КОЛЛЕЖИЙН СОНГОЛТ БА ШИЛДЭГ КОЛЛЕЖ САЙХАН АМЬДРАЛЫН БАТАЛГАА БОЛОХ УУ?

АНУ-д ЕБС төгссөний (Ахлах сургуулийг дипломтой төгссөн) дараа хүүхдүүд их дээд боловсролын 2 замыг сонгож болдог.

  • Энгийн (4 жилийн) коллеж
  • “Community” коллеж (2 жилийн)

Эдгээр коллежууд нь ямар үндсэн ялгаатайг өөрийн ажигласан өнцгөөс товч дурдъя.
Юуны өмнө коллеж гэх нэршлийг товч тодотгох нь зүйтэй. Монголчууд коллежийг Дээд сургууль мөн үү гэх эргэлзсэн асуулт байдаг. Товч хариулт МӨН.

Коллеж нь мужийн болон холбооны батлан итгэмжлэлтэй байх ингэснээрээ холбооны, мужийн сургалтын төрөл бүрийн хөнгөлөлт, зээл ашиглах эрх үүсэх, цаашлаад гадаад оюутан элсүүлсэх зэрэг эрхүүд үүснэ. Коллеж гол төлөв 4 жилийн хөтөлбөртэй Бакалаврын (undergraduate) зэрэг олгоно. Харин бакалавр болон түүнээс дээш (Graduate) эрдмийн зэрэг цолыг “University” буюу Их Сургуулиуд олгодог. Харин оюутнууд ахлах сургуулиа төгсөөд “University”-д элссэн ч ерөнхийдөө коллежид орлоо гэж ярьдаг нь undergraduate зэргийн сургалт гэдэгтэйгээ уялдсан нэршил байх. /Жич: Энэ бичвэрээр их дээд боловсролтой бүхнийг “нэг амьсгаагаар” тайлбарлах зорилго тавьсангүй, Зөвхөн коллежийн үндсэн ялгааг тоймлож товчлов/
АНУ-н коллежуудыг 1) тухайн сургуулийг төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байран дээр сургууль төгссөнөөс хойш 6 сарын дотор гарч байгаа (employment perspective), 2) онцлог сургалтын хөтөлбөр (Curriculum ), 3) элсэлтийн нөхцөл шаардлага (admission requirements), 4) өргөдөл гаргагчдын хэдэн хувь нь тэнцэж байгаа (acceptance rate), 5) тэнцсэн оюутнуудын SAT дундаж (average SAT score), 6) оюутнууд гадаадад солилцоогоор суралцах боломж (Foreign exchange program opportunities), 7) тэтгэлэг олгох эх үүсвэрүүд (Scholarship opportunities), 8) оюутнуудын амьдрах орчин (Campus Life) гэх зэрэг олон талын хүчин зүйлсийг харгалзаж “сайн муугаар” нь рейтинг гаргаж эрэмбэлдэг. Эдгээрийг Forbes, Niche, US News зэрэг сайтуудаас үнэгүй харах боломжтой.

Мөн коллежуудыг дотор нь өмчийн хэлбэрээр нь хувийн коллеж болон төрийн өмчийн (Public college) гэж 2 том ангилж болно. Коллежийн рейтинг гаргахад хувь хувьсгалын гэж ялгахгүйгээр адил зарчим үйлчлэх боловч хувийн коллежууд төрийн өмчийн коллежуудтай харьцуулахад өртөг өндөртэй, элсэлтийн шаардлага эрс чанга, санхүүгийн тэтгэлэг, ахлах сургуулийн болон бусад сургуулийн кредит ашиглах боломжууд хомс байж болдог.

Ахлах сургууль төгсөгчдийг GPA, SAT оноо, нийгмийн идэвх оролцоо, хувь хүний үзэл бодлын төлөвшил (эссэ бичих чадвар) зэрэг үзүүлэлтээсээ хамаарч коллежууд сонгон шалгаруулж авна.

Жич: Нэр хүндтэй Ivy League коллежууд нийт элсэгчдийн тодорхой хувийг үндэсний цөөнхөд олгох зэрэг бодлого хэрэгжүүлдэг нь ихээхэн улс төрждөг сэдвүүдийн нэг юм. Тиймээс сургуулиудын санхүүжилтийн гол эх үүсвэр болох Холбооны сургалтын зээлийн санг “базаж” байдаг Холбооны Засгийн эрхийг ямар нам барьж байгаагаас хамаарч энэ бодлого хэлбэлзэж байна.

Өөрийн сурлага, сонгох мэргэжилдээ бүрэн итгэлтэй сурагчид “Early Decision” хугацаанд өөрийн хүссэн тодорхой нэг сургуульд өргөдөл гаргаж, тэнцсэн нөхцөлд тус сургуульд элсэн суралцах үүрэг хүлээх бол ихэнх сурагчдын хувьд “Regular decision” хугацаанд өөрийн сонирхож буй хэд хэдэн коллежуудад өргөдөл гаргах бөгөөд тэнцсэн коллежуудаас өөрт тохирсон коллежийг сонгож ордог. (Коллежид өргөдөл гаргах, Early Decision vs.Early Decision /Regular/ Late decision хугацаа зэргийг дараа жичид нь бичье)

Ихэнх 4 жилийн коллежууд оюутнуудыг эхний 1-2 жил заавал кампуст дотуур байранд байрлаж хичээллэх шаардлага тавих бөгөөд дотуур байрны төлбөр, сургуулийн хоол зэрэг зардал сургалтын төлбөрөөс дутахгүй өртөгтэй. 2 жилийн дараа дотуур байрнаас “хөөгдмөгц” гадуур байр түрээслэх амьдрах шаардлага үүсэх нь тодорхой. Товчхондоо коллежийн зардал нь зөвхөн сургалтын төлбөр биш, “хөшигний ард” тэрнээс дутахгүй олон зардал гарч байдаг. Жишээ нь танай хүүхэд онц сураад гадаадад дадлага хийх хөтөлбөрт тэнцвэл та лав үгүй гэж хэлж чадахгүй л байх. Энэ нөхцөлд танд гэнэтийн $10~15K орчим нэмэлт зардал гэх мэт. Энэ мэт аав ээжийн түрийвчтэй холбоотой нарийн ширийн зүйлсийг үл дурдан цааш нь үргэлжлүүлье.

Дашрамд дурдахад урлаг спортын гоц авьяас, амжилт гаргасан сурагчдыг топ коллежууд сурлагаас нь үл хамаарч шууд урилгаар авч сургадаг гэдгийг ч дурдах нь зүйтэй 🙂
Дээрхээс харвал сурлага сайн хүүхдүүд сайн коллежуудад тэнцэж, тааруу дүнтэй хүүхдүүд рейтинг багатай коллежид элсэхээс өөр сонголтгүй болдог нь бодит үнэн билээ.

Маш товчхондоо сургуулийн элсэлт цэвэр шударга өрсөлдөөн юм.

Эндээс Community College-ийн тухай ойлголттой байх шаардлага үүснэ.
Энгийн коллежид элсэн суралцах сурлага хүрэхгүй байх, нөгөөтээгүүр өрхүүдийн санхүүгийн бололцоо чадвар, мөн цагаачлал, визийн статус зэрэг дагалдах шалтаануудын улмаас эцэг эхчүүд хямд төсөр, өрсөлдөөн багатай коллежийн хувилбар эрэлхийлдэг нь Community College юм.

Community College нь төрийн өмчийн (төсвийн татаасаар ажилладаг) байх бөгөөд гол төлөв карьер, мэргэжлийн баримжаа олгох 2 жилийн сургалт явуулах тул коллежийн түвшний эрдмийн зэрэг цол олгохгүй бөгөөд төгсөгчид дээд тал нь Associate Degree авах боломжтой. Энэ нь Монголын техникумын тусгай дунд боловсролтой дүйх болов уу. Учир цөөнгүй ажлын байр Associate Degree шаарддаг нь Community College төгсөөд шууд ажлын талбарт гарах боломжтой гэсэн үг.

Энэ төрлийн коллежууд нь зөвхөн ахлах сургууль төгсөгчдөд ч биш, тухайн орон нутагт амьдарч буй насанд хүрэгсдэд мэргэжлийн, карьерын сургалт үзүүлэх үндсэн үүрэгтэй. Community буюу “Орон нутгийн” гэж нэрлэсэн нь ийм учиртай байх.

Community College нь элсэлтийн нөхцөл шаардлага маш энгийн, ахлах сургуультай дүйх боловсролтой (G.E.D) бүх хүнд нээлттэй, сургалтын төлбөр боломжийн, төлбөрийн нөхцөл уян хатан, хичээлийн цаг уян хатан, дотуур байранд байрлах шаардлага тавихгүй зэргээр энгийн коллежуудтай харьцуулахад өрхүүдэд маш хямд төсөр сонголт болдог. Нэгэнт орон нутгийн сургууль тул оюутнууд гэрээсээ хичээлдээ явж, мөн хичээлийн бус цагаар цагийн ажил хийх боломжтой нь санхүүгийн хувьд ихээхэн хэмнэлттэй гэж ойлгож болно.
Бүтэн академик орчин, оюутны амьдрал, хамт суралцаж буй оюутнуудын нийгмийн нөлөөлөл гэх мэт нийгмийн нарийн асуудлуудыг үл нуршин өгүүлэх нь.

Товчхондоо Community College нь ахлах сургууль төгсөгчид коллежийн эхний 2 жилийн суурь хичээлүүдээ харьцангуй бага зардлаар судлах, энгийн коллежид хүрэх “гүүр” болдог.
Улмаар цаашид бакалаврын боловсролын замнал хөөсөн оюутнууд Community College -с цуглуулсан 2 жилийн кредитээ “цүнхлээд” энгийн коллежуудад шилжин суралцаж, 2 жилийн дараа бакалаврын зэрэг цол авах боломжтой байна.

Community College-ийн кредитийг хүлээн зөвшөөрдөг, зөвшөөрдөггүй коллежууд гэж байна. Дээр өгүүлсэнчлэн Community College нь төрийн өмчийн сургууль, тиймээс гол төлөв мөн төрийн өмчийн коллежууд Community College -н кредитийг тооцох хандлагатай. Харин рейтинг өндөртэй хувийн болон өөр мужийн (out of state) коллежууд гол төлөв “no no” л гэдэг.
Гэхдээ мэдээж мужийн хууль, сургуулиуд хоорондын хамтын ажиллагаанаас хамаарч энэ мэдээлэл харилцан адилгүйг та бүхэн мэдэж байгаа буй заа.

Тиймээс Community College -р дамжиж 4 жилийн бакалаврын боловсролд хүрэх замналыг сонгох бол тухайн сургуулийн кредит нь ямар коллежуудад хүлээн зөвшөөрөгддөгийг асууж судлах нь зүйтэй.

Товч бодит жишээ авахад миний амьдарч буй Вашингтон ДС хор орчмын Монголчууд “NOVA” Community College -р дамжиж мөн төрийн өмчийн George Mason University-д шилжин суралцаж төгсөх хандлага түгээмэл ажигддаг.

Шигтгээ: Community College нь насанд хүрэгсэд мэргэжлийн сургалт болон Англи хэлний сургалтад хамрагдах нэг боломжийн сонголт болдог.

Эцсийн эцэст хүүхдүүдийн ирээдүй ямар байх нь ямар нэр хүндтэй сургуульд элссэндээ биш харин өөрийн бодит чадал чинээнд тохирсон сургуульд элсэн орох нь илүү чухал мэт. Хэт шаардлага өндөртэй сургуульд элсэж дөнгөсөн ч хичээлийн болон нийгмийн харилцааны хэт өндөр стандарт шаардлагад тэнцэхгүй, сургуулиа төгсөж чадах эсэх нь эргэлзээтэй хүнд нөхцөлд, сэтгэл санааны дарамтад орж байгаа хүүхэд ч байхад хэр тааруу коллежид элсээд сэтгэл хангалуун 4 жил сурч амжилттай төгсөн, илүү амжилттай амьдралд бэлтгэгдэж байгаа хүүхдүүд ч байх жишээтэй.

Тиймээс дээд боловсролын эцсийн зорилго нь шилдэг коллеж төгссөн нэр зүүхээс илүүтэй ямар хувь хүн бол төлөвших, мөн хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө “борлуулах” чадвар суух тухай асуудал юм.

Дүгнэлт: АНУ-н боловсролын тогтолцоо нь өв тэгш, сайн иргэн бэлдэж төлөвшүүлэх явдал. Энэ нь хүүхдийн академик чадвараас гадна хувь хүний болон нийгмийн харилцааны цогц чадваруудад түлхүү ач холбогдол өгдөг тогтолцоо гэдгээр өнөөдрийн бичвэрээ түр өндөрлүүлэв.

Б.Төгөлдөр

Be the first to comment

Leave a Reply