Буурал найз минь 

Мань Базаргүр ахмадын охиноос болж дайнд явсан юм. Ямар ч гэсэн бид түүнийг үнэхээр Жанчхүүгийн Давааны тулалдаанд оролцож жинхэнэ эх цэргийн үүргээ биелүүлсэн гэж итгэсэн билээ. 1944 оны өвөл бид цэргийн сургуульд суралцаж байлаа. Манай ангид Базаргүр, Жанчивсэнгэ гэдэг хоёр “атаман” байжээ.

Базаргүр эрдэм авьяасаараа “Атаман” харин Жанчивсэнгэ бол хүч тэнхээгээрээ “Атаман”. Бидний нас арван долоо найм шүргэж ёстой л ааг охио багтааж ядсан цаг билээ. Базаргүр дуу дуулна. Зураг зурна. Шүлэг бичнэ. Тэр жилийн шинэ жилээр нийслэлийн сургуулиудын ахлах ангийнханы үдэшлэг дээр <Степь да степь кругом> гэдэг орос дууг аргил хоолойгоор дуулаад л нэрд гарчихсан юм. Тэр өвөл мань эр гэнэт аргил хоолойтой болчихсонсон. Тэр орос хэл сураад Пушкин, Лермонтов нарын шүлгийг дууриалган шүлэг бичдэг бас оросын нэрт дуучин Феодор Шаляпины пянз тавьж дууриан дуулсаар байгаад аргил хоолойтой болсон хэрэг. Зөвлөлтийн цэргийн офицерүүдийн ордноос Шаляпины пянз гуйж авчраад эгшигт хайрцагт тавьж дуулуулан уярахдаа бүсгүй хүүхдийнх шиг урт сормуустай дүглэгэр хар нүдэнд нулимс гүйлэгнүүлэн “…Ай мөн гайхамшигтай хорвоо юмаа…” гэж шүүрс алдана.

Тэр маань шинэ жилийн үдэшлэгт дуулж нэрд гараад зогссонгүй улсын театрын нэг хүүхэнд сэтгэлтэй боллоо гэж шүлэглэсэн захидал бичээд бидэнд уншив. Тэр нь бидэнд Пушкиний шүлгээс дутуугүй сайхан санагдсан тул театрын тэр гоё хүүхэн лав хариу ирүүлнэ гэж ярьцгаалаа. Гэтэл хэд хоногийн дараа өөдсөн чинээ нэг зурвас ирүүлсэн нь “…Дүү минь эгчээрээ оролдоод хэрэггүй биз” гэсэн байв. Базаргүр маань ихэд гутарлаа. Тэгээд л өөрөө шинэ жилийн үдэшлэгт ганц дуу дуулаад нэрд гарлаа ч гэсэн алдартай сайхан хүүхэнд захидал бичих дэмий гэдгийг ухаараад курсийн даргын охин Цэрэнлхамд захидал бичихээр шийдсэн хэрэг. Манай сургуулийн клубт болдог байсан өдрийн бүжигт Цэрэнлхам ирж бидэнтэй бүжиглэнэ. Торгон тууз зангидсан урт хонгор гэзэгтэй, улаан хацартай, алиа нүдтэй тэр охиныг Жанчивсэнгэ атаман ихэвчлэн булааж бүжиглэнэ. Жанчивсэнгэ бол сайхан эр.өндөр нуруутай болохоороо жагсаалын магнайд зогсоно. Модон морин дээр арван малгай давхарлаад харайчихна. Соонс эргэхдээ гарамгай. “Соонс” Гомбосүрэн гуай хүртэл түүнийг магтсан удаатай. Тэр аргалын савар шиг сарвайсан яст хуруутай гараараа савлуурын хөндлөвчнөөс мөчидхөн атгаад, шургааг шиг урт атлаа майга хөлөө хагас дугуйран хавсарч салхи сэвэлзтэл хорь гуч эргээд тэртээ хол саваад буучихна. Их том дуутай. Байрны урт хонгилын үзүүрт орилоход нөгөө үзүүрийн цонх доргино. Тэр нь баатар эрийн шинжтэй боловч, даанч залхуу, салан. Тэгээд бас биднийг суу явдалд удирдахдаа гарамгай даа. Нэг удаа бид түүний удирдлагаар Амгалангийн мухлагны наймааг сүрдүүлэн тамхи хэдэн хайрцгийг булааж аваад мэдэгдэн, тасгаараа гурав хоног сахилгад суусан билээ.

Базаргүр маань Цэрэнлхамд нөгөө дуучин хүүхэнд бичсэнээсээ илүү, ёстой лусын дагина ч уярмаар сайхан захидал бичжээ. Гэтэл майн баярын бүжиг дээр өнөөх Цэрэнлхам Базаргүрийн захидалд нэг их уяраагүй нь мэдэгдлээ. Тэр үдэшлэг дуустал Жанчивсэнгэтэй бүжиглэв. Мань Базаргүр түүнийг авч ганц удаа бүжиглээд толгой гудайлгасаар хүрч ирэн шүүрс алдаж,
– Намайг доожоогүй эр гэж байна. Энэ муу Жанчивсэнгээс л боллоо. Өөрийгөө сумын начин, эмнэг морь булгиулдаг гэж шал худал хэлсэн байна. Муухай, муу Швабриныг дуэльд дуудна даа гэв. Бид Пушкины “Ахмадын охин”-ыг сайн мэдэх учир Жанчивсэнгэ дорхноо л Швабрин гэдэг хочтой боллоо. Цэрэнлхам ч ахмадын охин болов. Манай курсийн дарга ч ахмад цолтой. Ингээд бид гайхалтай сонин явдлыг үзэх аазгай хөдлөн Базаргүрийг хөөргөж гарлаа. Би түүний секундант болъё гэв.
Нэг бүтэн сайн өдөр хоёр секунтантууд Жанчивсэнгэ, Базаргүр хоёрыг таван алхмын зайтай зогсоож,
– Эхэлцгээ! гэж командлав. Мань Базаргүрийн өвдөг чичрэн сахлын ор гарч яваа уруул нь татвалзаад их л сандарч байгаа бололтой.
– Зоригтой бай юунаас айдаг юм гэж би шивнэнэ. Тэгтэл Швабрин уухай хашгираад дайрч ирэх нь тэр. Сэлэм ч хангинаад явчихлаа. Мань Базаргүр урьд нь боловсруулсан мэхээрээ булт үсрэхэд Жанчивсэнгэ хий хатгаад арай л газар мөргөж унасангүй. Базаргүр түүнийг эргэнгүүт л урагш давшин сэлмийг нь мулт цохих ёстой байлаа. Гэтэл үхсэн хойноо мулт цохих. Тэр далайж цохихоо мартаад давшиж хатгах гэтэл Жанчивсэнгэ эргэнгүүт сэлэмний нь өнцөг дээр тас байлгахад мань эрийн сэлэм гараас нь мулт үсрэн тэртээ хол шороо дур хийлгэв. Базаргүр бууж өгсний тэмдэг болгон бээлийгээ хөсөр шидээд толгойгоо унжуулан найгасаар холдоход би арай л уйлсангүй. Ийм л юм боллоо.

Удалгүй хаврын шалгалт эхэлж, сайн өдрийн бүжиг ч үгүй, тоглож наадах зав ч үгүй боллоо. Базаргүр Швабринд дийлдсэндээ гутарч хэд хоног гунигтай явснаа шалгалтанд бэлтгээд мартлаа. Харин зав л гарвал Жанчивсэнгийг шоолсон зураг зурж, шүлэг бичнэ. Гэвч Жанчивсэнгэ тэр зэргийн чимхэлтийг тоох эр биш. Дэндвэл тэр зодчихож мэдэх боловч шалгалтын үеэр “будаа” идэх талаа бодоод тэвчсэн хэрэг. Ингэсээр байтал нэг мэдэхэд шалгалт маань дуусаж, зун болоод бид гэртээ харьцгаах боллоо.

Дэлхийг донсолгосон их дайн зөвлөлтийн ялалтаар дуусаж хүүхэд бид ч гэсэн баяр хөөртэй нь аргагүй. Дөчин гурван оны өвөл Базаргүрийн саналаар биднийг фронтод явуулж өгөөч гэж маршал Чойбалсанд өргөдөл бичсэн билээ. Бид нэгэнт цэргийн даргын сургуульд орж буу буудаж чадах болсон учир гитлерчуудтай тулалдахад бэлэн байлаа. Гэтэл сургуулийн захирал генерал Дагва гуай биднийг дуудаад

– “Би та нарын өргөдлийг маршалд үзүүлсэн. Нас чинь бага байна. Цэргийн эрдэмд сайн суралцаж сайн дарга нар болох хэрэгтэй” гэсэн гэхээр нь бид их л баярлаж өглөө хар үүрээр босон бүрэн зэвсэг үүрч өвлийн хөр цасан дундуур элгээ эгштэл гүйсэн ч, танк эсэргүүцэгч ПТР гэдэг урт буугаар буудаж мөрөө өвдтөл ёвруулсан ч жинхэнэ цэрэг эрийн ёсоор шүд зуун хатуужсансан.
Биднийг амралт эхлэх үеэр улаан цэргийн цуваа зүүн зүг өдөр шөнөгүй нүргэлэн одож байсан бөгөөд удахгүй японд дайн зарлаж манай цэрэг чөлөөлөх дайнд оролцоно гэдгийг мэдэж байлаа.
Базаргүр бол Дорнод аймгийн хүүхэд. Тэр нутагтаа явахын өмнө ахмадын охинд бичсэн захидлаа надад уншив. Тэр энэ удаа шүлэглэсэнгүй, жирийн захидал бичжээ. Тэр захидалдаа “…Би японы самурай нараас өвөр Монголоо чөлөөлөхөөр явж магадгүй. Би хэдий доожоогүй эр боловч ямарч аавын хүүгээс дутахгүй байлдаж чадна. Жанчивсэнгэ бид хоёрын аль жинхэнэ эр хүн болохыг чи үзнэ дээ…” гэх зэргээр бичсэн байв. Бид ч яах вэ. “…Чи нээрээ дайнд оролцож японтой байлдаж чаддаг юм бол ахмадын охин байтугай өнөөх дуучин хүүхэн ч чамд дурлана…” гэх мэтээр доог хийгээд өнгөрлөө. Гэтэл юу болсон гэж санана. Намар сургууль цуглахад Базаргүр ирсэнгүй. Нутгийн сумын захиргаанд утас явуулж сураглахад аль найман сарын эхээр Улаанбаатарт сургуульдаа явсан гэсэн хариу ирэв. Хотод ирээд сургуулиасаа зугтааж байж магадгүй гээд хотын комендат, сэргийлэхээр эрүүлэвч сураг алга. Ингээд бүр улсын хэмжээгээр зар тарааж эрэх юм болов. Эцэг эх нь айн сандарсан гэдэг туйлгүй биз. Бид гайхахдаа зуны амралтаар харихын өмнө дайнд явж магадгүй гэж байсныг даргадаа хэллээ. Тэгж байтал ахмад маань охиноосоо Базаргүрийн захидлыг олжээ. Урьд нь сэжиглэж байсан бололтой. Ахмадын охиноос Базаргүрийн шүлэглэсэн захидлууд болоод дайнд явах тухай бичсэн сүүлчийн захидлууд цөм олдсон байна. Ингээд бүр хил давж чөлөөлөх дайнд явсан цэргийн ангиудаас сураг гаргах хэрэг тулгарлаа. Ийнхүү бөөн эрэл сурал болж байтал есөн сарын сүүлчээр Базаргүр маань тэнгэрээс унасан мэт гэнэт хүрээд ирдэг байгаа даа. Ирэх ирэхдээ зөвлөлтийн танкийн цэргийн хувцастай, энгэртээ гвардын тэмдэг японыг ялсны алтан шар медаль зүүчихсэн ирлээ. Сахлынхаа оронцгийг ургуулж засаад алх хадуурт улаан таван хошуутай пилоотог малгай хазгайхан тавьсан нь их л дэгжин. Түүгээр ч барахгүй тэр генерал Плиевын штабын даргын гарын үсэг, тамгатай сайшаалын үнэмлэхтэй иржээ. Тэр үнэмлэхэд “…Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуулийн курсант Базаргүр мотомеханикжуулсан … дугаар хорооны хүү болж Жанчхүүгийн давааны тулалдаанд оролцон эрэлхэг дайчин болохоо үзүүлсэн тул сайшаан офицерын планшет ба алтан үгээр шагнав” гэсэн байв. Ингэж Базаргүр бидэнд ёстой л баатар эр шиг санагдан атаархавч баршгүй байлаа. Тэр яаж дайнд явсан тухайгаа үлгэр шиг юм ярьж билээ.

Найман сарын эхээр Монгол-Зөвлөлтийн армийн ангиуд хил давах үес мань хүн сурагч погоноо цэрэг погоноор солиод, Матадаас хөдөлсөн арын албаны машинд суугаад хил хүрчихжээ. Тэгээд хил давах үеэр шалгалт болоход илэрч Дорнод аймаг руу явах эмнэлгийн тэргэнд хүргэгджээ. Гэтэл сэргэлэн эр замаасаа оргоод улаан армийн нэг ангид очиж мухар олгой ургаад ангиасаа хоцорсон гэхээр нь итгэж аваад явсан хэрэг байв. Тэгээд бүр хил давсан хойно үнэнээ хэлэхэд монгол цэргийн аль нэг ангид хүргүүлэх юм болов.

Гэвч орос цэргүүд өнөөх “Степь да степь кругом” гэдэг дуугаа Шаляпин шиг аргил хоолойгоор сайхан дуулдаг болохоор нь хайрлаад хорооныхоо хүү болгож авч явъя гэхээр нь дарга нь зөвшөөрчээ. Тэгээд л мань хүн улаан армийн хорооны хүү болж Жанчхүүгийн давааны тулалдаанд оролцсон хэрэг байлаа. Тэр хуягт тэрэгний экипажтай хамт дайралтад орж арав шахам самуурайг сөнөөсөн гэдэгт ч бид итгэлээ. Ийм л явдал болсон юм. Түүнээс хойш ахмадын охин Цэрэнлхам Базаргүрийг жинхэнэ баатар эр мөн гэж тоосноор барахгүй үерхэж явсаар гурван жилийн дараа сургуулиа төгсөж дарга болоход нь эхнэр нь болж хязгаарын нэг анги руу явсан юм.

Базаргүр дуучин юмуу яруу найрагч болж чадах авьяастай хүү байсан боловч тэгэлгүй цэргийн дарга болж санасандаа хүрсэн билээ. Одоо тэр хурандаа цолтой, олон хүүхэдтэй сайхан амьдарч явна.

Би түүнтэй хааяа уулзахдаа “Саарал шинелээ тайлаагүй, буурал найз минь” ёстой мөн дөө гэж сэтгэл догдлон боддог юм.

С.Эрдэнэ

Be the first to comment

Leave a Reply