Цахилж яваа гөрөөс (хэсэг 2)

Дамба эндээс худалдаж авсан бараагаа ганзаглан мордохдоо «Ирсэн нь боллоо. Муу хүүгээ гуталтай болгоотохдог чинь их юм» хэмээн олзуурхан баярлаж түүнээсээ үүдэн «Ямар үр хүүхэдтэй явж үзсэн биш дээ хөөрхий, яаж санах вэ. Тэгээд ч би нөгөөдүүлээ эргэнэ, чи хэдэн чихэр боогоод өгөөрэй» гэж хэлж сануулсан биш, аргагүй шүү дээ хэмээн бодоход нь цэнхэр дан дээл өмссөн Тогоохүү цай хоол хийн хөдлөх нь түүний нүдэнд үзэгдэнэ. Ерөөс Тогоохүүгийн тухай бодох бүр энэ л байдал бодогддог байлаа. Магадгүй анх Дамбын нүд тусган анзаарч харсан Тогоохүүгийн төрхтэр болоод ч тэр байж мэдэх юм. Чухам яагаад өөр байдал төрх бодогддоггүй юм бол гэж Дамба боддог ч үгүй байв.
Харин энэ хооронд түүний анзаарч гайхан биширсэн юм гэвэл Тогоохүүгийн амгалан төрх юм. Сэтгэл гонсгор болчихоод ч юм уу ямар нэгэн яльтай яльгүй юманд сэтгэл сэвтчихээд юм уу эсвэл бүрхэг өдрийн тэнгэрийн өнгө сэтгэлд нэвчин хүйт унах цагийн зэвэргэн салхи цээжинд хурган сэтгэлийг эзгүйрүүлчихсэн юм шиг өдөр царай барайлган орж ирээд Тогоохүүг харахаараа уужирч нэгэн мэдэхэд айван тайван юунд ч шаналах зовних юмгүй болчихдог байлаа. Үүнээс болоод ч тэр үү, энэ арваад хоног түүний урьд өмнөх бүхий л амьдралтай тэнцэхээр жаргалтай байсан мэт санагдав. Үүгээр л бодоход хүний жаргал зовлон гэгч он цагаа хэмжигддэггүй гагцхүү сэтгэлийн улирлаас болох бөгөөд хүсэх, ханах нь эмзэг учраас яахаараа жаргаж, яахаараа шаналдгийн учир явдлыг Дамба эс мэдэх аж. Тогоохүүгийн тэрхүү амгалан тогтуун төрх буугаад мордох хүний сэтгэлийг ч өег болгодгийг Дамба анзаарчээ. Ирсэн хүн бүхнийг архиар дайлж хоол хийж сүйд болохгүй байхад ч гэсэн тэднийд буусан хэн боловч тавтай сууж айраг цагаа ууж, инээж хөхөрч байгаад мордоно. Энэ бүхэнд хүний хөлд дарагдаж байна гэж санах ч үгүй, энэ тэр ирлээ гэж тээршээх ч үгүй, ирсэнгүй орсонгүй гэж гоморхох ч үгүй, гүүний зэлнээс дундуур саамтай ирэхдээ яав ийв гүү яагаад юм гарахгүй байна гэдэггүйтэйгээ адилхан амгалан тайван хүн аж. Гэтэл уурлаж уцаарлаад байдаггүй ч хүйтэн цайгий нь шалавхан амсаад мордмоор айлын эзэгтэй алийг тэр гэхэв. Тийм айлд цай чануул,халуун цай уугаад мордооч гэж байхад нь явмаар санагдаад байдаг юм. Яагаад тэгдэг юм болоо? Гэсэн атлаа зарим айлд хүлээж байгаад цайгий нь амсаад мордоно. Ер нь тэгээд айлын өнгө ч эзэгтэйгээсээ л болдог доо гэхчлэн бодож явснаа «Саяны цэнхэр торгоноос Тогоохүүд авдаг ч байж уу…Сайхан зохино доо. Үгүй тэгээд одоо авчихаад тэрий чинь яах ч юм билээ. Дэжид горьдох ч юм билүү. Горьдоохгүй гээд хаанаа ч хийх юм. Буцахдаа авна гэхээр бас хэцүү. Ханд хэл амтайг хэлэх үү, буцаад очихоор түлэх байх даа. Түрүүн л авдаг байж нэгмөсөн» гэж бодсоор шон дээрээ буухад гэрээс хэн ч гарч ирсэнгүй. «Цугаараа эзгүй байгаа юм байх даа» хэмээн ийш тийш харвал энд тэнд араг үүрсэн, морь малтай яваа хүн эс харагдав. Ганзаганаасаа боодолтой юмаа авч гэрт орвол хүү нь тоглоомынхоо хайрцган доторхийг хоймроо асгачихсан тэрэн дундаа сууж байснаа эцгийгээ хармагц ухасхийн босч очиж үнсүүлээд,
–Ааваа та тонгорог авчирсан уу хэмээн асуухад Дамба тэр нэгэн өдөр явахад нь тонгорог авчраарай гэж байсны нь сая санан:
–Аав нь тонгорог авчраагүй гээд боодолтой юмаа өгөв. Хүү боодолтойг эв хавгүй задлан инээд алдсанаа өөрийн хуучин муу майжгий гутлаа тайлж чулуудан шинэ гутлаа өмсч боссон боловч шинэ гуталдаа баригдан явж ч чадахгүй ичингүйрсэн янзтай гутал руугаа нэг харан, эцэг рүүгээ нэг харан зогсоход Дамба:
–Яав? Хөлий чинь барьж байна уу гэхэд хүү толгой сэгсрэв.
–Алив нааш ир.
–Хүү эцэг рүүгээ модон хөлтэй юм шиг хөлөө зөөж тавьсаар очиход Дамба гутлынх нь хоншоорыг гаднаас нь барилж үзсэнээ
–Жаахан томджээ дээ гэхэд хүү яаран:
–Үгүй ээ, би холхиндог өмсчихсөн юм.
–Жийрэгээ яасан? Гэхэд хүү хуучин жийрэгээ авчрахаар явах гэв. Дамба:
–За тэрүүгээр яах вэ. Наад цагаан цууямбуугаараа жийрэглэчих. Алив аваад ир, би цуулаад өгье гэв. Хүү эцгийнхээ өгснөөр хөлөө жийрэглэн өмсөөд хойш урагш гутлаа нужигнуулан инээд алдан хэсэг явснаа
–Тайлах уу, ааваа гэв. Дамба хүүгээ энхрийлэн харж,
–Өмс дөө өмс гэв. Хүү инээд алдсан хэвээр гутал руугаа нэг харснаа гэнэт:
–Та одоо юманд явахгүй биз дээ гэв. Хүүгээ ийм юм асууна гэж бодоогүй байсан Дамба тулгамдан хэдэн эгшин дуугүй байснаа:
–Үгүй, үгүй гэхэд хүү:
–Тэгвэл та тоглоомон майхан хийж өгнө гэснээ хийж өгөөрэй гээд хариу ч сонсолгүй, тавиур руу очиж халуун савтай цай авчирч өмнө нь тавиад дахин тийш очиж авдраа онгичиж гарав. Дамба:
–Хайчсан, ээж нь?
–Хонинд явсаан. Ааваа тай зай авчраагүй юү. Манай араажав дуугарахаа байчихсан. Зай нь дуусчихсан л юм байх даа гэж ээж тэгж байна лээ.
–Аа, миний хүү хониндоо явахгүй яасан юм?
–Гадуур эргүүлдүүлээд байх юм. Яаж тогтдог юм. Идэх юм байхгүй байхад чинь гээд өөрөө явсан. Одоо удахгүй ирэх байхаа.
–Нүүнэ барина гэж ярьж байна уу?
–Ярьж байна лээ. Эртээр бригадын дарга ирээд нүүхгүй яасан юм гэсэн.
–Аа, ээж нь юү гэсэн?
–Нүүнэ л гэж байна лээ… Өө энэ байна гээд тавагтай бин авчирч өмнө тавиад:
–Дараа нь ээжийг загнасан.
–Юү гэж?
–Мэдэхгүй.
Дамба тавагтай бингийн захаас нэг гараар тасдан авч амсах гэсэн боловч чадсангүй. Лав тав зургаа хоносон бин ажээ. Үүнийг хараад Дамба Дэжидийг өрөвдөх сэтгэл төрөв. Дамбыг хэд гурван хоногоор эзгүй яваад ирэхэд нь заавал нэг аятайхан идэх юм хийж тавьдаг. Тэрий нь Дамба тэгэх ёстой юм шиг ам хүрвэл хүрээд хүүдээ юм уу өөрт нь эргүүлээд өгчихдөг. Дэжид ч түүний нь аван өөрөө Дамбад тавьсан биш, Дамба өөрт нь авчирсан юм шиг амтархан иддэг байжээ. Одоо бол Дамбыг ирнэ хэмээн хүлээж, юм тавин хаттал нь хадгалана гэдэг зөвхөн хүүгээ хуурч байгаа явдал биш цаанаа ямар нэгэн нууцхан итгэлийг хадгалсан болоод л ингэжээ гэдгийг Дамба мэдрэв. Дэжидийг цаашдаа хэрхэн амьдрах бол, яах бол гэж бодохоос түүний яс үс хавталзах шиг болдог бөгөөд энэ явдал түүний сэтгэлийн эмзэг газрыг дахин хөндөв. Дамба бинг хоёр гардан барьж байгаад захаас нь таслан авч идвэл хүү:
–Сайхан бин байгаа биз.
–Сайхан бин байна.
–Аав идээч. Ээж бас танд архи тавьсан. Гал руу цацахад пүнхийж байна лээ гээд орны толгойн хөндий рүү очиход нь Дамба:
–Хүлээ, миний хүү. Ээж нь өөрөө ирээд өгөг гэв. Хүү орон дээр суун гутал руугаа харснаа:
–Ааваа, би Багаагийнд орчихоод ирье гээд гүйн гарч одов. Дамба үүд рүү ширтэн айл руу гүйж яваа хүүгийнхээ хөлийн чимээ тасармагц сая үүднээс хараагаа салган гэр доторхийг тойруулан харав.
Цөм түүний ижил дасал болсон эд хогшил. Хэзээ, яаж хэрхэн хийснийхээ үүх түүхий нь байтугай цаашид хэдэн жилийн эдэлгээтэйгий нь хүртэл бараг мэдэх энэ эд хогшлоо хараад нэг их үнэтэй цайтай юмаа гээчихсэн юм шиг харуусал ч төрөх шиг сэтгэл нь гунигтай болжээ. Дамба Хэзээнээсээ юм гээх дургүй, гээсэнд орвол хүнд зүгээр өгчихсөн дээр гэж үздэг бөгөөд хаа нэг ташуур, чөдөрхөн гээчихвэл өдөржин эрэлд хатаж, олохгүй бол хэдэн хоног сэтгэл гонсгор явдаг хүн юм. Энэ нь өнгөцхөн харахад нэгийг бодогдуулах боловч цаанаа нарийн учиртай ажээ. Төрөлхийн гарын дүйтэй Дамба энэ гэрийн ихэнх эд хогшлыг өөрийн гараар хийе бүтээе гэж хийсэн бөгөөд тэрхүү эд юмс нь хэрхэн яаж хийсэн эдэлж хэрэглэж явахад нь юу тохиолдсон, яасан ийснийх нь ул мөрийг хадгалсан байдаг учраас нэг ёсны түүний амьдралынх нь түүхийн нэгэн хэсэг болдог байв. Тийм учраас тэрхүү эд юмсаа тартагт нь тултал эдлэхийг эрмэлзэнэ. Ялангуяа хийе гэсэн сэтгэлээсээ хийж, хийж байгаадаа урам зориг төгөлдөр хийсэн эд юмсаа амьтай юм шиг үзнэ. Харин хүнд хийж өгсөн юмаа бол тэгж боддог ч үгүй, эргээд энэ миний хийсэн юм гэж таньдаг ч үгүй нь өөрөө эдлээгүйгээс тэр ажээ. Хатавчнаас хоймор хүртэлх эд юмсаа харж суусан Дамбын харц авдар дээрх жаазтай зурагны өмнөх хүртэл гөрөөсөн дээр тогтов. Энэ хүрэл гөрөөс бол Дэжидийн нандигнадаг ганц юм нь гэхэд хилсдэхгүй. Хэр баргийн юмыг хаях гээгдүүлэхэд юман чинээ санадаггүй мөртөө энэ хүрэл гөрөөсийг амь шигээ хайрлан, нүүдлээр хамгийн түрүүн дээл хунарт боон далд хийж, шинэ нутагт бууж хармаг юмаа тохижуулсны дараа түүнээ гарган тоос шороогий нь арчин жаазтай зурагныхаа өмнө тавьдаг байлаа. Дамба тэрхүү хүрэл гөрөөсийг харж «Энийг л нэг их хайрладаг юм. Юунд нь тэгдэг юм бол доо» гэж бодон суухдаа тэр хүрэл гөрөөсний сэрүүн хэвтэж байгааг сая анзаарч, «Үгүй энэ чинь яагаад дандаа хөлөө жийгээд унтаж байгаа юм шиг санадаг билээ» гэж тэрхэн зуур гайхан анх удаагаа үзэж байгаа мэт ихэд шимтэн харж урьд өмнө нь анзаарч хараагүйгээ анзаарч, өч төчнөөн жил харсаар хэрнээ чухам аль хөлөө яаж жийсэн нүд чих нь ямар болохыг огт мэддэггүй явснаа мэдээд гутрах шиг санагджээ. Өч төчнөөн жил эдэлж хэрэглэсэн эд малаа гэнэт нэг өдөр их сүрхий ажиглан урьд нь анзаарч хараагүйгээ харах явдал Дамбад тохиолддог байсан бөгөөд тэр бүрд нэг бол хүн урьд өмнө анзаарсан ажигласнаа мартчихдаг байх, нэг бол анхнаасаа миний юм гэж бодохдоо хэзээ ч анзаарч ажиглаж амжина гэж хойш тавин улмаар хоног сар улирах тусам мөнөөхдөө сонь буурч юугий нь ч олж харахаа байдаг байх гэж боддог байжээ. Гэтэл энэ нь өнөөдөр Дамбын мэдэхгүй, шал ондоо учир шалтгаанаас болдог юм шиг, тэрхүү учир шалтгааныг мэдэхсэн гэснээс болж тэр хүрэл гөрөөснөөс өөр юм тэрхэн үед түүнд бодогдохгүй байх шиг санагдана. Анх энэ хүрэл гөрөөсийг Дамбын өвөг эцэг Дамба Дэжид хоёрыг айл болоход «Манайхан үе удмаараа л хадгалсан эд юм шүү. Хичнээн ч үе удам дамжсан юм, бүү мэд. Элэнц хуланцын л юм байгаа байх. Манай аав намайг анх туурга тусгаарлахад иймэрхүү юм хэлээд өгч байсан юмдаг. Уг нь аавд чинь өгөх учиртай эд. Гээд ялгаа юу байх вэ. Хэзээд л дамжсаар чамд хүрээд очихоос хойш. Тэгээд ч цаадах чинь салан задгай амьтан яачих ч юм билээ. Миний хүү хадгалж яваарай. Байлаа гээд ид шид нь юу байх вэ. Байхгүй гээд үгүйлэгдэх нь юу байх вэ. Гэлээ гэхэд эцэг өвгөд, элэнц хуланцаас уламжлагдаж ирсэн юм болохоор харж явахад аятайхан л байдаг юм» гэж хэлээд өгсөн ажээ. Чухам хаанахын хэн гэгч дархан хэдийд, хэнд зориулж цутгасныг хэн ч эс мэдэх бөлгөө.

Одоогоос дөрвөн жилийн өмнө сумын сургуульд хэл уран зохиолын багшаар шинэхэн ирсэн нэг залуу тэдний энийг харчихаад «Ямар чамин хийцтэй эд вэ. Арай энэ чинь эртний булш бунхнаас олдсон зүйл биш биз. Мөн ховор эдээ. Ямар дархан хийсэн юм бэ» хэмээн баахан шалгааж, шалгааж эцэст нь «Энийгээ надад зарчихгүй юү. Би зохих үнэ хөлсий нь өгье» гэж шалснаас нь хойш нээрэн ч уран, нарийн хийцтэй эд юм гэж бодох болсон юм. Урьд хоёр хөлийнхөө нэгийг бохирон нөгөөг жийн тайвнаар хэвтэж байгаагий нь харсан хэний боловч харааг үнэхээр булаан, саваагүй сэтгэлий нь хөдөлгөдөг байлаа. Дамба уртаар санаа алдсанаа, мөнөөх хүрэл гөрөөснөөс харцаа салган, жаазтай зурган дотор байгаа цэрэг формтой өөрийнхөө зураг, хөвөнтэй дээлэн дээр улаан бүч зүүсэн Дэжидийн зураг, Хүүгийнхээ дөнгөж сууж байх үеийн зураг сэлт эд юмсын дээрх өлөн тоосыг гүйлгэн харж сууснаа «Ерөөсөө эднийгээ маргааш нүүлгэе. Өвөлжөөгий нь бараадуулаад буулгачихъя. Гэнэтийн цас шуурга болсон ч хашаа саравчтай юм. Хонио аваачаад хашчихад амар. Өглөө эртхэн босч хэдэн тэмээгээ олоод ирье. Тэр хооронд эд нар юмаа төхөөрч байна биз» хэмээн дотроо шийдэн суудлаа засч өндийн суув.

Нүүх тухай бодол нь түүний сэтгэлийг зовоож яваа элдвийн бодлоос ангижруулж, сэтгэлийг нь жигтэйхэн тайвшруулах шиг болсонд Дамба дээлээ тайлж бүс, дуран,түрийвчээ авдар дээрх мөнөөх хүрэл гөрөөсний хажууд тавьдгаараа тавин тамхи татан сууж байтал хүү нь «Ээж ирлээ» хэмээн үүдээр шагайн хашгираад буцаж алга болсноо төдөлгүй эхийн хамт орж ирэв. Бодвол «Аав ирсэн, надад гутал авчирсан» гэдгээ аль хэдийн хэлчихээд одоо зөвхөн өөрийн хэлснийг л батлах гэж орж ирж байгаа нь тэр ажээ. Дамба хэвшсэн заншил ёсоор «Хонь тогтов уу» хэмээн дөнгөж сая гэрт хамт сууж байгаад гадаа гараад ороод ирэхэд нь «Нохой юунд хуцаж вэ» гэж асууж буй мэт тайван, ёс төдий асуув. Дэжид Дамба руу нэг их сүрхий харснаа:
“Тогтлоо” гэж хариу хэлээд зуухныхаа өмнө суулаа. Дэжид Дамбыг ирсэн явдалд гайхсангүй. Харин дээл хувцсаа тайлчихсан, яг л хуучнаараа сууж байгаа нь түүнд сайхан санагджээ. Тэрхэн зуурт Дэжидэд тэр хоёрын хооронд юу ч болоогүй юм шиг, амьдрал нь яг хуучнаараа үргэлжлэн байгаа юм шиг бодогдон, сэтгэл санаа нь цэлмэх шиг болов. Хүү нь эхийгээ дөнгөж суумагц аавынхаа авчирсан чихрийг авчирч,
–Тээр, аав ийм их чихэр авчихсан гэв.
Дэжид,
–Аан хэмээн хариу дуугараад цааш нь тавих гэтэл хүү нь,
–Алив надад? Хэмээв. Дэжид инээд алдан,
–Миний хүү идээгүй гэж үү гээд боодлыг задлахад хүү,
–Ганцыг ч идээгүй, тиймээ ааваа? Гэхэд Дамба,
–Нээрэн ч амжаагүй байхаа даа гэв.
–Аа мэдэхгүй, аав хүү хоёр хуйвалдчих шиг л бололтой гээд Дэжид:
–За хэдийг авах юм. Багаа, Должин гуай хоёртоо бас амсуулна шүү дээ гэхэд хүү:
–Хоёрыг Багаад, хоёрыг Должин гуайд, хоёрыг надад бас хоёрыг гээд тоолон автал эх нь:
–Үгүй чи чинь өөртөө хоёрыг авчихсан шүү дээ. Тэгээд юун хоёр вэ гэвэл хүү:
–Энэ хоёр чинь өнөөдөр идэх хоёр, энэ хоёр нь маргааш идэх хоёр юм чинь. Тийм байгаа биз дээ гэхэд Дэжид Дамба хоёр хоёул хөхрөв. Дамба,
–Миний хүү ч ийм л сэргэлэн хүн дээ гэхэд Дэжид,
–Хэн мэдэх вэ. Ямар хүн болох юм байгаа юм. Ууж идэхдээ л ухаан нь дэндчих л гээд байх юм. Эртээр бригадын даргыг ирэхээр тавган дээр хэдэн чихэр тавьчихлаа л даа. Тэгсэн чинь нэг харсан мань хүн даргын дэргэд суучихсан «Та тэр янгиртайгаас нь ид, тэр нь зүгээр, гэчихсэн сууж байхгүй юу. Тийм үг хэлсэн хүн юу гэж гар хоосон буцах вэ. Тэгээд л чихэр аваад идчихэж байгаа юм» гэснээс үүдэгдэн бригадын даргын ирсэн, ярьсан хэлсний тухай болон маргааш нүүх тухай яриа болоход хүү «Ура» хашгиран гүйж гарав. Айлынхаа хоёр хөгшинд зар хүргэх гэж яваа нь тэр ажээ. Эх эцэг хоёр нь хорьсон ч үгүй, хойноос нь өхөөрдөн, хайрласан харцаар харсаар хоцров. Дэжид бригадын даргын ярьснаас нэгэн зүйлийг Дамбад хэлсэнгүй. Тэр нь юу гэвэл «Манай бригадаас бүх үзүүлэлтээрээ тэргүүлж яваа суурь бол танай суурь. Малын тарга чинь ч овоо байна. Энэ хэвээрээ онд мэнд орчих юм бол ч наанадаж сумын аварга, за тэгээд цаашлах юм бол аймгийн аварга хүртэхийг хэн байг гэх юм. гэтэл чи энд. Дамба тэнд. Энэ чинь яаж болох вэ дээ. Аман хүзүүн дээр нь гэгч болно шүү дээ. Одоо чинь шагнал урамшил, аливаа юманд гэр бүлийн тогтвор суурьшлыг харгалздаг болчихоод байгаа шүү дээ. Тэр байтугай хүүхдийн сурлага, сахилгыг тооцдог болчихоод байна. За аварга заварга гэж боддоггүй юм гэхэд бригадынхаа хамт олны нэр сүрийг яагаад боддоггүй улс вэ. Ингэж хэлж байна гэж цаад Дамбадаа хэлээрэй. Ер нь тэгээд сум орны удирдлага дуулчихаас өмнө та хоёр учир явдлаа ол, зохиц» гэж Дэжидийг загнасан байжээ. Энэ тухай Дэжид Дамбад хэлнэ гэж бодсон ч үгүй. Гагцхүү тэдний явдлыг хэн бүхэн дуулж, хэн бүхний хэл ярианы бай болж байна гэж бодохоос ингэж явах гэж дээ хэмээн үе үе бодогдсон авч энэ тухайгаа ч Дамбад дурссангүй. Тиймэрхүү юм ярих зав ч тэдэнд гарсангүй. Тэр хоёрын нүүдэл суудал, буусан мордсон улс амьтны тухай ярьж байх зуур нүүдлийн сургийг Багаа өвгөн өөрийн чихээр сонсъе гэсэндээ ч тэрүү ашгүй буйр сэлгэх нь гэж баярласандаа ч тэрүү тэднийд орж ирэв. Багаа бол Дамбыг сургууль цэргээр явж эрдэм номтой болчихсон хүн гэж үзэн түүний үгнээс гарахгүйгээр үл барам «Манай энэ хавиас баатар төрөх ёстой л юм бол Дамба л болно. Ажилтай бол ажилтай, номтой бол номтой» гэж хөгшинтэйгээ ярьж суудаг өвгөн билээ. Дэжид Багаа өвгөнийг орж ирмэгц хоёр усаар авч цааш хийсэн байсан нэрмэл архи гарган Дамба тэр хоёрт өгөөд хонь мал хотлуулах, үнээ малаа саахаар гарчээ. Дамба Багаа хоёр шимийн архи ууцгаан, энэ намрын өвч ногооны сөл, ирэх өвлийн зөнгөөс эхлэн сум орон, тив дэлхийн байдлыг хүүрнэн суух зуур оройнхоо ажлыг амжуулсан Дэжид Должин хоёр орж ирж, хоол унд хийж идэцгээн удтал шуугилдав. Тэдний яриаг эвшээлгэн чагнаж сууснаа Цэдэн Иш хүү суугаагаараа унтчихсан байсныг сая харж «Унтацгаая та минь, орой болчихож» хэмээн хоёр хөгшин ч харихаар, Дэжид ч хүүгээ унтуулахаар босов. Дамба морио чөдөрлөж тавихаар гарчээ. Дэжид хүүгийнхээ орыг засч унтуулчихаад гэнэт яах учраа болохгүй тээнэгэлзэн зогсов. Дамбад ор засч өгөх үү, яах вэ гэсэн асуулт түүнд тулгарчээ. Ор засч өгөх ёстой гэж хичнээн ч бодсон, Дамбад тусад нь ор засч өгч яагаад ч чадахгүйгээ мэдээд Дэжид ор руугаа очин ороо яаруу бачуу засч байхдаа «Орж ирэхэд нь орондоо ороод л хэвтчихсэн байя. Өөрөө тусдаа ор засаад унтдаг юм бол тэр л биз» хэмээн бодож яаран сандран орондоо орсон хойноо айх ч шиг, ичих ч шиг санагдан оволзон дэлсэж байгаа зүрхнийхээ цохилтыг тайвшруулах гэсэн мэт үе үе уртаар амьсгаа аван чимээ чагнан хэвтэв. Ийнхүү нэлээд хэвтсэн боловч Дамбын ирж яваа хөлийн чимээ эс гарсанд ухасхийн босч авдраа уудлан, найр наадам, айл хунарт орчихдоо хэрэглэдэг үнэртэй усаа гарган орондоо цацаад буцаж хэвтэхдээ үнэртэй усны үнэрийг ч мэдэрсэнгүй гагцхүү гадаах чимээнд чих тавин байтал Дамбын хөлийн чимээ гарч ойртох тусам нь хэрэг хийчихсэн мэт эмээн хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд шургачихмаар санагдав. Дамба орж ирэн:
–Хонь их хол хэвтэж дээ. Шөнө бэлчихгүй байгаа гэхэд нь Дэжид овоо уужирсан хэр нь:
–Гайгүй байхаа гэж хэлэхдээ өөрийнхөө хоолойг ямар их чичирч байгааг мэдэв. Дамба юм ч хэлсэнгүй орны хөл дээр сууж гутал хувцсаа тайчаад Дэжидийн хажуугаар орж хэвтэн лаагаа унтраав.
Хэдэн хором хэн нь ч хөдөлсөнгүй. Тэгснээ Дамба Дэжид рүү эргэн түүнийг тэврэн авч өөр рүүгээ татахад Дэжид ч гарынх нь аясаар түүнд наалдтал гэнэт хайр энхрийлэлд нь умбан, хамаг гомдлоо тоочин цээжинд нь нэвтэртэл уйлъя, хүүхэд олсоноо ч хэлье. Юу юуны туханд хүрэлгүй хөөж туусныхаа түмэн бурууг ч хүлээе гэсэн хүсэл нь унтрав. Одоо түүнийг тэвэрч байгаа гар, үнсч байгаа уруул бол урьд өмнө нь түүнийг тэвэрч байсан эр нөхөрийнх нь гар, урьд өмнө нь түүнийг үнсч байсан эр нөхрийнх нь уруул биш байлаа. Цөм хүний болжээ. Дамбын тэвэрч байгаа үнсч байгаа бүхэн түүнийг гомдоохгүй гэсэндээ өөрийгөө албадсан шал хуурамч байдал ч юм шиг огт таних мэдэхгүй хүн түүнийг оролдож байгаа ч юм шиг хачин эвгүй санагдсанд Дэжид Дамбын тэврэлтээс мултран, огцом эргэж буруу харан хэвтээд мэгшин уйлав. Энэ мөчийг хүртэл Дэжидэд хадгалагдаж явсан итгэл найдварынх нь зул бөхжээ. Өөрийнх нь эр нөхөр байсан Дамбаас юу ч үлдээгүй болохыг Дэжид дахин дахин мэдрэх тусмаа мэгшин уйлсаар байлаа. Дамба аргадах гэж таталж чангаасан ч үгүй. Өөрийгөө яаж ч албадаад Дэжидийг тайтгаруулж чадахгүйгээ, яаж ч аяглаад нэгэнт хөрчихсөн сэтгэлээ нууж чадахгүйгээ, тэр ч байтугай бүр бие сэтгэлээр хөндийрчихсөнийгөө мэдрэн «Яах гэж Дэжидийн өвөрт оров оо. Хүүгийнхээ хажуугаар л ороод хэвтчихгүй» хэмээн өөрийгөө зэмлэн хэвтжээ.
Шинэ нутагт бууснаасаа хойш Дэжидийн сэтгэл улам ч эл хул ямар нэгэн юмаа гээчихээд цөхрөлтгүй эрэлд хатан явах мэт болов. Дамбыг зөвхөн нүүлгэж буулгачихаад хүний хүн шиг давхиад явчихсанд нь ч бус, ерөөс сэтгэлд нь нэг их юм онгойрч эзгүйрэн, тэрийгээ мэдрэх тусмаа үгүйлж харамсах ажээ. Дамба одоо тэртэй тэргүй хүний хүн болжээ гэдгийг Дэжид ой тойндоо ортол ухаарчээ. Нүүхийн өмнөх өдрийг хүртэл яв гэсэнд л гоморхож явчихаад байгаа юм. Удахгүй эргээд ирнэ. Бүх юм хуучин хэвэндээ орно гэж бодож байсандаа ч тэрүү, хэлж мэдэхгүй далдын нэгэн итгэл түүний сэтгэлийн орон зайг эзэлж байсан юм. Одоо бол Дэжидийн сэтгэл, гэрэл гаргая ч гэхнээ ганц ч шүдэнзгүйгээ мэдрэн харанхуйн дунд суугаа хүний сэтгэлтэй төстэй бөгөөд Дамба эргэхгүй явжээ гэдгийг бие цогцос, сэтгэл санаандаа улам улам бат нот ухаарах тусмаа энэ шинэ нутаг шинэ биш санагдана. Нүүхгүй байж хэзээ ч болохгүй гэдгийг цаанаа мэдэж байгаа хэрнээ хэрэггүй л нүүж гэж бодогдоно. Юу дурсаж санахаа мэдэхгүй хэрнээ харин ч хуучин нутаг нь дурсан санах юмтай мэт, түүний сэтгэл санааг эзгүйрүүлээд байгаа хамаг бүхэн хуучин нутагт нь үлдсэн мэт бодогдоно.
Урьд нь шинэ нутагт буусны дараа хонь мал ч гадаа хэвтэх нь хэвтэж, идээшлэх нь идээшилж, гэр бараа ч тоос шороогүй цэвэр цэмцгэр, хийсэн
хоол ч амттай, аргал түлээ түүсэн ч хаяанаасаа ер ийм тиймд сэтгэл хоёрдохгүй амгалан тайван хүсэх үгүйлэх юмгүй хоёр гурав хоног жаргалтай нь аргагүй сайхан байх шиг байдагсан. Одоо тийм ч юм алга. Огт таньж мэдэхгүй хүний нутагт отроор явж байгаад хоног таарч нэг газар буудалчихаад, зангий нь мэдэхгүй газар яаж хононо доо, чоно нохой эргэдэг болов уу, яадаг бол гэж сэтгэл зовнидог шиг нэг л харь санагдана. Уг нь энэ нутагт энэ жил бууж байгаагийнхаа хувьд шинээс биш, намар оройхон болохоор өвөлжөөгөө бараадан жилийн жилд л буудаг, өвс ногоо, чулуу шороогий нь хүртэл андахгүй мэдэх газар билээ. Ойр хавийнх нь таана хөмүүл сугсалзсан хэсэг бусаг ногоон буйр цөм л эднийхний ноднин, уржнангийн буйр бөгөөд харанхуй шөнө явган гүйцсэн ч бүдрэхгүй газар атал яагаад ч юм энд буусан нь дэмий санагдана. Ядахдаа уржнан намаржсан Хүрэн овооны энгэрт ч юм уу, тээр жил тэр нэгэн өдөр Дамбыг тэднийд ирэхэд байсан нутаг болох Хөх дэрсний хондонд ч юм уу, Дэжидийн тавдугаар ангид орох намар нь буусан Улаан дэлд ч юм уу, аль эсвэл нэгэн их элсэрхэг газар нүүгээд буучихсан гэрээ ч бариагүй Дэжидийг наршчихна гээд эх нь авдрын сүүдэрт суун хөл дээрээ элс асган тоглож байсан тэр нутагт буусан бол сэтгэл өег байх байсан ч юм шиг, тэр дундаа ээжийнхээ сэрүүн тунгалаг ахуй цагт нутагладаг байсан нутагт буучихсан бол сая сэтгэл амар байх байсан мэт санагдана. Ер нь сүүлийн үед ээжийнхээ ярьж, хэлж байсан үг, ээждээ уцаарлаж, туниж, зөрүүдэлж байсан бүхэн нь эргэн бодогдож, тэгэхэд муу ээж минь надад гомдсон байх даа гэж хэзээ хэрхэн юү гэж хэлснээ тодоос тод санан, тэр бүрд өөрийн эрхгүй хоолой нь зангирч нулимс унагаадаг байлаа.
Дамба Дэжид хоёрыг айл болсны дараа эх нь дөрвөн ханатай жижиг гэр барин тэднийтэй айл явдаг байсан үе байлаа. Нэг орой «Хөхүүр дүүрчихлээ. Хоосон сав байна уу, сүү юүлье» гээд ээжийндээ орсонд эх нь галын аман дээр суучихсан уйлж суув. «Яав ээжээ, бие зүгээрүү» гэхэд эх нь «Бие яах вэ, хэвтчихгүй л бол хүн эрүүл саруул яваад байна гэж боддог хойно босоо шүү л байна. Хүнд чинь биеэс гадна сэтгэл гэж нэг юм байдаг юм байна шүү, хүү минь. Хүн гэдэг хөгшрөх тусмаа хүнээр бөөцийлүүлэхийг боддог юм байна. хэн нэгтэй бодсон санаснаа дэлгэн суумаар ч л бодогдох юм. Заримдаа мэдээ чимээ өгч чадалгүй үхчихээд өдий төдий болчих вий ч гэж айх юм. Би ер нь манайд хүн битгий орж ирээсэй гэж бодож яваагүй болохоор хүн хар орж ирэхгүй болохоор чинь хэцүү юм байна шүү дээ. Сураагүй болоод л тэр байх даа» гэжээ.
Тэгэхэд нь Дэжид сэтгэлий нь засах олигтойхон ч үг хэлж чадалгүй хий дэмий л дуугүй жаахан сууж байгаад гарахдаа «Зарим нэгтэй адилхан явуулын амьтан дагаад өөр аймаг сум алгасаад алга болчихвол яах нь вэ. Дэргэдээ аваад, өргөж тээгээд явах тусам цаашлах гэж. Яалгах гэсэн юм. Тийм л ганцаардаж уйдаад байдаг юм бол бидэн дээр ороод инээж хөхөрч, ярьж хөөрч байхгүй гэртээ шигдчихээд байх юм чинь» гэж тунирхан бодсон авч дорхноо «Үгүй бас хэр ч байгаа даа. Туурга тусдаа бол тусын дайсан гэгчээр тусдаа орон гэртэй болохоор, гэр орныхоо ажлыг эмхэлсээр зарим өдөр орохгүй ч өнжчих өдөр гардаг л байх. Хаа нэг орлоо ч тав тухтай таван үг ч солих завгүй энэ тэр юм авах өгөх нэрийдлээр ороод бараг босоогоороо шахуу байж байгаад л гардаг байх. Тэгсэн хойно уйдалгүй ч яахав дээ. Гадна дотноос хүн хар ирлээ ч манайд орчихоод л мордоод явчих юм чинь, хэр ээ. Одоо өдөрт зориуд орж сууж байя байз» гэж шийдсэн хэр нь гэртээ ормогцоо энэ тэр юм хийж ингэж тэгсээр мартагнан мөн л бахь байдгаараа зарим өдөр бараа бараагаа харалцаад ч өнгөрөх өдөр байдаг л байлаа. Энэ нь хань бүлтэй өөрийн гэр оронтой, дутагдах гачигдах нь үгүй болохоор жаргалдаа ташууран төрсөн эх, өөрийн гал голомтоо мартан огоорсон байдал харагдах боловч үнэхээр санаж сэрээд, эхийнхээ гэрт орж хоол цайнаас нь хуваалцан тав тухтай сууя ч гэсэн ярих хөөрөх юм олдохгүй. Эх нь л юм ярихгүй бол дуугүй сууна гэсэн үг. Гэтэл тэрэн шиг бэрх юм Дэжидэд үгүй мэт санагдан, гараад явчихъяа гомдох болов уу гэж эмээнэ. Ингээд суугаад байяа тоож юм ярихгүй байна. Би хөгширч хэнд ч хэрэггүй болсон амьтан гээд уйлж унжаад унавал яана гэж бодно. Дамбатай ярьдаг хөөрдөг юмаа ч ярилтай биш бас ч хэцүү юм тулгана. Зүй нь бригадын төвд тэгж ингэж гэнэ, сум нэгдлээс ийм тийм шалгалт ирэх гэнэ, яах вэ ийх вэ гээд сэтгэлий нь аятайхан засчихаад гараад явчихаж болох байтал Дэжид тэгж худлаа аяглаж үл чадах ажээ. Хар нялхаас эхийн дэргэд явсан, тэгээд ч отгон охин нь болохоор эхдээ онгог, эрх дураараа өссөн нь нөлөөлдөг байлаа. Түүний зэрэгцээ энэ тэр ажлаа их л удаан амжуулж, яль шальгүй гар хөлийн үзүүрээр хийчих юманд заавал зав зай хайх тул түүний ажил барагдаж зав гарах нь ч ховор. Тэгээд ч багаасаа эхийн ам харж, ингэ тэг гэснээр нь хөдлөөд сурчихсаныг хэлэх үү, Дамба угаас гадаа гэртгүй хөдөлж энэ тэрийг өөд нь татан, тэрийгээ тэг, энийгээ ингэ гэх болсон нь түүний амыг харан улам ч назгайрах болжээ. Энэ байдлы нь эх нь хараад үл тэвчих учир зарим үед үглэх яншихаас халшран нүднээс нь далд өнжихсөн ч гэж боддог өдөр гардаг байжээ.
Энэ бүхнээ одоо эргэн эргэн санах бүр нулимс нь цийлэгнэн ирж эхийгээ өөд болох цагт ингэж үгүйлэн гашуудаагүйгээ одоо үгүйлэн харамсана. Эх нь амьд сэрүүн байсан бол Дэжид яавч ийм зовлон амсахгүйгээр үл барам Дамбаас саллаа ч сэтгэлд нь хоосон хоцорсон зай бүхнийг бөглөж, орлож чадах юм ганцхан эх нь л юм шиг бодогдоно. Тэр ч бүү хэл эх нь амьд сэрүүн байсан бол гэдсэндээ хүүхэдтэй хоцорч байгаа нь юу ч биш, бодох санах, зовних уурлах, ичих юу ч биш шиг бодогдоно. Гэтэл ингэж өнгөрсөн улирсныг үгүйлэн дурсан нь маргааш «яах билээ, хэрхэх билээ» хэмээн шаналах шаналал зовнилыг нь улам ч ихэсгэж байгааг Дэжид өөрөө ч мэдэхгүй, мэдлээ ч санах үгүйлэхгүй байж чадахгүй билээ. Ерөөс хүн гэгчийн өнгөрсөн нь сэтгэлийнх нь хөрс болдог бөгөөд үйлийн салхийг үелзэх бүрд хүмүүн мөнөөх хөрснөөсөө зууран, мөнөөх хөрснөөсөө шим тэжээл эрэлхийлдэг ажээ. Нөгөө гэвэл шинэ нутагт буусаар мал тогтуун, элдэвт санаа зовних юм одоохондоо үгүй атал таана хөмүүлийн толгойд шар туяа татчихсан байгааг, нарны илч буураагүй налгар дулаахан байгаа хэрнээ хаа нэгтэйгээс сэвэлзэх салхины үзүүр цаанаа л нэг гэгэлгэн буйг Дэжид мэдрэн өвөл гэгч санааны мухарт бус барааны газарт цэнхэртэх уулсын оройд будран хэзээ хэзээгүй тал руу буух гэж буй мэт бөгөөд «Жар гарсан хоёр хөгшин, хуруун чинээ ганц хүү бид хэд яана даа. Ядаж бие давхар» гэж бодогдон шүүрс алдана. Одоохондоо морь мал унаж гадуур дотуурхи ажлаа амжуулахад саад болохгүй ч хоног цаашлах тутам томорч морь унахад бүүргэнд тулаад явж болохгүй болохоос эхлээд араг үүрч аргал түүх хүртэл саарна. Багцааг бодоход мал ид төллөхтэй давхцаж байгаа нь Дэжидийн янзыг үзэх гэсэн мэт улам ч хясч байх мэт ажээ.

Урьд нь Дэжид ингэж ирэх цагийн зөнг мэдрэх нь бүү хэл, чухам хэдийд яаж намар шувтарч, өвөл залган хавартай золгодгийг эс мэдэх бөгөөд нэгэн мэдэхэд өвөлжөөнд бууж, идшээ хийцгээж бужигналдаж, нэгэн мэдэхэд цагаан сар болчихсон золгоцгоож, нэгэн мэдэхэд айраг цагаа дэлгэрчихсэн наадамд ямар дээл өмсөх билээ болчихсон байдаг байжээ. Хүүхдийн тухай ч мөн ижил. Анхны хүүхдийг олчихсон үгүйдээ эргэлзсээр явтал нь нэг мэдэхэд гарах болчихсон байсан санагдах бөгөөд чухам хэдэн сартайгаасаа хөдөлж хэдэн сартайгаасаа гадуурхи ажил хөдөлмөрөөс хөндийрч гэр зуур эргэлдэх болдгийг мартсан буюу хожим хойно хэрэг болно гэж анзаараагүй өнгөрсөн учир одоо анх удаагаа хүүхэд олсон мэт биеийг чагнан гутарч гуних өдрөө Дамбаас гэдсэндээ хүүхэдтэй хоцорчихож гэж хэн ч бодохгүй. Дэл сул амьтнаас л олчихож гэж ойр хавийн хүүхэн чавганц нар шуугих болно гэж бодохоос дутуу гаргачихмаар санагдан, хэзээ хэн яагаад дутуу гаргачихлаа гэж ярилаа гэдгийг санахыг оролдох авч юу ч үл санана. Хүн амьтнаас асууя гэхээр сургууль соёлоор хамт явсан найз нар малын бэлчээрээр уулзалдчихаар ойргүй, айлын хөгшин ойролцоо нутаглах хүүхэн чавганц нараас асууя гэтэл хэл амнаас нь эмээх тул хий л шаналан, нэг өдрийг өнгөрөөж нөгөө өдрийг үзэхдээ өчигдөрийн бодлоо эргэцүүлэн, юү гэгчийн муухай юм бодов оо, хүүхэд олчихсоноо анх мэдэрч яаж их баярлаж байлаа, эргэлзэл бүхнээ арилган гарцаагүй олжээ гэдгээ өөртөө баталсан хойноо Дамбад хэлнэ гэж нандигнан хадгалж яваагүйсэн биш билүү, ёстой хүүгийн минь заяа гомдох байгаа даа, ямар амьтан үр хүүхдээ дутуу зулбан гараасай гэж боддог байна хэмээн өөрийгөө зэмлэн, өөрийнх нь энэ бузар муухай бодлыг хүн мэдчихээгүй байгаа гэж эмээхэд ч хүрдэг байлаа. Тэр ч байтугай олсон даруйдаа Дамбад хэлчихсэн бол ийм явдал болоо ч уу, үгүй ч үү хэмээн бодогдож, хэлээгүйдээ харуусах бөгөөд суугаад долоон жил болсны хойно анхны хүүхэд гарч түүний долоон насан дээр хоёр дахь хүүхдийг олж байгаа нь ч гэсэн түүнд хачин тохиолдол шиг санагдан долоогийн тоо муу гэдэг үнэн юм биш байгаа гэж бодоход хүргэх боловч үр хүүхэдтэй болж байгаа маань муу юм гэж үү дээ гэж бас эргэлзэл төрнө.

Энэ мэт элдвийн бодлоосоо болоод ч тэрүү ер нь шинэ нутагт бууснаасаа хойш гэртээ байх дургүй болчихсондоо ч тэр үү, аль эсвэл цаашдаа хөл хүндэрч хонь малд явж болохгүй болчихоор аргагүйн эрхэнд айлын хоёр хөгшин л явах тул одоо би явж болж байгаа дээрээ яваад байя ч гэж бодсон уу бараг өдөр болгон шахуу хонинд явдаг болов. Хоёр хөгшин ч байдлыг гадарласан болохоор онц их гайхсангүй. Сэтгэл санаа нь тогтворгүй болчихсон амьтан, хээр хөдөө алсыг харж явах өөрт нь амар байдаг байлгүй гэж ярилцан дуртай нь аргагүй зөвшөөрдөг байв. Үнэхээр ч гэрт байснаас хээр хөдөө энэ тэрийг харж явах нь Дэжидэд хөнгөн байх шиг байдаг байлаа. Ийнхүү явах зуур түүний урьд өмнө хэзээ ч төрж байгаагүй нэгэн бодол төрсөн бөгөөд тэрхүү бодол нь түүний сэтгэлийг зовоож байгаа бүхнээс аврах цорын ганц арга мэт санагдаж болжээ. Тэр бодол нь энд хэрэггүй буулаа гэдгээс ч хоёр хоногийн өмнө буугаад мордсон нутгийн нэгэн авгайн үг алдуулан Дамба тэр хоёрын явдлын талаар юм сонсох гэж ирсэн юм шиг сонжингуй харсаар суусан харцнаас ч, ер нь цаашдаа бууж мордох иймэрхүү улсын асуухгүй хэрнээ үнэн худлыг үзэх гэж ирсэн юм шиг элдвийг сонирхох байдлаас ч гаргах юм шиг санагдана. Хоног хугацаа өнгөрч алив бүхний сонь буураад ирэхээр Дамба тэр хоёрын сууж байсныг ч аандаа мартах бөгөөд тэр болтол амьтны нүднээс хол явах нь дээр гэж бодсон бодолд нь саяхных нь нэг зүүд улам ч түлхэц болжээ. Тэр зүү бол хүрэл гөрөөсний тухай зүүд юм. Хэдийд яагаад амь орчихсоныг бүү мэд толиных нь урд байдаг хүрэл гөрөөс амь орчихсон нэгэн их цэлгэр талын дундуур цааш цахилах бөгөөд Дэжид хойноос нь шилбүүр барьчихсан явган гүйнэ. Дэжидийг гүйх тусам гөрөөс цаашилсаар зээр гөрөөсний сүрэгтэй нийлэн цахилан цахилсаар холдоход цөхөрч туйлдсан Дэжид суун тусч, яагаад ч гүйцэхгүйгээ мэдрэх, их л харуусч байна гээд сэрчихжээ. Зүүдэллээ гэдгээ сэрүүт мэдсэн хэрнээ гэрэл гаргамаар санагдан лаагаа асаавал өнөөх хүрэл гөрөөс нь хөлөө жийн хэвтсэн хэвээр харагдана. «Яагаад би ингэж зүүдлэв. Хүн өдөрт бодож явснаа зүүдэлдэг юм гэсэн. Би энэ тухай ер бодоогүй юмсан. Хачин юм даа» хэмээн бодож тайвшрахыг хичээсэн боловч зүүднээс хоцорсон харамсал хэвээр…Нойр нь хүрсэнгүй. Толгой нь өвдөж байх тул толгойныхоо өвчнийг дарах санаатай эм олж уухаар авдраа уудалсан боловч эм олсонгүй. Хүүхэд бүлээрч, ийм тийм эм хэрэгтэй болоход Дамба авдрнаас л авч өгдөг байсан гэж бодон эрээд олдсонгүй. Ингэсээр үүр цайлгасан ажээ. Тэр өдрөөс хойно яагаад ч юм эзгүй яваад ирэнгүүт өөрийн эрхгүй мөнөөх хүрэл гөрөөсний зүг хардаг болжээ. Тэр ч байтугай нэгэн удаа далд хийчихье гэж бодсон боловч хүүгийн шалгаах, айлын хоёр хөгшнийг элдэв муу юм саначих болов уу гэж санан больсон нь бий. Энэ зүүд түүний сэтгэлийг улам ч тогтворгүй болгов. Энэ бүхэн хуримтлагдсаар тэрхүү бодлыг биелүүлэхээс өөр аргагүй болгожээ. Энэ бодол бол хүүтэйгээ хоёул говь руу оторт явъя гэсэн бодол байлаа. Энэ бодол нь өдөр ирэх тусам болих уу, яах вэ гэж бодогдуулахаасаа «Хэзээ явах вэ» гэж бодогдуулах нь их болов. Нөгөө гэвэл ингэж ойрын отор хийх нь малын таргад ч хэрэгтэйгээс гадна өвөлжөө бууцныхаа ойр орчныг өвлийн хахир хатуу цагт нөөцлөхөд хэрэгтэй бөгөөд хэдийгээр гэдэс гүзээ нь унаа унаж болохгүй боллоо ч тэнгэрийн тогтуунд энэхүү нөөцөлсөн бэлчээртээ хонио явган хариулахад ч болох юм гэж бас боджээ. Өдөр ирэх тутам биежсээр байсан дээрх бодол нь Дэжидийг яаруулах болсон тул нэг өдөр айлынхаа хоёр хөгшинд «Та хоёр гэр орноо сахиад хэдэн үхэртэйгээ үлд. Хүү бид хоёр хонио аваад баруун говь руу орж хэд хоночихоод ирье. Тэмээ тэртэй тэргүй говь руу зүтгээд байгаа юм. Бид хоёр тэндээсээ бараа харья» гэсэнд Дамбын үгнээс хэзээ ч гарч үзээгүй Багаа өвгөн «Намар бүхэн л энэ мэт өвөлжөө бууцаа түшин, дөхөж буучихаад болоод л байдаг байсан юм болох л байлгүй. Энэ жил яагаалхав гэж. За үнэхээр бригад сумаас отор хий барь гэж шахаад ирэх юм бол бид хоёр явна уу гэхээс чамайгий чинь хуруун чинээ хүүхэдтэй эзгүй говь руу явуулчихаад бид юугаа бодож суух билээ. Тэр ч барахгүй ажил байхаа. Гээд бод л доо. Уг нь өдийд ногоо нь нялхаараа сугсалзаад говь шиг сайхан юм хаа байх вэ. Мал ч бэлчээр соргог сайхан болох тусам шилэн сорчилж гүйгээд таргалж гүйцдэггүй юм. Амьтны нь араншин биз дээ. Хүн ч мөн ялгаагүй элбэг дэлбэг, бэлэн зэлэн байх тусмаа улам цаашлаад байхгүй юмыг үгүйлээд байх юм хойно, мал ч хэр биз дээ» гэжээ. Дэжид юү ч хэлсэнгүй, хэлэх ч үг олдсонгүй. Урьд нь отор хийж яваагүй болохоор тийм ийм гэх юм байх ч биш. Тэгээд ч өвгөний хэлсэн оргүй худал үг биш тул бас ч эргэлзэв. Нээрэн ч долоон настай хүүхэдтэйгээ хоёулханаа хүн амьтангүй, эзгүй говьд хээр хөдөө хононо гэж бодохоос айдас хүрнэ. Хэдийгээр энэ тал нутагт чоно байхгүй, Дэжид ч өдий хүртлээ чоно үзээгүй боловч хүмүүсийн амнаас аманд дамжин домог мэт хэлэлцэх айдас хүрэм яриа санаанд нь орж элдэв дэмий юм санаж сэдсэндээ өөрийгөө зэмлэжээ. Харин ямар азаар хүүдээ хэлчихсэнгүй вэ. Учир мэдэхгүй юм болоод тэр чинь явья барья гээд шалчихна гэж боджээ. Ер нь сүүлийн үед Дэжид хүүдээ юуг хэлэх вэ, юуг хэлэхгүй байх вэ гэдгээ урьдаас заавал боддог болжээ. Тийм ч учраас тэгж асуувал нь тэгж хэлнэ гэж урьдаас заавал бодох болсон ажээ. Гэвч ихэнхдээ хүү нь Дэжидийн бодоогүй санаагүй юмыг , худлаа ч хэлэхэд хэцүү, үнэнийг ч хэлэхэд хэцүү талаас нь асуудаг байлаа. Өдөр ирэх тусам хүүхэд эцгээ санаж байна гэдгийг, яаж ч худлаа хэлээд үнэнийг далдалж чадахгүй юм гэдгийг Дэжид ойлгох болов. Түүнд хэн ч юу ч яриагүй хэр нь өөрийнхөө зөнгөөр, томчуулаас ондоогоор ухаарах ухаарлаараа үнэнийг мэдэрч, мэдэрсэн тэр цаг мөчөөсөө эхлэн тэр тухай элдвийг асуухыг ч больж, гаднаас харахад огт тоохоо больчихсон мэт болдог ажээ. Сүүлийн үед чихэр жимс, хоол унднаасаа эцэгтээ тавих гэж зүтгэхээ ч больж, дуу нь цөөрч үе үе нүд нь бодлогошронгуй энэ тэрийг хий гөлрөх болсон нь Дэжидийн сэтгэлийг зовоож аргаа барахдаа амьтан хүнээр «Хүүхэд санаад бэтгэрэх нь. Нэг ирж үзээч» гэж хэлүүлье. Тэгээд хүрээд ирдэг юм бол уйлж дуулж байгаад ч болсон үр хүүхдээ бодъё буцаж сууя гэж гуйдаг юм билүү, урьд өмнөхийг нь огт болоогүй юм шиг мартчихгүй юү. Мартья л гэвэл ер мартагдашгүй юм хаа байх вэ. Надтай яаж анх учирч байсан хамаг бүгдээ, арваад жилийн амьдрал, үр хүүхдээ мартчихаад явчихаж чадах байхад би чадахгүй ер юү болсон юм. Хүн гэдэг чинь ерөөс сайн сайхан, муу муухайгаа мартчихдаг л амьтан юм чинь. Хаман бүхэн надаас л болсон. Би л ам түргэнтэйдээ хөөсөн. Дамбад огт буруу байхгүй… хамаагүй тэрнээсээ салж хагацаж чаддаггүй юм бол ирж очоод явж л байг л даа. Би л мэдээгүй сонсоогүй юм шиг байя. Тийм улсууд байдаг л юм чинь… Зарим нь тэгж амьдраад болоод л байгаа юм чинь яадаг юм.Ганцхан намайг л бүү орхиг. Ингэж явж чадахгүй нь гээд гуйхад хүн байна даа даанч нэгийг бодно биз. Намайг өрөвдөх биз гэж бодогдон ингэж хэлэхээр Дамба түүнийг аргадна. Магадгүй урьд өмнө тэгж энхрийлж, хайрлаж байгаагүйгээр түүнийг энхрийлэх ч юм билүү гэж бодогдоно. Энэ бүгд зөвхөн түүний бодол биш зайлшгүй болох бүтэх юм шиг бодогдон сэтгэл санаа нь ч тайван амгалан болчих шиг болно. Надад муу юм бий. Өөрийгөө зөнд нь хаясан энэ тэр гээд…. Тэр яахав болно. Дамбыг ч дутуу хайрласан юм бий л байх. Хүний хүнийг хайраар татчихаж хүн чадаж байгаа юм, би өөрийнхөө нөхрийг хайраар дутаав гэж үү. Би хүн хайрлаж энхрийлэхэд бусдаас мөч дутуу төрсөн гэж үү ч гэж бодогдох бөгөөд ийнхүү бодоход нь хэнээс ч илүү хайрлаж, энхрийлж, халамжилж хэнээс ч илүү хайр энхрийлэл, халамж хүсч чадах юм шиг санагдана. Ингэж бодохоор яагаад ч юм заримдаа Тогоохүүгийнд очмоор, Тогоохүүг хармаар, юугаараа Дамбын сэтгэлийг татчихсаны нь мэдмээр санагдана. Одоо болтол түүний мэдэхсэн гэдэг юмны нэг бол Дамба Тогоохүүгийн юунд нь болсон юм бол гэдэг бодол юм. Энэ нь өөрт нь тайлагдахгүй байгаа нэг нууц юм шиг санагдан үе тэнгийн хүүхнүүдээс Тогоохүүгийн тухай мэдэх юмсан. үс, зүс, нүүр царай сайхантай гоё хүүхэн байдаг болов уу. Аль эсвэл ажил төрөл, алдар нэрээрээ гаргууд юм болов уу ч гэж бодно. Заримдаа тэмээ мал эрсэн сурсан болоод тэднийхээр буух юмсан ч гэж хүртэл бодно. Ер нь Дамба одоо нэг ирэх болсон, ирэхэд нь л гуйя. Хэд гурав хоног хараад ирэхгүй бол ир гэж хэл өгье гэж эрс шийдэн, хоёр гурван хоног хонь малд ч явалгүй тувт гэр орноо цэвэрлэн юм хүмээ угаан, боов боорцог чанан, тогоо нэрэн гэр орноо өөд татах болсон нь айлынх нь хоёр хөгшинд аятай таатай санагдан бас ч битүүхэндээ Дэжид юунд ингэтлээ бэлдээв? Ямар зочин ирэх гэж байгаа юм бол гэж бодох болов. Хамаг юмныхаа тоос шороог гүвж, угааж арчин мөнөөх хүрэл гөрөөсөө зүлгэж байхдаа сая гэр орныхоо эдэлж хэрэглэж байгаа эд хогшлоо анзаарч зарим нэг хуучирч өнгө зүс алдсаны нь хэмхчээд түлэхийг нь түлж хаяхыг нь хаячихаад, гэрийнхээ модыг будаж, шинэ авдар сав ч авч тавимаар бодогдов. Нугастай шинэ толь ч аваад тавьчихмаар санагдав.

Be the first to comment

Leave a Reply