Төв Номын санд их засвар, шинэчлэл хийхээр болжээ

Арлингтон хотын Төв номын санд энэ намраас эхлэн томоохон засварын ажил эхлэх гэж байна. Нийт 2,9 сая долларын өртгөөр хэрэгжих шинэчлэлийн төслийг Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн хурлаар батлаад байгаа юм. Төсөл 1 жил орчим үргэлжлэх бөгөөд сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй их засварын ажлыг Арлингтоны “TMG Construction Corp” компани гүйцэтгэхээр болжээ. Тус компани Рейген болон Далласын нисэх буудал, Дэлхийн банк гэх мэт томоохон компаниудын дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай тул энэ ажлыг гүйцэтгүүлэхээр сонгосон байна.

Төслийн барилгын засварын үеэр номын сангийн дийлэнх хэсэг хэвийн цагийн хуваариар ажиллах бөгөөд төслийн хүрээнд нийтийн уулзалт, хурлын шинэ танхим, шинэ компьютерийн танхим, уншлагын танхимуудын ширээ суудлыг шинэчлэх, номын тавиурыг шинэчлэх гэх мэт ажлууд багтах бөгөөд эдгээр бүх ажлыг “Americans with Disabilities Act improvements” (Хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн тухай хуулийн Нэмэлт) хуулийн заалтад нийцүүлсэн байхаар тусгажээ.

Барилга, засварын төсөлд 1.7 сая долларын хөрөнгө тусгасан бол шинэ тавилга тоног төхөөрөмж худалдан авах, төслийн удирдлага гэх мэт бусад зардалд төслийн үлдсэн 1,2 сая долларыг тус тус зарцуулах тооцсон байна.

Дашрамд дурьдахад 1015 Quincy St хаягт байрлах Арлингтоны Төв Номын сан нь 1961 онд ашиглалтад оржээ. Оршин суугчид ном, хэвлэл, интернэтийн үйлчилгээнээс гадна гэр ахуйн цэцэрлэгжилтийн тоног төхөөрөмжүүдийг номын сангийн картаар авч ашиглах үйлчилгээ үзүүлдэг онцлогтой билээ.

Be the first to comment

Leave a Reply