Арлингтон хот иргэдийн автомашины салхины шил дээрх татварын гэрчилгээ буюу ‘Decal’ -ийн загварыг хотын ахлах ангийн сурагчдын дунд уралдаан зарлаж шалгаруулдаг уламжлалтай. Тиймээс хойтон жилийн 2018-2019 санхүүгийн жилд шинээр олгох Decal наалтын загварын уралдаанд ахлах сургуулийн сурагчдийн бүтээлийг авч эхэлжээ.
Ирэх жилийн загвар нь ‘Arlington County’ гэсэн сэдэвтэй байх бөгөөд сурагчид гар зураг, фото зураг, компьютер график гэх мэт зургийн бүх төрлөөр уралдаанд оролцож болдог ажээ. Сурагчдаас бүтээл авах эцсий хугацаа 2017 оны 11 сарын 17-ны Баасан гарагийн оройн 5:00pm байх бөгөөд ирсэн бүтээлүүдээр хотын иргэдийн дунд санал асуулга явуулж хамгийн олон санал авсан нэг бүтээлийг шалгаруулж, хотын 150 000 орчим автомашины салхин шилэн дээр наах татварын гэрчилгээнд ашиглах юм. Мөн хамгийн олон санал авсан гурван бүтээлийг шалгаруулж тусгай байрын шагнал гардуулах ажээ. Шагналыг санг Arlington Community Federal Credit Union ивээн тэтгэж, шалгарсан сурагчдад мөнгөн шагнал олгодог байна.
Уралдаанд Арлингтон хотын ахлах сургуулийн сурагчид оролцох эрхтэй бөгөөд сурагчдын ирүүлсэн бүтээлүүдээр хотын оршин суугчдаас санал хурааж, ялагчийг ирэх оны 01 сард зарлах юм. Өнгөрсөн жилийн загварын уралдааны ялагчийг тодруулах санал асуулгад хотын нийт 3200 орчим иргэн оролцжээ.
Дашрамд дурьдахад АНУ дэлхийн I дайнд оролцсоны 100 жилийн ой тохиох гэж байгаатай холбогдуулж сурагчид ‘The Great War’ сэдвийг мөн бүтээлдээ ашиглаж болох санаа өгч байгаа гэнэ.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://taxes.arlingtonva.us/ хаягаар, мөн 703-228-3807 тоот утсаар лавлаж болох юм.
САНУУЛГА: Хотын татварын албанаас автомашин эзэмигчдэд энэ жилийн татварын гэрчилгээ (Decal) -г шуудангаар илгээгээд байгаа бөгөөд 2017-2018 оны ногоон өнгөтэй гэрчилгээг 11 сарын 15-с өмнө машины салхины шилэнд наасан байх хуулийн үүрэгтэй юм. Заасан хугацаанаас өмнө татварын гэрчилгээ наагаагүй нөхцөлд торгууль (ticket) авдаг гэдгийг анхаарна уу.
Leave a Reply
You must be logged in to post a comment.