Занга 

Ёндон галт уулын тогоо руу орсныхоо маргааш түүнээс гарах гэж мөлхсөөр нуринга элс, хүрмэн хадны заагт арай хүрэлгүй тэнхээ нь барагдлаа. Тэгээд дарь шиг нунтаг элсийг самардан эрүүгээрээ хадарсаар тогооны ёроолд гулсаж ирэв.- Ээ муу гөлөг! Нохойн гөлөг! Гэж өөрийгөө ч юм уу хэн нэгнийг хараагаад амаар дүүрсэн элсийг тургиж нэг хэсэг уухилан хэвтлээ. «Эндээс гарч чадахгүй бол яанаа! Чоно гарч чадаагүй нүхнээс чи муу нохойн гөлөг яаж гарна гэж бодов оо?» гэж айдас хүрээд гол руу нь мөс гудрах шиг болж:

– Хүн амьтан байна уу? Та минь! Байвал туслаач! гэж бүр нэг дууссан хүний янзтай дуугарснаа өндийж өвдөг сөхрөөд галт уулын ам өөд өлийн:

«Хүүе! Хүү еэ-ээ-ээ гэж байдаг хоолойгоо шахан » орилов. Бүрхэг тэнгэрээс ганц хоёр бороо дусагнан галт уулын тогоо руу өтгөн цагаан будан сорогдох мэт хуйлран, дуу нь тэр будантай цуг буцаж асгарах шиг. «Би чоно шиг ульж байна» гэж гэнэт бодоод орилохоо болив. Тэр үхсэн чонын тухай бодоход аймшигтай. Ёндон өчигдөр тогооноос гарах гэж хэд дахин оролдоод чадалгүй арга барагдан ёроолын хад чулууг шиншилж явтал тэр чонын сэг тааралдсан юм. Хаанаас юун чоно энд яагаад үхсэнийг тэр анхандаа ойлгосонгүй. Энд чоно гөлөглөдөг юм биш биз дээ гэж бодов. Тэгвэл тогоо руу орж гардаг амьтны жим байх ёстой. Гэтэл тогооны дунд бүс хүртлэх зуугаад метр үнсэн хар нуринганд амьтны жим байтугай мөр ч алга. Ингэхээр тэр чоно юугаа эрж энд орсон байх вэ? Өөртэй нь адилхан алт мөнгө эрж ирээгүй нь лав. Эрдэнэс эрэгч чоно гэж байх уу? Тэгэхлээр араатныхаа хэргээр л орсон байж таарна. Түүнээс зугтаж бахардсан ямаа нэг амьтан галт уулын тогоо руу орж ирэхэд улангассан тэр араатан юунаа ухрах билээ. Тэгээд л буцаж гарч чадсангүй. Тэгээд өлбөрч үхэх болохдоо өнөөх амьтныхаа ясыг ч үлдээлгүй химлэж дуусаад эцэст нь хүүр болж хон хэрээнд нүдээ сох тоншуулжээ. Ёндон үүнийг ойлгонгуутаа юуны түрүүн «Би ч гэсэн ийм ер бусын хавханд орсон чоно шиг өлбөрч үхээд хон хэрээнд нүдээ тоншуулбал яана!» гэж айсныг хэлэх үү. Гэвч араатан биш хүн байна, гарах аргаа олно гэж бодсон. Одоо ямар гэгчийн усан тэнэг амьтан болохоо гайхавч баршгүй. Тэр чоно шиг өлбөрч үхэх цаг тулгарвал яах вэ? Чонын сэгийг мэрэлтэй биш. Ядахдаа идэх уух юм ахиухан аваад орж болохсон. Буцахдаа татаж гарах олс дээсний тухай санах ч бүр хол байсан хэрэг. Ямар нэг гай дайрч аюул учирдаг юм гэхэд ойр хавьд хүн амьтан байхгүйн тухай ч бодсонгүй. Харин хүн л бүү үзэгдээсэй гэснээс биш, тэгээд энэ.

Зуны цагт бол галт уулын үзэсгэлэнг сонирхохоор ирэгсэд тасрахгүй, харин ийм хавраар анчин гөрөөчин, адуу малын эрэлчин л аз болж тааралдахгүй бол энэ зэлүүд бөглүү ой тайга руу зүтгэх хүн мань эрээс өөр хэн байх вэ? Хамаг ухаан бодол нь ердөө л энэ галт уулын тогооны ёроолд овойж хэвтэх юм шиг алт мөнгөнд л хүрье гэснээс өөргүй. Ухаанд ухна үхэж шунал шүглэнэ гэдэг л энэ биз.

Ноднин зун яамныхаа албан хаагчидтай хамт үйлдвэрчний хорооноос зохиосон аялалд оролцож энд ирээд, дээр цагт энэ хавийн хүмүүс галт уулыг тахиж алт, мөнгө өргөдөг байсан тухай домог сонсоод шунал нь хөтлөн хөтөлсөөр энэ боллоо. Насаараа хялбар амьдрал, олз омог хайж үхэн зүтгэсний нь гай энэ. Өчигдөр галт уулын тогоо руу орж энэ айхтар нуранги хар элс рүү шургачин гулсаж явахдаа буцаж гарах тухай ер бодоогүй нь хачин. Өнөөх алт, мөнгийг атга атгаар утгаж авбал жигүүр, ургаад нисэхийн чинээн санагдсан. Гэтэл жигүүртэн шиг нисэх нь бүү хэл цусанд шунасан чоно шиг болох нь. Юуны нь алт мөнгө байх вэ! Тогооны ёроолд нөгөө л дарь шиг нунтаг хар элсэнд шигдсэн том том хүрмэн чулуунаас өөр юу ч байсангүй. Домгийн алт мөнгө байлаа гэхэд өчнөөн жилийн элс шороонд дарагдан ганц хүн байтугай экскаваторын шанагаар ч хутгаад олоход бэрх гэдгийг ухаараад буцаж гарах тухай сая бодсон. Тэгээд энэ. Ийм аюултай занганд орох юм гэж даанч санасангүй. Галт уулын тогоо нэртэй бүрхээр шиг энэ онгорхой хар нүхийн ийм ер бусын нуранг ханатай байх юм гэж хэн мэдлээ! Дээрээс харахад хад чулуугаар дамжаад төвөггүй орж гарч болмоор байсан. Ийм гутамшиг гэж байх уу!

Ёндон ингэж бодоод дахин орилж гарав. Хэрвээ аз болж ямар нэг хүн дуугий нь сонсоод ирдэг юм гэхэд юу гэж бодох нь ч дүүрсэн хэрэг болж. Галт уулын тогооны ирмэгт гурван дугуйт мотоцикльтой ирж майхан шаагаад өөрөө тогооны ёроолд орчихсон чоно шиг ульж суугаа хүнийг чинь солиорч гэх үү, аль осолдож гэх үү?

Бороо асгаран орлоо. Ёндон хичнээн ч хашгираад дэмий болохыг ойлгож босон гэлдэрсээр тогооны ёроолд ургасан нэгэн давжаа нарсны ёроолд очиж эвхрэн суув. Тэгээд элдвийг бодлоо. Ингээд занганд орсон амьтан шиг гарах газаргүй өнгөрөх хэрэг үү? Ажил хийлгүй дураараа амьдрах арга ухаан эрсээр өдий хүрсний гор гарч байгаа нь энэ. Ээ элий халаг минь! Энэ тогоо руу зүттэхийн оронд барагшингийн баас түүгээд ч гэсэн буцдаг байж. Нэгмөсөн их юманд хүрэх гээд энэ боллоо. Барагшинг нэг тунгий нь хэдэн зуун төгрөгөөр авдаг гэсэн. Тэр ч олз шүү дээ. Гэтэл атга атгаар алт мөнгө олж болно гэж горьдохоор юуны барагшин марагшинг санах вэ. Эрдэнэс олж баяжсан хүн байдаг гэж дуулаагүй бол тэр домог ярианд ч юу гэж итгэх билээ. Ээ халаг гэж! Барагшин түүгээд л буцдаг байж. Энэ бороог яанаа. Арай үер бууж ирээд живүүлчих юм биш байгаа даа? Нээрээ ингээд гарч чадахгүй бол юу гэгч болох вэ? Энэ гайтай хар үнсэн ханыг ийм нуранг сул юм гэж хэн мэдлээ. Галт уулын тогоо гэж ийм өлзий бусын занга байдгийг хэн үзлээ. Ганцхан гэнэдлээ дээ. Галт уулнаас үнс гардаг гэж даан ч ухаарсангүй. Яасан муухай хүйтэн бороо вэ? Энэ хар үнс хичнээн бороо орсон ч…

Ёндонгийн ухаанд арай ч ухна үхээгүй юмсанж. Бороо намайг аварлаа гэж ухаарангуутаа тэр босон харайж:

– Ээ үнсэн доторх галт уул чи намайг зангадаж чадсангүй! Чонын хүү шаалуу биш хүний хүү Ёндон хойно алт мөнгө үгүй гэхэд барагшинтайгаа даа гэж хашгирав.
Галт уулын дарь шиг хар элс борооны усыг уун шингэх тусам дагтаршин нуранг биш болохыг ойлгосон нь Ёндонгийн хувьд гайхамшигт нээлт байлаа.

— Ядавч барагшинтайгаа гэж тэр дахин хашгирав. Бороо асгаран орсоор …

С.Эрдэнэ

Be the first to comment

Leave a Reply