Хотын ЕБС-иудын шинэ оны төсвийн төслийг танилцууллаа

Арлингтон хотын ЕБС-иудын Ерөнхий Захирал (Superintendent) Доктор Patrick Murphy өчигдөр Хотын ЕБС-иудын Удирдах Зөвлөлийн хуралд хотын сургуулиудын 2019 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг танилцууллаа.
Хотын ЕБС-н сургуулиудын ирэх жилийн төсөв 636.7 сая доллар байхаар тусгасан нь энэ оны буюу 2018 оны төсвөөс 3.8 хувийн өссөн дүн бөгөөд хотын татварын орлогоос олгодог санхүүжилт дутагдалтай байгааг Доктор Patrick Murphy  онцолж байлаа.

Тухайн төсвийн төслөөс олны анхаарлын төвд байсан зүйл нь Арлингтон хотын сургуулиудад 2019 оны нэг ангид ногдох сурагчдын тоо өсөхөөр тусгажээ. Төсвийн төсөлд 2019 оны хичээлийн жилд нэг ангид ногдох дундаж сурагчдын тоо ялимгүй өсөхөөр тооцсон бөгөөд 4-5-р ангиудад 1 хувийн өсөлт төлөвлөсөн нь хамгийн өндөрт тооцогдож байна. Харин дунд сургуулийн сурагчдын тоо 0,75 хувь, харин Ахлах сургуулиуд 0,5 хувийн өсөлттэй байхаар тус тус тусгажээ. Нэг сурагчид ногдох хувьсах зардал 19,235 доллар байгаа нь энэ оныхоос 105 доллараар буурч буй үзүүлэлт юм.

Ирэх жилийн төсөвд багш ажилчдын цалин хангамжийг багаггүй хувиар нэмэхээр тусгасан бөгөөд цалингийн нэмэгдэлд 9.7 сая доллар, цалингийн зөрүүг багасгах санхүүжилтэд 2.2 сая доллар тус тус тусгаад байна. Нийт төсвийн санхүүжилтийн 77.7 хувь нь цалин хангамжийн зардалд ногдож байгаа бол сургуулийн дүүргийн хэмжээнд зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын зардалд нийт төсвийн 9.1 хувийг зарцуулахаар байгаа нь удаах том зардалд тооцогдож байгаа ажээ. Тиймээс ирэх жил шинэ сургууль барих, барилгын өргөтгөлийн ажил үргэлжлэхээр байна.

Доктор Murphy хотын сургуулийн хэмжээнд сурагчдын тоо байнга өсөн нэмэгдсээр байгааг онцлоод сурагчдын тоо 2021 онд 30,000 хүрэхээр тооцож байгааг танилцуулсан. Тиймээс 2019 оны хичээлийн жилийн эхэнд хэд хэдэн шинэ сургууль ашиглалтад оруулахаар бэлдэж буйг ч дурьдав. Хотын хэмжээгээр сурагчдын тоо байнга өсөн  нэмэгдэж буйтай холбогдох хүндрэлүүдийг шийдэх, төсөв санхүүжилтийн алдагдлыг багасгахын тулд зарим сургалт хөтөлбөрийг хасах (Бага сургуулиудын хэлний ангиуд г.м) гэх мэт зохицуулалт хийхээр тусгажээ.

Хотын ЕБС-иудын Удирдах Зөвлөл шинэ төсвийн төслийг эцэслэн батлахаас өмнө 2-3 саруудад хэлэлцүүлэг өрнүүлж, энэ ажилд олон нийтийн санал сэтгэгдлийг сонсдог уламжлалтай. Тиймээс хотын иргэд хотын сургуулиудын төсвийн талаарх санал сэтгэгдлээ budget.feedback@apsva.us хаягт илгээж болох юм.

Дашрамд дурьдахад Арлингтон хотын 2019 оны төсөв 1,27 тэрбум доллар байхаар хэлэлцэж байгаа бөгөөд төсвийн алдагдлыг багасгах үүднээс зарим нэр төрлийн татвар нэмэх, хотын хэмжээгээр зарим үйлчилгээг хаах, цомхотгол хийх зэрэг зохицуулалт хийхээр яригдаж байгаа билээ.

Эдгээрт хотын оршин суугчдад хэвлэж тараадаг The Citizen сонинг хааснаар жилд 82,000 доллар, автобусны ART 54, 92 -р чиглэлүүдийг зогсоосноор жилд 350,000 доллар, 7 сарын 4-нд ‘Long Bridge Park’-д явуулдаг олон нийтийн үзвэр, үйлчилгээг зогсоосноор жилд 50,000, хотын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Алба (DHS employment services)-нд цомхотгол хийснээр жилд 825,000 долларын хэмнэлт гаргахаар тус тус төсвийн төсөлд тусгаад байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply