Улсын халамжийн тэтгэмж авагчдад хөдөлмөр эрхлэх шаардлага тавина

Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр (Мягмар) төрийн халамжийн тэтгэмж авагчдад ажил эрхэлсэн байх шаардлагыг чангатгах үүргийг төрийн албадад өгсөн зарлигт гарын үсэг зуржээ.

Хэвлэл мэдээллийн анхаарлын төвд тэр бүр өртөөгүй энэ зарлигт дурьдсанаар Холбооны Засгийн газраас олгодог Medicaid, Food stamps болон бусад орон сууцны хөнгөлөлт хөтөлбөрт хамрагдахаар өргөдөл гаргагчид тодорхой хэмжээний ажил эрхэлдэг байх, эсвэл мэргэжлийн чиг баримжаа олох сургалтад тодорхой цагаар хамрагдаж буйг нотлох хэрэгтэй болох юм.

Хэдийгээр АНУ-д ажилгүйдлийн түвшин ойрын жилүүдэд байгаагүй бага буюу 4.1 хувьтай гараад байгаа ч Трампийн засаг захиргаа ядуу иргэдийг төрийн халамжид дулдуйдах биш, өөрсдөө тодорхой хэмжээгээр ажил хөдөлмөр эрхэлж эдийн засагт хувь нэмэр оруулахыг урамшуулах бодлого барьж байгаа билээ.

Трамп Ерөнхийлөгчийн алба хүлээж авснаас хойш Холбооны Засгийн газраас халамжийн тэтгэмжид зарцуулах сан хөрөнгийг багасгах, цаашлаад төрийн халамж тэтгэмжид дулдуйдаж амьдардаг иргэдийн тоо бууруулах бодлого барьж байгаа ажээ.

Энэ бодлогын хүрээнд Эрүүл Мэнд, Халамж Үйлчилгээний Яам (Health and Human Services Department)-с мужууд Medicaid хөтөлбөрт хамрагдагсдад тавих нөхцөл шаардлагад хөдөлмөр эрхлэх нэмэлт нөхцөл нэмэх боломжийг олгосон юм. Ингэснээр зарим мужуудад Medicaid хөтөлбөрт тэнцэхийн тулд бага орлоготой байхаас гадна хөдөлмөрийн чадвар алдаагүй насанд хүрсэн иргэд тодорхой цагаар хөдөлмөр эрхэлдэг байх шаардлага тавьж байгаа бол зарим мужууд энэ нөхцлийг судалж байгаа юм. Мөн хөдөлмөрийн чадвартай насанд хүрэгсэд Food stamp (SNAP) буюу хүнсний тусламж авахын тулд долоо хоногт 20 цагаас доошгүй хөдөлмөр эрхэлдэг байх шаардлага тавьж байгаа билээ.

Эдгээр шат дараалсан алхмуудын үр дүнд 2013 онд 47,6 сая байсан Food stamp (SNAP) хөтөлбөрт хамрагдагсдын тоо өнгөрсөн 2017 онд энэ тоо 40 сая хүрч буурсан тооцоо байна.

Be the first to comment

Leave a Reply