“Uber China” компани өрсөлдөгч Didi компанид зарагдлаа

Өнөөдөр Даваа гарагийн өглөө “Uber” компани Хятад дахь “Uber China” салбарыг Хятад дахь өөрийн хамгийн том өрсөлдөгч “Didi” компанид шилжүүлэх болсныг зарласан нь технологийн компаниудын дунд дуулиан тариад байна.
“Uber” компани Хятадын “Didi Chuxing” компанийн хооронд хийсэн тохиролцоо ёсоор Хятадын зах зээлд нэвтрээд 2 жилийн нүүр үзэж буй “Uber China” компанийг “Didi” компанид зарахаар болж, хариуд нь “Didi” компани “Uber” компанид 1 тэрбум ам долларын шууд хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
“Uber China” компанийн зарагдахаас өмнөх зах зээлийн үнэлгээ 7 тэрбум доллар байсан бол өрслдөгч “Didi” компанийн үнэлгээ 28 тэрбум долларт хүрч байжээ. Тиймээс одоо “Didi” компани “Uber China”-г “залгиснаар” тус компанийн нийт зах зээлийн үнэлгээ 35 тэрбум долларт хүрч байгаа хэрэг юм. Энэ хөрөнгийн 20 орчим хувь буюу 7 тэрбум долларын хөрөнгө “Uber” болон Хятадын хөрөнгө оруулагчдад ногдох юм.
Харин шинэ компанийн менежмент зохион байгуулалтыг ойлгоход багагаггүй “толгой гашилгах” хэрэгтэй болж байгаа ажээ. Учир нь “Didi” компаниас гаргасан мэдэгдэлд дурьдсанаар “Uber” компани “Didi-Uber China”-ийн нийт ашгийн 5.89 хувь, мөн хүүгийн орлогоос 17.7 орчим хувийг хүртэх бол тус компанийн томоохон хөрөнгө оруулагч Хятадын Baiu компани 2.3 хувийн ашиг хүртэх гэнэ.
Ийнхүү “Didi” компанийн хамгийн том хөрөнгө оруулагч нь “Uber” болж байга бол Хятадын “Baidu”, “Alibaba”, “Tencent” зэрэг компаниуд тус компанид мөн томоохон тоглогч хэвээр байхын зэрэгцээ “Apple” компани ч зүгээр хараад суусангүй, өнгөрөгч 05 дугаар сард “Didi” компанид 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй.
Мөн тохиролцоо ёсоор “Uber” компанийн эздийн нэг ноён Kalanick “Didi” компанийн Удирдах Зөвлөлд орж байгаа бол мөн “Didi” компанийн захирлуудын нэг Cheng Wei мөн л “Uber” компанийн Удирдах зөвлөлд орж ажиллахаар болж байна.
Ийнхүү “Didi” компанийн хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол “Uber” компани дэлхийн зах зээл дэхь үнэлгээ 68 тэрбум долларт хүрч дэлхийн хамгийн ашигтай, үнэтэй хувийн компаниудын нэгд тооцогдож байгаа ажээ.
“Didi” компанийн мэдэгдэлд дурьдсанаар “Uber China” компанийн брэнд нэрийг хэвээр хадгалахаар тохирсон бөгөөд ингэснээр Uber “дэлхийн” гэдэг тодотголоо хамгаалахад ихээхэн анхаарч байгаа нь илт юм. Хэдийгээр тус компанийн нэр хэвээр байх ч “Didi” компани “Uber” компанийн технлоги, менежментийн арга барилыг өөрийн компанийн менежмент, технологитой нягт уялдуулж өөрчлөхөөр байгаа нь тус компаниас зөвхөн нэр л үлдэнэ гэсэн үг юм.
Смарт утсанд суурилсан хүн тээврийн “Didi” компани урьд нь “Uber”-ийн хүчтэй өрслдөгч “Lyft”, “Ola”, “Grab” гэх мэт брэндүүдтэй нягт хамтран ажиллаж, тэдгээрт багагаггүй хөрөнгө оруулж байсан билээ. Харин одоо “Didi” компани эдгээр хуучин түншүүдтэйгээ хэрхэн “хэл амаа” ололцох нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж эхэллээ.
Дашрамд дурьдахад өнөөдрийн байдлаар “Uber China” компани 800 орчим ажилчин ажилтантай, Хятадын 60 хотод үйл ажиллагаа явуулж 7 хоног тутамд 40 сая хүн тээвэрлэдэг гэсэн тоо байгаа бол “Didi” компани Хятадын 400 орчим хотод үйл ажиллагаа явуулж, зөвхөн 1 өдөрт 14 сая хүн тээвэрлэдэг гэсэн аварга статистик байдаг. Эдгээрээс 11 сая нь иргэдийн хувийн машинаар хийгдэж байдаг ажээ.

Be the first to comment

Leave a Reply