Гэрийн, хээрийн хоёр хар амт 

Уулын амны ойн сахиул гилжгий Жалбууг дөнгөн данган амин голтой байхад нь эмнэлгийнхэнд халуун чихийг нь атгуулжээ. Халуун чихсэх юу байхав. Хоёр чих нь цайран ягаараад, эвгүйхэн хүрвэл хатсан навч шиг ойчиход хэдийнэ бэлэн болжээ. Сартгардуу хамар нь сархагнан улайгаад, хонины шингэн цус гүйлгээд зангидчихсан өлөн гэдэс мэт цэлцийн хөхөрнө Хоёр гарт мэдээ байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Хоёр хөлд нь угласан хуучин буриад бойтог маягийн гутлыг нь чүү ай сугалж.

Хөндий памбагар эсгий гутал өмсгөх аяджээ. Эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн ярьснаар бол нэг хөл нь лав бүрэн хөлдсөн гэнэ. Биенд орсон нохойн шүдний ором тоогүй олон. Бие нь навс буудсан байтай адил болжээ. Жалбуугийн амин голтой байгаа нь түүний хоолойг нохой дутуу хазсан байна. Нохой хоолойд нь лав шүдээ шигтгэсэн бол Жалбуу мажийчихсан байх байж. Уулын, өвөл цагийн ам гэдэг хотын хөл хөдөлгөөнтэй гудамж биш дээ. Өглөө, хавх эргэхээр явсан Жалбуу байдаггүй ээ. Гэрээс гарч жаахан уруудан гол гарна. Цаашаа өгсөж хөндөлдсөн өндөр хошуу өөд гарч, доош буун, нэг жалга гатална. Тэгээд наагуураа битүү модтой цаад уулын модны зах руу ороод, олон жилийн хөл тушсан хур их бор өлөн, нохойн хошуу, уулын цай мэт олон зүйл өвстэй цоорхойд буй үнэг хярсны зүг дов хүрээд ирэх хүн ингэж удах гэж. Наран унатал эргэж ирээгүй учир, түүний араас явсан хүмүүс, цус цас хоёрт хутгалдчихаад дөнгөж амьсгаатай байхад нь олж ирсэн хэрэг. Хот айлын болон хавь ойрын настай, арга сүйхээтэй гэсэн хүмүүс цуглаж цус нөжийг нь цэвэрлэх, хувцсыг нь солих, хөлдсөн газрыг нь мэдээ оруулах гэж ноцолдсоор их цаг алджээ. Гэвч тэдэнд Жалбууг сэхээх тэнхээ хүрсэнгүй. Дулаалж, морин тэргээр, машин зам тосуулахаас өөр аргагүй болов.

Өвлийн дүн хүйтэнд, хааяа, ачаа тээврийн машин явдаг зам тосно гэдэг ёстой аз туршсан явдал. Гэтэл ёстой аз тохиож, нэгэн буянтай буурал жолооч, Жалбууг дагалдах хүмүүстэй нь авч яван, ийнхүү эмнэлэгт хүргэжээ. Жалууг эмнэлэгт, эхнэрийн нь дүү залуу сахижээ.

Жалбуу гэгч хэн бэ! Яахаараа нохойд сэг болгуулах нь энэ вэ! Түүнийг ноцсон нохой хэний юун нохой вэ!
… Жалбууг гилжгий гэлцэнэ. Энэ гилжгий, эхээс нь болжээ. Эх нь түүнийг төрүүлэх үед хөхөнд сүү орж, тулман хөхтэй ямаа шиг сэрийсэн хоёр хөх “урган” иржээ. Гэтэл нэг хөх нь сүү муутай байв. Тэгэхээр, эх нь сүүтэй хөхөө өгч, тэр болгонд өөрийн үнэртэй өрлег үстэй бэлбэгнэсэн нялх зулайг нь илээд байсан чинь сүүлд мэдэхнээ хүү нь ийнхүү, нэг талаараа хэвтэн хөхөж илүүлсээр гилжгий болжээ. Жалбуу олон жилийн өмнө Багшийн сургууль төгссөн. Газар дээр ганц эхтэй. Эхэд, үхлүүт өвчин тусахаар хотод эмнэлэг бараадуулсан. Эх нь удаан, сүрхий зовж байж нас барж. Жалбуу эхийгээ эрлэгт булаалгахгүй гэж буй чадлаараа асарсан авч, нэгэнт, үхэх үйл нь нүүрлэсэн бол алтаар амлуулсан ч хун тэсдэггүй шүү дээ. Эхээ л алдвал, энэ ертөнц хэмээгч, эргэн тойронд, юу юу ч үгүй, элий балай цөл цол болж, тэнд ганцаараа хаягдаад, тэр гэхийн тэмдэггүй араатанд, амьдаараа уруулж, тасдуулж, хорвоог орхих ухааны юм бодогддог байж Яагаад, юунаас болоод, ийм хачин зүйл боддог болсноо тэр үл мэднэ. Эхийг чинь эдгэрүүлье! Оронд нь чи үх! Гэвэл Жалбуу ямар ч үг дуугүй шууд ”тэгье, тэгье” гэх хүн аж. Жалбуу, эхээсээ хагацаад хотод үлдэв. Эхээ газар булчихаад юу бодож, нутагтаа очих билээ! Эхээс анх унасан газраас эхлээд, эхээ хот руу эмнүүлэхээр авч одсон сүүлчийн зам харгуй хүртэлх, эхтэй холбоотой юм бүхэн, нүдэнд үзэгдэж, сэтгэл мэрээд юуны амар заяа үзүүлэх аж гэж тэр бодсон хэрэг. Yхсэний хойноос үхэлтэй биш. Амь үнэнч, авгай худал гэгчийн үлгэрээр амь зууж, гэдсээ тэжээх чухал учир ажил хийх хэрэгтэй болов. Багшийн ажил эрэв. Түүний мэргэжлийн багшаар хот хахаж, цадаж орхиж. Олон жил багшилсан ч гэнэ үү, явцуу мэргэжлээ өөд татаж чадахгүй болсон багш нарыг ч хотод сүүлийн уеийн эрдэм чадалтай багш нараар сольчихжээ. Тэгээд Жалбуу хороо хорины байцаагч, мөнгөний нярав, жижүүр гэхчлэн гарын дор ажил хийсээр сүүлдээ уулын нэг аманд сахиулын ажил олов. Хотод идээшиж, ээнэгшиж өгөхгүй явсан Жалбуу, ойн сахиул хийнэ гэдэг эрсэн аз жаргалаа олсон шиг санагджээ. Гуанзанд хоол зөөгч байсан үе тэнгийн мах мариатай авгайтай дэр нийлүүлчихсэн байв. Олсон шинэ ажлаа авгайдаа хэлсэнд, нь буруу харж уйлан, зөв инээн “за-а!” гэжээ, Ингээд тэр хоёр ойн сахиул хийх газраа очив. Авгайн түрүүчийн нөхрийн тусад орсон ганц зоргоордуу охин хотод үлдэв. Гилжгий Жалбуу уулын аманд цулгуй газар гэрийнхээ шав тавьсангүй. Тэнд: сахиул байсан өвгөн, уг ажилдаа зүтгэх санаа хичнээн их байвч сачий хүрэхгүй болсон байна.Морьтын хишиг явганд гэгчээр ажлаа өгсөн тэр өгөөмөр хүн явган Жалбууд, морь. үнээ, тугал бярууны болон өвс тэжээлийн хашаа пүнз, тэр байтугай нохойн хонуур. Тахианы байрыг хүртэл бараг зүгээр өгчихөөд явав. Ийм бэлэн буян дээр гар газар, хөл хөсөр сууж болох уу? Жалбуу саалийн /сайн үнээ 10 жил тугалладаг. Энэ үнээ нь их сайндаа хоёр удаа тугаллаад, тогоо тослохоор үнээ байв/ үнээ, гурван ямаатай болов.
Жалбуугийн хариуцах уулын ам, талбайн хувьд том өргөн газар биш. Харин бартаа нь бэрх юм. Ус нь ширгэсэн хуурай, олон хөх сайр, савхийн дайралдах аймшигтай ганга жалга, уулын ам өөд болохоор дотор нь юу ч буглаж, шүглэж байж мэдэхээр битүү төглүүд болно. Ууландаа тулаад очихоор харанхуй ой. Уулын ар газар угаасаа адармаатай. Унаа морьтой хүн байтугай буга, бор гөрөөс, гахай яаж нэвтэрдэг юм бол гэхээр өргөс бутат битүү шивэр ширэнгэ байх аж. Сахиул хийх газар нь дутуу ан амьтан, араатан шувуу алга. Жалбуу харамсав. Ийм бөглүү газар түүнд итгэлтэй хань хэрэгтэй. Тэр нь нохой! Түүнийг хаанаас олох вэ! Захаас!… Хүний алаг нүднээс бусад нь байх болсон зах руу явсаар Жалбуу, нэг өдөр, залуухан, биерхүү, сэтэлзэж сорголзсон соотгор чихтэй хөх саарал нохой хөтлөн иржээ. Айл хөршийнхөн нь тэр нохойд зэвүүрхэв. Ямар гээч үүлдрийн нохой ийм байдаг бол гэж тэд бодоод тийм гэх нэр өгч чадсангүй.
Ийм нохой хүнд хань болох уу? гэж хөрш хашир өвгөн өгүүлсэнд, мэдэх юм аа ч мэдэхгүй гэж байх дуртай Жалбуу,
– Шумуулаас шумуул төрнө гэдэг. Өлөгчин чоноос төрсөн чоно хөтлөөд ирсэн гэцгээх гээд байна уу! Чоно нохой хоёрыг хаа очиж ялгана шүү! Чоно нохойн эрлийзийг ч мэднэ. Хорвоогийн нохойн эрлийз гэдэг маний мэддэг ганц хоёр ч арай биш байхаа гэж өөрийн бодолтой гэж өөрийгөө ямагт боддог тэр л зангаараа тооноо ширтэн өгүүлжээ.
– За тийм л болтугай. Манай энэ нутаг сүрхий аглаг, зэлүүддүү.Чоно бараг хотны захад!… Тэгэхдээ бид, чоно барьдаг нохой байхыг ер үзээгүй. Хүний үзэх юм дуусах биш. Ашгүй, одоо л нэг Жалбуугийн хар амт, хээрийн хар амтыг барихыг үзэж дээ!… гэж херш хашир өвгөн нэг л ёжтой, зуунги өгүүлсэн үг нь хэчнээн хянуур хэрсүү хүн чиг, хэдэн давхар санаатай хэлээд байгааг ухахад амаргүй байв. Сонгино шиг олон давхар санаатай үг амнаасаа унагадаг энэ бууралд хүмүүс хайртай.
– Энэ уулын буяныг дөрөв болоод хоёр хөлтэй чоноос ийм түшигтэй байж л хамгаална биз дээ!… Чухам тэгж хамгаалж чадахгүй байгаагаас, энэ уул байх юмаар багасаад л байгаа вий гэж Жалбуу өгүүлсэнд,
– За тэр, тийм ч биз, үгүй ч биз. Нохойгоо найдвартай уяатай байлгаж үз! Өглөө эрт уяж, шөнө орой тавьж байна шүү гэвэл,
– Зүгээр! Миний нохой, ангийн-хулгайч чоно хоёроос өөр амьтны улаан хоолойнд хүрэхгүй байх аа! Та нар өөрсдөө би манайхан гэж ийм ийм хүмүүс байдаг юм шүү гээд нохойд минь өөрсдийгөө сайн танилцуулаарай!…
– Ингэхэд, нохойны маань нэр?
– Аянга? гэж Жалбуу хэлсэнд
– Ий! … Манай энэ уулын ам, эзэнтэй, аянгатай болж дээ хөөрхий гээд хашир өвгөн нуруугаа үүрэн одохдоо юу юу гээчийг санаж: бодож явсан бол оо!
Аянга байнга уяатай байх. Хүмүүс, малд дасч цөхсөнгүй. Аянгын хамгийн үзэн яддаг амьтан нь нохой Нохой өөрт нь эвгүй хандвал дайраад, дараад хоолойнд нь юуны түрүүнд хүрэх гэнэ. Тэгсээр, хавьд түүнд халдах байтугай бараа сүрээр нь ноход шууд сүүлээ хавчин зугтах болов. Жалбууг нэг л эвгүй хүн гэдэг байсан хүмүүс одоо Аянгыг нэмээд хоёр эвгүй юмтай болох нь энэ!
Хад чулуутай буюу хахир хатуу газар хүн, амьтан: ер, юуны ч мөр үл гарна.
Шөнө элдэв хэргээр хүмүүс гэрээс гардаг Аянга байх нь тун ховор. Дуудаад байхаар газар доороос гарав уу гэлтэй гэнэт хүрч ирнэ. Сэргэг соргог нь бэрх. Өглөө эртээр уях гээд гарахад, уулнаас цас манарган, уур цан болчихсон ирэх нь үзэгдэв.
Жалбуу түүнийг дагуулж уул ой руу явахад Аянга их дуртай. Чандага, туулай, ятуу хөтүү гялс манасхийтэл бариад өөрөө л шамшина. Бор гөрөөс, зорголж, жий, цөх мэт бага насны буга барих гэж дайран зарим үед Жалбуу хий буу тавьж салгах үе тохиов.
Чонын ороо орох үеэр Аянга хэдэн өдөр шөнөөр алга болов. “Чонын хүү учраас чоно руугаа гүйгээд байна даа. Энэ чинь нэг юм хэлээд байна даа!” гэж хөрш хашир өвгөн өгүүлэхэд. Зүгээр! Ингэж чононд дасгаж байж, хүний гараар могой бариулна гэгчээр Аянгаар дамжуулж, чоныг яйлна шүү дээ! Тарвагыг даллаж ойртуулж байж алдахгүй буудна. Энэ их хад асга, харанхуй шивэр ширэнгэд чоныг би Аянгаараа “дуудуулж, хөтлүүлж” ирж байж намнана биз дээ! гэж Жалбуу хэлэх! Жалбуу чонын авд явав. Нэг ч чонын хамраас цус гаргасангүй. Хавар болов. Мал төллөж эхлэв. Байсаар урь унаж, төлийн борви тэнийгээд ирэхийн үед Жалбуутай хамт байгаа болон ойр хавийн айлууд хөрвөжиж торнисон төл шөнийн хоногт ганц нэгээр алга болдог болов. Хүмүүс, үүний учрыг янз бүрээр ярина. Ганц сэжиг Аянга! Шөнө, айлын хашаа пүнзнээс Аянга хурга ишиг, төлөг борлон шүүрээд гарахад, ноход, түүний өөдөөс өчүүхэн ч шонгүй. Аль нэгэн нохой малаа харамлаж гиншиж гийнан эзэндээ ай чимээ өгөх гэвэл тэр нохойн үхэх үйл нь ирсэн хэрэг болно. Алтны дэргэд заль луйвар л эргэлдэнэ гэдэг. Аянгын луйвар харин зун намар жаал татрав. Энэ бол цагийг дагаж чоно идэх уух юм элбэг болдогтой холбоотой. “Жалбуу, Аянга хоёрын чонын хамраас цус гаргах лөөлөө болов оо хөөрхий!” гэхэд “манай авгайг хойтон жилийн наадмаар л хар гэдэг шиг ирэх өвөл хар та нар! Жалбуу, Аянга хоёр мундахгүй ухаан туршлага суув шүү дээ!” гэж Жалбуу ярина.
Дахиад намрын сэрүүн унав. Цасны түрүү үзэв. Анчид хурдан хүлгээ бөмбөлзтөл уяад шинэ цаснаар үнэг, чонын авд гарч эхэллээ, Жалбуу, Аянга хоёр хөдөлдөггүй ээ! Дахиад л, шөнө хоногтоо мал алга болдог өвчин хөдлөв. Хүмүүс, дахиад л Аянгад ял тулгах гэх. Баримтгүй болохоор шүүх, сэргийлэхэд очих арга байдаггүй. Тэгээд ч, малын хулгайн хэлбэр нь огт өөр! Жалбууд ял тулгах гэхээр баримт гэнэ. Малчид Аянгыг “барих” арга сүвэгчлэв. Хөрш хашир өвгөн: “Санаад явахаар үзэгдэх шиг болно гэж үг байдаг. Миний номоор бол уул, ойгоос чоно ойртон ирж, Аянгаа! ,.. Х-о-оол, х-оол! гэж улилдсан шөнө л мань Аянга, тэр чонуудад хоол зөөгөөд байна!…” гэв. Чоно ульсан шөнө малчид Аянгын хулгайг барих өөр өөрийн арга мэх сийлэв, Гэтэл яг ийм шөнө чоно ирж уливч, Аянга үл хөдлөнө. Хүмүүс дахиад гайхаш болов. “Аянга биш мал хулгайлдаг албин чөтгер буй болсон юм биш биз ээ!” гэж тэд хэлэлцэв.
Байсаар орооны өмне их иддэг чонын идлэгийн үе болов; Чоно хэдэн шөнө дараалан ирж улив. Аянга хөдөлсөнгүй ээ!
Ухаантай нохой гэдэг өөр байгаа биз! Чонын ороо ширээ эхэлтэл миний нохой хөдлөхгүй ээ! Тэгж байгаад л нэг өдөр одоо явдаг, хөдөлдөг цаг болсон гээд миний гараас хөтөлнө дөө!” гэж Жалбуу хэлэв.
Хөрш, хашир өвгөн: Шөнө чоно ирж улин уриад байхад, Аянгын хөдлөхгүй байгаа нь цаанаа лоосуутай даа. Аянга ааг омог бүрдэж, чадал хүчин хурсан ид сайхан азарган чонын нохой болж байна. Ёстой есөн шид нь бүрдэж байна. Гэхдээ, архаг азарган чонотой ана мань ач тач үзэлцэх арай болоогүй дээ. За тэр ч яахав. Энэ улиад байгаа чонууд дотор Аянгын хүссэн чоно байхгүй байна. Аянга тэр нэгэн чоноо хүлээгээд байна. Тэр чоно Аянгатай сэртэндэх гэсэн залуухан гичий чоно байгаа. Тэр нь ирж улин дуудвал Аянга; алтан аргамжаар оосорлосон ч тогтохгүй. Тэр байтугай тоос манан ч дэгдээх байх” гэж хэлжээ.
Жалбуугийнхтай цуг байдаг Шийрэв өвгөн, хот ороод шөнө орой харьж ирж явжээ. Гэртээ дөхөөд ирэхээр, өвгөний санаа уужирч тайвшираа биз. Гэнэт, морь нь хамраа тас нясхийлгэн холби үсрэн үргэж өвгөнийг золтой, хажуугийн хар гангын ёроол руу шидчихсэнгүй.
Өвгөн мориныхоо амыг тогтоон, юунаас үргэсэн, хаа юу байгааг харах гэж нүдээрээ тэмтчин байгаад, ууттай гурил шиг урт цагаан юмыг хүн гэхэд хүн биш нэг амьтан нуруун дээрээ үүрчихээд ганга өгсч явааг харжээ. Шийрэв өвгөн үзээгүй юм үзэв. Буг чөтгөр бол түүнээс айх юун хэмээн давирч урт хар гангыг хөвөөлөн явах гэтэл морь нь урагшилж өгсөнгүй. Буугаад араас дагая гэхээр гүйцэгдэх янзгүй. Ингэсээр байтал хачин үзэгдэл бараа, чимээ тасрав.
Шийрэв өвгөн харьж ирэв. Жалбуу тэднийг сэрээв. Шийрэв өвгөн юу үзсэнээ ярив. Юу байдаг билээ хэмээн хөөрөлдөв. “Улс амьтан бараг унтахын алдад даа. Нарийн хорон дуутай нэг чоно ульсан! Намайг, танайхаас гарахтай зэрэг тэр чонын улилт таарсан Аянга яг тэр нарийн хоолойн улилтаар сэртэсхийн босч ирснээ, миний бараагаар, цээжээ хүржигнүүлж хэвтэх аядсанаа, тэвчээр алдсан янзтай нэг муухай улин хуцсан даа!” гэж хөрш хашир өвгөн ярив. Тэд гарав.
– Аянга, Аянга!…хэмээн Жалбуу дуудав. Аянга хонууртаа алга.
– Ганга өгсөн одсон амьтан Аянга байж гэж бодьё. Тэгэхдээ тэр, юун шуудай гурил шиг юм үүрэн оддог билээ? гэж Шийрэв өвгөн өгүүлтэл,
– Малаа бүртгэ! гэж хөрш хашир өвгөн хэлэв. Төдхөн:
– Ээ хөх тэнгэр, хар газар, одоо яана аа! хэмээн Шийрэв өвген гаслав.
– Юу болов, өвгөн ах!!!
– Халзан ирэг минь байдаггүй!…
– Аянга тийм том иргийг үүрэн одох хэрэг үү? ГЭЖ Жалбуу үл итгэсэн байдалтай асуув.
– Чоноос чоно гардаг гэж чамд хэлсэн дээ Жалбуу! Өнөө орой ульсан нарийн хорон дуутай чоно бол Аянгыг хүлээсэн өлөгчин. Тэр нь би ирлээ гэж ульсан. Аянга түүний дуугаар сэртэсхийн босч ирснээ, миний бараагаар цээжээ хүржгэнүүлэн хэвтэхдээ, нэг муухай улин хуцсан. Би байна. Одоохон очно гэж цаад өлөгчиндөө чимээ өгсөн хэрэг. Тэгээд очих очихдоо Шийрэв гуайн ганц иргийг бэлэг болгон үүрч одож дээ! Гурилын хулгайчийн гуя цагаан гэдэг энэ! Ороо ширээндээ нийлэх гэж буй ийм идэрхэг шидэрхэг чоноос ирэг байтугай буга үүрэх тэнхээ гаралгүй дээ гэж хөрш, хашир өвгөн өгүүлэв.
– Yгүй одоо яан аа! Энэ Жалбуу чи ямар гээчийн нүглийн хүүдий чирч ирэх чинь энэ вэ? Манай эндээс алга болсон бүх малын хулгайч, Аянга боллоо. Залуу минь Аянгадаа өөрөө Аянга болохгүй бол цаадах чинь удалгүй маний хоолойг толгой дараалан хигэнэ шүү гэж Шийрэв өвгөн хэлэв.
– Хүлээсэн гичий нь ирэхлээр Аянга хөдөлнө. Хөдлөх хөдлөхдөө нэлээн их гараар хөдлөх бий гэж миний хэлсэн үг орой руу чинь оров уу, Жалбуу! гэж хөрш, хашир өвгөн хэлсэнд, Жалбуу, галын улайсан хайч завсар хавчуулагдах шиг болон,
– За маргааш болог! гээд гэр рүүгээ шурган оров.
Жалбуу маргааш нь буу үүрэн Аянгын мөрөөр явахдаа, Аянгыг Шийрэв өвгөн амбан шар шиг иргийг үүрэн одов гэдэгт итгэж чадахгүй байлаа.
Хоёр чоно Шийрэв өвгөний иргийг өнөөх дотор нь юу ч байж мэдэх төгөл дотор хувааж хүртээд алга болжээ.
Жалбуу, Аянгыг хэд хоног хүлээв.
– Орооноос гарахаас нааш ирэхгүй. Гарахыг нь дөхүүлээд иргийн сэг дээр өлөн зэлмүүн чоно ум хумгүй үнхэх мах зах сайн хая! хавхаа сэжиг сэдэв авахгүйгээр тавь! Чоно хар ихтэй. Гэхдээ, орооныхоо дараа гайгүй биз? гэж хөрш нь зөвлөв.
Жалбуугийн хулхи буув. Хүн, нэг үг хэлэхэд, өөдөөс нь хоёр үг хэлдэг, цээж сэхүүн мань эр, хүмүүс юу хэлбээс ямар ч болтугай Аянга шиг ярзайх, ярдаглан аядахаа болив. Чонын ороо ширээ гарах дөхөөд хөрш, хашир өвгөн “одоо явж хавхаа зүү!” гэв Жалбуу, хавхаа заалгахын сайнаар заалган байж зүүв. Хөрш, хашир өвгөний хэлсэн өдөр явав
– Бодлого, болгоомжтой яв. Хүн дагуулж яв гэсэнд, Жалбуу мөн л хэгжүү, түрэмгийгээрээ түрээд, ганцаараа явжээ.
Жалбуу хавх дээрээ очив. Хавханд нь чоно урьд хоёр хөлөөрөө суусан шүү суужээ. Чонын хар гэдэг хавх найдвартай цагтаа ийм эд дээ. Хүний бараагаар хавхтай чоно үхлээ ирснийг мэдээд сүүлийн мэх гохоо хийх гэв. Гэвч тэр чоно юу хийж чадах вэ! Хавхтай чонын хажууд Аянга гийнаж байж ядаж эхлэв. Эзнийхээ тухайд Аянгад “бодож санасан” юм юу байхав. Магадгүй, эзнээ хавхнаас “хайртыг” нь салгаж өгөх болов уу гэж горьдсон байж болох юм.
Жалбуу Аянгын тухайд юу ч болсонгүй. Түүнийг хэзээдээ, миний эрх мэдлийн юм гэж үзэв. Хавхтай чононд ойртон очиж байгаад буудах гэж зэхэж байхдаа, энэ өвлийн миний ангийн түрүү бор халзан туулай чи болдог байжээ гэж бодоо биз!
Буу панхийж, хавхтай чоно муухай гаслан хавх хажгануулан ойчих тэр мөчид Аянга, Жалбуу дээр бөөн цахилгаан мэт буужээ. Нохойгоо ингэнэ чинээ бодоогүй байсан Жалбуу барьц алдаж хэд хэдэн газраа нохойдоо сүрхий ам хүргүүлэв. Нохойноос амь биеэ хамгаалахын тулд эцсийн арга чаргаа хүртэл гаргах хэрэгтэй болов. Нохой унаж, унагаж, цастай хутгалдан зүтгэсээр Жалбуугийн хоолойд шүдээ хүргэн ирэх үөд Жалбуу хутгаа сугалан нохойныхоо улаан суга луу хутгаа ишинд нь тултал дүрээд, хоёул цасан дээр тэврэлдээтэй юм шиг ойчжээ.
Жалбуу эмнэлгээс гарч ирэв. Өрөөсөн хөл, өрөөсөн гар мухар, өрөөсөн чих хулгар, хамар нь дөнгөн данган оронцогтой, бүх бие нь нэлдээ шахуу цагаан боодол болсон сүг шиг хүргэгдэн орж ирэхийг харсан авгай нь ухаан алдаж, үхэтхийн унажээ. Нөхрөө дагуулан, дөнгөж ирээд байсан зоргоордуу охин нь муухай орилоод нөхрөө чирэн оджээ.
Хүмүүс Жалбууг анх очиж авахад, Жалбуу гэрийнхээ хар амтыг дэрлэчихсэн, гэрийн амт нь хээрийнхээ хар амтыг дэрлэчихсэн хэвтэж байсан гэлцсэнсэн.

Б.Бааст

Be the first to comment

Leave a Reply