Ардчилсан нам буулт хийснээр Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа сэргэхээр болов

Өнгөрөгч Бямба гарагаас эхэлж хаагдаад байсан Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа сэргэхээр боллоо.

Холбооны төсвийн хуулиар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас Холбооны Засгийн газрын харьяа байгууллагууд хаалгаа бариад 4 хонож байгаа юм.
Харин өчигдөр буюу Ням гарагт хоёр намуудын төлөөллийн хаалттай хийсэн уулзалтаар тохиролцоонд хүрч, улмаар өнөөдөр Сенат дахь Ардчилсан намын төлөөлөл богино хугацааны төсвийн хуулийг батлах тохиролцоонд хүрсэн тухай нийтэд мэдээлээд байна.

Улс төрийн хүчнүүд Холбооны төсвийн байгууллагуудыг 02 сарын 08-н хүртэл хугацаагаар түр санхүүжүүлэх хууль баталж, Холбооны Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр тохирч, энэ хооронд талууд цагаачлалын болон саналын зөрүүтэй бусад асуудлуудаар яриа хэлэлцээрээ сэргээж үргэлжлүүлэхээр болсон бололтой.

Нэг талд Ерөнхийлөгч болон Бүгд Найрамдах намын төлөөлөл цагаачлалын хуульд, нэгдүгээрт АНУ-н иргэд болон ногоон карттай хүмүүс ах дүү нартаа байнгын оршин суух эрх авдаг тогтолцоог хязгаарлах, ногоон картны сугалааг бүр мөсөн зогсоох, Мехсикийн хил дагуу хана барих ажлыг санхүүжүүлэх, улмаар DACA хөтөлбөрийг цааг сунгахгүй байх асуудлуудыг Цагаачлалын шинэ хуульд суулгахаар чармайж байгаа бол нөгөө талд Ардчилсан Нам DACA хөтөлбөрийн хүрээнд АНУ-д түр оршин суух эрх аваад буй залуучуудыг албадан гаргахаас хамгаалсан заалт оруулах, өөрөөр  хэлбэл DACA хөтөлбөрийг үргэлжлүүлэх заалт оруулахаар зүтгэж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply