Арлингтон хотын оршин суугчид автомашин эзэмшлийн бүртгэлийн гэрчилгээ (Decal)-ийг автомашины салхины шилэнд наах журам энэ жилийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа билээ.
Жил бүр автомашин эзэмшсэний хувийн өмчийн албан татвар (Vehicle Personal Property Tax)-ын тооцоотой хамт автомашин бүртгэлийн хураамж $33 ногдуулж, улмаар хураамж төлсөн наалт (Decal)-ийг шуудангаар илгээдэг байсан юм.
Тэгвэл анх 1967 онд батлагдсан энэ журмыг хүчингүй болгох шийдвэрийг Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн 2018 оны 09 сарын 25-ны хурлаар санал нэгтэй батлаад байгаа юм.
Тиймээс энэ жилийн (2019) 07 сарын 01-с хойш Арлингтон хотын оршин суугчид татварын наалтыг автомашины салхины шилэнд наах шаардлагаггүй болсон юм. Харин авто машин эзэмшлийн бүртгэлийн хураамж 33$ хэвээр байхыг анхааруулжээ. Энэхүү наалт нь тухайн автомашин эзэмшигч хувийн өмчийн татвараа төлж, автомашинаа хуулийн дагуу бүртгүүлсэн эсэх нотолгоо болдог байсан билээ. Автомашин, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хураамж ногдуулах харилцааг Arlington County Code §27-11.1 журмаар зохицуулдаг юм.
Харин Арлингтон хот сүүлийн үеийн автомашины дугаар уншигч (License Plate Reader) технологийг ашиглаж эхэлснээр энэхүү хуучин аргыг халах боломжтой болсон байна.
Виржиниа мужийн бусад хотуудад ч ижил төстэй зохицуулалт хийж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар тус мужийн нийт 323 хот тосгодоос зөвхөн 33 нь хуучин наалт ашиглаж байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад автомашины бүртгэлийн хураамж төлсөн наалт (Decal)-ийн дезайн бүтээх уралдааныг жил бүр хотын ахлах сургуулийн сурагчдын дунд явуулж, шалгарсан бүтээлийг наалт дээр ашигладаг байсан билээ. Энэ жил ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн Decal-н загварыг Bishop Denis J. O’Connell High School сургуулийн 12-р ангийн сурагч Schuyler Workmaster бүтээжээ.
Decal ашиглахгүй болсонтой холбоотой дэлгэрэнгүй танилцуулга видео
Leave a Reply
You must be logged in to post a comment.