Баруун Сарьдгийн вансэмбэрүү

Хүн байгаль хоёр! Мөнхийн нөхөрлөл, дайсагналд оршсон орчлонгийн хоёр аугаа их хүчин гэвэл зөвхөн энэ билээ. Тэрхүү нөхөрлөл, дайсагнал хүн гэгч амьтан бий болсон цагаас өнөө хүртэл үргэлжилсээр байна.

Хүн байгалийн эрхшээлд байсан эрт балар цагаас байгаль гэгч хязгааргүй сүр хүчин, түмэн ээдрээт үзэгдлийг танин мэдэх урт удаан үйл явцад хүний ухаан, хатуужил нэмэгдсээр эцэстээ эрх дарх суусан хэрэг билээ. Байгалийг танин мэдэж өгөөмөр их хишгийг нь булаан авсаар мөнөөхөн нөхөрлөлийг огоорч дайсагналыг улам гүнзгийрүүлэн харин ч өнөө хэн нь илүү хүчирхэг «дайсан» болж буйд эргэлзэх явдалгүй боллоо. Тийнхүү хорьдугаар зууны хүн төрөлхтөн цаашид хэрхэх вэ? гэдэг асуудалд тулгарчээ. Байгаль хүн хоёрын мөнхийн нөхөрлөлийг нэг талын эрх дархаар солих аргагүй бус уу? Булааж авч байснаа бууж өгөх тийм гутамшигт цаг ирэх бус уу? Энэ бүхэн мөнөөхөн бүхнийг чадагч хүний маань ухаан, чадлаас л хамаарах болжээ.

… Байгаль! Хүний үхэж, төрөх хооронд амьсгалуулж, тэжээж тэр ч байтугай ухаан оюуныг нь бүрэлдүүлэн бойжуулсан эх дагина билээ. Тийнхүү энэ орчлон дээрх үлэмжийн баян тансаг, гоё үзэсгэлэн, тайлагдаагүй нууц увидас бүрдсэн байгаль эх дагинаас гайхамшигт яруу
найраг, баяр цэнгэл, хүсэл тэмүүлэл цацран байгаа нь бие махбодийн болоод сэтгэлийн эмгэг шархыг ч анагааж чаднам билээ…

Наймдугаар сарын эхний наран тунамал өдөр Ганбат Нансалмаа хоёр анхныхаа буудаллах газар хүрч ирэв. Хөвсгөл далайн зүүн урд биеийн энэ бяцхан хагас арал Нансалмаагийн үгээр чухам диваажин л юм гэлээ. Моторт завь хурдаа сааруулсаар эргийн зөөлөн шар элсэнд хошуугаа шааж зогсов. Нансалмаа тахим, шилбэний нь шөрмөс гүрэлзсэн чийрэг урт хөлөөрөө завиныхаа ирмэг дээр гишгэж үсрэн буугаад

— За Гамбаа минь амьдрал эндээс эхэлнэ. Чамд энэ агаар нар, салхинаас илүү эм хаанаас ч олдохгүй. Эр хүн шиг бай! Хамаг хувцсаа тайчиж хаяад ус, нар хоёрт ханатлаа умба. Өөрийгөө эрт балрын зэрлэг хүн гэж бод! хэмээн баясгалантай өгүүлэхэд Ганбат эмгэг хүний янзаар туяагүйхэн инээмсэглэж Нансалмаагийн гарыг түшин бууж далайн усны амьсгаагаар үл мэдэг чийглэгдсэн хар модны шилмүүс цэцэг навчны үнэр анхилам. Салхиар цээж дүүрэн амьсгалж, цог муутайхан хонин бор нүдээ онийлгон орчин тойрныг ажиглаад,

— Үнэхээр сайхан газар байна. Ус хүйтэн байхаа. Юу юугүй усанд орж болох болов уу гэхэд,
— Аль болохгүй юмыг тэр гэхэв. Миний үгнээс нэг ч гарахгүй гэж амласнаа бүү мартаарай! гэж Нансалмаа захирангуй хэлэв.

Ганбат хувцсаа тайлахдаа эр хүн шиг бай гэсэнд нь ч юм уу санаа зовсхийн арай л буруу харсангүй. Ийм эрүүл чийрэг бүсгүйн дэргэд нүцгэлж хэлхээ ясаа гаргана гэдэг нэг л тусгүй. Гэвч нэгэнт «зэрлэг хүн» болоооос хойш яая гэхэв. Гэтэл Нансалмаа эмч шиг биеийг нь арай л барьж түншиж үзcэнгүй.

— Өө дажгүй! Гамбаа минь чи ч харин ясан дээрээ махтай юм байна. Тэр жил би үүнээс дор болсон юм. Энэ сайхан агаар, нар, салхинд чи дорхноо сэргэнэ.Салхи үзээд сэргэнэ дээ» гэж дуулдаг шиг. Ганбат Нансалмаагийн хөгжөөнт байдалд эрхгүй автагдан,
— Нансалмаа чи нээрээ ийм болчих гэж! Хорин жилийн өмнө туранхай цагаан хүүхэн байсан. Хорин гурван жил өнгөрчээ.! гээд нойтон элсэн дээгүүр хол хол мөр гаргаж шийдэмгий алхлан ус руу орж.

— Хий-хай! гэж ой цууриаттал хашгираад нэгэнтээ үсрэн шумбаж их голын хөвөөнд төрж өссөн хүн гэсэндээ сурамгай гэгч нь сэлэн одоход,
— Зөв Гамбаа! Харин эхний удаад удаж болохгүй, Одоо болно гэв.

Ганбат Нансалмаа хоёр завиа аргамжиж, ачаагаа буулган гэгээвч, саравч шалавч бүх юмтай аяны майхнаа босгов, Ганбат ч зургийнхаа морльбертыг юуны өмнө зоож авлаа. Энэ газар зураач хүний л жаргалын орон ажээ. Нэг талд наран дор солонгорон гялбалзах хөх номин ус, тэртээ баруунаа униартах өвгөн буурал сарьдгууд. Нөгөө талд навч шилмүүсээ дааж ядан намируулсан намжаа их ой, зүйл бүрийн ургамал, цэцэг. Гал түлж цай чанах зуур Нансалмаа жижиг үйсэн торх аваад нэрс түүхээр явахад Ганбат хойноос нь харж бодлогошрон хоцров. Дөч гарч яваа бүсгүй хүн гэхэд итгэмээргүй. Хорин хэдэн жилийн «өмнө анх танилцаж байхад хүзүүний нь судаснууд хөхрөн салаалсан, ядрангуй цагаан хүүхэн байсан. Хацар дээрх бяцхан улаан толбоноос өөр эрүүл өнгө үгүй гэмээр. Тэгвэл одоо биеийн тамирчны янзтай өндөр бор хүүхэн болчихсон явж байх. Бас биологичдын дунд нэртэй эрдэмтэн. Энэ бүхнийг өвчин зовлонгийн өмнө бууж өгөлгүй» эрэлхэг зоригтой, амьдралд үнэхээр дуртай, тэмүүлэх зорилготой явсны нь ач гэхээс өөр аргагүй. Таних мэдэх хүмүүс ч тэгж л ярьдаг.

Ганбат хорин гурван жилийн өмнө Ленинградын Репины нэрэмжит уран зургийн дээд сургуулийн дөрөвдүгээр ангиас уушгины өвчнөөр чөлөөлөгдөн нутагтаа буцаж ирээд Торхурахын айргийн эмнэлэгт сувилуулахаар очсон сон. Хорин гуравхан настай байж. Тэгэхэд Нансалмаа улсын их сургуулийн оюутан арван есхөн настай байж. Богд уулын зүүн сугын Торхурах гэгч тунгалаг горхи шаагин, цэцэрлэг ой сэрүүн дэнж хосолсон үзэсгэлэнт аманд айргийн эмнэлэг гэж хэдэн цагаан гэр, хоолны газрын банзан байшин, гэж хоёр муу сүүдрэвч, бүжгийн талбай энэ тэрхэнтэй байсан сан. Нэг эгнээ нь хүүхнүүдийнх, нөгөө эгнээ нь эрэгтэйчүүдийнх. Ганбат Нансалмаа хоёр шил ШИЛЭЭ харсан гэрт орсныхоо маргааш л танилцсан. Зууван хар нүдээ цавчилж, танан шүдээ яралзуулан үргэлж инээмсэглэсэн тэр хөөрхөн цагаан хүүхэн Ганбатын нүдэнд дорхноо торж билээ. Зураач хүний уран нүд гэдэг тэр. Оройн хоолны дараа өвчтөнгүүд ,гадаа айргаа шингээхээр уул өөд явж зугаалдаг журамтай. Тэр уулын оройгоор нар далдран алдаж зүүнээ Баянзүрх ууланд таширлан тусаж байх үеэр яг таардаг байв. Залуучууд Торхурахын амны ойн захаар битүү ургасан улаалзгана цэцгэн дунд жаргал зовлонгоо ярих нь ярьж, наадах нь наадаж, дуулах нь дуулж суудаг сан.

Анх танилцсан тэр орой ч яг тийм байсан. Ганбат Нансалмаагийн зургийг харандаагаар таталж өгсөнд хүмүүс хүрээлэн ямар адил болсны нь шагшин, инээдэг нүдийг нь хүртэл яг зурчихаж, энээ тэрээ гэж шуугилдаж байсан сан. Бүтэн гурван сар хамт байж билээ…

Нансалмаа үйсэн торхоор дүүрэн нэрс түүгээд шүүсэнд нь ам хамраа будчихсан гүйж ирэв. Хоёул хамжиж байгаад хээрийн анхны цай хоол хийсэнд амттай ч гэж аргагүй. Нэрсээр хийсэн чанамал бүр ч гойд болов. Ганбат ийнхүү хээрийн аянд явж дасаагүй тул тохь алдаж ядрах болбуу хэмээн болгоомжилж байсан нь энэхэн зуур л алга болчих шиг…

Байгалиас амьдралын хүч, яруу сайхныг олж чадах нь хүн болгонд заяагддаггүй бизээ, Уул, ус ой мод цэцэг навч цөм байдгаараа л байх авч түүний мөнхийн үл тасалдах дуу нь хүний бодож бүтээгээгүй түмэн зэмсэг хосолсон аугаа найрал хөгжим тоо томшгүй өнгө будаг хувирал хөдөлгөөн үнэхээр барагдашгүй бөгөөд хэмжээлшгүй нарийн билээ. Тэр бүхнийг ямар нэгэн хэмжээгээр нээн мэдрэхүй чадал, авьяас тэр ч байтугай зөн совинтой хүн чухамхүү байгальтай ханьсан нөхөрлөх буюу тэмцэхийн баяр жаргалыг эдлэн явдаг ажээ. Байгаль болоод шим ертөнцийн гайхамшгийг танин мэдэхэд амьдралаа зориулсан хүн л тэрхүү хөг аялгуу, үг хэл, өнгө найрлыг нь мэдэрсээр, бие цогцостоо шингэсээр улам ч гоо сайхан болном бизээ…

Ганбат Нансалмаа хоёр эр эм хоёр шиг нэг оромжинд хоноглох болсондоо хэн хэн нь жаахан бишүүрхэж байлаа. Тэгээд түүдгийн дэргэд удтал хүүрнэлдэн суув.
-Би сүүлийн арваад жил бараг дэлхийг тойрсонтой тэнцэх урт аян хийсэн. Усыг нь уугаагүй нуур, гол монголд байхгүй гэхэд ч хэтрэхгүй дээ. Сүүлдээ нэг газар зүгээр тогтож сууж чадахаа байчихдаг, тийм нэг ,тэнүүлчний гэх юм уу жуулчны дон тусчихдаг юм байна. Бүсгүй хүн мөртөө хэц дэрлэж, хээр хонож явдаг хачин амьтан гэж зарим хүн хэлдэг. Энэ хорвоо дээр хүн шиг насалж явах найдваргүй болсноо би аль тэр оюутан байхдаа мэдсэн. Тэгээд ямар ч байсан бусдад дарамт бололгүй,чөлөөтэй явж байгаад үхвэл ч хөдөө хээр үхчихье гэж шийдсэн Оюутан байхдаа амьтан судлалын шинжилгээний ангитай хэдэн удаа явсан. Аав ээж минь хүйтэн нойтонд ядарч зүдрээд биеэ улам муутгана гэж их л хориглодог байсан. Тэгсэн чинь би явах тусмаа засарлаа. Амьтны ертөнц гэгч хүний сэтгэлийг тэгж булаах юм гэж санасангүй. Би өвчин эмгэгээ ч мартаж эхэлсэн. Хүүгээ гаргахад минь эмч нар өвчин сэдрэх вий гэж их л айж байсан. Тэгсэн зүв зүгээр…
Хүү чинь ямар сургуульд билээ?

— Энэ жил их сургуулийн математикийн анги төгсөнө. Чи тэгээд өвчнөөс салж эрүүл болсон хойно ханьтай болохгүй яасан юм бэ?
— Ингэж үргэлж тэнэж явдаг хүүхэнтэй хэн суух вэ! Удам залгах үртэй, тэгээд ийм тэнэмэл амьтан ганцаараа явсан дээр.
-Ганцаардахгүй юм уу?
— Энэ сайхан байгаль дунд явахад яаж ганцаардах вэ. Шөнө мэлхийнүүд дуугарахыг чагнаж хэвтэхэд хүртэл аятай байдаг.
— Ямар ч романтик хүн гээд мэлхийгээр ханиа орлуулж чадахгүй шүү дээ.
— Би ганцаардлыг мартаж, дарж сурсан. Хайр сэтгэлгүйгээр хүнтэй суугаад ч яах юмсан билээ?
— Хорин гурван жил өнгөрч дээ. Чи бид хоёр бие биедээ хайртай байлаа. Жинхэнэ дурлал байсан ч юм уу үгүй юу би одоо болтол мэддэггүй. Гэвч би чиний дүрийг олон жил зүрхэндээ хадгалж явсан. Цагийн эрхээр элэгдсэн үү гэхээс биш.
— Бид зүгээр хань түшиг эрж эмгэг зовлонгоо хуваалцаж явсан ч юм билүү.
— Харин ээ. Төрхурахын горхины хөвөөнд уйлж дуулж л суугаад үүр цайлгадаг байсан даа. Нас маань харин ч хайр дурлалаар шатаж жолоо алддаг дээрээ явсан цаг биш үү. Гээд бид уйлж дуулахаас цааш гарч чадаагүй. Ямар нэг юмнаас айж эмээсэн юм шиг.
— Өвчнөөсөө л айсан байх. Би тэгэхэд бусад хүүхнүүдтэй адил биеийн жаргалыг эдлэх эрхгүй болсон юм шиг санаж, хязгааргүй гутардаг сан. Чи ч гэсэн нэг зөөлөн сайхан сэтгэлтэйгээс цаашгүй, чамайг сэтгэлдээ өөр хайр дурлал хадгалж явдаг гэж. би бодоод зовлонгоо хуваалцахаас цааш гаралгүй биеэ барьсан. Хорин гурван жил шүү.

Бөөрөн дээр нь «Гуа марал» гэж бичсэн бяцхан цагаан завь далайн хөвөөг барьж хойноосоо цагаан зураа татуулан явна. Ганбат жолооны ард суужээ. Нансалмаа усны жижиг амьтан барьдаг тор тавиад ажиглаж явав. «Ганбаагийн царай нээрээ л дорхноо засрах нь тэр. Над итгэчихээд явна. Хэзээний итгэмтгий зөөлөн сэтгэлтэй хүн. Уран сайхнаар сэтгэгчид цөмөөрөө ийм байдаг юм болуу даа. Эр хүн гэхэд даанчиг зориг муутай. Тэр хориод жилийн өмнө залуудаа бүр ч бүрэг амьтан байсан даа. Ярьдаг л юм нь зураг, уран зохиол. Эдгэршгүй өвчнөөс болж авьяасаа үзүүлж чадалгүй өнгөрөх нь гэж хичнээн гасалдаг байлаа. Одоо хүртэл тэсэж яваа нь их юм. Авьяасаа үзүүлж юм бүтээх хүслэнгээрээ энэ зэрэгтэй яваа ч юм билүү. Зориг хатуужлаараа нэг нь явахад нөгөөдөх нь хүслээрээ явах ч байдаг. Ганбат нэртэй зураач болж юм бүтээж яваа нь жаргал биз. Ганцхан байгалиас л тасарсан хүн юм. Хотын юмуу, үйлдвэрийн тухай зураг зурсаар тэгсэн гэлтэй юу? Одоо хүүхэд шиг юм бүхнийг шинээр нээж явна.

Нансалмаа дөч гарсан хүүхэн гэж хэн ч бодмооргүй. . -Нүдийг нь тойрон үрчлээ гарснаас өөр насны тэмдэг даанч алга. Мах шөл нь тэгш. Бүсгүй хүн гэхэд арай л хэт шөрөмслөг юм уу даа. Жил бүр зуны хэдэн сар ингэж тэнэж, ус нуур гаталж, уул хаданд авирсаар яваад ийм болчихож. Энэ Хөвсгөл үнэхээр сайхан юм аа. Тэр баруун сарьдагуудад хэзээ хүрэх юм болоо. Далайг тойрч хүрнэ гэсэн Домогт вансэмбэрүү ургасан газар нь хүрч чадвал сайн сан. Надаас л болно. Энэ чигээрээ бие хөнгөрч тамир ороод байвал нээрээ тэр сарьдагуудын нэгэнд авираад, гарчих ч юу магад. Тэгвэл хэдэн жил ч эрүүл энх явах юм хэн байг гэхэв. Энэ хорвоо чухам ямраар эс эргэдэг билээ. Нансалмааг вансэмбэрүү цэцгийн дунд сарьдгийн ташланд зогсоогоод зурвал. Цаад талд нь цаст оргил. Тэртээ дор далай. Үүлэн завсраар нарны гэрлийн цагаан зурвас.

Арай ч сүржин болох юм уу даа. Зүгээр л ингээд усны хорхой шүүх тороо ширтэн яваагаар нь зурвал ч бараг дээр биз. Юу бодож яваа болоо? Хоёр мянган он гэхэд хүмүүс далайн планктоныг хүртэл идшинд хэрэглэх болно, хорь гучин жилийн дараа манай Хөвсгөл мэтийн нуурт загас жараахайг үйлдвэрийн аргаар үржүүлнэ энээ тэрээ гээд нөгөө ярьдаг юмаа л бодож яваа. Хүн үүгээрээ л сайхан юм. Нансалмаагийн сайхан нь зүгээр нэг бие цогцостоо биш ингэж дэлхийн ертөнцийн бүтэх бүтэхгүй юмыг хаман бодож явдагтаа биз.

Ганбат Нансалмаа хоёр далайн хүйс дээр гурав хонолоо. Ганбат баруун сарьдгийн зургийг зурах хамгийн аятай цэгийг эндээс олжээ. Тэр нүцгэн хөх уулс болоод далайн өнгө дүр, өглөө, өдөр, үдэш яаж хувиран буйг Ганбат үзээд байгальд ямар санаанд багташгүй өнгө будаг, хувирал хөдөлгөөн оршдогийг гайхавч баршгүй. Урьд нь Нансалмаа шиг ингэж хэрэн хэсэж явсан бол байгалиас тэрхүү өнгө хөдөлгөөний увидасыг олж ямар нэг хосгүй бүтээл хийж ч болохсон гэмээр. Байгаль зурагчдыг заримдаа хуулбарлагчид хэмээн дотроо дор үздэг нь одоо харин эргэлзээ төрүүлэв. Тэр баруун сарьдаг, энэ далай бол урьдын боддогоор зүгээр нэг тогтонг биш харин цаг үргэлж ямар нэгэн дүрд хувилж байдаг, ургуулан бодвол хүн шиг ааш араншинтай ч байж болмоор ажээ. Мөнхийн хөдөлгөөнд орших байгалийн жам хууль мөн цаг үргэлжийн зөрчилдөөн, үүсэх мөхөх, зай чөлөө рүү тэмүүлэх цөм уранаар сэтгэгчдээс түүнийг олж харах тус тусын үзэл, чадварыг шаарддаг ажээ…

Нар сарьдагуудын орой дээр хэвийж ирэх үес далай бие биедээ ууссан мөнөөх гайхалтай олон өнгөөр мяралзан байв. Ганбат будаг бийрээ орхиод түүний нарийн ширийнийг олох гэж ажиглан суув. Нансалмаа микроскопоор ямар нэг юм шинжилж сууснаа мөн орхиж,
— Гамбаа би Хөвсгөлийн ирээдүй ямар байх бол гэж үргэлж боддог юм. Үйлдвэрийн аргаар загас үржүүлэх тухайд бол цэвэр мэргэжлийн бодол. Харин амьдралын хувьд ч гэх юм уу, Гоо сайхны нь хувьд бол өөр юм. Одоо бол энд манайхан бараг ирэхгүй байна шүү дээ. Ихэнх хүмүүс Хөвсгөл гэж нэг их нуур байдаг гэхээс цаашгүй. Далайн энэ хүй дээр гэхэд л бид хоёроос өөр хүний хөл бараг гишгээгүй. Гэтэл энэ маань ёстой л далайн баялагт арал мөн биз дээ,
— Тиймээ. Би л гэхэд энэ насандаа ямар нэг арал дээр хэд хоног ч гэсэн амьдарна гэж санаагүй явж. Ой, мод, ургамал жимстэй ийм гайхалтай аралхан байх гэж хэн мэдлээ. Шөнө хажуугаар «Сүхбаатар» онгоц гэрэл чийдэнгээ гялалзуулан өнгөрөхөд би чинь хаана байна даа гэмээр болох юм.
— Ганбаа чи Хөвсгөлийн ирээдүй гэдэг зурагч юм уу эсвэл аянчин жуулчинд зориулж хаана нь юу байгуулах төсөл хийгээч,
– Тэр болно шүү. Жишээ нь энэ хүй дээр, яг бидний буусан газар шил мод хоёроор үлгэрийн юм шиг байшин лаврин юу эс барьж болох вэ.
— Гамбаа чиний сарьдаг сайхан болж байна.
— Энэ яахав, Зүгээр л нэг уул, далай. Харин тэр вансэмбэрүү ургадаг газар хүрч очвол ертөнцийг огт өөрөөр харж ч юу магад. Хүрч л чадвал.
— Чадна. Заавал хүрнэ. Далай тойрох аялал маань бараг дуусах үе хориод хоногийн дараа чи баруун сарьдаг байтугай цаст уулын оргилд гарч чадахаар болно,
— Нансалмаа минь би дахин төрнө гэж бодохгүй байна. Гэхдээ бие минь үнэхээр хөнгөрч, амьсгалахад чөлөөтэй боллоо. Чинийхээ ачаар хэдэн жил амьд явах настай болвол жаргалын дээд тэр ээ.
— Чи суумал бурхан шиг байж. Одоо чамаар хүн хийж авнаа гайгүй.
–Эрийг нас, уулыг цас…
— Эмгэг өвчнөөс салвал эр хүний дөчин хэдэн нас билээ.
— Маргааш хөдлөөд хаа хүрэх вэ?
— Өнөө шөнө хөдлөнө. «Сүхбаатар» онгоц өнгөрөх хөдлөнө. Онгоцныхонд захих юм бий. Шөнө далай дээр их сонин байдаг. Зүүн биеийн нэг гол өгсөж тавиад километр яваад сонин газар очно. Ханднуур гэдэг. Тэнд бас хүний хүчийг гэх үү, аль мунхгийг гэх үү үзэх юм бий…

Ганбат эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Будаг бийрээ аваад толгой өргөтөл Хүйн модны захад холгүйхэн олон салаа эвэртэй буга гарч ирээд нар өөд харан зогсож байв. Цаана нь бас согоо!
– Буга согоо хоёр гараад ирлээ! Хаанаас энд явдаг амьтад гэгч вэ!
— Өвөл мөсөн дээгүүр орж ирээд далай гэсэхээс наана гарч чадсангүй л дээ. Ижлээсээ хоцроогүй нь яамай.
– Аль нэг нь ганцаараа хоцорчихвол яах байсан бол?
–Яасан ч ганцаараа байхгүй. Далайг самарч гатлаад ижилдээ ижилсэнэ. Амьтны тэмүүлэл гайхмаар хүчтэй шүү.Далайд живж үхсэн ч хамаагүй.
Нансалмаа Ганбатыг өрөвдөх буюу шинжих янзаар , гүнээ шүүрс алдав. Ганбатын бийрээ барьсан гар чичирхийлж байлаа. Шөнө завь «Сүхбаатар» онгоц ойртон ирэхэд Ганбат Намсалмаа хоёр угтан очив. Сарны цагаанд моторт завийг харсан хүмүүс гарцгааж онгоцны хашлага түшин «Завь ирж явна. Хаанаас гар ирэв ээ! Хойд зүгээс явж байна» гэх зэргээр шуугих нь тодхон. Харин онгоцны ахмад хэн ирж явааг мэдэх бололтой онгоцныхоо янданг хүнгэнүүлэн баяр хүргэв. «Сүхбаатар» онгоц хойноосоо хоёр чиргүүл чирчихсэн их л сүр бараатай харагдана. Завь онгоцны бөөрөнд бараг наадан ирэхэд ахмад хашлага дээгүүр тонгойн,
— Нансалмаа гуай сайн явж байна уу? Таныг наашаа гарсан гэж аль хэдийн дуулсан. Хүй дээр хэд хонов уу Хэнтэйгээ явж байгаа юм? гээд шалгаах нь сайн талын ёс.
— Би нэг зэрлэг хүнтэй яваа. Зураг зурахдаа л сүрхий авьяастай юм. Зүгээр загас жараахай зурдаг хүн бий. Танай Ханхын зургийг зуруулж өгөмз. Харин шагнал ахиухан өгөөрэй. Долоо хоногийн дараа очно. Баруун сарьдаг хүртэл идэх хүнс бэлдэж байгаарай гэж Нансалмаагийн өгүүлэхэд онгоцныхон баяр хөөр болов. Шөнө ингэж далай дээр тааралдах аянчин ч үзэгдээгүй юмны нэг. Ганбат Нансалмаа хоёр онгоцны ахмадаас шинэ сонин, сэтгүүл авч гэртээ бичиж бэлдсэн захиагаа өгөөд саллаа…

Нарийхан боловч элбэг устай голыг өгсөж зүтгүүлсэн үд болж байхад сая Хандгайн нуурт хүрч ирэв. Хандгай нуур гэдэг нь урьд модтой байсан намхан хөх нурууны арын хонхорт, ойн дундах хааш хаашаа хагас километр орчим гүн хар нуур ажээ. Нүдний үзүүрт үргэлжилсэн тэр намхан хөх нуруу нэлдээ хожуулаар бүрхэгджээ. Тэмцэхийн эрхээр энд тэнд ургасан ганц хоёр залуу мод сэрвийлдэхээс өөр юмгүй. Хожуул, хожуул, хожуул… Байгалийн найрал хөгжим энд гунигт аялгуу уянгалуулан байх шиг. Нансалмаа үүний учрыг ярилаа. Хатгалын ноосны үйлдвэр байгуулагдсанаас хойш бараг дөчөөд жил энэ сайхан модыг огтолж «Их моторын» түлшинд хэрэглэжээ. Уур, цахилгаан гаргах өөр түлш ч байсангүй. Жил бүхэн хэдэн мянган шоо дөрвөлжин метр түлээ буюу арав хорин мянган ширхэг ургаа мод огтолдог байжээ. Сая болтол заан шиг том биетэй, эвэр нь тулмайдсан хайнагийн шар хөллөсөн хасаг тэрэгнүүдийн урт цуваа мод чир чирсэн, хожуулын тоо мянга түмэрээ нэмэгд нэмэгдсээр байв. Өөр арга байсангүй. Одоо тэр хуучин их мотор аргагүй үеэ өнгөрөөж орчин цагийн дизель моторт байраа тавьж өгчээ.
Хүнд хүчээ хоосортол өгсөн байгалийн нэг багахан жишээ энэ юм. Энэ их ой мод нөхөгдөн ургахад хэдэн жил хэрэгтэй. Гэвч хамгийн гол нь мод зөв огтлох ухаан туршлагатай сан бол иймд хүргэхгүй байж болох сон. Ой мод үхэх төрөх, үгүйрэн хоосрох хосолсон амьд ертөнц гэдгийг хүн тэр болгон ойлгодоггүй нь харамсалтай. Ганц энэ ч биш. Байгалиас юу ашигтай, дөхөмтэйгий нь, цаг үедээ аль хямд төсрийг нь авч л байвал барав гэсэн богинохон бодол эргээд засашгүй гарзанд унагасан жишээ олон бий. Байгалийн хишгийг «булаан» авахдаа хожим нь хүн өөрийнхөө амьдралд амь шиг хэрэгтэй юмсыг булааж үрэн үрэн таран хийчихсэн бүү байгаасай билээ. Нэг мод огтлохдоо хоёр мод ургах нөхцөлийг бодох ухаан, арга байхгүй бол ингэж хөвч хангайн урт хөх нуруунуудад гунигт найрал хөгжим үүрд уянгалан байх цаг ирж юуны магад аа…!

Нар шингэхийн өмнө Нансалмаа, Ганбат хоёр Хандгайн нуурын хөвөөнд ирж ажиглах байр эзлэв. Нансалмаа энэ нууранд болдог нэгэн гайхамшигт үзэгдлийн тухай анчдаас сонссон бөгөөд урьд хоёр ч удаа ирээд түүнийг үзэж чадаагүй юм. Харин одоо яагаад ч юм бэ үзнэ гэсэн совин татаад байх шиг. Хамгийн гол нь Ганбат үзвэл өөрт нь болоод байгальд улам итгэн бишрэхийн чинээн бодогдов. Үлгэрийн явдлыг ч үзэж болмоор орой санж. Саяхан орсон аадар бороо зүүн тийш өнгөрөн нөгөө гунигт хөх нуруун дээр долоон өнгийн солонго газраас газарт нумлан Хандгайн нуур ч тэнгэрийн цэлмэг бүрхэг хоёр хэсгийг тольдон, сүүдэрт хар хэсэг дээр нь нарны алтан зурвас, түүнийг хэрээслэн солонгон нум туссан нь ер бус. Ганбат үлгэрийн оронд ирэв үү, байв уу гэж гэнэт санаад Нансалмааг сэм ажтал үргэлж инээмсэглэх аятай нүдэнд нь Хандгайн нуур бүхэлдээ мэлтэлзэн байх шиг. Ганбат түүнээс цочиж өөрийн эрхгүй холдосхийжээ. Алсын алсад тэнгэр хүрхрэн дуугарна.

–Ганбаа хараач тэр!

Нансалмаагийн заасан зүг харвал нөгөө нарны алтан зурвас солонгын тушаа том бага арваад хандгай гараад ирсэн байв. Газар доороос юм шиг гэв гэнэтхэн шүү. Ганбат хүн болсоор сүрэг хандгай үзсэнгүй. Тэднээс хоёр зуугаадхан алхмын цаадтай түрүүлж гарсан хандгайн аягын чинээн нүд наранд гялбалзан, агуу том хамрын самсаа нь сарталзан ямар нэг үнэр авч байх шиг. Тэгснээ арагш хэд алхаж ус руу тонгойн уух нь уу гэтэл тэгсэнгүй, Толгойгоо тэнгэр өөд өргөж салаалсан хавтгай том эврээрээ хүзүүгээ хэд шилгээгээд гэнэт ухасхийн нуурын хөлгүй усанд палхийтэл шумбан алга болов. Бусад нь энэхэн хормыг хүлээж байсан мэт хойно хойноосоо үсрэн орлоо. Амьтны ертөнц чухам ямар ид шидийг эс үзүүлдэг билээ. Гэвч хотод насаа өнгөрүүлж яваа Ганбат байтугай, хөдөө хээр өнгөрөөж яваа Нансалмаа ч ийм юмыг урьд хожид үзсэнгүй.

— Байгалийн нэг нууцыг… гэж Нансалмаа дуу алдтал шумбасан мөнөөхөн хандгайнууд тус бүр амандаа ямар нэг замаг өвс зуугаад уван цуван гарч ирснээ одоо болов гэсэн янзтай толгойгоо тайвнаар сэжлэн ширэнгэ ой руу орцгоох нь гайхалтай.

— Байгалийн нэг нууцыг нээлээ Гамбаа! Чамд ёстой сайхан сэдэв биш үү? гэж Нансалмаа Ганбатын хөлрөмтгий хүйтэн гарыг барин өгүүлэв. Ганбат,
— Тиймээ, Хандгайн нуур! гээд үнэхээр шинэ нууц нээж жаргал эдэлсэн хүний янзтай царай нь дүүрнээ гэрэлтэн байв.

Шөнө манай хоёр жуулчны нойр хүрсэнгүй. Шөнийн шувуу хааяа дуугарч, мэлхий ваагалсан намуухан шөнө. Маш амгалан дэлхий дээр явж байна гэж эрхгүй санагдуулмаар. Үнэндээ ч амгалан дэлхий дээр л урьдын хоёр танил хөвчийн шөнөөр бие биедээ ийнхүү хань болж явнам. Айх ичих юмгүй нь бас нэг жаргал аа, Байгаль яруу найргийг үүсгэдэг юм бол энэ Хандгайн нуур, шөнийн нам гүм байдал мөнөөхөн гунигт найрлыг уянгын найрлаар солим. Их Бетховен Жюльеттад зориулсан гайхамшиг найраглалаа цэнхэр Дунайн эрэгт бичсэн гэдэг. Пушкин уянгын эрхэм шүлгүүдээ Михайловек тосгондоо алтан намраар бичсэн. Тэдгээр сод хүмүүс байгалийг чагнаж ойлгож чаддаг байжээ.

— Ганбаа чи юу бодож хэвтэнэ вэ? гэж Нансалмаа асуув.
— Өнгөрсөн юмыг л…
— Амьдрал шинээр эхлэх ёс ч энэ хорвоод байдаг. Би л тэгсэн юм. Би анх буудалласан газраа амьдрал эндээс эхлэнэ гэж хэлсэн дээ, санаж байна уу?
— Санаж байна. Миний биеийн эрүүл мэндийн тухай л Эхэллээ гэж ойлгосон.
— Харин тийм. Хандгайн нуурын нууцыг ч нээлээ. Далайг бүтэн тойрохын үес чи хөвчийн тураг шиг эрүүл чийрэг болно доо.
— Тэгвэл ч маргааш нуурт шумбаж тэр замгаас идье байз…..

«Гуа марал» хэд хоногийн дараа Ханхад хүрч ирэв. Манай хоёр далайн зүүн биеийн бараг бүх булан тохой, гол горхины цутгалан хүртэл хэссээр энэ болоход Ганбат үнэхээр бие тэнхрэн сайжрахын шинжийг олжээ. Хээрийн хоол унд, ойн жимс, ногоо далайн ус, агаар зохисныг хэлэх үү. Тэгэх тусам баяр хөөр нэмэгдсээр. Харахад Нансалмаагийн хэзээний танилууд олон. Далайн хөвөөнөө өмнөөсөө ус, хойноосоо эрвэн сэрвэн модот ухаагаар хашигдсан зурвасхан газар барьсан товхор товхор улаан дүнзэн байшингуудад суугаа усан буудлынханд бараг л домогт хүүхэн гэлтэй. Жилийн жилд ирэх бүрдээ улам ухаантай, улам сайхан болдог гэж түүнийг шагшина. Цаатан далайч өвгөн Эрэгсэл бол бүр төрсөн охин шигээ угтан авч гэр хотлоор бөөн хөл болов. Нансалмаа энэ өвгөний үлгэр шиг амьдралыг яриулна гэж Ганбатад амласан билээ. Өвгөн ярьсан нь:

–Би уг нь тагнын урианхай хүн. Дөчин зургаан онд цэргээс халагдаад буцаж ирлээ. Дайны хэдэн жил Номхон далайн флотын харуулын ангид алба хаасан. Бэрх цаг байлаа. Дөчин таван оны намар Японы өөдөөс сая манай анги дайнд оров. Тропед шиддэг харуулын катеруудаа Щекотан арал дээр үсрээд л буулаа. Тэгтэл муу япон ч буугаад өгөв. Гавьяа гэдгий иь байгуулж амжаагүй ч шар медаль зүүчихсэн дөчин зургаан оны өвөл буцаж ирэхэд минь гэр оронд бас цаг хувирчихсан байв. Бэрх юм боллоо. Би залуу ч уур омогтой ч байж. Санаж ирсэн самганыг минь нутгийн нэг танхай хулгайч хүчээр аваад суучихсан байв. Дайснаа дараад ирсэн цэрэг нэг хулгайчаас дор байх уу? Олон юм бодсон ч үгүй. Гэрт нь гүйлгэж очоод буудаж орхив. Эхнэрээ булаалгасны өшөөг авч, булаагдсан эхнэрээ төрхөмд нь буцаагаад тайгад гарчихлаа. Анхандаа яахыг мэдэхгүй гөрөөс буудаж ирээд түүдгийн дэргэд хээр хоноод зүг чиггүй яваад байлаа. Хар багаас өссөн баян тайга гэр минь болов. Элдвийг их бодов. Энэ дэлхий дээр амьдарч, цэрэг дайнд явж өнгөрүүлсэн хорин хэдэн нас ямар ч хэрэггүй өнгөрөх болов уу, яах болов? Яван явсаар Ринчэнлхүмбийн цаатангууд дээр ирлээ. Намайг ах дүү ёсоор урц гэртээ оруулж авлаа л. Би яахав тайгын хүн тайгадаа жаргалтай амьдарч болно. Гэсэн ч нэг юм дутлаа. Цэргийн албаны хэдэн жил минь бөглүү тайгын дунд санагдаад байдаг, санагдаад байдаг. Далай дээгүүр далавчтай юм шиг давхиж хөгжиж явсан минь үлгэр ШИГ санагдана. Ингээд уулнаас буухаар шийдлээ. Би Хатгал Ханхын хооронд Xөвсгөл далайгаар пароход явдгийг мэднэ. Тэгээд дараачийн намар оройхон болж байхад явган явсаар Хатгалд хүрээд ирлээ. Пароход ирчихсэн олон хүн ачаа ачиж байна. Харин хэдэн матрос пароходын сэнснээс ямар нэг юм салгах гээд оролдож ядаж байна. Усан онгоцны дарга өндөр хүн тэг ингэ гэж зааж байлаа. Тэр хүн намайг шинэ амьдралд зүглүүлсэн капитан Чадраавал гуай маань байжээ. Би тэр хүний ачийг энэ насандаа мартахгүй. Одоо миний энэ хөгшин, үр хүүхэд, энэ байгаа юм бүхэн түүний л ач. Би тэр өдөр азаар таарсан. Сэнсэнд ороолдсон юмыг салгаж өгье гэхэд минь нэг их харснаа олон таван үггүй за тэг гэлээ л дээ. Оросоор хэлэхэд минь бүр гайхсан. Би цамцаа тайлж хаяад усанд шумба орж ороолдсон төмөр утсыг хэдэн минутад салгалаа. Хоёр гурван удаа л дээш гарсан.

Флотын матрос байхдаа дайны үед тэр байтугай хэцүү юм үзсэн би яахав. Тэгээд би Чадраа капитанд бүх учраа хэлсэн. Ингээд л «Сүхбаатар» онгоцны матрос болчихов. Хоёр жил өнгөрсөн хойно намар Хөх мөсөнд эхнэртэйгээ хоёулаа хадланд гарлаа. Манай энэ хөгшин ид залуухан. Бид хоёр сая айл болоод ёстой жаргаж, би ч урьдын гомдол зовлонг мартчихсан явлаа. Гэсэн маань гай дайрав. Намайг мөрдөж олоод бариад явчихлаа. Эхнэр маань гэдсэндээ хүүхэдтэй амьтан, өвсөн урцныхаа үүдэнд торойгоод хоцорлоо.

Намайг морь унуулж хөвчөөр дамжуулан аваад явахад нь би яахав. Олон ч юм бодож амьдрал минь заавал буруугаар эргэх хувь заяатай адгийн амьтан гэж өөрийгөө зүхэж барах биш. Нэг өдөр авч явсан хоёр маань нэг их түргэн голын эрэгт үдлэхээр буулаа . Намайг дотуур өмд, цамцтайгаа яваад ус аваад ир гэж байна. Нэг муу сэнжтэй хар сав бариад шугуй руу орж явснаа тэднийг жаахан шогломоор гэнэт санагдав. Намайг зугтаж магадгүй гэж хувцас тайлуулсанд нь хор хөдлөөд тэр. Битүү шугуйд орж нуугдаад цамцаа норгож хий оруулан хувингийн сэнжнээс уяад хүлээлээ. Удсан ч үгүй нөгөө хоёр хөөе чи бушуул, түргэл хаа байна гэж хашгиралдав. Би хараад байв. Муу нохой зугтав биш үү гэж нэг нь хэлээд, хоёул гол руу гүйлдээд ойртож ирэхэд нь цамц тогоо хоёроо ус руу шидээд орхилоо л. Боргионд дээр дор ороод талийж одов. Мань хоёр түүнийг харчихаад уухайлж байж онь холбон бууддаг юм байна. Нөгөө хийсэн цамц минь шалчийж одох нь тэр.Нөгөө хоёр ярьж зөвлөж байснаа хувцсыг минь бөөрөнхийлж усанд шидчихээд мордоод явчхад нь баярласан гэдэг тоймгүй. Ингээд намар оройхон хяруу унаж байсан цагаар өдөр шөнөгүй гүйсээр яваад гэртээ буцаж ирлээ. Тэгээд л миний амьдрал шинээр эхэлсэн юм. Жаргал ч үзлээ. Насаараа энэ Хөвсгөл далай дээр, далайнхаа хөвөөнд амьдарлаа. Одоо бодоход миний амьдрал үлгэр шиг ч юм уу, зүүд шиг ч юм уу гэмээр. Өглөө босоод энэ баруун сарьдагуудыг ажихдаа бүх юм үнэн болсныг аргагүй санадаг даа….

Ганбат Эрэгсэл өвгөний хөргийг зурах гэж хэд хоног саатлаа. Урьд олон хүний хөрөг зурсан боловч ингэж үнэнхүү олон зүйл бодолд автагдаагүй юм шиг байв. Тэрхүү «Өвгөн далайчийн» дүр байдал, сэтгэхүйд чухамхүү хүн байгаль хоёрын мөнхийн холбоо, сүр хүчний болоод хааны хослолыг энгийн мөртөө гүн гүнзгий үзүүлэхээс эрхэм юмгүй тэгээд ч ийм нэгэн хөрөг бүтээх урьдын хүсэл нь сая биелэгдэх ёстой гэж бодогджээ. Өчнөөн жил Хөвсгөлийн аугаа их мандал, тэртээ сүүхийлдэх баруун сарьдагуудыг ширтэж яваа хүний нүд адаглаад ямар байх ёстой вэ. Залуудаа үзэж өнгөрүүлсэн үлгэр шиг амьдралын тухай дурдатгал ер энэ хүнд шингэсэн эрэлхэг зориг, эгэл байдал, гуниг баярыг яасхийж үзүүлэх вэ?

Мөн л нэгэн тунгалаг өглөө Ганбат Нансалмаа хоёр Ханхаас далай тойрох аяндаа хөдлөв. Ганбатыг одоо эмгэг өвчтэй гэж хэн ч хэлэхээргүй нар салхинд хөрсжсөн эрүүл царайтай дунд насны эр харагдана. Өөрөө ч гэсэн өвчнөө нэгэнт мартагнасаар мөнөөхөн хүслэнт Баруун сарьдагтаа авиран гарахад бэлхэн. Нарны туяа ёроол хүртэл нэвтрэн дахин ойж гялалзан буй охьюу цэнхэр усыг «Гуа марал» хурц өвчүүгээрээ цахруулан зүсэх нь цовоо бөгөөд урамтай. Нансалмаа Ханхын усан буудлынхны бэлэглэсэн шинэхэн улаан алимнаас нэгийг авч цагаан шүдээрээ хазаад тэртээ баруун өмнө тийш зааж,
— Тээр нүцгэн хөх уулыг харж байна уу? Уул уулын дээр харагдаж байна. Тэнд л хүрнэ дээ гэхэд Ганбат мөн нэг улаан алаг алим авч шүүсийг нь завьжаараа савируулан
–Тэгнээ! Тэнд л хүрнэ гээд инээж, Нансалмаагийн хүзүүгээр тэврэн
– Чинийхээ хүрсэн газар би заавал хүрнэ гэж нэмэн өгүүлэв. Баруун сарьдаг! Сарьдгийг уулын оройгоос Хөвсгөлийг харна гэдэг чухамхүү энэ насанд ховорхон тохиолдох учрал үнэхээр мөн юмсанжээ.

… Ганбат Нансалмаа хоёр далайн баруун хөвөөгөөр тойрон долоон уулын буланд ус нь хүртэл хүрэв. Дөрвөн талаасаа байц хад ширэнгэ ой, уулсаа хүрээлэгдсэн далайн уужим энэ буланд ус нь хүртэл тэнгэр ширтэх газрын гүн хар нүд гэмээр. Долоон уулын булангийн усанд өнгө будаг ялгаран тодоос тод тусаж. Усанд туссан ногоон ой дээгүүр дун цагаан хун шувуу цааш нааш сүлжэлдэн хөвөх нь гайхамшигтай. Ганбат энэ бүхнийг зураачийн нүдээр харж илбэдүүлсэн юм шиг алмайран явлаа. Бяцхан давхраатай сониуч мөртөө баясгалангүй янзын дөлгөөн харцтай хонин бор нүдэнд нь үе үехэн гэрэл асах мэт. Нансалмаа ч түүний сэтгэл хичнээн догдолж буйг ажиглан үг дуугүй мишилзэн явлаа. Манай хоёр долоон уулын буланд «Гуа марал»-аа уян уулын аялалд гарсныхаа маргааш бага үдэд мөнөөх баруун сарьдгийн магнайд хүрч ирлээ. Ой мод улам сийрэг тачир бол болсоор энэхүү магнайд нам дор газартай огт төсгүй өвс ургамалтай ажээ. Эндээс далай болон түүний эргэн тойрны бүх юм ер бүсын үзэгдэв. Далай хойд хагас энгээрээ хөх ногоон өнгөөр цэлэлзэн долгио нь хааяа энд тэнд нарны гэрэл ойлгон оч мэт гялс гялс хийнэ. Хүй арал хөх усны дунд нов ногоон шигтгээ ад үзэгдэх бөгөөд өөлж зассан юм шиг дугуй хэлбэртэй ажээ. Далайн зүүн биеийн намжаа их ой, алсын уул нуруу өндөр намаараа үелэн шингэн цэнхэр униар татжээ. Дэлхий ертөнц маш тавилуун чөлөөтэй, хүний сэтгэл уужруулам чухам ийнхүү сарьдаг уулын хяраас л хараад бахархмаар дуулим хорвоо гэдэг энэ биз ээ. Энэ бүхнийг хараад хүн өөрийн өчүүхнийг бус харин ч байгаль дэлхий эзэгнэн яваадаа бахархан сэтгэл төрнөм билээ. Ганбат Нансалмаа хоёр хөвд шиг зузаан хаг ургасан үхэр чулуун дээр сууж тэр бүхнийг удтал ажиглав.

— Нансалмаа минь уран бүтээлчийн жаргал гэж байдаг юм бол түүнийг би чинийхээ ачаар ханатлаа эдэллээ.

Далайн хүй дээр байхдаа нэг зургийн сэдэв олсон юм. Сарьдаг уулын оройгоос энэ Хөвсгөл далай ер нь эх нутгаа ширтэн зогсож байгаа бүсгүй байх юм. Бидний харж байгаа шиг байгалийн энэ аугаа хөргийг ам дөрвөлж талбай дээр багтааж болдогсон бол би гайхамшигт бүтээл хиймээр байна. Зураач хүнд насны бүтээл гэж байдаг би тэр сэдвээ оллоо. Чинийхээ ачийг санаж, чамдаа зориулж… гээд Ганбатын хоолой зангирав. Нансалмаа мөрийг нь толгойгоороо түшээд:
— Би чамайг авьяастай зураач, сэтгэлээрээ яруу найрагч гэж мэддэг болохоороо л дагуулж гарсан юм. Өвчнөө амархан мартаж засарна гэдэгт итгэсэн. Чи минь нээрээ өөр хүн болчихлоо шүү дээ. Сарьдаг уулын хярд гарчихаад насныхаа бүтээлийн сэдэв олно гэдэг зураач хүнд ямар байхыг би төсөөлж байна, Амьдрал, байгаль хүн цөм сайхан шүү Ганбат минь. Цай чанаж уугаад вансэмбэрүүгээ эрхээр явъя… Нар үд хэвийхийн үеэр Нансалмаа ан харсан гөрөөч мэт зогтусан
-Тэр байна. Вансэмбэрүү! гэж дуу алдав.Эрэн эрсээр эцэж ядраад бараг л цөхрөхийн даваан дээр аз таарлаа.

Вансэмбэрүү! Домогт энэ цэцгийг ургуулах гэж байгалиас зориуд зассан юм шиг тал сарын хэлбэрт тэгшхэн цэцэг байна. Доод талдаа алгын чинээн дээшээ улам бага бага болсон шар ногоон навчис хэлхээстэй өндөр бүдүүн иштэй цагаан шархан бялзуухай суух мэт дэлбээнүүд салбарласан тэрхүү ер бусын цэцэг зай зайгаа аван энд тэнд ургажээ,

– Эд чинь амьтай, биднийг харж байна бишүү гэж Ганбатыг шивнэхэд Нансалмаа гараас нь хөтлөн,
-Тиймээ, амьтай юм очиж сайн үзье, Насны чинь бүтээлд хэрэг болно шүү хайрт минь! гэлээ.

Тэртээ дор Хөвсгөл далай гүн хөх өнгөөр туналзан мэлтэлзэж, сарьдаг уулсын дээгүүр тэнгэр хязгааргүй цэлийн байлаа.

С.Эрдэнэ

Be the first to comment

Leave a Reply