Татвар ингэж нэмэгдэнэ

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр 2018-2021 онд 117,1-293,6 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого төвлөрөх ажээ-

Монгол Улсын Засгийн газраас ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсноор 2017 оны Төсөвт тодотгол хийхээр болсон юм. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2017.03.24/ 2017 оны Төсвийн тодотголыг өргөн барьсан.

Сангийн яамнаас 2017 оны Төсвийн тодотголын ээлжит бус чуулган зарлаж, батална гэсэн боловч УИХ-ын зүгээс ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

ОУВС-аас гуравдугаар сард багтааж, 2017 оны Төсвийн тодотголыг батлах ёстой гэсэн шаардлага тавьсан боловч Монгол Улсын Засгийн газраас хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой гэсэн шийдвэрт хүрсэн учраас ийнхүү тодотголыг өргөн барьж байгаа юм.

Төсвийн тодотголд тусгагдсан ТАТВАР болон ШИМТГЭЛ-тэй холбоотой өөрчлөлтүүдийг танилцуулъя.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг, 2019 онд 0,5, 2020 нэг нэгж буюу 2,5 нэгжээр, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг 2,5 нэгжээр нэмэгдүүлнэ. Ингэснээр 2018-2021 онуудад 117,1-293,6 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэнэ.

АРХИ, ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Архи, тамхины онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019-2020 онд тус бүр таван хувь нэмнэ.

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР

Энэ онд иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 20 хувийг буцаан олгож эхэлсэнтэй холбогдуулан 620,409 татвар төлөгч иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаан олгох юм. Үүнээс хувийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлсэн 484,955 татвар төлөгч иргэнд 34.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгоод байна. Харин хувийн мэдээллээ засварлаж амжаагүй байгаа 135,454 татвар төлөгчийн хувьд холбогдох мэдээллээ засварлах боломж нь одоогоор нээлттэй байгаа болно.Өнгөрсөн онд баримтаа бүртгүүлсэн иргэдийн тоо төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй тул 2017 онд буцаан олгох НӨАТ-ын дүнг төлөвлөсөн хэмжээнээс 27.8 тэрбум төгрөгөөр бууруулан тооцлоо.

СУУДЛЫН АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамааруулж онцгой албан татварыг нэмэгдүүлэх, мөн хос тэжээлт, цахилгаан тэжээлт, хийгээр ажилладаг суудлын автомашины онцгой албан татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулахаар тооцлоо. Энэ татвараас орлогод 33,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

ИМПОРТЫН ТАМХИНД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлж, Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дэд хязгаар болох 30 хувьд хүргэнэ. Ингэснээр импортын тамхины гаалийн болон НӨАТ-ын орлого 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ТАТВАР

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. Татвар ногдуулах хугацааг есөн сараар урагшлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулахаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хувь хүний орлогын албан татварын орлого 2017 онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

АВТОБЕНЗИН, ДИЗЕЛ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсөж, нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ өсөх эрсдэл үүссэн болно. Иймд Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор яаралтай арга хэмжээ авч, Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоол, 2017 оны 34 дүгээр тогтоолоор онцгой албан татварын хэмжээг хоёр удаа бууруулсан. Татварын хэмжээг бууруулснаар 2017 оны төсөвт батлагдсан автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл байдал үүсээд байна. Харин дээр дурдсан хоёр удаагийн татварын бууралтыг 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай буцаан нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 оны батлагдсан хэмжээнээс 118.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна.

Засгийн газраас өргөн барьсан тодотголт ингэж тусгажээ. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн төр ачааны хүндийг хэрхэн үүрэхийг нь харах л үлдэж байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн төрийг албан хаагчийг цомхотгож, дарга нарын тансаглалыг хязгаарлана гэдгээ зарлаад хэдхэн хонож байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: news.mn

Be the first to comment

Leave a Reply