Виржиниа мужийн Тээврийн Хэрэгслийн Хэрэг эрхлэх газар (the Virginia Department of Motor Vehicles (Цаашид DMV гэж товчлох) болон мужийн Ерөнхий Шүүгч (Attorney General) Mark R. Herring нар мужийн оршин суугчдад хандаж сэрэмжлүүлэг гаргажээ.Өнгөрсөн сард өмнөд мужуудад тохиолдсон далайн хар салхины улмаас үерт автсан олон мянган хуучин болон шинэ автомашинууд зах зээлд гарч эхэлсэн тул иргэд үерт автсан автомашин худалдан авч хохирохоос сэрэмжлүүлж байна.
Иргэд хувь хүний гар дээрээс автомашин худалдан авахад илүү сэрэмжтэй байж, тухай автомашиныг мэргэжлийн автын механикаар шинжлүүлж, дүгнэлт гаргаж авахыг зөвлөж байгаа юм. Нэн ялангуяа бодит байдалтай нийцэхгүй хэт хямд үнэтэй машин авахаас аль болох зайлсхийх нь зүйтэй.
Виржиниа мужийн DMV-н Ахлах Комиссор Richard D. Holcomb-ийн өгүүлснээр тус мужид бүртгэгдэж буй 3 автомашин тутмын 1 нь хувь иргэд хооронд өгч авалцдаг байна. Үүний сацуу үерт автсан автомашин үүссэн гэмтлийг нууж зарах боломжтой бөгөөд эдгээр автомашинуудын цахилгаанд үүссэн ус чийг тухайн автомашиныг цаашид ашиглах боломжгүй болгож болохыг онцгойлон анхааруулж байгаа ажээ. Мөн ус чийг авсан ослын дэр ослын үед ажиллагаагүй болох эрсдэл ч дагуулдаг байна.
Хэдийгээр тус мужийн хуулинд үерт автсан автомашиныг авто машин эзэмших эрхийн гэрчилгээнд заавал дурьдана гэж заасан байдаг ч энэ хуулийн заалтыг зөрчиж, худал мэдүүлэх хүмүүс байж болохыг анхаарах шаардлагатай юм. Виржиниа мужийн хуулинд засварлах боломжгүй автомашиныг мужийн автын бүртгэлд бүртгэх хориотой байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэг оршин суугч ийм төрлийн авто машин худалдан авч, улмаар автын үзлэгээр үерт автсан нь нотлогдвол тухайн машиныг өөрийн нэр дээр бүртгэж авах боломжгүй болдог ажээ. Тиймээс иргэд хувь хүнээс авто машин худалдан авахад сонор сэрэмжтэй байж эд хөрөнгөөр хохирохгүй байхыг анхааруулсан байна.
Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ч олон төрлийн анхааруулга зөвлөмжүүд гарч байгаа бөгөөд иргэд хуучин машин авах үед өөрсдөө ч нарийн ажиглалт, үзлэг хийж болохыг дурьдаад машины доторлогооны зөөлөн эд ангиуид өнгө алдсан, чийгний үнэртэй, эсвэл гадна дотно эрэг шураг, төмөр эдлэл зэвэрсэн, энгийн үед ус, шороо хүрэх хуримтлах боломжгүй газруудад зэврэлт, чийг үүссэн, эсвэл шороо тоос хуримталсан зэргийг энгийн нүдээр ажиглаж мэдэх боломжтой юм.
Дашрамд дурьдахад иргэд АНУ-д ашиглагдаж буй автомашинуудын бүртгэлийн түүхийг шалгаж үзэх боломжтой бөгөөд Үндэсний Тээврийн Хэрэгслийн бүртгэлийн Нэгдсэн сангийн https://www.vehiclehistory.gov/ хаягаар хуучин автомашин хаана бүртгэлтэй байсан түүхийг шалгаж үзэх боломжтой.
[acadp_listings]
Leave a Reply
You must be logged in to post a comment.