Мөнгөн хазаарын дууль

Аяа, орчлон дахиныг цаглашгүйгээр хумин багтаагч хүний оюун бодол юутай гайхамшиг! Нарт ертөнцийн амьдрал, хорвоогийн жамыг эргэцүүлэгч ухаант хүний хүсэл зөгнөл юунд ч саатан сааршгүй бөгөөд ямархан ч цагт тэрхүү оргилуун бадрангуй хүслэн зөгнөлийн хүчээр сэтгэлийн тээр дарамтыг таягдан хаях юутай жаргалан.

Сансрын хөлгөөр орчлонгийн хязгааргүйд мөнгөн сум шиг харван одож, алсын од гаригаас алтан лиш цэцэг эх дэлхийдээ авчран, хайртандаа барих үр ачийнхаа тухай мөрөөдөн, сэтгэлийн амирлангуйг үл тэвчигч яруу найрагч дээдсийнхээ гэрээсийг залуу зандан цагтаа сансар эрхэст илгээн явжээ. Одоо үсэнд минь насны намрын хяруу унавч орчлонг хумин багтаагч сэтгэлийн хүчийг алдаагүйгээр барахгүй дээдсийн хүслэн биелэхийг нүдээр үзлээ. Алсын од гаригаас алтан лишийг авчрах үр ачаа үзлээ. Юутай жаргалан, юутай жавхлан!

Намрын шөнө түмэн түмэн од жирэв жарав гялтганасан огторгуйг ширтэн бодлогоширном. Тал нутгийг минь ивээн бүрхсэн агуу тэнгэрийн дор хүний үр юуг эс үзнэм билээ. Бодлын харгуйг үзүүргүй сунгасан энэхүү одот орчлонд монголынхоо зориг сэтгэлийн гэрэлт замыг гарган, сансрын хөлгөөр дүүлэн яваа тал нутгийн хөвгүүний дүрийг сэтгэлдээ зурагланам. Одтой ижилссэн од билээ тэр. Монгол хүн сансарт нисэн олны зүрхнээ мөнх тэмдэглэгдэх цагт, манайхны хүүхэд хөгшидгүй цөмөөрөө нэгэн зэрэг гэрээс гарч тэнгэрийг ширтэн, монголынхоо одыг олж үзээд ямархан баяр хөөр болох вэ.

Сансрын нисэгч тэрхүү хөлгийнхөө гэгээвчээр эх нутгаа ширтэн ахуйд тахийн зоо шиг шаргалтах илчилгүй говь тал маань газар тэнгэрийн савслагаа орхин, сансрын өндрөөс бүхлээрээ цэлийгээд, хүү хөлд орж хүн болсон төрсөн нутаг, аавынхаа цагаан гэр бөмбийж буйг төсөөлөн «Миний аавынх тэр байна! Манайх тэр байна!» гэж, сансрын хөлгийн дарга орос нөхөртөө заан өгүүлэхэд тэр нь нөхрийн сэтгэлийг ойлгож гэгээвчээр шагайн, найзынхаа төрсөн цагаан гэрийг үнэхээр үзсэн юм шиг « Тийм байна, Мөнгөн хазаарын эзэн аав чинь гараа даллаад зогсож байна!» хэмээн орос монгол сансрын ах дүүс инээлдэн баярлана. Үнэхээр ч хөлгийн бүхээгийн хананд мөнгөн хазаар өлгөөстэй байх ажээ. Сансрын нисэгчийн аав хөлөг морио хазаарлаж явсан хазаараа хүүдээ өгч илгээн «Хөлөг мориныхоо молор эрдэнэ толгойд явсан хазаараа огторгуйд авч гараарай. Монгол хүний сайн унаа хөлөг морь тэнгэрт дүүллээ гэж аав нь санаж явъя. Хүний үрс насан үүрд хийморьлог, буян нь дэлгэрч явахын бэлэг дэмбэрэл болог!» хэмээн ерөөсөн тэр ерөөл бат оршжээ.

Сансрын нисэгч хөвгүүд цог хийморио бадруулан, алдар цуугаа дуурсган эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирээд аавтайгаа золгохдоо мөнөөхөн сансрын хөлгийн бүхээгт явсан мөнгөн хазаараа хоёр гардан барьжээ. Хүүг уг тахаар хуран цугларсан нутаг нугынхан нь сансарт ниссэн тэр хазаарыг гар дамжуулан үзэж баяр хөөр болцгоох нь газар дэлхийд олдохуяа чухал чандмань эрдэнэ чухам тэр байлаа. Хүүгийн аав уяан дээрээсээ шувуун саарал морь хөтлөн ирж, тэрхүү мөнгөн хазаараар хазаарлан хүүдээ бэлдсэн бүрэн чимэгтэй эмээл тохоод «Сансар огторгуйд нисэвч энэ газарт төрсөн хүү минь хөлөг морио унаад хөдөө талынхаа салхинд давхиад ир! Аз хийморь чинь бадраг!» гэхэд хүү шувуун саарлыг унаад цэнхэр манан татсан нутгийнхаа уулсыг зүглэхэд шувуун саарал морь сансрын мөнгөн хазаараар хазаарлуулснаа мэдсэн юм шиг үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр дүүлэгч үлгэрийн хөлөг мэт шуумайн оджээ. Цэнхэрлэн харагдах уулс ногоорох тал, хөхрөх тэнгэрийн уудамд хөлөг морины тухай эртний дуу, сансрын ннсэгчийн тухай өнөөгийн дуутай хослон уянгалнам.

Аяа юутай жаргалан, юутай жавхлан.

/С.Эрдэнэ

Be the first to comment

Leave a Reply