Ерөнхийлөгч Трамп эрүүл мэндийн даатгалтай холбоотой зарлиг гаргалаа

Өчигдөр буюу Пүрэв гарагт эрүүл мэндийн даатгалын компаниудад олгодог төрийн татаасыг огцом танах зарлигт Ерөнхийлөгч Трамп гарын үсэг зураад байна.


Үүний улмаас өнөөдөр эрүүл мэндийн салбарт ихээхэн бужигнаан үүсч, Affordable Care Act буюу Обамагийн гэх тодотголтой эрүүл мэндийн даатгалын багц хуулийг тойрсон хууль, эрх зүйн томоохон маргааны эх болж болзошгүй нөхцөл үүсээд байна.

Трампийн засаг захиргаа Обамагийн эрүүл мэндийн даатгалын хуулийг 2010 он гэхэд бүрмөсөн “үгүй” хийх төлөвлөгөө зарлаад байгаа тул олон сая америкчуудын эрүүл мэндийн даатгалын төлбөр огцом өсөх, улмаар зарим эрүүл мэндийн зах зээлд хямралд өртөж дампуурах эрсдлийг ч мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа юм. Энэ нөхцөлд ажил олгогчоос эрүүл мэндийн даатгал авах эрхгүй олон сая иргэн хямд төсөр эрүүл мэндийн даатгалгүй хоцрох нөхцөл үүсэх ажээ. Мэргэжилтнүүдийн таамаглалаар эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээ ирэх жилд 12-15 хувь өсөхөөр байна.

Холбооны Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамжийг зөрүүг даатгалын компаниудад нөхөн олгох төлбөрт жилд дунджаар 7 тэрбум доллар зарцуулдаг байсан бөгөөд өчигдрийн зарлигаар энэ хөрөнгийг эрс танах шийдвэр гаргаад байгаа билээ.

Мөн энэ долоо хоногт Ерөнхийлөгч цагаачлалын чиглэлд довтолгоогоо үргэлжлүүлж АНУ-д ирж буй хууль ёсны цагаачдын тоог хязгаарлах, АНУ-Мексикийн хил дагуу хана барих ажлыг эрчимжүүлэхийг Конгресоос шаардаад байна. Dreamers буюу хүүхэд ахуй цагтаа АНУ-д хууль бусаар орж ирсэн хүмүүст хууль ёсны оршин суух эрх олгож болох буулт хийсний хариуд Конгресоос ийнхүү хариу шаардаж байгааг ажиглагчид онцолж буй.

Ийнхүү Обамагийн эрүүл мэндийн даатгалын хуулийг цуцалж шинэ хуулиар солих удаа дараагийн оролдлого нь Конгрест бүтэлгүйтсэн Ерөнхийлөгч Трамп тус хуулийн хэрэгжилтийг боомилох алхмуудыг өөрийн эрх мэдлийн хүрээнд хийж эхэлжээ.

Обамагийн эрүүл мэндийн хуульд өөрчлөлт орох уу?
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй Обамагийн эрүүл мэндийн даатгалын хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Учир нь ерөнхийлөгчийн зарлиг нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн чадамжгүй юм. Тиймээс Конгресоос тухайн хуулийг орлох х ууль гарах хүртэл Обамагийн эрүүл мэндийн хууль хүчинтэй хэвээр байх юм. Гэвч Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг  тухайн хуулийн хэрэгжилтийг хангадаг яам тамгийн газруудад чиглэл өгч байгаа нь тухайн хуулийн зарим заалтыг шууд бус замаар өөрчлөх нөхцөл бүрдэж байна.

Ажлын газраас эрүүл мэндийн даатгал авдаг хүмүүст зарлиг хэрхэн нөлөөлөх вэ?
Томоохон компанийн ажилчдад энэ зарлиг дорвитой нөлөө үзүүлэхгүй ч эдгээр томоохон ажил олгогчдод ажилчидаа хувиараа эрүүл мэндийн даатгал худалдан авахыг урамшуулсан татварын хөнгөлөлтийг зарлигаар олгож болохоор байна. Харин дунд бага дунд ажил олгогчдод зарлиг ихээхэн нөлөө үзүүлж болохоор байна. Учир нь шинэ зарлигт жижиг дунд ажил олгогчид эвсэл байгуулж томоохон хэмжээний корпорациудад зориулсан эрүүл мэндийн даатгалын зах зээлээс худалдан авалт хийх харилцааг зохицуулсан дүрэм журмыг хялбаршуулах үүргийг Хөдөлмөрийн Яаманд өгчээ. Улмаар эдгээр эвслүүдийн харилцааг мужийн хуулиар бус харин холбооны улсын хөдөлмөрийн хуулиар зохицуулах чиглэл өгсөн байна.

Эрүүл мэндийн даатгал хувиар худалдаж авсан хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ?
Эдгээр хүмүүст тулгарч болох хамгийн том бэрхшээл нь сайн даатгалын олдоц хумигдаж, харн даатгалын хураамж өсөх хандлагатай байна. Учир нь төрийн татаас багасч буйтай холбогдож эрүүл мэндийн даатгал үзүүлдэг зарим компаниуд татан буугдах үзэгдэл боломжтой юм. Нөгөөтэйгүүр нийт 3 трилон доллараар үнэлэгддэг эрүүл мэндийн даатгалын бизнест үлдэж буй компаниуд зах зээлд өрсөлдөхийн тулд эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд зориулсан богино хугацааны, хамрах хүрээ багатай бөгөөд хямд даатгалын үйлчилгээ санал болгох хандлага ч гарч болохыг үгүйсгэхгүй байна. Энэ нөхцөлд эрүүл мэндийн даатгалгүй иргэд хямд төсөр даатгалтай болох боломж бүрдэж болох ч тухайн даатгалын эрсдлийг хамрах хүрээ харьцангуй бага байх тул эрүүл мэндийн үйлчигээ шаардлагатай үед өөрийн халааснаас төлөх зардал өндөр байна гэсэн хэрэг юм.

Medicaid эсвэл Medicare даатгалтай иргэдэд нөлөөлөх үү?
Зарлиг эдгээр даатгалуудад ямар нэгэн шууд нөлөө үзүүлэхгүй.

Энэ мэтчилэн өнөөдрийн байдлаар хэт ерөнхий тойм мэдээлэл байгаа бөгөөд үүрэг чиглэл авсан яамд удахгүй зарлигийн хүрээнд шинэ дүрэм журам боловсруулж нийтэд танилцуулах хүлээлттэй байна. Тухайн үед imedee.com сайт дэлгэрэнгүй мэдээлэх болно.

ВАШИНГТОН ДС ХОТЫН МОНГОЛЧУУДЫН ЗАРЫН ГРУПП

Be the first to comment

Leave a Reply