Виржиниа мужийн парламент “Medicaid Expansion” хөтөлбөрийг баталлаа

Өнөөдөр (Лхагва) орой Виржиниа мужийн Ерөнхий Ассемблей (Virginia’s General Assembly) “Medicaid Expansion” хөтөлбөрийг багтаасан мужийн төсвийн хуулийг баталж, Амбан захирагчид гарын үсэг зуруулахаар илгээгээд байна. Мужийн Амбан захирагч  Ralph Northam “Medicaid Expansion”-ийг дэмжиж, төсвийн хуульд гарын үсэг зурна гэдгээ мэдэгдээд байсан билээ.

“Medicaid” хөтөлбөрийн сунгалтаар санал хуваагдаад байсан Виржиниа мужийн парламент дахь улс төрийн хүчнүүд ийнхүү тохиролцоонд хүрснээр мужийн бага орлоготой 300,000 орчим иргэн Medicaid даатгалд хамрагдах боломж бүрдэж байгаа ажээ.

Өнөөдөр өглөө 23-17 харьцаагаар мужийн Сенатад дэмжлэг авсан төсвийн хуулийн төслийг үдээс хойш Төлөөлөгчдийн Танхим (House)-д хэлэлцэж, 67-31 саналын олонхоор ийнхүү батлаад байна.

Өнгөрсөн санхүүгийн жил 6 сарын 30-р дуусгавар болж, улмаар 007 сарын 01-с өмнө Мужийн хууль тогтоогчид 2018-2019 оны шинэ санхүүгийн төсвийн хуулийг батлах шаардлага тулгараад байсан юм. Хуулийн төсөл батлагдаж чадахгүй удсан нь “Medicaid Expansion” арга хэмжээг төсөвт тусгах эсэх дээр улс төрийн намууд санал зөрөөтэй байсан ч өнгөрсөн 12 сард явагдсан завсрын сонгуулийн улс төрийн намуудын хүчний харьцаа бараг тэнцсэний дараа харилцан буулт хийж, улмаар удтал өрнөсөн яриа хэлэлцээр тохиролцоонд хүрээд буй нь энэ юм.

Ийнхүү Виржиниа муж “Medicaid Expansion” хөтөлбөрт хамрагдсан 33 дахь муж болж байна.

Дашрамд дурьдахад Холбооны төсвөөс санхүүждэг “Medicaid” хөтөлбөр нь бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хямд төсөр эрүүл мэндийн даатгал үзүүлэх зорилготой юм. 2010 онд батлагдсан “Обама”-ийн гэх тодотголтой Эрүүл мэндийн даатгалын багц хуулиар “Medicaid Expansion” гэх шинэ журам мөрдүүлж эхэлсэн байх бөгөөд Обамагийн Эрүүл мэндийн даатгалыг хуулийг эсэргүүцсэн мужууд “Medicaid Expansion”-хөтөлбөрөөс татгалзсан бол дэмжигч мужууд “Medicaid Expansion” -д хамрагдсан билээ. “Medicaid Expansion” хөтөлбөрт багтсан мужуудын иргэдэд тавих шаардлага уян хатан, хамрах хүрээ өргөн байдаг бол тус хөтөлбөрт хамрагдаагүй мужуудад зөвхөн нэн ядуу ангилалд хамаарах цөөн тооны иргэд “Medicaid” даатгалд хамрагдах боломжтой байдаг ажээ.

Энэ удаагийн “Medicaid Expansion” хөтөлбөр Ерөнхийлөгч Трампийн гаргасан “Work Requirement” журмын дагуу даатгал хамрагдахаар өргөдөл гаргагчид тодорхой цагийн ажил эрхэлдэг байх, эсвэл мэргэжлийн чиг баримжаа олох дадлага, сургалт дамжаанд хамрагдаж байх гэсэн шинэ шаардлага тавигдаж буйгаар онцлогтой байх ажээ.

1 Comment

Leave a Reply to BG Cancel reply