АНУ-ОХУ-н төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт товлогдлоо

АНУ-ОХУ төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт 07 сарын 16-нд Финландын Хелсинк хотод товлогдсон тухай өнөөдөр өглөө Цагаан Ордон албан ёсоор зарлаад байна.Энэ уулзалт нь Ерөнхийлөгч Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нарын анхны албан ёсны уулзалт болж байгаагаар онцлогтой. Өмнө Трамп Путин нар дэлхийн удирдагчдын уулзалтын үеэр 2 ч удаа нүүр тулан уулзаж байсан билээ.

Брюсельд 7 сарын 11, 12-нд зохиогдох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын дөнгөж дараа зохиогдох энэхүү Хелсинкийн уулзалт нь ОХУ-АНУ хооронд үүсээд буй хурцадмал харилцааг зөөлтгөх ач холбогдолтой тухай ажиглагчид үзэж байгаа ч нөгөөтэйгүүр НАТО-АНУ хоорондын харилцаанд сайнаар нөлөөлөхгүй байж болох талаар ч цохон дурьдаж байгаа юм.

Уулзалтын бэлтгэл ажил хангах зорилгоор Москвад ажиллаж буй Ерөнхийлөгч Трампийн аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон (John R. Bolton) өчигдөр ОХУ-н Ерөнхийлөгчтэй уулзсан юм. Уулзалтын дараагаар Путины зөвлөх Юрий Ушаков ( Yuri Ushakov) 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлөхийг завдаагүй гэдгийг тодотгож мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Трамп энэ мэдэгдлийг иш татаж “Манай сонгуульд нөлөөлөхийг оролдоогүй гэдгээ ОХУ дахин давтаж нотолсоор байна” гэж жиргэжээ.

Трампийн сонгуулийн компани удирдсан менежерүүд ОХУ-тай хамтарч АНУ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон эсэхийг тогтоох тусгай комисс идэвхтэй ажиллаж, Трампийн сонгуулийн зарим менежерийг хэрэгт татаад байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч Трамп ОХУ-н Ерөнхийлөгчтэй уулзах болсон нь Америк иргэдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа нь тодорхой.


 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*