Мужийн Төлөөлөгчдийн Танхимийн төлөөлөгчийг сугалаагаар шалгарууллаа

Виржиниа мужийн сонгуулийн 94 дүгээр тойрогт явагдсан сонгуулиар тэнцсэн Бүгд Найрамдах нам, Ардчилсан Намын нэр дэвшигчдийн ялагчийг сугалаагаар шалгаруулж, Бүгд Найрамдах намын нэр дэвшигч David Yancey Мужийн Ассемблейн төлөөлөгчдийн Танхимд суух ялагчаар тодорчээ.
Үйл явдлыг товч сануулбал өнгөрөгч 11 сард явагдсан Виржиниа мужийн хууль тогтоох Ассемблейн Төлөөлөгчдийн танхимын сонгууль болж, улмаар Бүгд Найрамдах Нам 51:49 харьцаагаар ялсан дүн гарсан. Гэвч Мужийн сонгуулийн 94 дүгээр тойрогт явагдсан сонгуульд Бүгд Найрамдах намын нэр дэвшигч David Yancey 1 саналын зөрүүгээр Ардчилсан Намын нэр дэвшигч Shelly Simonds-ийг ялсан дүн гарсан ч санал дахин тоолох шийдвэр гарч, улмаар тус тойрогт хоёр нам тэнцсэн гэсэн сонгуулийн хорооны дүн гараад байсан юм.

Мужийн сонгуулийн хуулиар саналын тоогоор нэр дэвшигчид тэнцсэн нөхцөлд ялагчийг сугалаагаар тодруулдаг уламжлалтай бөгөөд хамгийн сүүлд 1971 онд ийнхүү сугалаа явуулах шаардлага гарч байжээ.

Ийнхүү 50:50 харьцаагаар хуваагдах нөхцөл үүсээд байсан мужийн хууль тогтоох байгууллагад Бүгд Найрамдах олонхийн статусаа хадгалах нөхцөл үүсээд байна. Төлөөлөгчдийн танхимд олонх болсон улс төрийн хүчин танхимийн дотоод дүрэм журмыг тогтоох, байнгын хороодын дарга нарыг томилох, Төлөөлөгчдийн Танхимын хурлаар хэлэлцэж санал хураах асуудлыг давуу эрхээр шийдэх зэрэг олонхийн давуу талыг эдэлдэг байна.

Харин сугалаагаар ялагдсан Ардчилсан Намын нэр дэвшигч тус тойрогт явагдсан саналыг дахин тоолуулах хүсэлт гаргах боломжийг үгүйсгэхгүй байна. Өнөөдрийн сугалаагаар ялагч тодруулах хурлын дараагаар Төлөөлөгчдийн Танхимд Бүгд Найрамдах Намын бүлгийн ахлагч Kirk Cox ‘Associated Press’-д өгсөн ярилцлагадаа хэрэв Simonds санал дахин тоолуулах хүсэлт гаргавал сонгуульд ялагч тодрох хүртэл David Yancey Төлөөлөгчдийн танхимд суух боломжгүй гэдгийг тодотгожээ.

Дээрх 94-р тойргоос гадна Stafford County болон Fredericksburg тойргийн санал хураалт маргаантай байгаа бөгөөд тус тойрогт явагдсан санал хураалтад оролцсон зарим сонгогчид буруу дүүрэгт санал өгсөн гэсэн маргаан шүүхэд хүрээд байгаа юм. Тус маргааныг хэлэлцэх Холбооны шүүхийн шүүх хуралдаан ирэх Баасан гарагт товлогдоод байгаа билээ.

Ийнхүү мужийн хууль тогтоох байгууллагад хяналт тогтоох улс төрийн намуудын өрсөлдөөн хүчтэй өрнөж, одоогоор ямар нам олонх суудлыг авахыг хэлэхэд эрт байгаа юм. Хууль тогтоох байгууллагад аль нам олонх болох нь иргэдийн амьдрал амжиргаанд шууд нөлөөлдөг бөгөөд олны анхаарлын төвд байгаа асуудлуудын нэг нь эрүүл мэндийн даатгалын Medicaid хөтөлбөр юм. Хэрэв Ардчилсан нам олонх болсон нөхцөлд Medicaid хөтөлбөрийг илүү олон хүнд хүргэх хууль хэлэлцэх нь тодорхой байгаа бөгөөд Ардчилсан намаас шинээр сонгогдсон мужийн захирагч ч энэ тухай мэдэгдээд байгаа билээ.

Be the first to comment

Leave a Reply