Чи бид хоёр одоо ямар мөнгөөр гачигдахаар биш. Гэсэн ч бусдын хойно ормооргүй санагдах юм. Уралдаан гэдэг чинь уралдаан шүү дээ хөө гээд инээвхийлэв. Нэлээд ядарсан үедээ уруулынхаа буланг муруйлгаад ингэж муухан инээвхийлдэг аж.
— Тийм нь ч тийм. Гэхдээ уралдаанд түрүүлэх албатай ч биш дээ.
— Уралдаанд түрүүлэхгүй бол Чулуун чинь Чулуун биш шүү дээ хөө гээд энэ удаа тэгш цагаан шүдээ яралзуулан инээв. Төмөр үүнд нь дуртай. Яаж ч ядарч явсан ингэж ганц хоёр үгээр урам орж сэргээд ирдэг нь сайхан.
— Чи минь гурав хоног бараг унтаагүй шүү. Ядахдаа би ийм бартаатай газар машин барьж чадах биш.
— Энэ урдах өндрийг даваад гол уруу бууна. Голд буусан хойно чи жаахан бариарай. Би тэр хооронд дуг хийгээдхэнэ. Тэгээд бид хоёр Чулуу Төмөр хоёр юм чинь дажгүй хөө гэлээ. Чулуун дажгүй л гэвэл дажгүй байдагт нь Төмөр дасчээ.
Эхнэртээ халамжтай хүн гэвэл Чулуун л байдаг байх. Төмөр ширээнийхээ араас суга татуулаад МАЗ-ын кабинд чихэгдэж байхдаа тийм халамжтай эрийн гарт орлоо гэж яахин таах билээ. Гэвч одоо бол хариу халамж л дутах вий дээ гэж бодохоос өөр юмгүй. Амьдрал гэдэг далай шиг зах нь харагдахгүй. Гурван жилийн өмнө жирийн нэг жолоочийн эхнэр болоод жаргана гэж зүүдлээ ч үгүй явсан.
— Өвгөөн, энэ сарын ажилчдын зөвлөлгөөний хурал дээр «поохуу» зарладгийг болиулах тухай яриа гаргах уу?
-Харин яахав. Намайг түрүүнд яриа дэгдээлээ гэж жолооч нар маань дургүйцсэн шүү дээ хөө. Сарын эхэнд тааваараа ЯВЖ байгаад цөөн хоногт дайрч болгодог юмыг заавал өөрчлөхийн хэрэг юу байна. Гэртээ тэргүй эвдэрдэг машин, хасагддаг л нойр гэцгээсэн.
— Нэг юманд дасчихаар буруу ч гэсэн зөв санагддаг
хойно доо.
— Тийм шүү Төмөрөө минь. Хүн яах вэ хөө, тэсдэг юм гэж бодъё. Харин энэ сайхан тэрэгнүүдээ талхиад хаячих юм. Уг нь үйлдвэрийн жигд ажиллагаа гэдэг чинь хүн машин аль алийг нь бодсон зүйл байдаг байх.
— Дарга нар бол шагналт уралдаан гэж нэгэнт байх ёстой юмыг л хийж байна гэдэг.
— Харин тийм ээ.Тэгээд шагналын төлөө өрсөлдөх л болно шүү дээ хөө.
— Тийм л дээ, Гэхдээ бодмоор юм. Жишээ нь чи бригадын дарга хүн нөхөдтэйгөө хэлцэж байгаад жолооч тус бүрийн дунд биш бригадын дунд жигд ажиллагааны уралдаан санаачилж болно шүү дээ. Тэгвэл поохуунд өгдөг шагналыг төлөвлөгөө жигд биелүүлсний шагнал болгоод өгч болохгүй гэж үү?
— Миний эхнэр ийм ухаантай шүү. Гэхдээ энэ чинь бас ухамсрын асуудал. Нэг хоёр хүнд ахиухан ноогдох юмыг тав зургаан хүнд хуваах гэлээ гэж дургүйцэх хүн гарна.
— Тийм нь ч тийм л дээ…
Ингээд эхнэр нөхөр хоёр тус тусын бодолд автаж нэг хэсэг дуугүй явлаа. «Сайхан ч нүдтэй хүүхэн юм шүү дээ» гаж эхнэрээ энхрийлэн бодоод суудлаа засаж эгц өндөр хяр өөд МАЗ-аа одойтол хаазлав. Шавар лагалдсан лут хэрзгэр дугуйнууд өндөр хярын хөлдүү газар эхлээд хий эргэн алдсанаа мөнөөхөн гөрөөсний зөрөг мэт муруй тахир замд шигдсэн хад чулуу, үндэс орвонг хэгзэртэл маажаад урагш мацав. Хярд хялмаа орсон учир халтиргаа аюултай. «Модны зам засах тухай мөн ч их яриа болдог доо» гэж Төмөр зэрвэсхэн бодох завсар жолоогоо атгасан Чулууны гар доргио донсолгоонд чичирч байгааг нүднийхээ булангаар хараадхав. Машин ч эцсийн хүчээ шавхах араатан мэт архиран чарлаад хярын ирмэг өөд оцойн зүтгэлээ. Төмөр юунд ч юм «Яанаа!» гэж дотроо дуу алдтал хажуу,талын, үй шаргал ОЙ нүдэн дээр унаад ирэв. Дараагийн агшинд
— Болохоо байлаа! гэж Чулуун хашгираад кабиныхаа үүдийг хөлөөрөө амжиж өшиглөөд Төмөрийг түлхэж унагав. Төмөр ухаан балардсан яаснаа мэдсэнгүй. Хэдэн хурам ч юмуу минут ч юмуу өнгөрсний дараа нүдэнд нь аймшигт зураг харагдав. Том шар МАЗ хажуу бөөрөөрөө газрын уруу гулсан нэг бүдүүн модонд тулж тогтон алдсанаа хуга дараад мөнөөхөн хэрзгэр том дугуйнууд нь дээш харан хөлбөрөв.
— Чулуун! Чулуун минь ээ!
Намрын намжаа тайга дуугий нь давтан
— Чу-уу-уу… гэж цууриатах нь Төмөрийн чихэнд хадан хүнд машин хар модыг хиар цохиж эгц уруу улам хурдлан хэдэн хэсэг зад үсэрч одлоо.
Намрын уйтгарт шаргал хөвч тайга тэр аяараа орилон чарлан цуурайтаж байлаа.

С.Эрдэнэ. 1984он

Be the first to comment

Leave a Reply