Шуурхай мэдээ: Трамп хууль ёсны цагаачдыг ч албадан гаргах төлөвлөгөө нь ил боллоо

Лалын шашинтнуудыг АНУ-д орохыг хориглоод буй Ерөнхийлөгчийн Трамп цаашид ч цагаачлалын чиглэлээр эрс шийдэмгий алхам хийхээр зэхэж буй тухай мэдээлж эхэлжээ.

Ойрын ирээдүйд Ерөнхийлөгч гарын үсэг зурахаар төлөвлөж буй зарлигуудын эх алдагдсан нь ийнхүү шуугиан тариад байна. Олон нийтэд тарсан мэдээллээр АНУ-д хууль ёсоор оршин сууж буй ч улсаас тэтгэмж авдаг, татвар төлөгдчийн мөнгөнд дулдуйдаж амьдардаг цагаачдыг албадан гаргах тухай дурьдсан байна. Мөн гааль дээр тухайн цагаач нь улсын тэтгэмжид дулдуйдаж амь зуух үндэслэлтэй гэж үзсэн бол хилээр оруулахгүй байх, улмаар Food Stamp, TANF, Medicaid гэх мэт тусламж авсан цагаачдыг 5 жилийн дотор албадан гаргах нэгдсэн журам бодлого боловсруулах зэрэг заалтууд байгаа тухай мэдээлж байна. Мөн АНУ-д аль нэг төрлийн визээр амьдарч байгаа ч дээрх тусламж тэтгэлэгт хамрагдсан бол албадан гаргах бөгөөд тухайн хүнийг АНУ-н иргэн спонсорлож оруулж ирсэн бол татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан туслалцааг тухайн иргэнээр нөхөн төлүүлэх гэх мэт заалтуудыг хэвлэлүүд онцолж байна

Улмаар хөдөлмөрийн зах зээлд Америкийн иргэдийг нэн тэргүүнд ажилд авах, ингэснээр цагаачдыг зах зээлээс шахах төлөвлөгөөг ч боловсруулж байгаа бололтой байна.

Дашрамд дурьдахад одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж холбооны хуулинд ч улсын тусламж дэмжлэгт дулдуйдаж амьдардаг цагаачдыг ‘Public charge’ гэсэн үндэслэлээр хилээр оруулахгүй байх заалт хэрэгждэг бөгөөд гол төлөв TANF гэх мэт бэлэн мөнгөний тэтгэмжийг олон жилээр авсан хүмүүсийг хамруулдаг байна. Харин шинээр гарч буй зарлигт ‘Public charge’ гэж үзэх шалтгааныг олшруулж, илүү олон хүнийг хамруулахаар төлөвлөж буй нь анхаарал татаж байгаа юм.

Энэ тухай болон бусад цагаачлалын холбоотой мэдээллийг бид байнга мэдээлэх болно.

Be the first to comment

Leave a Reply