Хууль бус цагаачдыг хоморголон баривчлах ажиллагааг хойшлуулжээ

Маргаашнаас эхлэн АНУ-н томоохон 10 хотод хууль бус цагаачдыг баривчилж албадан гаргах ажиллагаа явуулах тухай зарлаад байсан.Харин өнөөдөр Ерөнхийлөгч Трамп энэхүү ажиллагааг 2 долоо хоног хойшлуулж буйгаа зарлаад энэ нь Ардчилсан намын хүсэлтийн дагуу гэж тайлбарлажээ. Тэрээр өгүүлэхдээ Ардчилсан Нам болон Бүгд Найрамдах намуудын хооронд АНУ-н өмнөд хил дээр үүсээд буй хурцадмал асуудлаар хэлэлцээр  хийх боломж олгох үүднээс хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг 2 долоо хоног хойшлууллаа гэжээ.


 

Харин 2 долоо хоногийн дотор Ардчилсан намаас өмнөд хил дээр үүсээд буй хууль бус цагаачид хил зөрчиж буй асуудлаар дорвитой тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ-д орогнож буй хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг эхлүүлнэ гэж дурьджээ.

Энэ нь АНУ- Мексик хил дагуух хана барих хөрөнгийн асуудлаар Ардчилсан намаар буулт хийлгэх алхам гэж ойлгогдохоор байгаа юм.

Ямартаа ч хууль бус цагаачдын дунд багагаггүй айдас хүйдэс төрүүлээд байсан хоморголон баривчлах ажил түр хойшилжээ.

Дашрамд дурьдахад хууль бус цагаачдыг олноор нь баривчилж албадан гаргах Ерөнхийлөгч Трампийн шийдвэр гарсан даруйд Арлингтон хотын Удирдах Зөвлөлөөс иргэдэд хандаж ил захидал гаргасан бөгөөд Хотын Удирдах Зөвлөлийн Дарга Libby Garvey-ийн гарын үсэг бүхий уг ил захидалд “…Арлингтон хотын хууль сахиулах байгуулага хэзээ ч иргэдийг зөвхөн цагаачлалын статусыг тодруулах зорилгоор саатуулах, байцаах, мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй, цаашид ч явуулахгүй…” гэсэн утгатай байгаа юм. Цаашдаад Арлингтон хот хүн бүрт, тухайлбал хууль бус цагаачдад ч нээлттэй, ээлтэй хот байсан, одоо ч байгаа, цаашид ч байх болно гэжээ. Өөрөөр хэлбэл Арлингтон хот Холбооны Улсын цагаачлалын хуулийг хэрэгжүүлэхэд оролцдоггүй бөгөөд хотын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг цагдаа хүчний байгууллагыг энэ зорилгод ашигдахгүй гэсэн бодлого барьдаг билээ.

 

Be the first to comment

Leave a Reply