807,000 ширхэг Prius автомашиныг буцаан татаж засварлана

Toyota компани програм хангамжийн доголдлын улмаас 807,000 ширхэг Prius маркийн автомашинаа буцаан татаж засварлах шаардлагатай гэж үзжээ.
АНУ-н зах зээлд борлуулагдсан 2010-2014 оны Prius загварын, 2012-2014 онд үйлдвэрлэгдсэн Prius V загварын машинуудын компьютерийн програмчлалыг нэн даруй засварлах шаардлагатай согог байж болохыг тус компаний инженерүүд тогтоосон байна.

Мөн АНУ-н зах зээлээс гадна Япон улсын зах зээлээс 1.25 сая, Европын орнуудаас 290,000, Хятадын зах зээлд борлогдсон 3,000 автомашин энэ удаагийн буцаан татаж засварлах автомашины жагсаалтад  ороод байна. Эдгээр улс орнуудад 2008 оны 10 сараас 2014 оны 11 саруудад борлуулагдсан Prius болон Auris hybrid машинуудыг нэрлэсэн байна.

Тус компаниас гаргасан тайлбарт “…маш ховор тохиолдолд эдгээр автомашинууд өндөр хурдтай явах үед хөдөлгүүр/ цахилгаан унтарч, улмаар гацаж болох бөгөөд хэдийгээр энэ нь тормоз болон залуурын механизмд нөлөөлөхгүй ч осол гарах нөхцөл бүрдүүлж болох…” ажээ.

Prius машины компьютер нь хайбрид систем хэт халсан үед, эсвэл ноцтой механик болон програмын гэмтэл гарсан үед “limp-home” буюу ослын горимд шилжиж, автомашиныг ямар нэгэн сааталгүйгээр үйлчилгээ авах газар, эсвэл зорьсон газраа хүргэх зориулалттай хийгддэг ажээ. Харин дээр дурьдсан машинуудад гэмтэл үүссэн үед “limp-home” горимд шилжихгүй, саатал үүсгэх, хөдөлгүүр бүрэн ажиллагаагүй болох эрсдэл байж болохыг Тоёотогийн инженерүүд илрүүлсэн байна.

Эдгээр автомашинуудын програм хангамжийг шинэчлэх шийдэл гарсан даруйд автомашин эзэмшигчдэд албан ёсоор мэдэгдэж, үнэ төлбөргүйгээр автомашины програм хангамжийг шинэчлэх гэнэ.

Одоогийн байдлаар дээрх програм хангамжийн согогын улмаас ямар нэгэн ноцтой осол аваар бүртгэгдээгүй гэнэ. Харин Япон улсад дээрх асуудалтай холбоотой байж болох 3 тохиолдол бүртгэгдээд байгаа ч осолд хүргэсэн  тохиолдол байхгүй гэжээ.

Be the first to comment

Leave a Reply