(Домог өгүүллэг)
Бага нас минь бөө тууль хоёр дотор өнгөрчээ гэж нэг бус удаа бичсэн сэн. Нөхөн санаваас бас үлгэр домог дотор ч өнгөрчээ.
Зарим хүн нас ахих тусам ухаан бүдгэрнэ гэх. Зарим нь болохоор харин ч, амьдралдаа үзсэн аахар саахар зүйл элэгдэн мартагдаж, аль авууштай, санууштай нь ялгагдах алт мэт тунаж үлдээд, эргэн сэргээхэд, ихэд сонирхолтой хууч түүх үндэслэж ургана гэх. Энэ хоёрын аль алинд нь үнэний хувь байх шиг байнаа!
Миний багад, манай нутагт халцгай Жамсран гэж нэгэн өвгөн байв. Зарим нь түүнийг онгорхой Жамсран ч гэх. Yнэндээ ч, хоёр нүд нь төө тэнд хөнхийсөн ухархайны нь гүнд дэнгийн бүдэг гэрэл шиг сүүмэлзэж байх. Айхавтар урт өтгөн хөмсөгтэй, нүүрээрээ л дүүрэн ачир тачир үс сахалтай байсан шиг санагдах юм. Орой дээрх дугуй тав гэзгээ хойш нь дарж гөрсөн нь хэдхэн сүлжээд унаганы сүүл шиг годойсон үзүүрт нь нарийхан шар сур зангидчихсан байдаг шиг санагдах юм. Манайхан настай хүнийг өвөөлдөггүй, ихэнхдээ, тэр ах, энэ ах л гэх. Жамсран ах дээл ч бай, тэрлэг ч бай өмсөхөөсөө нөмөрч суух дуртай. Галтай ч бай, галгүй ч бай, тулга руу ширтэж, инээдтэй буюу эмгэнэлтэй юм ярихдаа, нүүр нүдний ямар ч хувиралгүй нэг л өнгөөр хөөрнө.
Одоо бодоход, Жамсран ахын хэрзгэр цээжний цаана элэг уушиг биш бөөн үлгэр түүх бичээстэй байсан мэт санагдана.
Түүний өгүүлсэн үлгэр домгоос дор өгүүлэх нэгэн явдал урган босч ирэв.
Алтайд л байлгүй, өөр хаана байх аж. Баартуу гэж нэгэн сүрхий анч манч эр байж гэнэ. Байнга уулын таг царам түшиж Алтайн хишиг ан гөрөөгөөр амьдрах. Баартуу залуудаа их зордогтой /дур зоргоор авирламхай, дээрэнгүйдүү зантай/ эр байж. Эр бие тэгш төгөлдөр, царай зүс сайхантай ч байж. Нутгийн ноёны нэг охинд сэтгэлтэй болж. Ноён юу гэж амьтан хядаж, нүгэл үйлдэн аж төрдөг эрд охиноо өгөх аж. Тэгэхлээр нь Баартуу охины нь босуулж аваад, Алтайд шингэж орхиж. Алтайн цээжинд нэг байтугай мянган хос ч аж төрөх газар байхгүй гэх биш! Хичнээн эрчүүл харчуул, ямар сайн бууч мэргэн хүмүүс хэдэн жил явуулаад Алтайгаас Баартуу, охин хоёроо ноёныхон олсонгүй. Болж өгвөл Баартууг амьдаар нь барьж ир. Болохгүй бол хаа харагдсан газар нь элгээр нь цоо буудаад, толгойгий нь охинтой минь хамт авч ирсэн хүнд, юу авна гэнэ, түүний нь өгнө. Юу хүснэ, түүний нь гүйцээж өгнө гэж хичнээн алтан амлаад явсан эрчүүл, харцуул, нэг талаар ноёныхоо хэлсэнд хүрсэнгүй, негөө талаар өөрсдийн хүссэнийг гүйцээсэнгүй. Ингээд Баартуу охин хоёр арга буюу мартагджээ. Олон хөвгүүд дотор өнчин ганц сонгино шиг охин байсныгаа алдсан ноён удаж төдөлгүй санаа сэтгэлийн өвчтэй болж, нэг сонсохноо хорвоог орхижээ. Yхсэнээс амьдын хагацал хүнд гэдэг үнэн ажээ.
Баартуу ноёны үзэсгэлэн гоо охинтой амьдарсаар хүүтэй болжээ. Залуу эр эм хоёр олдохгүй юм олсон болохоор амьд эрдэнэ болсон хүүгээ үргэлж нүд салгахгүй ширтэж суух. Хүү нь эх хүний төрүүлдэг эрдэнэт үрсээс онцгойлох юм байхгүй, хэнээс ч төрдөг, хаа ч байдаг хүүхэд шиг л хүүхэд! Гэхдээ, толгой арай томтой, хүзүү бүдүүнтэй, түүш нь нэг л лухгар юм шиг санагдах. Гар хуруу нь балцайгаад цаанаа эр бяртай хүний шинжтэй. Салтаа саам нь ч нэлээд тулц тулгуур сайтай янзтай. Хүүхдээ тэр хоёр Батчулуу гэж нэр өгчээ. Батчулуу гурван нас хүрснээсээ хойш, савхийвэл юм өшиглөж, өргөх, шидэх, чулуудах зантай болов. Тав, зургаан нас хүрэхдээ хүн амьтан явдаг замын том хад чулууг өшиглөж зайлуулах, оромжинд нь байдаг тулгын гурван; чулуу шиг боловч өөрийнхөө чадал хүрч, өргөж даах том чулуугаар тулга гурван чулуу тавьж дээр нь бүр том чулуу эр бяр заан өргөж тавьж явах болж, Yгүй бол уул хадны онь хөтел дээр гараад чулуу түүж овоо босгож байх Овоо босгох гэж түүний хөдөлж ажиллаж байхыг харахад яг шоргоолж шиг эцэж цуцах өлсч цангахыг мэдэхгүй хөдөлмөрлөж байх. Баартуугийн гэргий, Батчулуугийн ээж үзэсгэлэн гоо бүсгүй нэр Мичрээ. Энэ бүсгүй гэр зуурт барахгүй их ажилтай. Нөхрийн авлаж ирсэн ан гөрөөний арьс хөрсийг элдэнэ. Гурван биендээ зохих дээл гутал, дэвсгэр хучлага хийнэ. Арьсыг элдэж үнгэн илэг болгоно. Илгээрээ нөхөртөө заргаг дээл, шалбуур, илгэн тулам, илгэн хэтэвч, илгэн хүүдий хийнэ. Баартуу үргэлж шахуу явдаг асар их хүрэм хад асга дотроос юуг эс олдог гэх вэ! Аянга цахилгаан зуны эринд үргэлж буудаг тийм газраас барагтай том хүн өргөөд даамгүй том дөв дөрвөлжин хүнд нягт дөш төмөр, жижиг төмөрлөгийн зүйл, бэлэн хутга, зэв сум мэтийг ч олж түүж ирнэ. Мичрээ хутга маягтай төмрийг давтаж, яргай чаргай мэт хатуу мод, гөрөөсний шилбэ эвэрт ишилж, жижиг сумч /цумч гэдэг/ – аас эхлээд том сайхан хутга, зүү, шөвөг, хатгуур хутгуур юу дуртайгаа урлана, Энэ мэтийг урласаар нэг харахад эдний оромжинд хедөлмөрийн зүйлийн багаж зэмсэг үзэсгэлэн мэт элдэв зүйл болжээ.
Баартуу нэг өдөр авлаж яваад эргэж иртэл, үзэсгэлэн гоо, янаг эхнэр эзгүй, гэр орон гал хөс, хоол унд юу ч үгүй, хүү Батчулуу нь ухаантай, ухаангүйн хооронд таталдаж тийчлэн хэл ам ээрэгнэн цэвхэлзэж хэвтэх аж. Баартуу чухам юу гээч нь болсны учрыг үл ойлгон:
– Миний хүү…
– Ээжий нь хаачаа вэ?
– Миний хүү чи яачихаад 6айнаа?
– Yгүй чи дуу гараач
– Ээжий нь хаачаа вэ?
Хүү нь үг хэлэх гэвч хэл нь амандаа багтахгүй чихэлдээд байх шиг пал пул хийгээд, гар нь дэмий сарвалзаж ийш тийш заан, нүд нь дээш доош сөлөлзөхөөс өөр яаж ч чадахгүй болсныг мэдээд, өөрий нь эзгүйд энэ айлд ямар нэгэн жигтэй юм болсныг Баартуу ухаарчээ.
Баартуу хүүгээ орхин гүйн гарчээ. Тэр, хаашаа ч харсан бүх юм таг чиг.
– Мичрээ! хэмээн дуудав. Холд уулын цуурай хүч муутай цуурайлав.
Баартуу, Мичрээг ойр хавьд яавч байхгүй гэж мэдэв. Тэгээд, түүнийгээ яасан байж болох вэ? гэж өөрөөсөө асуухаар, тэгсэн гэх хариу хэлэх хэл амтай хун байдаггүй.
Буцаад гүйн оров. Хүү нь өнөөх л гар хуруу хөдөпгөн таталдаж тийчигнэсэн хэвээр …
– Батчулуу! Миний хүү! … Миний хүү чи яачихаад байнаа! Аавдаа үг хэлээч! Дуугараач! …
Хүү ямар нэгэн гай түйд ороогдсон нь тодорхой болж …
Баартуу хүүгээ орхиод, чухам юу болсныг мэдэхээр, буугаа шүүрэн гүйн гарав. Ойрх хараа харуус тавьдаг нэлээн хол алс хүртэл юм харж болдог бүх гүвээ толгодыг дамжин гүйж зүг зүг лүү харан Мичрээ! Мичрээ! хэмээн ёстой л зуун долоо хашгиран дуудавч уул хадны дуурай цуурайнаас өөр хариу байдаггүй. Баартуу уул хаданд янгир шиг дүүлж харайж сурсан ба ойр хавьд ямар агуй хонгил нүх сүв байдгийг мэддэг болохоор тэр бүхнийг нэхэч нэгжиж шөнийн харанхуй нүүрлэн иртэл гүйж. Гэвч тэр юу ч олж үзсэн, сонссонгүй. Шөнө тэр хүү дээрээ эргэн ирэв. Хүүгийн байдал бахь байдгаараа!…
Баартуу эр хүн болохоор, хүүгээ тэвэрч уйлж гаслав. Yглэв. Хашгирав. Ганц эр хүн байтугай ган төмер хүртэл галын аясаар уярдаг учиртай! Ингэлээ гээд тэр яахсан билээ.
Мичрээгийн эцэг ноён аль хэдүйн бурхан болсон. Мичрээд эрэгтэй ах дүү нар байгаа. Нутгийн шинэ ноён, Мичрээгийн ах дүү нараас, Мичрээгийн араас өдий олон жилийн дараа нэхэл дагал болон ирэх хүн нэг ч байхгүй.
Баартуугийн байгаа энэ уул хад нутаг, түүний төрсөн нутаг ч биш. Баартуу хахь хамаагүй өөр сумын нутгийн зах барин амьдарч яваа хүн. Энэ сумын захын нутгийнхан Баартуутай танил. Баартууг хорхойд ч хоргүй ядарсан хэрмэл тэнэмэл эр гэж мэднэ Баартуу энэ зах зайс нутгийн ядарсан олонд ач тус л болдог хүн…
Мичрээ яасан байх вэ? гэж Баартуу эхээ эргэж, духаа ширгэтэл бодлоо. Уулсын зэрлэг догшин араатан амьтдын дотор Мичрээг аваачих амьтан гэж байхгүй. Тийм хэрцгий амьтан байгаад аваачих юмаа гэхэд Мичрээг биш, амарчилж, багачилж, Батчулууг олз омог болгон аваачиж болох. Харин тийм араатан амьтан тэгсэн гэх бодол Баартууд даанч ухаанд нь төрсөнгүй, тоймолсон ч багтсангүй ээ! Тэгэхээр, өөр юу байж болох вэ? гэхээр тийм юм байж магад хэмээн Баартуугийн ухаан санаанд багтах юм ер байдаггүй ээ! Баартуу энэ газар цаашид амьдрахын эцэсгүй болов. Мичрээ нь эргэж ирэх найдвар тасрав. Хүү Батчулуугийн байдал зугуухан доордож байна. Тэгэхлээр ойрын сайн бөө бараадахаас өөр аргагүй болов.
Сайн бөө шамдан бараадсаны хүчээр Батчулуугийн байдал зугуухан дээрдэж гар хуруугаа хөдөлгөн таль туль яриад байх болов. Эхэд нь ямар гай тохиолдсоныг бөө .Батчулуугаар хэлүүлжзэ.
Түүний өгүүлсэн нь:
– Их өндөр … том биетэй … урт гартай … тэмээ шиг хавтгай хөлтэй /таваг ултай/… бүх бие нь хар хүрэндүү үстэй… нүүр нь бас үс байсан байх … нүд нь хөнхөр… наримгар хамартай хүн… мэдэхгүй юм … Сайн мэдэхгүй юм. Айгаад харж чадаагүй, хойд хоёр хөл дээрээ явдаг мазаалай гэж байдаг уу?… Тийм амьтан гэнэт орж ирсэн. Ээж бид хоёр хашгиралдан бахиралдаад тэврэлдсэн. Тэр хүн бид хоёрыг хамтад нь тэврээд, өргөөд аваад явах гэснээ даахгүй байсан уу, яасныг мэдэхгүй, намайг гэнэт угз татаж хол шидээд, ээжийг сугандаа хавчуулаад орилуулаад аваад явсан гэжээ.
Алтайд ийм хачирхалтай үйл явдал болсон байхад, хүн нэг их гайхаад байх хэрэг байна уу? Тэр аугаа их ууланд, энэ байтугай юм байж ч болох болж ч болох биш үү! Хүний амьдралд сайнаас саар муу явдал илүүтэй тохиолддог биз дээ? Баартуу Мичрээ хоёрын богинохон аз жаргалд ийм аймшигтай гай дайрна чинээ хэн төсөөлөхсөн билээ. Хөөрхий Мичрээг ямар гай дайрсныг хүмүүс элдвээр ярьж олон жил өнгөрөхөд бараг мартагджээ.
Харин, дэндүү сайхан ижил хосгүй ханиасаа насны залууд хагацсан Баартуу санаа сэтгэл сэмэрч, ээдэрч үүлгэртсэн нэгэн сүг сүүдэр шиг амьтан болж цэл залуугаараа бууралтаж сааралтжээ. Энэ хооронд Батчулуу өсч баймгай лагс ланжгар эр болжээ. Батчулуу хоёр зүйл эрдэм эзэмшсэн эр болов. Түүний нэгний нь тухай энэ өгүүллэгийн төгсгөлд өгүүлнэ. Тэр бол эцэг Баартуугаас өвлөн авсан биш, өвөг эцгээс, эцэг Баартуугаар дамжиж ирсэн эрдэм ажээ. Одоо өгүүлэх эрдэм бол Батчулууд байгалиас заяасан эрдэм юм. Батчулуу багын элдэв хад чулуу мэт хүнд хүчир зүйл өргөсөн, шидсэн, өшиглөсөн, өнхрүүлсэн хүү байсан тухай өгүүлж байсан сан. Тэгэхээр одоо түүнийг үргэлжлэн өгүүлье. Батчулуу сарын газрыг өдрөөр, өдрийн газрын цагаар товчлон гүйдэг шандас сайт хүлэг морь мэт өсч өндийсөн байна. Тэр уул хадтай газар явахаараа мэл /дандаа/ хонь, ямаа, бяруу тугал шиг том чулууг тулгын гурван чулуу шиг тулан өрж, дээр нь хунз шиг дөрвөлжин авдар шиг урт том чулуу өргөж тавьж явдаг болж гэнэ. Нутгийнхны хавар намрын нүүдлийн зам дагуу буюу хүмүүс ан гөрөө эрэл хайгуулд явахдаа төөрдөг будилдаг газар Батчулуу элдэв чулуу өргөж юм уу, босгож тавьсан нь сүүлдээ тэр нь Батчулуугийн цагаан чулуут, босоо юмуу хэвтээ чулуут, алаг чулуут гэж нэршиж иржээ. Заримдаа, Батчулуу өөрийн омог хүчиндээ эрдэж, хүн малын аль хөл хөдөлгөөнтэй зам дээр барагтай л бол ямар ч хүн хөдөлгөж хүч хүрэхгүй чулуу зөөж, өргөж ирж тавьчихаад хэл ам, хэрүүл уруул бопох явдал ч гарч байж. Алс хол аян жинд явсан хүмүүсийн үйлээ үзэж, ачиж тээж ирсэн сэвэг цайнаас хоёр сэвгийг Батчулуу өргөчихсөн дэвж байхыг хүмүүс үзээд түүнийг найр наадамд барилд гэж шахаж шаардах болж. Нутаг нугад нь гаргуут хүчтэй нь ганц Батчулуу байгаагүй нь мэдээж. Цаст Алтайнхны бахархдаг зүйлийн нэг нь хүн хүнээс илүү эр бяртай хүч тэнхээтэй хөвгүүдээрээ бахархдаг явдал байсан нь мэдээж. Зарим гоц хүчин төгөлдөр эрсийн хийсэн сонин хачин тохиолдлыг Батчулуугийн хийсэн явдал болгон хуучилдаг удаа ч бас байжээ. Олон эрчүүл цуглаж элдэв сонин юм хуучлах, барилдаж ноцолдох мэт эр бяр үзүүлэх мэтгээн зүтгээн болоход өөр нэг хүчит эр дэвж шавах болохдоо цугласан эрчүүд дотроос хоёр булиадууг нь сонгон авч бүснээс нь өргөн барьчихсан дэвж шавж байсныг Батчулуу тэгсэн гэж хуучилдаг болчихсон явдал байдаг. Түүгээр барахгүй идэшний үхэр гаргаж хаа гуяар нь мөчилж салгаж байсан эрчүүд дээр замын хүн ирж, нэгэн айл асуухад тэдгээр эрчүүдийн нэг нь үхрийн хоёр гуя өргөн барьчихсан “Тээр харагдаж байгаа хар хошуу байнаа! Тэр хошууг ороогоод цааш одохоор зам гурав сална. Баруун хойд талын замыг бариад уулаа энгэрлэн яваад байтал хоёр хөтөл дайралдана. Тэр хоёр хөтлийг давахаар урт хөндий болно. Тэр хөндийн эхэнд таны очих айл бий!” гэж аяны хүнд зам зааж байсан гэдэг. Зарим нь тэр эрийг Батчулуу байсан гэдэг. Зарим хүмүүс болохоор өөр хүн байсан гэдэг. Би бол Батчулуу болов уу гэж боддог.
Батчулуу сүүлдээ ноолдох /барилдах/ болжээ. Гэвч тэр, жаахан мангардуу болохоороо бөхийн мэх гох юу ч мэдэхгүй … бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр барагтайхан эрчүүдэд шоглуулаад дамшиглуулаад болдоггүй гэнэ Тэгэхээр нь нэр цуутай бөх байсан сайхан санаат настай хүмүүс Батчулууг барилдах ур ухаанд сургах гэж үнэнхүү хүчин чармайлт тавьжээ.
Нутгархсан булагнасан жижиг сажиг найр наадамд Батчулуу барилдаад байсан чинь түүнийг нугалдаг бөх үгүй болжээ. Батчулуугийн энд тэнд өргөсөн, тавьсан чулууны тухай нутгийн ноён сонссон, үзсэн боловч түүнийг сайн бөх болохын чинээн юу ч мэдээгүй байж. Энэ нутгийн ноён бөхийн хорхойтой боловч сүүлийн үед нутаг уснаас нь сайн бөх төрөхгүй баахан санаа сэтгэл дундуур явдаг байж. Өөр газраас ирсэн морь, бөх хоёрт босго өндөртэй байх учиртай атал энэ ноёны нутаг өөр газраас ирсэн морь, бөх хоёрт найр наадмын түрүү алдаад байхаар ийнхүү дургүйцсэн хэрэг, Ноёны өөрийнх нь бөх гээд хоёр гурван сагамал эр байх. Гэвч тэд, өөр газрын бөхөд өвдөг шороодоод болдоггүй, Ямар сайндаа, ноён нэг удаагийн наадамд өөр газраас ирсэн нэг бөхтэй өөрийнх нь бөх үлдэж гэнэ. Хоёр бөх барилдаад ноёны бөх аргагүй өвдөг шороодож гэнэ. Гэтэл ноён хэл ам болж хоёр бөхийг дахин барилдуулж гэнэ. Өөр газраас ирсэн бөх шарандаа болоод ноёны бөхийг өргөж аваачаад өмнө нь тавьсан найрын ширээний ууцны хажууд дээш нь харуулж тавиад “Ноёнтоон! Гурав дахиа барилдуулах уу!” гэж амы нь асуусан гэдэг!
Нутгийн ноёны шээс гоожжээ. Бөхтэй болох тухай санаа шулуудаж, Батчулууг дуудуулжээ. Батчулуу очжээ. Ноён түүнийг ихэд тоожээ. Эцэгтэйгээ хоёулхнаа ядуу зүдүүг нь мэджээ. “Хээрээр гэр хийж, хаа бол чулуу овоолж овоо босгон, эсвэл газар гайгүй чулуу өргөж явдгаа уур! \боль!\. Миний зарц бол! Чамайг сайн бөх болоход нь тус дэм болж, эцэгтэй чинь цуг тэжээх болно!” гэж ноён хэлсэнд “эцэг минь уул хадаа дамжиж, хүйтэн халуунд даарч халууцаж, цас бороонд хайрагдаж норж явахаараа бие нь тэнхлүүн сэтгэл нь сэргэлэн байх юм. Эцгээс өөр түшиггүй би, түүнийхээ аяыг харж явья! Харин авалдах /бөх барилдах\ хэрэг гарвал ирж байя! Надад бөх болох арга ухаан” заадаг буянтай буурлууд бий. Би хичээе!” гэж Батчулуу хэлжээ.
Ноён, Батчулуугийн үгийг сонсоод “Битгий уул дамжаад элсэнд асгасан ус шиг ор сураггүй болчих. Хэрэг гарахаар /найр наадам болохоор/ дуудуулна. Хөл дүүжлэх унааны морь, шөл хийх төлөг мөлөг хэрэгтэй цагтаа санаа зовохгүй авч бай! Харин бөхийн эрдмийг сайн сурна шүү!” гэж их л сүр дүртэй захирангуй хэлжээ.
Ноён хатан хоёр өнчин сонгино шиг ганц өргөмөл охинтой юм байж. Ноёны гэгдсэн бөхчүүдээс өнөөх найрын ширээн дээр өрлүүлэх гэж байгаа хонь шиг тавиулдаг бөх ноёны тэр охинд санаатай юм байж. Охин ч бас тэр бөх эртэй яавал ч яачихая гэж бодож байснаа тэр бөх эрийг өнөөх найрын ширээн дээр булай болсноос хойш нэг нүдээр үзэхээ больжээ. Ноёны охины нэр Хөдсөө. Батчулууг ирээд явснаас хойш Хөдсөө Батчулууд сэтгэл хэлтийх янзтай болжээ.
Ноён Батчулууд нүүр дулаан хандсанаас хойш Баартуу нутгийн зах барьж, ажиг сураггүй уул олныг дамжин янгир шиг тэнэхээ багасгав.
Ноёны мал малладаг хүмүүс Баартууд хааяа шөлний төлөг хүргэдэг болов. Батчулуу зун намрын цагаар дуудагдаж найр наадамд очиж барилддаг болов. Ноёны гэгдэж байсан бөхчүүдийг бүгдийг нь нугалдаг болов. Бас нэг сонирхолтой нь ноёны охин Хөдсөө Баартуугийнд очсон, Батчулуутай уулзсан гэж шивэр авир ярилцах болж. Тэгснээ, ноёны үйл оёдолд ур дүйтэй охин Хөдсөө Батчулууд илгэн зодог оёж өгч гэнээ гэж ярилцах болжээ. Гэтэл ноёны бөх гэгдэж байсан эрчүүд Батчулууд атаархаж хорсохдоо хор цацна гэгчээр Батчулууд агсан тавьсан хэрэлдэж зодолдох гэсэн явдал гарлаа гэж сонсжээ Ноёны тэр хоёр бөх сүүл сүүлдээ, нутаг нугынхнаа цочоож түгшээсэн аймшигтай, зард гарсан агсам эрчүүд болжээ. Тэр хоёрыг энд тэнд, мориныхоо хоёр талд гаран савж санж анаж явна гэвэл нутаг усныхан нь айж эмээн мөндөр шиг үсчиж байх болжээ. Ноён тэр хоёр бөхийг дуудуулжээ. Хоёр бөх очжээ. Ноён, тэр хоёрыг огт юу ч болоогүй юм шиг найрсаг угтаж, цайлж дайлан арз сөгнүүлжээ.
Хоёр бөх удсангүй арзанд халж нэг нь доошоо гэрийн хаяа луу зүтгээд нөгөө нь дээшээ зүтгэсээр гэрийн баруун дээд талд гарч гэнэ. Ноён хоёр бөхийг ер ажиж барьсан шинжгүй дайлаад байж гэнэ. Тэгтэл хэрэг бишиджээ. Гэрийн баруун хойморт гарсан бөх “Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх юм бэ!” гээд том хутгаа хуйнаас сугалан том ган тулгын хоёр бүсийг тас цохиод гурав дахь бүсэнд хутгаа зоочихож гэнэ. Энэ сацуу нөгөө гэрийн хаяа руу зүтгээд байсан бөх гараад зугатчихаж гэнэ,
Ноён, зугатсан бөхийг бариулж иржээ Тулгын бүс тас цавчсан бөхөд “Чи ясны сүрхий агсам эр юм. Чамайг шагнанаа” гээд нөгөө зугатсан бөхөд: “чи агсан хүн болж худлаа сүржигнэж, олны амар амгалан байдлыг бусниулж явсан муу эр байна. Чамайг шийтгэнэ!” гэжээ.
Тэгээд хоёр бөхөд: “Та хоёрыг адууны сүүлэнд уяна. Манай нутагт олны амар тайван байдлыг түйвээдэг агсам согтуу хүн байж болохгүй. Та хоёр биеийн хөлс гарахгүй, ажил хийхгүй, олныг хэсч олгой тэжээж явах санаатай хоёр юм. Би тэгүүлэхгүй. Гурван жил миний адуу хариулалц. Нэг ч удаа архи балгаж болохгүй. Нэг л удаа архи балгасан гэж сонсдвол, ёстой хатуу шийтгэнэ. Архичин хүн бөх байж таарахгүй. Муу бөх гэдгээ та хоёр харуулсан. Нэг чинь бүр шившгээ тарьсан. Найр наадамд зодог шуудаг өмсөнө гэж бүү горьд! Явцгаа! Адуун дээр гар!” гэжээ. Ингээд тэр хоёр ноёны их адуун дээр гарч, ёстой л адууны сүүлнээс уяуулжээ. Адуутай өвөл, зунгүй, өдөр шөнөгүй хөөцөлдөж үнэнхүү биеийн байтугай ясны хөлсөө гарган амьдрах болжээ.
Энэ хооронд, Батчулуугийн аав Баартуу нас баржээ. Газар дээр ганц бие болсон Батчулууд эцэг нь амьсгаа хураахын өмнө, нэгэн зүйл нандин ч гэж болох, нууц ч гэж болох эрдэнэ өгөхдөө: “Хэдэн үе дамжуулан хадгалж ирснийг мэдэхгүй, эцэг минь өгсөн юм. Аминд тулсан аюултай хэрэг гарвал аргагүй хэрэглэдэг юм шүү!” гээд атгахад айлтай /сүрхий/ хүйтэн, бараг мөс гэмээр чихэндээ барьж чагнаваас салхи татуулан сэнгэнэсэн эрдэнэ өгөөд, түүнийг яаж хэрэглэхий нь зааж өгчээ. Бас яаж хадгалахы нь зааж өгчээ. Эцгийнх нь хэлснээр бол тэр эрдэнийг болдогсон бол нэг нүдэндээ хийж хадгалах шахуу юм санжээ. Эцэг нь бас: “Чи: энэ газар амьдрахад, зохил болно уу, үгүй юу, би сайн мэдэхгүй байна, Би их мунхаг хүн шүү! Бөх болно гэдэг тийм амар хэрэг бишээ. Чухам тийм амаргүй учраас эр хүн бүрий бөх болдоггүй юм. Жинхэнэ бөх хүн ардын-хайр, Алтайн ус хоёрыг хиртээж яавч болохгүй ээ! Сайн бөхийг хэл ам их дагадаг. Муу хэлнээс хол явахын тул энэ нутгаас үе үе холдож, ээжийнхээ үгүй болсон газар очиж бай! Юм яаж мэдэхэв. Муу ээж чинь үйлээ үзэж, амьд мэнд явж байгаад нэг өдөр газрын гаваас гаран ирэх мэт хүрч ирээд үр чиний гар дээр үхэх ч юм билүү, хэн мэдэж. Ээж тэнгэр шиг хүчтэй нь үгүй! Эх үрийн учрал шиг хүний ухаан санаанд багтахгүй нь ховор” гэжээ.
Эцгийн энэ үгийг бодож, эхээ гэх сэтгэл цалгиж, амьд мэнд уулзах юун магад хэмээн горь соёолж Батчулуу байсхийн Алтай уул өөдөө мацаж ээжээсээ амьдаар хагацсан тэр гэр агуйд очдог боллоо, Тэгсээр сүүлдээ тэрхүү гэр агуйдаа аж төрмөөр санагддаг болж. Хүй тасарсан газар гэдэг хүйтэн ч дулаан байдаг учиртай ажээ.
Ингээд Батчулуу гэдэг хүн тэлээ хурга болов оо! Түүнийг нэг талаас эхээс салсан гэр агуй чангаав. Нөгөө талаас бөх гэдэг хүнд хэцүү алдар, түүний цаана Хөдсөө гэдэг бор бүсгүй элэг бөөр сөнгөртөл /өмөртөл/ чангаах болов оо!
Батчулуугийн илгэн зодогт хуруу оруулах эр ховордохын хэрээр, Хөдсөө Батчулууд шар цавуугаар наасан мэт шалзтай хадаасаар хадсан мэт наалдах боллоо. Батчулуу эхээс амьдаар хагацсан газраа ясаа тавимаар байна гэсэнд Хөдсөө, хүнээс сүүдрий нь салгаж болохгүй биз дээ! гэжээ. Энэ бол та хаана явна би тэнд хамт байна гэсэн үг.
Батчулуу бөхийн ачаар нутгийн ноёны нэр хүнд өгслөө. Батчулуу Хөдсөө хоёрыг толгой холбож, дэр нийлүүлэн яваандаа голомтоо залгуулна гэсэнд Батчулуу ноёнд үнэн учраа гаргаж, Алтайнхаа харахад хад мэт хатуу ч хэвтэхэд хөвөн мэт зөөлөн газар Хөдсөөгөө аваад очих уу даа! гэв. Ноён хоёр залуугийн хооронд тэнгэр тулсан толигор хясаа болон ургав.
Тэгвэл эх эцгээс өнчин ганцаар энэ бие, хаана чиг үхсэн хамаагүй боловч эхээс ганц амьдаар хагацсан газар үхвэл эх үр хоёр энэ насандаа эс учирсан ч хойд насанд лав учрах биз гээд уулаа бараадах гэтэл Хедсөө түүнээс зуураад салдаггүй. Хөдсөөгөөс Ноён зуураад салдаггүй, ийм нэгэн хачин явдал болжээ.
Тэгж байтал ноёны олон адуунаас хамаг сайн хурдан, жороо морьды нь шилийн сайн эрчүүд хөөгөөд алга болжээ.
Ноёнд хамгийн сайхан хүлэг морьдоос салах, үзэсгэлэн гоо охиноосоо салах хоёрын аль нь хүнд болсныг хэн мэдэж.
Ноён, сүргийнхээ од-сор болсон сайхан малаа алдсаны учир нутаг нугадаа нэр зартай бөө, удган бүх хүмүүсийг дамжин давхижээ.
Гэвч, тэдний мэргэ төлөг тус болсонгүй, тэгэхдээ бас ус болоогүй байх.
Ноён, шөнө нойргүй. өдөр хоолгүй болжээ.
Тэгтэл нэг шөнө ноёны чихэнд сиг – сүг – сиг – сүг гээд нохойн гөлөг шиг амьтны халуун ч гэх хаашаа юм, сэрүүн ч гэх хаашаа юм амьсгаа дэрий нь даваад ирж гэнэ.
Муур байтугай сүүдэр нь дайрсан ч мэдрэхээр сэрүүн сэргэг хэвтсэн ноён, сайхь амьтны амьсгаагаар дав дувхийн өндийтөл, охин Хөдсөө нь:
– А-ав! Битгий сүр сархий! Охин чинь байна. Миний үгийг сонс! гэж гэнэ.
Ноён гайхасхийгээд юу ч болтугай охины юу гэхийг сонсох санаатай охин руугаа чихээ ойртуулжээ.
Охин шивэгнэжээ.
– А-ав минь та, бөө удган хэнд ч мөргөх байтугай өвдөг сөхрөөд нэмэргүй! Та алдсан хурдан, жороо морьддоо амин голоосоо хайртай юм бол миний үгийг сонс!
– Жа-а-а!
– Та намайг, Батчулуутай минь дэр нийлүүлэх үү?
– Жа-а-а!
– Та, ам буцахгүй биз?
– Жа-а-а!
– Тэгвэл, та сайн сонсож бай!
– Жа-а-а!
– Та Батчулууг дууд! Алдсан хурдан жороо морьдыг минь олж өг! Тэгвэл ачий чинь энэ насандаа байтугай хойд насандаа мартахгүй. Охин Хөдсөөг минь байтугай, надад байгаа өнгөтэй, өөдтэй юу байгааг минь хуу хамж ав! гэж өвдөг сөгдөн гуй! хэмээжээ.
Ноён ганц охиныхоо энэ шивнээ үгэнд гайхсангүй. Хурдан жороо олон арван морьдоо олж авч байвал түүнд өөр бус юу ч хэрэггүй санагдаж байгаа юм чинь! Батчулууг дуудуулж гэнэ. Болсон учир явдлаа түүнд хэлж гэнэ.
– Ноён урвамхай, ноход шарвамхай гэдэг шүү! Ноён минь та, хэлсэн үгнээсээ буцаж цуцвал бүүр хэцүү юм болно гэдгийг бүү мартаарай! Би, хурдан жороо од сор сүргий тань эргүүлж ирэхийг бодьё. Та сэтгэлээ бүү гэгэлзүүл. Санаагаа бүү самууруул. Гэр өргөөндоө гэргий охинтойгоо огт юу ч болоогүй юм шиг аяга цайгаа ууж, алаг мэлхий өрж наадаж суу! гээд Батчулуу Алтай уулаа өгсөөд алга болж гэнэ.
Батчулуу Алтай ууландаа гарчээ. Аавынхаа өгсөн арьс хөрсөнд боож хадгалсан, ид шид нь гүйцсэн эрдэнэ зэндмэнээ гаргаж ирэв. Хурмаст тэнгэрийг задраах, хувьтай номоо уншиж гэнэ. Хулгай дээрмийнхэн будилдаг, хуй тоосоо босгож гэнэ. Элдэв муухайг үйлддэг, энэ ертөнцийн хог шаарууд, эх захаа олохгүй, эргэж төөрөн хүрч ирдэг, эргүү хөх будангаа татуулж гэнэ. Алтайдаа гарсан аавын хүү Батчулуу ноёныд эргэж ирэхэд эргүү хөх будан яг эзэн ноёны гэр хот малын бэлчээрийн талыг эзлээд хулгайч нарын одсон зүг рүү харанхуйлан татаж байна гэнэ. Эзэн ноёны гэр хот, малын бэлчээрээс хойшоо болохоор гэрэлт шар наран мандаад гэгээн цагаан өдөр болдогоороо болоод хээвнэг энх тунх сайхан байна гэнэ.
– Эзэн ноёнтон, эмээлт мориндоо мордогтун! Эрдэнэт сүргий тань хулгайлсан, элдэвт хулгайчдыг барихад бэлдэгтүн! гэж Батчулуу хүү хэлж гэнэ.
Тэд, эргүү хөх буданг захлан, эрдэнэт адуун сүрэг нь бэлчдэг, өвс устай, өлөн дэрстэй нутаг дээрээ очоод байтал, эргүү хөх будан дотор их адуу тургилан үүрсэн давхих газар донсолгосон их сүр чимээ дуулдаад тэр адууг хөөх сайн эрчүүд ай дуу тэнгэр хадаасаар ойртсоор гараад ирсэн нь яг нутгийнхаа ноёны өөдөөс гараад, хүрээд ирж гэнэ.
Эргүү хөх буданд төөрөн эргээд адуугий нь хөөгөөд ирсэн хулгайч нарыг бариад авсан чинь тэдэн дотор ноёны өнөөх хоёр бөх явж байна гэнэ. Ноёндоо өшвөл толгойгүй, нохойд өшвөл хормойгүй гэж гэдэг билүү?! Хоёр бөх шилийн сайн эрчүүдтэй үгсэж хуйвалдан, эзэн ноёныхоо адуун сүргийн сүр сор болсон хэсгийг хулгайлж хөөж байгаад ийнхүү баригджээ.
Эргүү хөх будан замхарчээ. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Эзэн ноёнтой ам өчиг тохирсон ёсоор Батчулуу, амраг Хөдсөөгөө аваад Алтайн сайхан уул өөдөө явж байсан чинь араас нь нум саадаг болсон олон морьтон, хурмаст тулсан хуй тоос босгон айсуй гэнэ.
“Энэ юу байдаг билээ!” гээд Батчулуу, Хөдсөө хоёр эргээд харвал эцэг ноён нь хэлсэн үгээ мартчихсан хэсэг эрс дагуулан айсуй явна гэнэ. Энэ яавч сайны ёр биш гэхдээ Батчулуу, Хөдсөө хоёр, хоёр талаас уул хавчсан нарийхан замаар цувж гараад, Батчулуу мориноосоо бууж, үхэр адуу шиг гурван чулуу өргөж ирэн тулгалаад дээр нь тэмээ шиг том чулуу өргөж тавин тэр нарийхан амыг хаачихжээ.
Ноёныхон тэр нарийхан аман дээр ирж зам хаагдаад яах учраа олж ядаж байх хооронд Батчулуу Хөдсөө хоёр нарийхан амны нэг хажуугийн ташуу өөд өгсөж хяр дээр нь гараад араас хөөж яваа хүмүүс замаа хаалгачихаад яаж хөглөж байгааг харах гэж тээр дээрээс хараа бараагаа өгөн инээд хөөр болон хартал саадгийн сум нисэн ирж хөөрхий Батчулуугийн элгийг цөм оножээ Батчулуу ганц ч үг хэлж амжилгүй дороо үхэтхийн унажээ. Удсангүй араас нь нэхэн айсуй хүмуусийн дуу чимээ сонсдоод ирэхээр Хөдсөө Батчулуугийн элгийг цөм туссан сумыг суга татан хаяад, Батчулуугийн хутгыг хуйнаас нь суга татан авч хутганы ишээр цус бургиж байгаа Батчулуугийн цээжний цоорхойг таглан үзүүрээр нь өөрийн зүрхэн харалдаа нэвт хатган нуруугаараа гаргаад Батчулуугаа тас тэврэн хорвоог орхисон байжээ.
Энэ байдлыг харсан ноёны хатан эр нөхрөө ганцхан шанаадаад тээр доош нь навс буудуулсан хэрээ шиг тонилгожээ.
Ноёны хатан өөрөө яасныг хэн ч мэдэхгүй юм.
Зарим хүмүүс үнэн шударга хүн шууд диваажинд очдог ганц замтай байдаг гэдэг Тэгсэн ч байж болох! гэх.
Б.Бааст
Leave a Reply
You must be logged in to post a comment.