Ч.САЙХАНБИЛЭГ: ИЙМ ГЭРЭЭГ АЙЛЫН ГАЛ ТОГООНД ХИЙДЭГГҮЙ ЮМ

Төрийн ордонд мэдээлэл хийсэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав гэх мэдээ ташаа болохыг залруулж, араас нь залгуулаад ‘2014 оны наймдугаар сард ‘Оюутолгой’ ХХК ба Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заалтыг түдгэлзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар батлагдсан гэрээ. Энэ гэрээний аливаа заалтыг өөрчлөхдөө УИХ-д танилцуулах учиртай. Гэтэл ‘Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ’ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дугаар заалтыг түдгэлзүүлсэн, хууль зөрчсөн учраас энэ Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар уг гэрээг хүчингүй болгосон тухайгаа мэдээлэв.

Оюутолгой компани одоогоор Хятадаас эрчим хүч импортолдог. Тиймээс өмнийн говийн уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах цахилгааныг үйлдвэрлэхээр Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг Ардчилсан намын засгийн үед эхлүүлсэн. Үүний хүрээнд 2014 оны наймдугаар сарын 15-нд Монгол Улсын Засгийн газар болон ‘Оюу Толгой’ ХХК-ийн хооронд ‘Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ’-нд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болж, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй албаны хүмүүс оролцож байв.

Энэ үеэр Тавантолгойн цахилнаан станцын төслийг хариуцан ажиллаж байсан М.Энхсайхан ‘Тавантолгойн цахилгаан станцыг гадны хөрөнгө оруулалтаар барихаар бид хичээж байна. Гэхдээ зөвхөн станц байгуулагдсанаар асуудал шийдэгдэхгүй. Тэр эрчим хүчийг авах том хэрэглэгч байх ёстой. Тэр хэрэглэгч нь гарцаагүй Оюутолгой компани. Тийм учраас том үйлдвэрлэгч, том хэрэглэгчийн харилцаан дээр түшиглээд төслийн нэр хүнд өснө. Мэдээж зөвхөн нэг нь нөгөөдөө өгч авах асуудал биш өөр бусад компани, орон нутгийн цахилгаан эрчим хүчийг хангах тухай ярих ёстой. Тэр утгаараа бидний хамтын ажиллагаа зөвхөн цахилгаан станц байгуулах асуудал биш, ерөөсөө Монголд Өмнийн эрчим хүчний систем байгуулах асуудал яригдаж байгаа хэрэг юм. Бидний барих гэж байгаа 450 мегаваттын том станц бол зөвхөн станц барих бус сүлжээ үүсэх процесс’ гэсэн тайлбар өгч байлаа.

Ардын засгийн газрын шийдвэр, түүнийг тойрсон үйл явдал олон улсын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгон авах үүрэгтэй болсныг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцлохдоо Ч.Сайханбилэг дээр хэрэг үүсгэх боломжтой гэдгийг дуулгасан билээ.

Хэдэн жил гацсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг Дубайд байгуулсан, ‘Рио Тинто’-гийн захирлын гал тогооны өрөөнд шийдсэн гэх шүүмжлэлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байнга өртдөг.

Харин М.Энхсайхан ‘Төсөл тойрсон бэрхшээл бий, үүнээс хэн ч зайлахгүй. Гэвч цаг хугацаатай уралдаж хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлэх нь ОТ төслийг шинэ шатанд гаргах, компанийн ашигт ажиллагааг өсгөхтэй холбоотой байсан. Талууд Хөрөнгө оруулалт татах талаасаа Дубайд ОТ-н хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын талаарх баримт бичгийг үзэглээ л биз. Ингэлээ гээд ногдол ашиг алсраагүй. Сайханбилэгийн Засгийн газрыг буруутгах үндэслэлгүй’ гэж бичиж байсан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хувьд Оюутолгойд үргэлж ‘харшилтай’ байсан гэж хэлж болно. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан цагаас хойш өнгөрсөн хугацаанд түүний усалж тордож, ургуулж ирсэн ганц сэдэв бол Оюутолгой байсан бөгөөд энэ удаад Эрчим хүчний сайд ‘Рио Тинто’-той хэрхэн хэлэлцээр хийж чадахыг нь харах л үлдэж байна.

Тавантолгойн цахилгаан станц 2021 онд ашиглалтад орно гэж үзэхэд жилдээ 2,3 тэрбум кВТ.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 450.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 45 тэрбум төгрөгийн татвар төлнө. Станц ашиглалтад орсноор 400 гаруй ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Хэрэвзээ ‘Рио Тинто’ нэг тэрбум ам.долларын баталгааг нь гаргаж өгвөл шүү дээ. Өгөхгүй бол дөрвөн жилийн дараа хөрөнгө оруулалтын гэрээг нь цуцална гэж Ц.Даваасүрэн сайд ярьж. Гэхдээ дөрвөн жилийн дараа бүү хэл сарын дараах улс төр, эдийн засгийн үйл явдлыг таамаглахад улам хэцүү болоод байгаа нөхцөлд сайдын сануулга ‘Рио Тинто’-нд хэр нөлөөлөхийг хэлэхэд хэцүү.

Ж.ЭРХЭС

Мэдээллийн эх сурвалж: news.mn
Хуулбарласан: 2018 оны 02 сарын 20

Be the first to comment

Leave a Reply